Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 0013

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

       Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Мөнхжаргал би “Буяннэмэх-Интер” ХХК-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан БХС-2016/05 дугаартай Булган суманд Дулаан дамжуулах төвийн барилга барих /3 ширхэг/ ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Сангийн яамны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/1420 дугаартай албан бичгийг биелүүлж, тендерт шалгарсан гэх оролцогчидтой гэрээ байгуулахгүй байхыг Булган аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, 158/2017/0012/3 дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “Буяннэмэх-Интер” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан БХС-2016/05 дугаартай Булган аймгийн Булган суманд Дулаан дамжуулах төвийн барилга барих /3 ширхэг/ ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 3 багц сонгон шалгаруулалтанд оролцсон.

Уг тендерийн нээлт 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 09:30-д Засаг даргын Тамгын газарт болсон. Тендерийн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 01/118 тоот мэдэгдэлээр манай компанид хүргүүлсэн. Уг мэдэгдэлд 1,2-р багцад “Дэлгэр ган” ХХК, 3-р багцад “Булган барилга” ХХК шалгарсан бөгөөд манай компанийг ажил гүйцэтгэх график ирүүлээгүй, банкны судалгаагүй зээлийн тодорхойлолт ирүүлсэн, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Долгорын инженерийн гэрчилгээ шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан талаар мэдэгдсэн.

Ийнхүү бид үүнийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу манай компани 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сангийн яамны Хууль худалдан авах ажиллагааны хэлтэст уг тендерийн хариуг дахин хянаж үзэхийг хүссэн 17/05 тоот гомдол гаргасан.

Сангийн яам уг тендерийг хянаж үзээд дээрх шалгарсан компаниуд нь шаардлага хангахгүй байгаа болон манай компанийн тендерээс татгалзсан нь үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй талаар  2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 6-1/844 тоот гомдлын хариуг албан бичгээр Булган аймгийн Засаг даргын Тамгын газар болон гомдол гаргасан компаниудад хүргүүлсэн. Уг албан бичигтээ тус тендерт дахин үнэлгээ хийсний дараа захиалагчийн шийдвэрийн талаар тус яаманд албан ёсоор хариу ирүүлэх талаар дурдсан.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гарсан 01/314 тоот бичгийг 03 дугаар сарын 14-ний өдөр манай компанид мэдэгдэж хүргүүлсэн бөгөөд уг бичигт сангийн яамны гомдлын хариуг няцааж өөрийн өмнөх мэдэгдэлийн хариуг хэвээр хадгалсан бичиг илгээсэн.

Дээр дурдсанчлан Сангийн яамнаас уг тендерт дахин үнэлгээ хийхийг даалгасан байтал дахин үнэлгээ хийлгүйгээр өмнөх шийдвэрээ дахин хүргүүлсэн нь хууль бус юм.

Иймд манай компани 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин Сангийн яамны хууль Худалдан авах ажиллагааны газарт тендерийн хүчинтэй хугацаа дуусахад гэрээ байгуулах эрх олгож байгааг шалгахыг хүссэн албан бичиг илгээсэн.

Сангийн яамнаас тендерийн хүчинтэй хугацааг захиалагчийн хүсэлтийг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/956 тоот албан бичгээр 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусахаар сунгасан байсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчсөн.

Сангийн яамнаас 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 6-1/1420 тоот гомдлын хариу ирүүлсэн бөгөөд тус албан бичгээр БХС-2016/05 дугаартай Булган аймгийн Булган суманд Дулаан дамжуулах төвийн барилга барих тендерийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Гэтэл захиалагч болох Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг үл биелүүлэн өөрсдийн гаргасан шийдвэрийн хүрээнд шалгарсан гэх оролцогчидтой гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэхгүй, хууль бус бөгөөд тендерт оролцогч болох манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд халдсан үйл ажиллагаа болохоор байна. 

Иймд Булган аймгийн Засаг даргад Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан БХС-2016/05 дугаартай Булган суманд Дулаан дамжуулах төвийн барилга барих /3 ширхэг/ ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Сангийн яамны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/1420 дугаартай албан бичгийг биелүүлж, тендерт шалгарсан гэх оролцогчидтой гэрээ байгуулахгүй байхыг даалгаж Булган аймгийн Засаг даргын тамгын газарт даалган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн Дулаан дамжуулах төвийн барилга барих /3 ширхэг/ ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтын журмаар 3 багц болгон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зарлаж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутанд тендерийг нээсэн. Тендер хүлээн авах эцсийн хугацаанд багтаж “Талст билэг” ХХК, “Буян нэмэх-Интер” ХХК, “Тана-Орд” ХХК, “Дэлгэр ган” ХХК, “Орхон нүжиг” ХХК, “Энх өсөх” ХХК, “Бүлээн оргил” ХХК, “Цонхот” ХХК, “Булган барилга” ХХК, “Гурван дэлгэр” ХХК, “Ээлт өлгий” ХХК, “Рок пэйнт групп” ХХК гэсэн 12 компани саналаа ирүүлсэн.

Тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороо 2017 оны 01 сарын 20-ны өдөр хуралдаж тус ажлын гүйцэтгэгчээр 1, 2-р багцад Улаанбаатар хотын “Дэлгэр ган” ХХК, 3-р багцад Булган аймгийн “Булган барилга” ХХК-ний ирүүлсэн тендер “Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27.3-д “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэсэн шаардлагыг хангасан тул гэрээ байгуулах боломжтой болсон.

            “Буян нэмэх-Интер” ХХК-ийн ирүүлсэн тендерт ажил гүйцэтгэх график ирүүлээгүй, Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн тодорхойлолт ирүүлэхдээ харилцагч банкны судлагдаагүй зээлийн тодорхойлолт ирүүлсэн, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер гэх Э.Долгорын инженерийн гэрчилгээ шаардлага хангахгүй буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер биш байна гэсэн үндэслэлээр “Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу татгалзсан болохыг аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/118 тоот албан бичгээр тендерт оролцсон бүх компаниудад нэгэн зэрэг хүргүүлсэн болно.

“Буяннэмэх-Интер” ХХК дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам тендерийг хянаж үзээд Үнэлгээний хорооны шалгаруулсан “Дэлгэр ган” ХХК, “Булган барилга” ХХК-иудын ирүүлсэн тендер хуульд заасан шаардлага хангахгүй, “Буяннэмэх-Интер” ХХК-ийн ирүүлсэн тендерээс үнэлгээний хорооны татгалзсан үндэслэл үндэслэлгүй тул хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хий гэсэн хариуг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/844 тоот албан бичгээр ирүүлсэн.

            Үнэлгээний хороо Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 03 сарын 06-ны өдөр хуралдан үнэлгээ хийж өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн.

            Учир нь “Буяннэмэх-Интер” ХХК-ний ирүүлсэн тендерийг Сангийн яам хянан үзэхдээ:

         - Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 5.2-т заасан ажил гүйцэтгэх график ирүүлээгүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэсэн үнэлсэн нь үндэслэлгүй гэж үнэлгээний хороо үзсэн. Учир нь захиалагч Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 5.2-т ажил гүйцэтгэх график ба үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь ирүүл гэж тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1 дүгээр бүлгийн 14 Тендерийн иж бүрдэлийн 14.1 а, б-д заасны дагуу тодорхой шаардсан. Тус компанийн ирүүлсэн тендерт үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь нэртэй хүснэгтэнд тооцоолол ирсэн бөгөөд ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй график ирүүлээгүй.

          - Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 5.3 г-д “.... заавал байх шаардлагатай инженерүүдийн дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлэх” гэсэн нь шалгуурыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Учир нь үнэлгээний хороо тус компаний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер гэх Э.Долгорын инженерийн гэрчилгээг онцолж шаардлага хангахгүй буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер биш гэж үнэлсэн.

       - Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 5.3-д Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 90 сая ба түүнээс дээш байх Харилцагч банкны судлагдаж батлагдсан зээлийн тодорхойлолт /шаардлага хангасан тохиолдолд зээлийг судалж үзнэ гэсэн тодорхойлолт шаардлага хангахгүй/ эсвэл дээрх мөнгө дүн бүхий  дансны хуулга ирүүлэх гэж тодорхой шаардсан.

        “Буяннэмэх-Интер” ХХК нь Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн тодорхойлолт ирүүлэхдээ харилцагч банкны судлагдаагүй зээлийн тодорхойлолт ирүүлсэн тул Үнэлгээний хороо Сангийн сайдын 2013 оны 12 сарын 06-ны өдрийн 277 тоот тушаалын хавсралт 3.2.2-д заасан Түргэн хөрвөх хөрөнгө  нь Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, дансны авлага, Санхүүгийн авлагын нийлбэрээс бүрдэнэ гэсэн аргачлалаар тооцоход тус компаний түргэн хөрвөх чадвартай хөрөнгө 32 сая төгрөг буюу захиалагчийн шаардсан 3 багцын нийлбэр 270 сая төгрөгөнд хүрэхгүй байсан.

         - Мөн  үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарын дүн, үнийн саналаас 16 969 904 төгрөгөөр зөрсөн тул дээрх үндэслэлүүдээр “Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу татгалзсан болно. 

        2.  “Булган барилга” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Сангийн яам хянахдаа:

- Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 5.3-ын “г” заавал байх шаардлагатай инженерүүдийн дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлэх, дээрх инженерүүд тухайн компанид ажилд орсон тушаал бичигдсэн байх” гэсэн шалгуурыг хангахгүй байна гэж үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд тус компаний ирүүлсэн тендерийн материалын 80-113 дугаар хуудсанд  захиалагчийн шаардсан ёсоор дээрх материалууд байгаа болно.

- 2014 оны санхүүгийн тайлангаар ирүүлсэн борлуулалтын орлогын дүн /229.2 сая төгрөг/ цахим санхүүгийн тайланд баталгаажуулсан борлуулалтын орлогын дүн /316.4 сая төгрөг/-ээс зөрүүтэй байна гэснийг хангахгүй байх тул дахин үнэлгээ хий гэсэн хариу ирүүлсэн. Захиалагч тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.2 б-д сүүлийн 2 жил /2014, 2015/ Санхүүгийн тайланг аудитын дүгнэлтээр баталгаажуулж ирүүл гэж заасныг дээрх компани ирүүлсэн байх тул үнэлгээний хороо  “Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27.3-д “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэсэн шаардлагыг хангасан тул гэрээ байгуулах боломжтой гэж дахин үнэлсэн.

3. “Дэлгэр ган” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Сангийн яам хянахдаа:

- Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 5.3 в-д “... тээврийн хэрэгслийн гэрчилгээ ирүүлэх” гэсэн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна. Тус компанийн ирүүлсэн тендерийн  материалын 45-62  дугаар хуудсанд дээрх материал захиалагчийн шаардсан ёсоор ирүүлсэн байгаа болно.

- Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 5.3 г-д “..заавал байх шаардлагатай инженерүүдийн дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлэх, дээрх инженерүүд тухайн компанид ажилд орсон тушаал бичигдсэн байх...” гэсэн шалгуурыг хангахгүй байна гэж үнэлсэн нь үндэслэлгүй. Тус компанийн ирүүлсэн тендерийн  материалын 63-91 дугаар хуудсанд дээрх материал захиалагчийн шаардсан ёсоор ирүүлсэн  болно.

- Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 5.3 б-д заасан 2014, 2015 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтээр баталгаажуулсан байх шаардлага /компанийн 2014, 2015 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт хуулбар хувь/-ыг хангахгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Захиалагч шаардахдаа тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.2 б-д сүүлийн 2 жил /2014, 2015/ Санхүүгийн тайланг аудитын дүгнэлтээр баталгаажуулж ирүүл гэж шаардсан бөгөөд эх хувийг ирүүл гэж шаардаагүй болно.

            Хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасны дагуу Сангийн яамны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/844 тоот шийдвэрийг захиалагч эцсийн шийдвэр гэж үзсэн тул аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/314 дугаар бүхий мэдэгдлийг “Буяннэмэх-Интер” ХХК-д хүргүүлсэнээс хойш ажлын 5 хоног хүлээх шаардлагагүй гэж үзэн гүйцэтгэгчээр шалгарсан “Дэлгэр ган” ХХК, “Булган барилга” ХХК-иудтай тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээ байгуулсан болно.

        Сангийн яам хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу тус тендерийг хянан 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 6-1/844 тоот албан бичгээр хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг эцсийн шийдвэрээр мэдэгдсэн атлаа Буяннэмэх интер ХХК-ийн гомдлыг дахин хүлээн авч 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 6-1/1420 дугаар албан бичгээр тус тендерийг хүчингүй болгосон нь хууль журамд нийцэхгүй гэж үзэж байна.

      Иймд “Буяннэмэх-Интер” ХХК үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмлэл гаргасан гэж үзэж байгаа тул 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/125 дугаар гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжийг хэвээр үлдээнэ үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Буяннэмэх-Интер” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай компани нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 17/359 тоот албан бичгээр Булган аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Буяннэмэх-Интер” ХХК нь “Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан БХС-2016/05 дугаартай Булган суманд Дулаан дамжуулах төвийн барилга барих /3 ширхэг/ ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Сангийн яамны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/1420 дугаартай албан бичгийг биелүүлж, тендерт шалгарсан гэх оролцогчидтой гэрээ байгуулахгүй байхыг Булган аймгийн Засаг даргад даалгах”-аар Булган аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0012/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө”, 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн банкинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Буяннэмэх-Интер” ХХК-ийн нэхэмжлэлээсээ  татгалзасныг баталж, Булган аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан БХС-2016/05 дугаартай Булган суманд Дулаан дамжуулах төвийн барилга барих /3 ширхэг/ ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Сангийн яамны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/1420 дугаартай албан бичгийг биелүүлж, тендерт шалгарсан гэх оролцогчидтой гэрээ байгуулахгүй байхыг Булган аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0012/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн банкинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

 ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ