Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0302

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр    

   Дугаар 221/МА2019/0302 

      Улаанбаатар хот

 

                                   Б.Г-гийн нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гуравдагч этгээд А.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Энхжаргал оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн заалдах гомдлоор, Б.Гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга, Баянхонгор аймгийн Их Богдын Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

   Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0004 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан Б.Гийн гаргасан Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багт орших Жаахан дэл гэх хаваржааны газрыг иргэн А.Бт ашиглуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай хууль бус гэрээ-г хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах, Аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга нарт Галуут сумын 1 дүгээр багт орших Жаахан дэл гэх хаваржааны газрыг ашиглах гэрээг Б.Г надтай байгуулахыг, мөн гэрээний дагуу газар ашиглуулах захирамж гаргахыг тус тус даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэн Б.Г нь ам бүл эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэр бүлээрээ 1997 оноос эхлэн Галуут сумын 1 дүгээр баг Өхүгийн голын “Жаахан дэл” гэх газрыг 2018 он хүртэл нийт 21 хаваржиж , эзэмшиж ирсэн байна.

Өхүгийн голын “Жаахан дэл" гэх энэ газар хуучин тэжээлийн цэг буюу муу мал тэнхэрдэг газар байсан бөгөөд энэхүү газрыг өөрийн хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөөрөө хогноос нь салгаж, цэвэрлэн 1997 онд Тамираас хашааны мод тайран “Жаахан дэл”-ийн хаваржааг барьсан байдаг.

Галуут сумын шейф байгууллагатайгаа хамтран 2015 онд чулуун хороог барьсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэлээдгүй хөрөнгө мөнгө, хөдөлмөр зарцуулан, сайжруулсаар ирсэн байна

Газрын гэрчилгээ гаргуулах талаар үе үеийн засаг дарга, багийн дарга нарт хандаж,  хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэж, өгөөгүй тусгай хамгаалалтай газар гэрээгээр эзэмшүүлнэ та газрын татвараа төлөөд явж байхад болно гэж хэлсээр өдий хүрсэн байдаг.

Мөн байгаль орчин буюу ойн байцаагчид хандахад мөн л газрын татвараа өгөөд явж бай тэгж байгаад гэрээ байгуулна гэж хэлсний дагуу 2006 оноос  өнөөдрийг хүртэл газрын татвараа төлсөөр ирсэн байна.

Гэтэл тус аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Гийг “Жаахан дэл” хаваржааны газрыг ашиглах тухай хүсэлтээ хуульд 1асны дагуу гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, энэ талаар баримт байхгүй зэргээр нотлогдож байх тул энэхүү үүний улмаас нэхэмжлэгч Б.Гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн.

Иргэн Б.Гийн хувьд “Жаахан дэл” хаваржааны газрыг ашиглах тухай хүсэлтээ үе үеийн засаг дарга, багийн дарга нарт хандаж амаар гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй, харин тусгай хамгаалалтай газар тул гэрээгээр эзэмшүүлнэ та газрын татвараа төлөөд явж байхад болно гэж хэлсээр өдий хүрсэн байдаг.

Мөн захиргааны байгууллагаас Б.Гоор “Жаахан дэл” хаваржааны газрын татвар төлүүлж ирсэн нь захиргааны байгууллага иргэн хоёрын хооронд ххарилцаа үүссэн, мөн захиргааны хэргийн шүүхэд захиргааны байгууллагаас Б.Гийн газрын татвар төлж байсан талаарх баримтыг гаргаж өгсөн нь Г “Жаахан дэл” хаваржааны газрыг эзэмшиж ирсэн гэдгийг нотолж байна.

 “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг иргэн А.Бт ашиглуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглаж тухай хууль бус гэрээ"-г хүчингүй шаардлага гаргасан.

 Энэхүү шаардлагыг тус шүүхээс хүчингүй болгоогүй харин ч Баянхонгор ийн Галуут сумын 1 дүгээр багийн нутагт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр захирамжаар А.Бт эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байх бөгөөд мөн тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжаар тус хаваржаа нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарсан гэсэн үндэслэлээр А.Бын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүйд тооцож, захирамжийн 2 дахь заалтаар газар ашиглах гэрээ байгуулах шийдвэр гаргуулах хүсэлтийг аймгийн Их богдын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд уламжлан шийдвэрлүүлэхийг сумын газрын даамалд үүрэг болгосон байна.

 Улмаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах  15010599 дугаартай гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Галуут сумын Засаг дарга С.Баттулга, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд, газар ашиглагч А.Б нар байгуулж, А.Бт “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар болжээ гэж дүгнэсэн.

Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно" гэж, 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн засаг даргад гаргана” 2-т “Хамгаалалтын захиргаа буюу засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг раргын саналыг үндэслэн гаргана” гэж нарийвчлан хуульчилжээ.

Өөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийг баримтлаагүй хуульд нийцүүлэн гаргаагүй засаг даргын захирамжийг зөв байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж байна.

Мөн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 15010599 дугаартай гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Галуут сумын Засаг дарга С.Баттулга, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд, газар ашиглагч А.Б нар байгуулж А.Бт “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар болжээ гэж дүгнэсэн.

Гэтэл энэхүү гэрээг байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Галуут  сумын засаг даргаар С.Баттулга, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд нар ажиллаж байгаагүй харин энэ цаг үед уут сумын засаг даргаар С.Баярсайхан, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар Г. Оюун-Эрдэнэ гэх хүмүүс ажиллаж байсан энэхүү гэрээ захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг хариуцагч талууд хүлээн зөвшөөрөөд байхад захиргааны хэргийн шүүх үүнийг үнэлж, дүгнээгүй.

“Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүйд цуулах тухай шаардлагын хувьд багийн иргэдийн нийтийн хуралд тусгай хамгаалалттай газрыг иргэдэд эзэмшүүлэх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд “Жаахан дэл” хаваржааны газар нь  Улсын тусгай хамгаалалтад байдаг бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад тус газрыг багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолоороо иргэдэд эзэмшүүлдэг нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоол”-ыг захиргааны хэргийн шүүх  хүчингүй болгоогүй.

 “Аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга нарт Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг ашиглах гэрээг Б.Гтой байгуулахыг, мөн гэрээний дагуу газар ашиглуулах захирамж гаргахыг тус тус даалгах” шаардлагын тухайд иргэн Б. Г нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэн Г би ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна.

Б.Г миний бие гэр бүлээрээ 1997 оноос эхлэн Галуут сумын 1 дүгээр баг Өхүгийн голын Жаахан эл гэх газар 2018 он хүртэл нийт 21 жил хаваржиж , эзэмшиж байгаа бөгөөд хуулийн ,агуу газар өөрийн эзэмшил, өмчлөлд авах талаар үе үеийн засаг дарга, багийн ,арга, ойн байцаагч нарт хандаж хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй тусгай хамгаалалтай газар тул гэрээгээр эзэмшүүлнэ та газрын татвараа төлөөд явж байхад болно гэж хэлсээр ирсэн байдаг.

Иймд захиргааны байгууллагын хэлснээр газрын татварыг төлөөд явж байтал уг газрыг “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 15010599 дугаартай гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Галуут сумын Засаг дарга С.Баттулга, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын I захиргааны дарга Т.Ганболд, газар ашиглагч А.Б нар байгуулж А.Бт “Жаахан дэл" гэх хаваржааны газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар болсон тухай Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурал болсон 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн.

Ингээд Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна гэж Б.Гийн нэхэмжлэлийг буцаасан байдаг.

Иймд Б.Г уг гэрээг байгуулсан холбогдох албан тушаалтнууд гэрээ байгуулсан гэх цаг хугацаанд уг албан тушаалыг эрхэлж байгаагүй тул Цагдаагийн байгууллагад хандсан, холбогдох хууль журмын дагуу тус аймгийн Галуут сумын  Засаг дарга С.Баярсайхан, Их богд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй тул  захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг.

Мөн Б.Г нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу “Жаахан дэл” хаваржааны газрыг ашиглах тухай хүсэлтээ Галуут сумын Засаг дарга болон аймгийн Их богдын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан холбогдох нотлох баримт, уг газрын татвар төлж байсан баримт болон бусад холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүхээс үнэлээгүй.

Иймд Б.Гийн 1997 оноос 2018 он хүртэл жил эзэмшиж ирсэн энэхүү дугаар захиргааны байгууллага, гуравдагч этгээд А.Б нар нүүх талаар мэдэгдэл өгч байсан эсэх, Б.Гоор яагаад “Жаахан дэл’’ гэх энэхүү газрын татварыг төлүүлж ирсэн, энэхүү газар А.Б хаваржиж, эзэмшин бууж, амьдарч байсан талаарх холбогдох нотлох баримт, “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 15010599 дугаартай гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулахад Галуут сумын Засаг даргаар болон Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ямар ямар хүмүүс ажиллаж байсан, дээрх гэрээнд гарын үсэг зурсан нэр бүхий албан тушаалтнууд тухайн цаг үед юу хийж байсан эсэх талаарх хэрэгт зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу дүгнэсэн, хуулийг зөв хэрэглээгүй, хууль буруу тайлбарласан байх тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111/ШШ2019/0004 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Б. Гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад зөв дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Б.Г нь тус шүүхэд хандаж, “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл“ гэх хаваржааны газрыг иргэн А.Бт ашиглуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай хууль бус гэрээг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах, Аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга нарт Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг ашиглах гэрээг Б.Г надтай байгуулахыг, мөн гэрээний дагуу газар ашиглуулах захирамж гаргахыг тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэжээ.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаж буй Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутагт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг тус сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр захирамжаар А.Бт эзэмшүүлж газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байжээ.

Үүний дараа “Монгол Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар 28-ны өдрийн хуралдаанаар баталсан Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 43 дугаар тогтоолоор Баянхонгор аймгийн Галуут сумын Улсын тусгай хамгаалалттай газрын бүсийг тогтоосон бөгөөд энэ бүсэд “Жаахан дэл” хаваржааны газар нь хамаарагдсан” гэсэн үндэслэлээр тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар А.Бын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүйд тооцож, захирамжийн 2 дахь заалтаар... газар ашиглах гэрээ байгуулах шийдвэр гаргуулах хүсэлтийг аймгийн Их богдын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-нд уламжлан шийдвэрлүүлэхийг сумын газрын даамалд үүрэг болгосон байна.

Улмаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 15010599 дугаартай гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Галуут сумын Засаг дарга С.Баттулга, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд, газар ашиглагч А.Б нар байгуулж, А.Бт “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Энэхүү газрыг 2017 онд гэнэт А.Бт эзэмшүүлээгүй, тэрээр 2007 оноос эхлэн газар ашиглах гэрчилгээтэй байсан төдийгүй бүр анхнаас нь Далхжав /А.Бын нагац ах/ эзэмшиж байгаад улмаар А.Б үргэлжлүүлэн ашиглаж ирсэн байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Б.Г нь “Жаахан дэл” хаваржааны газрыг ашиглах тухай хүсэлтээ Галуут сумын Засаг даргад болон аймгийн Их богдын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд аль алинд нь хуульд заасны дагуу гаргаагүй болох тогтоогдсон төдийгүй тэрээр энэ багт бус өөр багийн нутаг дэвсгэрт нутаглаж, 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасан бөгөөд Б.Г нь “Жаахан дэл” хаваржааны газрыг ашиглах тухай хүсэлтээ Галуут сумын Засаг даргад болон аймгийн Их богдын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд аль алинд нь хуульд заасны дагуу гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, энэ талаар баримт байхгүй зэргээр нотлогдож байх тул энэхүү гэрээний улмаас нэхэмжлэгч Б.Гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх “Аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга нарт Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг ашиглах гэрээг Б.Г надтай байгуулахыг, мөн гэрээний дагуу газар ашиглуулах захирамж гаргахыг тус тус даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь даалгах нэхэмжлэлийн тухайд эс үйлдэхүй байх, уг эс үйлдэхүй нь хууль бус байх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой. Б.Г нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Жаахан дэл хаваржааны газрыг ашиглах тухай хүсэлтээ Галуут сумын Засаг даргад болон аймгийн Их богдын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд аль алинд нь гаргаагүй тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжгүй.

Нөгөө талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж, 35 дугаар зүйлийн 1-д  “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж хуульчилсан байгааг нэхэмжлэгч анхаарах шаардлагатай байна.

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах” шаардлагын тухайд мөн адил анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд Б.Г, А.Б нар оролцсон байх бөгөөд Жаахан дэл хаваржааны газрыг А.Бт эзэмшүүлэх нь зүйтэй гэж хуралд оролцсон иргэдийн олонхийн санал гарсныг 021 дугаар тогтоолоор уламжилсан байна.

Нэхэмжлэгч уг хуралдаан Монгол Улсын ямар хуулийг хэрхэн зөрчсөн болох тухай үндэслэл зааж маргаагүй, зөвхөн уг хурлаас олонхоороо шийдсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн талд гараагүй учраас түүнийг хүчингүй болгуулахаар маргаж байна гэж ойлгогдохуйц байна.

Нөгөө талаар Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны 021 дүгээр тогтоол нь зөвхөн санал уламжилсан тогтоол бөгөөд, ямар нэгэн эрх үүсгээгүй, хязгаарлаагүй байна.

Уг тогтоолыг үндэслэж “Жаахан дэл” нэртэй газар дахь хаваржааны газрыг А.Бт эзэмшүүлсэн Галуут сумын Засаг даргын ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Нөгөө талаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 27.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно, 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.Г нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутагт орших “Жаахан дэл” хаваржааны газрыг эзэмших тухай хүсэлтийг бичгээр гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... “Жаахан дэл” хаваржааг эзэмших талаар амаар хэлдэг байсан, бичгээр хүсэлт гаргаж байгаагүй... гэх тайлбар тус сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/242 дугаар албан бичиг зэргээр нотлогдож байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд дурдагдаж буй “хуурамч гэрээний тухайд” : Ямар нэгэн гэмт хэргийн шинжгүй тухайд үед ажил хариуцаж байсан ажилтан нь цаг тухайд нь гэрээг бичиж гаргаагүй, хугацаа хожимдуулсан болох нь тогтоогджээ. Энэ тухайд нэхэмжлэгч гомдол гаргаж шалгуулаад улмаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай шийдвэрийг гаргасан болох нь талуудын тайлбар, нотлох баримтаар тогтоогджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            ТОГТООХ нь:

1.  Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

    ШҮҮГЧ                                                                   Ц.ЦОГТ

    ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР