Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01270

 

Н.Г, Б.Х нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/00902 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1326 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Н.Г

           Нэхэмжлэгч: Б.Х,

           Хариуцагч: М.Н,        

      “Винкапитал” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдэг, санхүүгийн баримт материал, тусгай зөвшөөрөл гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

    Хариуцагчийн өмгөөлөгч Л.Э гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Гийн өмгөөлөгч Б.Н, Б.Хы төлөөлөгч Б.Б, хариуцагч М.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Винкапитал” ХХК нь 2014 онд Хэнтий аймгийн Дархан суманд Төмрийн хүдэр хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгуулсан билээ. Үйлдвэрийг байгуулах тухай асуудлыг 2013 онд Н.Г, Б.Хаа, М.Н /хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Тан Ян Юун/ бид хүсэл зоригоо илэрхийлэн хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тодруулбал: Үйлдвэр барихад шаардлагатай санхүүжилтийг Тан Ян Юун бүрэн хариуцах, шаардлагатай зөвшөөрлүүдийг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу авах, цахилгаан эрчим хүчний шугам татах, үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар худалдаж авах, дэд бүтцийн бүхий л ажлуудыг Н.Г, Б.Хаа нар дэмжлэг үзүүлэх замаар өөрсдийн ажил үүргийг хувиарлан ажилласан юм. Гэтэл үйлдвэр барих санхүүжилтэд мөнгө дутсан учир Н.Г өөрийн өмч болох шинэ авто ачигчийг /52 000 ам.долларын үнэ бүхий/ үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулан төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэй Тан Ян Юун-д хүлээлгэн өгч, мөн цахилгаан эрчим хүчийг шийдэхэд зориулж 70 сая төгрөгийг Н.Г, Б.Хаа нар гарган гүйцэтгэгч компанид төлсөн билээ. Ийнхүү хамтын хүчин чармайлтаар 2014 онд үйлдвэр бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд харилцан ойлголцсоны хүрээнд эхний ээлжид үйлдвэрийн ашгаас Тан Ян Юуны оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлөх, уг төлбөрийг төлж дууссаны дараа үйлдвэрийн цэвэр ашгийг хувьцаа эзэмшигчид өөрт ногдох хувьцааны тоогоор буюу Тан Ян Юун, М.Н нар 50%, Н.Г 25%, Б.Хаа 25% авахаар тохиролцсон. Гэтэл үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Н нь хөрөнгө оруулагч Тан Ян Юунтай нийлж, бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчиж эхэлсэн. 2014-07- 16-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөлт оруулж, шийдвэр гарсан байхад холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль зөрчсөн үйлдлээ таслан зогсоохгүй бусад хувь нийлүүлэгчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөөр байна. Тухайлбал БЗД-ийн татварын хэлтсээс Винкапитал ХХК нь 91 574 000 төгрөгийн татварын өртэй гэсэн мэдэгдлийг хувьцаа эзэмшигч Б.Хы нэр дээр ирүүлснээр бид мэдсэн. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр гүйцэтгэх захирал М.Нт удаа дараа уулзах, ээлжит бус хурал хийлгэх шаардлага хүргүүлж байсан боловч хариу өгөхгүй байсан юм. Иймээс хувьцаа эзэмшигч Н.Г, Б.Хаа бид Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр олгогдсон эрхийнхээ хүрээнд ээлжит бус хурлыг 2015-11-23-ны өдөр зарлан хуралдуулсан. Энэ хуралд М.Н өвчтэй байгаа тул хуралд оролцох боломжгүй гэсэн учир ээлжит бус хурлыг хойшлуулж 2015-12- 07-ны өдөр дахин зарлан хуралдуулсан. Энэ хуралд М.Н нь ирээгүй бөгөөд Компанийн тухай хуулийн 69.4 дэх хэсэгт зааснаар бид хуралдаж хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болсон билээ. Хүчин төгөлдөр хурлын шийдвэрийг үндэслэн компанид орсон өөрчлөлтийг хуулийн дагуу бүртгүүлж, хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэхэд компанийн гэрчилгээ, тамга тэмдэг байхгүйгээс бүртгэх боломжгүй байгаа юм. М.Нт компанийн болон бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн яаралтай компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлцэхийг мэдэгдсэн боловч асуудлыг шийдвэрлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд Иргэний хуулийн 106.3-д  заасны дагуу 2015-12-07-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоож, М.Нээс "Винкапитал" ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тэмдэг, санхүүгийн баримт материалыг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: Манай компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Н.Г, мөн 25 хувийн хувьцаа эзэмшигч Б.Хаа нарын 2015-12- 07-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал гэгч нь Компанийн тухай хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хурал юм. Хурлыг хүчин төгөлдөр болохыг нь тогтоолгох гэсэн нэхэмжлэл үндэслэлгүй юм. Нэгэнт хууль зөрчиж хуралдсан хурал хүчин төгөлдөр бус болохоор энэ хурлаас гарсан шийдвэр ч хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. “Винкапитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Н би компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016-03 -04-ний өдөр хуралдуулах тухай хурлын зарыг 2016-01-19-ний өдөр хувьцаа эзэмшигч Н.Г, Б.Хаа нарт Монгол шуудангаар хүргүүлсэн.Гэвч хүлээж авахгүй гээд буцаасан учир энэ шалтгаанаар товлосон хугацаандаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаагүй. Ер нь манай компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Н.Г нь байнга компанийнхаа эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ хэрэгтээ хувьцаа эзэмшигч Б.Хаагийн нөхөр Б.Баярмагнай гэгчийг ашиглан, хувьцаа эзэмшигч Б.Хаагийн гарын үсгийг дурайлган зурсан янз бүрийн баримт үйлддэг. Манай компани 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч “Баянсоёнзаан” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гарган тус компаниас төлбөр нэхэмжилсэн. Гэтэл Н.Г “Баянсоёнзаан” ХХК-ийн захирал н.Баянмөнхтэй хуйвалдан “Винкапитал” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй мэт болгох үйл ажиллагаа явуулж шүүх хуралдаанд хүртэл компанийнхаа эсрэг хуурамч мэдүүлэг өгч байсан. Б.Баярмагнай гэгчтэй хамтран “Батжин-Уул” ХХК-ийн хүмүүсийг хууль бусаар Баргилт дахь компанийн эзэмшил газарт оруулж, компанийн эд хөрөнгө эвдэн сүйтгүүлэх ажиллагаа явуулж байсан. Компанийн хувьцаа эзэмшигч Н.Г, Б.Баярмагнай нар нь Хэнтий аймгийн Дархан замын нутагт төмрийн хүдэр хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгуулахаар хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллахдаа хөрөнгө оруулагчийн итгэлийг эвдэн, хуурч мэхлэн компанид орох ёстой байсан 204сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг замаас хувьдаа завшиж, хохирол учруулсан бөгөөд хөрөнгө оруулагч  Тан Ян Юун 2016 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, Н.Г, Б.Баярмагнай нарт эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа болно. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/00902 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Г, Б.Х нарын нэхэмжлэлтэй, М.Нт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 07-ны өдрийн 1326 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/00902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

         Хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхсайхан хяналтын гомдолдоо: Н.Г, Б.Хаа нарын 2016-07- 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд “Хариуцагч М.Н нь Винкапитал ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлдэг бөгөөд 2015-12- 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй ба энэ хурлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар М.Баярмагнайг томилж, М.Нт гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлцэхийг мэдэгдсэн боловч асуудлыг шийдвэрлэхгүй байна” гэж шүүхэд хандах  бодит нөхцөл болон тэдний нэхэмжлэл нь ямар учир шалтгаантай болохыг тодорхойлсон. Ингээд шүүхээр “Винкапитал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015-12-07-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, хариуцагчаас “Винкапитал" ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тамга тэмдэг, санхүүгийн баримт материалыг гаргуулан авахыг хүсч, хариуцагчаар “Винкапитал" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Нийг сонгосон байдаг. Нэхэмжлэл нь 2015-12-07-ны өдрийн Винкапитал ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, Винкапитал ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тамга тэмдэг, санхүүгийн баримт материалыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн байгаа. Харин М.Н хариу тайлбартаа “уг хурлыг Компанийн тухай хууль болон тус компанийн дүрмийн заалтыг зөрчсөн учир хүчин төгөлдөр бус хурал гээд хүчин төгөлдөр бус хурлаас гарсан шийдвэр ч хүчин төгөлдөр бус” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.  Анхан шатны шүүх маргааны үйл баримт ,хэргийн нөхцөл байдлыг судалж, нотлох баримтуудыг үнэлээд Винкапитал ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015-12-07-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр гэж тооцох үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Н.Г, Б.Ха нар 2016-07-04-ний өдөр М.Нт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж “...аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тамга, тэмдэг, санхүүгийн баримт материалыг гаргуулах...” шаардлага тавьсан, хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Н.Г, Б.Ха нар нь шүүхэд нэхэмжэл гаргахдаа “... 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг  хүчин төгөлдөр гэж тооцуулах...” шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь буруу байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нарын шаардлага ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

       “...Винкапитал ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал Компаний тухай хуульд нийцээгүй тул уг хурал болон хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр бус...” гэж хариуцагч маргаж байгаа хэдий ч энэ тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд хурал хүчин төгөлдөр гэж тооцогдоно.

        Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Компанийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1326 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч М.Нийн  гомдлыг хангахгүй орхисугай.   

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ