Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1521

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Гэрэлгуагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04533 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Гэрэлгуагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Гансувдад холбогдох

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч А.Гансувдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Гэрэлгуа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Батбаяр

Хариуцагч: А.Гансувд

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Отгонбаатар

Гуравдагч этгээд Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Гансувдтай байгуулсан хэлцлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамж, 440 тоотод байрлах 700 м.кв газар, мөн хаяг дээр байрлах 224 м.кв талбай бүхий 8 өрөө байшин, 56 м.кв талбай бүхий дэлгүүрийн байшинг худалдах, худалдан авах гэрээг А.Гансувдтай байгуулсан. Яагаад энэ гэрээг байгуулсан бэ гэхээр би хариуцагчийн ах А.Ганбаттай 2008-2014 оны хооронд хамтран амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд А.Гансувдыг хашаа, байшиндаа байлгадаг байсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгө нь миний болон хүү Б.Мандуул, дүү Д.Энхбаярын нарын өмчлөлийнх бөгөөд тухайн үед хүү маань Малайзад суралцаж байсан. А.Ганбат нэг өдөр өөрийн найз н.Энхтөрийн эхнэр Б.Байгалмаа гэх хүний нэр дээр байдаг газрыг надад шилжүүлж өгөөд, тус газар дээрээ зээл авч, 9 давхар байшин барьж өгье, хүү Б.Мандуул чинь сургууль төгсөж ирээд ажлын байр нь бэлэн байвал амар шүү дээ гэж хэлсэн. Би тухайн үед тэр үгэнд нь итгээгүй.

Гэтэл 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр А.Гансувд ирээд Гэрлээ эгчээ би газрыг чинь шилжүүлээд авъя, танд зээл аваад Б.Байгалмаагийн газар дээр байшин бариад өгье гэж хэлсэн. Тухайн үед А.Ганбат жижиг дунд үйлдвэрийн захирал байсан учраас надад зээл аваад өгөх юм байх гэж ойлгосон учир би дүү Д.Энхбаяраас итгэмжлэл аваад худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би энэ гэрээ хэлцлийг хийх гэж зөндөө хөөцөлдөж олон нотариатч дээр очсон боловч бүтээгүй. А.Ганбат надад У.Өнөрцэцэг нотариатчийг зааж өгөөд итгэмжлэлийг гэрчлүүлж байсан. А.Ганбат, А.Гансувд нар нь анхнаасаа намайг хууран мэхэлж байгаад надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг би 2014 онд мэдсэн. Би А.Гансувд руу залгаж, Б.Байгалмаагийн газрын эзэмших хугацаа дууссан, барилга барих боломжгүй юм байна гэхэд хариуцагч өө тийм үү л гэж хэлсэн. Би 2012 оноос хойш А.Гансувдыг надад мөнгө өгөх байх гэж хүлээсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй. Тиймээс 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, 2 хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна. Дээрх гэрээнүүдийг миний хүү Б.Мандуулыг байхгүй байхад итгэмжлэл хийлгэж гэрээг байгуулсан учир гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Гансувд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа 2008 оноос 2014 он хүртэл миний ахтай хамтран амьдарч байхдаа намайг байшинд түр байж байгаач, дэлгүүр ажиллуулж өгөөч гэж гуйсан учраас бид тэнд амьдарсан юм. Би өмнө нь Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, 71 дүгээр гудамж, 11 тоотод амьдардаг байсан. Намайг дэлгүүрийг түрээсэлж ажиллуулаад байж байтал 2012 онд Д.Гэрэлгуа надад хашаа, байшингаа зарах хүсэлтэй байгаагаа хэлсэн. 2012 оны 03 дугаар сарын 20-ны үеэр нэхэмжлэгч ирээд хоёулаа хамтран зээлдэгчээр зээл авъя гэж хэлсэн. Түүнийг нь би зөвшөөрч Хадгаламж банкнаас зээл авах гээд бичиг баримтаа өгсөн. Гэтэл банкны эдийн засагч Д.Гэрэлгуа эгчээс энэ хашаа, байшин зээлтэй юу гэж асуухад нь нэрээ шилжүүл гэж ойлгосон байсан. Тэгээд таньдаг хүнээ гуйж байгаад нэрээ шилжүүлсний дараа Хадгаламж банк дээр очоод зээл авах гэсэн боловч нэр шилжүүлсэн учир зээл гаргах боломжгүй гэсэн. Ингээд нэгэнт Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамж, 440 тоотод байрлах 700 м.кв газар, 224 м.кв, 56 м.кв талбай бүхий байшингууд миний нэр дээр шилжсэн учраас Д.Гэрэлгуа эгчид мөнгийг нь гаргаж өгөхийн тулд 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус хашаа, байшинг барьцаанд тавьж Хас банкнаас 25 000 000 төгрөгийн зээл авсан. Түүнээс 20 000 000 төгрөгийг нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд байдаг гэрт нь аваачиж өгсөн. Үлдэгдэл 20 000 000 төгрөгийг нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 71 дүгээр гудамжны 11 тоотод байрлах хашаа, байшингаа М.Дамбадаржаад 20 000 000 төгрөгөөр зарахаар болсон. Тэр үед М.Дамбадаржаад бэлэн 8 000 000 төгрөг байсан учраас энэ хашаа, байшингаа барьцаанд тавиад зээл аваад үлдэгдэл мөнгийг өгье гэсэн. Ингээд бид Хас банкнаас зээл хүсэхэд 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зээл бүтэж, надад 20 000 000 төгрөг өгсөн. М.Дамбадаржаа бид хоёр хамт явж үлдэгдэл 20 000 000 төгрөгийг аваачиж өгсөн. Тухайн үед Д.Гэрэлгуа эгч манай бэр эгч байсан учраас мөнгө өгөхдөө гарын үсэг зуралцаагүй, итгэлцлийн үндсэн дээр мөнгийг өгсөн. Д.Гэрэлгуа эгч манай ахтай таарамж муу болоод салснаас хойш 2014 оны 04 дүгээр сард энэ хэрэг маргаан үүссэн. Хэрвээ би 2014 он хүртэл мөнгөө төлөөгүй байсан бол тухайн үед нь яагаад надаас нэхэж болоогүй юм бэ. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банк нь Ү-2205027324, Ү-2205027325 улсын бүртгэлийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Алтан гарьд цээл гал” ХХК-тай ЗГ1805101770 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нийт 100 000 000 төгрөгийн зээл авсан ба одоо 75 388 798 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Анх тус банк маргаж буй үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түүнд тусгагдсан мэдээллийг үндэслэж, зээлийн гэрээ байгуулсан бөгөөд мэдээлэлд маргасан зүйл байгаагүй. Хэрвээ шүүхийн шийдвэрээр хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох юм бол Голомт банк барьцаа хөрөнгөгүй болох учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг маргаанд хариуцагчийг дэмжин оролцож байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мандуул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2012 онд Малайз улсад суралцахаар явсан. Намайг байхгүй байхад дээрх хэлцлүүдийг хийчихсэн байсан. Би энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна. Учир нь энд миний эрх, ашиг хөндөгдөж байна. Хэдийгээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн боловч манай талаас эрхийг шилжүүлэх хүсэлтээ улсын бүртгэлийн газарт гаргаагүй байгаа. Хариуцагч тал яаж газрын эрхийг шилжүүлснийг би мэдэхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү ярихдаа эгч зээл хөөцөлдөнө, итгэмжлэл хэрэгтэй байна гэж хэлээд гарын үсэг зуруулсан гэж хэлсэн. Түүнээс зарж, үрнэ гэсэн юм байхгүй. Сүүлдээ А.Гансувдад залилуулчихлаа, цагдаагаар явж байна гэж хэлж байсан. Анхнаасаа А.Гансувд өөрийнхөө өрийг даруулахын тулд хашаа, байшин, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж бодож байна. Гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гэрэлгуа, хариуцагч А.Гансувд нарын хооронд байгуулсан 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоот 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, мөн хаягт байрлах 224 м.кв талбай бүхий 2 давхар, 8 өрөө хувийн сууцыг худалдах, худалдах авах, мөн хаягт байрлах 56 м.кв хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гансувдаас 175 000 төгрөг гаргуулан, мөн нэхэмжлэгчээс илүү төлсөн 70 200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 260 200 2965 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Гэрэлгуад буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Гансувд давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа бидний хооронд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. 3 төрлийн гэрээний үнэд нийт 40 000 000 төгрөгийг худалдагч Ж.Гэрэлгуад хүлээлгэж өгсөн. Энэ талаар гэрч н.Нийдэндагва, н.Дамбадаржаа нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлгүүдийг шүүх хуралдааны нарын бичгийн дарга буруу сонсож, өөр өөрөөр бичсэн гэдэг нь үнэн. Энэ тухай анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш 3 хоногийн дотор мэдэх ямар ч бололцоо байгаагүй юм. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгахаар, гэрчүүдийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүхээс хүлээж аваагүйд маш их гомдолтой байна. Д.Гэрэлгуа худалдах, худалдан авах гэрээг хийхдээ өөрөө нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлүүдийг гэрчлүүлж авчирсан байсан. Миний бие итгэмжлэл хууль ёсны эсэхийг мэдэх боломжгүй, нотариат гэрчилсэн тул хууль ёсны гэж үзэж байсан. н.Мандуул итгэмжлэлд гарын үсэг зурсан эсэхийг мэдэх боломжгүй байсан. Үүнд намайг буруутгаж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Хэрэгт авагдсан итгэмжлэлийн загвар 2 тусдаа байдаг. Нэг хэсэг загварууд нь компьютер дээр бичиж нотариат гэрчилсэн итгэмжлэлүүд, нөгөө загвар итгэмжлэлүүд нь rap бичмэлээр бичиж нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэлүүд байдаг. Д.Гэрэлгуа дээрх итгэмжлэлүүдийг бүгдийг нь хүчингүй болгохоор нотариатчийг хариуцагчаар татан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэвэл үгүй болно. Тус шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гэсэн нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр гэж үзэхгүй байна. Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон баримт хэрэгт байхгүй. Нотариатын үйлдэл хүчинтэй. Хэрэгт авагдсан гараар бичсэн иттэмжлэлийн тухайд н.Мандуул Малайз улсаас Монгол улсад ирсний дараагаар нотариатч дээр өөрийн биеэр очин гарын үсэг зурсан итгэмжлэл гэдэг нь ойлгомжтой байгаа. Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд энэ тухай тайлбар гаргасан. н.Мандуул нотариатчид утсаар зөвшөөрөл өгсөн гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. н.Мандуул хожим ирээд эх Гэрэлгуад итгэмжлэл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч нотариатч дээр очиж гарын үсэг зурсан гэдгээ хэлсэн. /Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ёстой/ Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт "Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална"  гэж заасныг анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгахгүйгээр гэрчүүдийн мэдүүлгийг бүхэлд нь үнэлэхээс татгалзсан явдал нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдал, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нь хариуцагч А.Гансувдад холбогдуулан худалдан, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Голомт банк, иргэн Б.Мандуул, Д.Энхбаяр нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Иргэн Д.Энхбаяр, Б.Мандуул нараас 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Гэрэлгуад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн 16 дугаар гудамж, 440 тоотод байрлах 700 м.кв газар, мөн хаяг дээр байрлах 224 м.кв талбайтай 2 давхар барилга, 56 м.кв талбайтай 1 давхар барилгыг бусдад худалдах, бэлэглэх, гэрээ хэлцэл төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг тус тус олгосон, уг итгэмжлэлүүдийг үндэслэн нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нь хариуцагч А.Гансувдтай дээрх нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00519 дугаартай шүүгчийн захирамжаар итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах талаар Б.Мандуулын гаргасан нэхэмжлэлийг хариуцагч У.Өнөрцэцэг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 4-18, 250, 251, 392-398/

 

            Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нь 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа “...А.Ганбат, А.Гансувд нар анхнаасаа намайг хууран мэхэлж надтай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэдгийг 2014 онд мэдсэн,...миний хүүгийн эрх ашиг хөндөгдөж байна, би хүүдээ хэлээгүй,...А.Ганбатын зааж өгсөн нотариатч дээр очиж итгэмжлэлийг гэрчлүүлсэн,...шүүгчийн захирамжаар итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж тодорхойлжээ.

 

            Нэхэмжлэгч Д. Гэрэлгуа нь эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.Мандуулыг төлөөлөх эрхгүйгээр нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа “...миний хүүгийн эрх, ашиг хөндөгдөөд байгаа тул 3 худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж тодруулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэсэн заалтад нийцээгүй байна. /хх 310-312, 396/

 

            Зохигчдын хооронд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол уг хэлцлээс эрх ашиг нь зөрчигдсөн этгээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар үр дагаврыг арилгуулах шаардлага гаргах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нь уг хэлцлийг өөрөө хийсэн байх бөгөөд уг хэлцлээс түүний хүү Б.Мандуулын эрх ашиг зөрчигдсөн бол уг эрх нь зөрчигдсөн этгээд буруутай этгээдэд холбогдуулан хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгуулахаар зохих шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэгч Д.Гэрэлгуагийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус итгэмжлэлд үндэслэгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй сонирхогч этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

            Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Д.Гэрэлгуа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...А.Ганбат, А.Гансувд нар намайг хууран мэхэлж гэрээг байгуулсан гэсэн агуулгаар тодорхойлсон байх ба нэхэмжлэгч нь хэлцэл хийгч А.Гансувд нь нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргаагүй, А.Ганбатын “дүү А.Гансувдтайгаа бүлэглэн бусдын хашаа байшинг залилан мэхэлж авсан” гэх үйлдэлд нь үүсгэсэн 2014250003112 дугаартай Эрүүгийн хэргийг Прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 66, 266-268/

 

            Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заасан бөгөөд хууран мэхлэх замаар хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн” гэх үндэслэл тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатарын гаргасан гэрч М.Нийдэндагва, М.Дамбадаржаа нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж шүүх дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдал, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоот 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, мөн хаягт байрлах 224 м.кв талбай бүхий 2 давхар, 8 өрөө хувийн сууцыг худалдах, худалдах авах гэрээ, мөн хаягт байрлах 56 м.кв хувийн сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Гэрэлгуагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч А.Гансувдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ    

                                                                                                 

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН