Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/01809

 

 

 

 

 

 

  2024 09 25 210/МА2024/01809

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/03846 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******од холбогдох

Түрээсийн төлбөр, хохирол, алдангид 14,539,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.*******той 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 23-0133 тоот түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан, уг гэрээгээр Б.******* хэв, труба, булан нийт 250 ширхэг бараа материал түрээслэн авч, 60-96 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Түрээсийн төлбөрийг 2023 оны 5 дугаар сарын 06-наас 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцоход 8,203,880 төгрөг болж байгаа бөгөөд худалдан авсан барааны үнэ 373,600 төгрөг, эвдэж гэмтээсэн барааны засварын зардал 133,000 төгрөг болсон.

1.2. Түрээслэн авсан 250 ширхэг бараа материалаас булан 10*20 хэмжээтэй 4 ширхэг, булан 2,4 хэмжээтэй 40 ширхэг, хэв 30*120 хэмжээтэй 3 ширхэг, хэв 40*120 хэмжээтэй 1 ширхэг, хэв 50*120 хэмжээтэй 6 ширхэг, хэв 60*120 хэмжээтэй 6 ширхэг, V2 тулаас 30 ширхэг, 2м труба 3 ширхэг, 4м труба 4 ширхэг нийт 97 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.3-т заасны дагуу зарах үнээр тооцож, 6,337,000 төгрөг болж байна.

1.3. Иймд түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр, барааны үнэ, засварын зардал нийт 15,047,480 төгрөг төлөхөөс төлсөн 5,354,200 төгрөгийг хасаж 9,693,280 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.4. Алдангийг гэрээний 7.2-т зааснаар нийт төлөх 9,693,280 төгрөгөөс түрээс зогссон өдрөөс буюу 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 4,846,640 төгрөгийн алданги тооцсон. Ингээд нийт 14,539,920 төгрөг төлөхөөс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 1,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-тай иргэн Б.******* 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 23-0133 тоот түрээсийн гэрээг байгуулж, 1 сарын түрээсийн төлбөр болон барьцаа мөнгө үлдээсэн.

2.2. Бараа материал хүлээлгэн өгсөн н.*******, н.*******, н.******* нарт 47 ширхэг бараа дутуу байгаа гэж хэлсэн мөртлөө яагаад 97 ширхэг бараа дутуу гээд байгааг ойлгохгүй байна. Зарим бараа материалыг аваачиж өгөхөд буцаасан байсан. Хуучин бараа материал хэд дахин нугалсан үнээр төлүүлэх гэж байгаа бол төлөхгүй. Бараа материалыг олж өгнө, бараа материалаар нь төлж өгнө. Зүүнхараад бараа материал нь үлдчихсэн байсан. Зүүнхараагаас авчраад өгнө. Мөн алдангийг төлж чадахгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******оос 9,793,130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,746,790 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 171,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэн Б.******* нь ******* ХХК-иас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 230133 тоот түрээсийн гэрээг байгуулж, хэв болон труба гэх нийт 250 ширхэг бараа материал авч, сарын түрээсийн төлбөрт 1,980,600 төгрөг төлж, барьцаа 3,000,000 төгрөгийг үлдээсэн. Бараа материалыг ачуулж 163 ширхэг материалыг хүлээлгэж өгсөн. Үлдэгдэл 97 материал нь ******* ХХК-ийн түрээсийн газрын хашаанд байгаа. Бид бараа материалыг шинээр авах хэмжээнд хүртэл 6,253,420 төгрөгөөр төлөх болж байна. 6,255,420-3,000,000=3,255,420 төгрөг үүнээс эхний шүүх хурлын дараа 1,500,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 1,750,420 төгрөг, засварын 76,000 төгрөг, нийт 1,831,400 төгрөгийг төлөх болно. Бид алданги төлөхгүй. Дутаасан гэх хуучин бараа материалыг тоо хэмжээгээр буцааж өгөх болно. Иймд актласан бараа материал болох 97 барааны төлбөр 6,337,000 төгрөг, алданги 1,626,710 төгрөг, нийт 7,963,000 төгрөгөөс татгалзаж байна.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь актын 6,337,000 төгрөг буюу 97 ширхэг бараа материалын үнийн дүнг төлөхгүй гэж маргадаг. Тухайн бараа материалын тоо ширхэгийг 47 эсхүл 97 болохыг нотолсон ямар нэгэн баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй ба сүүлд 97 ширхэг бараа материалын үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч, энэ нь ******* гэх компанид байгаа тул үүнийг өгнө гэж хэлдэг боловч одоог хүртэл өгөөгүй 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тиймээс манай зүгээс 97 ширхэг бараа материалыг зах зээлийн ханшаар нь актлахад 6,337,000 төгрөг болсон ба үүн дээр түрээсийн төлбөрийг нэмж нэхэмжилсэн. Өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр актын төлбөр тооцоон дээр алданги бодохгүй, үндсэн түрээсийн төлбөр тооцоон дээр алдангийг бодно гэх шүүхийн шийдвэр гарсан ба манай талаас тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******од холбогдуулан барилгын ажлын туслах материалын түрээсийн төлбөр, буцаан өгөөгүй барааны үнэ, алданги нийт 14,539,920 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХХК, Б.******* нар 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан, уг гэрээгээр ******* ХХК нь барилга барих, барилгын угсралт засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаа явуулахад нь зориулж барилгын туслах материал болох хэв, булан, тулаас, труба зэрэг 250 ширхэг эд зүйлийг Б.*******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Б.******* нь дээрх эд хөрөнгийг ашигласан төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-11 дүгээр тал/

3.2. Хариуцагч нь дээрх эд хөрөнгүүдийг хүлээн авсан, мөн 373,600 төгрөгийн үнэ бүхий 2,160 ширхэг барилгын туслах материал худалдан авч үнийг төлсөн, мөн 30 хоногийн түрээсийн төлбөр 1,980,600 төгрөг, барьцаа гэх 3,000,000 төгрөг нийт 5,354,200 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй. /хх-ийн 14 дүгээр тал/

Харин талууд дутагдуулсан буюу буцааж хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгийн тоо, хэмжээ, түүний үнэ болон алдангийн асуудлаар маргасан байна.

3.3. Мөн ******* ХХК-д 153 ширхэг барилгын туслах материалыг хүлээлгэн өгсөн гэх тус компанийн орлогын падаан гэх 5 ширхэг баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 12-14 дүгээр тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, төлвөл зохих түрээсийн төлбөр болон дутагдуулсан эд хөрөнгийн тоо, хэмжээ, түүний үнийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий тогтоож шийдвэрлэсэн боловч алдангийг гаргуулж шийдвэрлэхдээ үүрэг гүйцэтгэх хугацааг буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, алдангийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

4.1. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж зөв тодорхойлж, гэрээний хүчинтэй байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

Хэдийгээр зохигч нар түрээсийн гэрээнээс гадна худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээний үнийг төлж, эд хөрөнгөө хүлээн авсан бөгөөд гагцхүү түрээсийн гэрээтэй холбоотой маргасан тул шүүхээс уг гэрээний талаарх маргааныг хянан шийдвэрлэнэ.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Дээрх гэрээний дагуу хариуцагчийн төлвөл зохих төлбөрийг орлогын падаан гэх баримтыг үндэслэн түрээсийн эд зүйлийг буцаан өгсөн хугацаа тус бүрээр тодорхойлж, түрээсийн төлбөрт нийт 6,253,420 төгрөг төлөхөөс барьцаанд төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж, 3,253,420 төгрөг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. Энэ шийдэлд зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.

4.2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Ийнхүү тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэх талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан.

Иймд, гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг хэрхэн тохиролцсоныг тодорхойлж, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг тогтоосноор алдангийг тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх юм.

Талуудын түрээсийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээний 8.2-т түрээсийн гэрээний нийт төлбөрийг Хавсралт 2-т зааснаар авах бөгөөд уг төлбөрийг гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд шилжүүлнэ, 8.3-т Түрээсийн гэрээг сунгасан тохиолдолд тухайн сунгалт хийгдсэн өдрөө сунгасан хугацааны төлбөрөө урьдчилан төлнө гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь гэрээг нэг сарын хугацаагаар байгуулж, гэрээ сунгагдсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй буюу гэрээний ерөнхий хугацаа тодорхойгүй нөхцөлд гэрээ сунгасан гэх 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн үүрэг зөрчсөн хугацаа тодорхой бус тохиолдолд алданги тооцох үндэслэлгүй бөгөөд алдангид 1,626,710 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдэл үндэслэл бүхий болоогүй байх тул алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4.3. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Энэхүү шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил, үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой нөхцөлд хэрэгжинэ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь түрээсийн эд зүйлийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй бөгөөд тухайн эд хөрөнгийг дутагдуулсан буюу буцаан өгөөгүй нь энэ үүргийн зөрчилд хамаарна.

Хариуцагч нь бараа материал хүлээлгэн өгөхөд ...47 ширхэг бараа дутуу байгаа гэж хэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймд, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын болон орлогын падааныг үндэслэн 60х120 хэв 6ш, 50х120 хэв 6ш, 40х120 хэв 1ш, 30х120 хэв 3ш, 10х20 булан 4ш, 2.4 булан 40ш, 4м труба 4ш, 2м труба 3ш, V2 тулгуур төмөр 30ш нийт 97 ширхэг барилгын туслах материалыг буцаан өгөх үүргээ хариуцагчийг биелүүлээгүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Талууд түрээсийн эд зүйлийг устгасан тохиолдолд хүлээх хариуцлагын талаар гэрээний 7.3-т Түрээслэгч нь ...эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахааргүйгээр эвдэж гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх-ээр тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцнэ.

Ийнхүү тохирсон ёсоор буцаан өгөөгүй түрээсийн эд зүйлийг зах зээлийн үнээр нэхэмжлэгч шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн түрээсийн эд зүйлийн зах зээлийн нэг бүрийн үнийг тогтоосон үнийн санал гэх баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй, няцаасан баримт гаргаж өгөөгүй байх тул уг баримтыг үндэслэн 97 ширхэг барилгын туслах материалын үнэ болох 6,337,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцсэн байна.

Нөгөө талаар, хариуцагч нь дутагдуулсан түрээсийн эд зүйлийг өөрт байгаа, өгнө гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч тухайн эд зүйлийг хүлээлгэн өгөөгүй байх тул талуудын тохирсны дагуу үнийг гаргуулсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд, дутаасан гэх хуучин бараа материалыг тоо, хэмжээгээр буцааж өгнө, шинээр авах хэмжээнд төлөх болж байгааг зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино.

Түүнчлэн, талууд түрээсийн зүйлийг эвдэж гэмтээсэн нөхцөлд түрээслэгчийн хүлээх хариуцлагыг гэрээний 7.4-т заасан, үүний дагуу засварын зардалд 76,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн, энэ асуудлаар зохигч хэн аль нь гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

5. Иймээс хариуцагч нь түрээсийн төлбөрт 3,253,420 төгрөг, хохиролд 6,413,000 төгрөг /6,337,000 + 76,000/ нийт 9,666,420 төгрөг төлөх үүрэгтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 1,500,000 төгрөгийг хасаж 8,166,420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 6,373,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/03846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******оос 8,166,420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,373,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 171,640 гэснийг 145,613 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

  ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

Т.ГАНДИЙМАА