| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0109/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | З.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч З.Энхжаргал,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Б-ы Бд холбогдох эрүүгийн 1809000001313 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Гааль, татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг, Хилчин хотхоны 3-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ЖВ 94010728 / Харгана овогт Б-ы Б нь:
- Эрүүгийн 1809000000205 дугаартай хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Халиун” нэртэй зочид буудалд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ж.Баянмөнх нь намайг хүч хэрэглэж хүчиндсэн гэж худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9-10 /
Гэрч Б.Мягмарбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн 27-33 УНЛ улсын дугаартай саарал өнгийн Соната 6 маркийн автомашинтай Чука, Баянмөнх, Мөөгий нарын хамт явж байсан. 13 цагийн орчимд Мөөгий хорооллын эцэс орж 2 найз охиноо аваадахъя гээд бид Сот-ын байрны орчимоос Бүжин, Хишигдолгор гэх эмэгтэйг машиндаа суулгасан. Уг 2 эмэгтэй архи уучихсан байх шиг байсан. Бүжин нь бүгдээрээ буудал орж архи ууя гэхээр нь бид ярилцаж байгаад 32-ын тойргийн орчим буудал руу очсон. Чука, Мөөгий, Баянмөнх, Бүжин 4 буудал руу орсон. Хишигдолгор нь сансрын колонк руу хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь тэднийг үлдээчихээд явсан. Хишигдолгор бид хоёр Сансрын колонк орчихоод буцаж ирээд нөгөө 4-ийн байгаа өрөө рүү ороход архи ууцгааж байсан Бүжин нэлээн согтуу байсан ба “хүчиндүүлчихлээ. Мөөгийд хутга байгаа гээд намайг айлгасан, Баянмөнх болохоор “намайг 2 удаа алгадсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад Баянмөнх, Бүжин хоёрыг өгч явуулсан. ...намайг Хишигдолгорыг Гандан руу хүргэж өгчихөөд ирэхэд биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин Бүжин анх уулзахад зүүн нүднийх нь доод хэсэгт бага хөхөрч хавдчихсан байх шиг харагдаж байсан. Бид нартай уулзахын урд орой нь бас амралтанд явж байгаад хүчиндүүлсэн , хүнд зодуулсан гэх юм яриад байсан. Яг хаана хэнд зодуулж хүчиндүүлсэнээ бол яриагүй. Бас энэ хэрэг болсны дараа Бүжинтэй 2 удаа тааралдсан. Тааралдах болгонд өөр өөр залуучуудтай архи уучихсан дандаа согтуу тааралдсан гэжээ. / хх 30 /
Гэрч Ч.Хишигдолгор мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бүжин л найзуудтайгаа уулзна гээд Мөөгий гэдэг залуутай утсаар яриад байсан. Тэгээд бид хоёр хамт гарч уулзаад Бүжин 3 залуутай буудалд орсон юм. Би гадуур явж байгаад Бүжин дээр очсон болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байна. Би Бүжинтэй хэн бэлгийн харьцаанд орсныг нь мэдэхгүй байна. Зодуулж цохиулсан эсэх талаар ч мэдэхгүй байна. Ямар ч байсан Бүжин урд орой нь найз залуудаа зодуулчихсан гээд нүд нь хөхөрчихсөн байсан гэжээ. / хх 32-33 /
Гэрч П.Нарангэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тэр өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл өдөр 13-14 цагийн орчим би цагийг нь санахгүй байна уг хүүхэн 3 залуугийн хамт орж ирсэн. Тэгээд “ Хоёр ортой өрөө байна уу “ гэж асуусан. Би байна гэж хэлсэн. Тэгтэл нэг номерын хоёр болон нэг ортой өрөөг хоногоор авсан. Тэгээд хэсэг байж байтал араас нь нэг залуу бас нэг хүүхний хамт орж ирсэн. Гаднаас анх орж ирэхдээ баруун нүд нь хөхөрсөн байсан. Өөрөө намайг зодсон гээд байсан. Харин намайг харж байхад нөгөө залуу орон дээр дарсан дээр нь хэвтсэн байсан болохоос цохиж зодсон зүйл байхгүй байсан. Хэл амаар доромжлоод нөгөө хүүхнийг чи янхан гээд байсан. ...Тэр өдөр бүгд хоорондоо инээлдээд их л сүрхий байсан. Би тэр эмэгтэйгээс “ Ганцаараа олон залуучуудтай зүгээр үү “ гэж асуусан. Тэгэхэд “ Таньдаг хүмүүс байгаа юм. Зүгээр ээ “ гээд л байсан. ...орой 17 цаг бил үү 18 цагийн орчим респешний үүдэнд эмэгтэй хүн “ Аллаа “ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод гаднаас нь хаалгыг онгойлгоход тэр эмэгтэй бусдаасаа арай хөгшин залуугийн хамт хоёулаа байсан ба хоёулаа хувцастай байсан. Надад тэр охин намайг энэ хүн алах гээд байна, миний утсыг авчихаад өгөхгүй байна гээд байсан, бас намайг хүчиндчихлээ гээд байсан гэжээ. / хх 23-24, 26-27 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4176 дугаар дүгнэлтэнд:
1. Б.Бгийн биед зүүн нүдний доод зовхинд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөлөхгүй.
5. Б.Бгийн үтрээний арчдас, наалдац дээр эс бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. Шулуун гэдэсний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.
6. Б.Бгийн үтрээний арчдас, наалдац дээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй гэжээ. / хх 34-35 /
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 4049 дүгээр дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Ж.Батмөнх гэж хаягласан цус нь №3701 Б.Б 24 эм гэж хаягласан арчдас дээр илэрсэн эр бэлгийн эсийн гаплотиптэй тохирохгүй байна гэжээ. / хх 48 /
Шүүгдэгч Б.Бг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 86-88 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 96 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баярмөнх намайг хүчиндэж, зодож цохьсон асуудал болоогүй. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор худлаа мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн 1809000000205 дугаартай хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор тогтоогдон үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Халиун” нэртэй зочид буудалд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ж.Баянмөнх нь намайг хүч хэрэглэж хүчиндсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9-10 /, ... Чука, Мөөгий, Баянмөнх, Бүжин 4 буудал руу орсон. Бүжин нэлээн согтуу байсан ба “хүчиндүүлчихлээ. Мөөгийд хутга байгаа гээд намайг айлгасан. Баянмөнх болохоор “намайг 2 удаа алгадсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад Баянмөнх, Бүжин хоёрыг өгч явуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Мягмарбаатарын мэдүүлэг / хх 30 /, ... Ямар ч байсан Бүжин урд орой нь найз залуудаа зодуулчихсан гээд нүд нь хөхөрчихсөн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Хишигдолгорын мэдүүлэг / хх 32-33 /, ...Би тэр өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. орой 17 цаг бил үү 18 цагийн орчим респешний үүдэнд эмэгтэй хүн аллаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод гаднаас нь хаалгыг онгойлгоход тэр эмэгтэй бусдаасаа арай хөгшин залуугийн хамт хоёулаа байсан ба хоёулаа хувцастай байсан. Надад тэр охин намайг энэ хүн алах гээд байна. Миний утсыг авчихаад өгөхгүй байна. Бас намайг хүчиндчихлээ гээд байсан гэж мөдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Нарангэрэлийн мэдүүлэг / хх 23-24, 26-27 /, ...Шинжилгээнд ирүүлсэн Ж.Батмөнх гэж хаягласан цус нь №3701 Б.Б 24 эм гэж хаягласан арчдас дээр илэрсэн эр бэлгийн эсийн гаплотиптэй тохирохгүй байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 4049 дүгээр дүгнэлт / хх 48 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харгана овогт Б-ы Б-г мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-ы Б-г 250 / хоёр зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ