Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/0002

 

И” ХХК болон нэр бүхий 11 компанийн нэхэмжлэлтэй,

Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Ц.Цогт

шүүгчид:                   Д.Батбаатар

                                      М.Батсуурь

                                      Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:      П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор,

Нэхэмжлэгч “ТШЧБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгч “И” ХХК, “О” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, “АЧБ” ХХК болон нэр бүхий 11 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Л, Д.А, Б.Б, Д.Л нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “И” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалын 1 дэх заалтыг, 2 дахь заалтын 2.4-ийг тус тус хүчингүй болгуулах;

“О” ХХК-иас Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.2.15, 2.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах;

“АЧБ” ХХК, “АУШЧБ” ХХК, “АДФЧБ” ХХК, “БЧБ” ХХК, “ББСЭТЧБ” ХХК, “ПМЧБ” ХХК, “СФТЧБ” ХХК, “ТШЧБ” ХХК, “ТЧБ” ХХК, “ЭЧБ” ХХК-иудаас “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2.15 дахь заалт, 2.3.1, 2.4 дэх хэсэг болон “Зорчигчийн гаалийн мэдүүлэг”-ийн маягтын шинэчилсэн загварыг тус тус хүчингүй болгох, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын 3.20, 4.4.9 3.4 дэх хэсгийн “факс” гэсэн хэсэг, 5.1.5 дахь заалтыг хассаныг тус тус хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Гаалийн ерөнхий газрын дарга 2022 оны А/350, А/351 дүгээр тушаалуудаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн улсын хилээр нэвтрүүлэх журам”, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байх бөгөөд уг тушаалаас шалтгаалан чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж байгаа зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй болж, албан татвар төлж, гаалийн хилээр нэвтрүүлэх болсон байна.  

3.Нэхэмжлэгч нараас “... татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зорилгоор холбогдох зөвшөөрөл авч, хөрөнгө оруулсан атал худалдан авагчийг хүчээр цөөрүүлсэн, иргэдийн зорчих хөдөлгөөн эрс багассан, хуулиар тогтоогоогүй асуудлаар хориглолт тогтоосон, чөлөөт бүс байх зорилгод нийцээгүй” гэж, хариуцагчаас “ ... зорчигчийн гаалийн болон бусад татвар төлөгдөөгүй согтууруулах ундааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад хязгаарлалт оруулсан зохицуулалт бөгөөд цаашид татвар төлж оруулах нь албан татвар төлөгдөөгүй согтууруулах ундааг их хэмжээгээр гаалийн хилээр оруулахыг хязгаарлах зорилготой, чөлөөт бүсийг үйлдвэрлэл дэмжих зорилгоор байгуулдаг тул архи худалдан борлуулдаг нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

4.1.2020 оны 102 дугаар тушаалаар дээрх журамд нэмэлт оруулсны улмаас чөлөөт бүсээс архи согтууруулах ундаа гаалийн нутаг дэвсгэрт оруулах тоо хэмжээ 2 жилийн дотор 4 дахин буюу зөвхөн 2022 оны 1 сараас 9 сар хүртэлх хугацаанд 3.2 сая литр болж эрс өссөн байх бөгөөд үүнийг зөвхөн зорчигч хувийн хэрэглээнд ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд үүнийг зохицуулах нийгмийн хэрэгцээ шаардлага бий болсон нь дээрх тоон мэдээлэл, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

4.2.Монгол Улсад үүссэн чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт зорчиж буй зорчигчийн хувийн хэрэглээний зориулалтаар татваргүй худалдан авсан атлаа тухайн зориулалтаар ашиглахгүй худалдан борлуулах, ашиг олох зорилгоор архи, тамхины зүйлийг оруулж ирж байгааг зохицуулах зорилгоор Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам болон Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журамд 24 цагийн дотор хилээр гараад орж ирэх болон чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт орж ирэх зорчигчид хамааруулахгүй байхаар зохицуулж журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь ... конвенцыг зөрчөөгүй.

4.3.аливаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь тухайн үйл ажиллагааг дэмжих төрийн бодлого байдаг бөгөөд зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг татвараас чөлөөлөхөөр Чөлөөт бүсийн тухай хуульд заасан явдал нь чөлөөт бүсэд тухайн эд зүйлийн худалдааг өргөжүүлэх, түүний дотор онцгой албан татвар ногдох барааны худалдааг дэмжих, чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт татваргүйгээр оруулахыг дэмжих зорилгогүй, зөвхөн аль ч зорчигчийн хувийн хэрэглээнд зориулагдсан эд зүйлийг дээр дурдсан Киотогийн конвенци, Гаалийн тухай хуулийн дагуу үзүүлдэг татварын чөлөөлөлт бөгөөд архи, тамхины тухайд тодорхой хязгаарлалтыг тогтоож болох сонгох эрхийг мөн Конвенцын дагуу хэрэгжүүлсэн байх тул Гаалийн ерөнхий газрын даргыг хуулиар тусгайлан эрх олгоогүй асуудлаар буюу чөлөөт бүсийн хуулиар нарийвчлан зохицуулсан асуудлаар хэм хэмжээний акт баталсан, хуулиар тогтоогоогүй татварыг тогтоосон гэж үзэхгүй.

5.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Г.Х нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

5.1.Бодит байдал дээр нэхэмжлэгч нар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд алдагдалтай ажиллахад хүрсэн байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Журмын нэмэлт, өөрчлөлтөөр нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа нь бүрэн зогссон, оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг битүүмжилж лацдаж, ломбодсон үйл баримтыг шүүхээс хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

5.2.Чөлөөт бүсийн тухай хуулиар чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт орж ирж буй согтууруулах ундаа, тамхинд татвар ногдуулах асуудлаар хуулийн хэм хэмжээг давсан зохицуулалт бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоох эрхийг гүйцэтгэх эрх мэдлийн аль ч байгууллага, албан тушаалтанд олгоогүй байтал хууль тогтоомжийг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн, хуулийн заалтуудад хоёрдмол байдлаар дүгнэлт өгсөн.

5.3.Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд нь өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний чиг үүргээ хэрэгжүүлдэг. Гэвч Гаалийн ерөнхий газрын дарга нь дээрх журмын төслүүдтэй давхцуулан өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Эдийн засаг, хөгжлийн яамнаас санал аваагүй, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал аваагүй, хууль бус нэмэлт, өөрчлөлт оруулсан байсныг зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэсэн учраас хууль зөрчөөгүй гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

6.Нэхэмжлэгч “И” ХХК, “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

6.1.Өөр шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэгтгэсэн учраас захирамжид гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүй.

6.2.Орлого буурсан болон орлогогүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, дэлгүүрээ хаасан тул хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байхад зөрчигдөөгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

6.3.Хилээр татваргүй нэвтрэх архи, согтууруулах ундааны хэмжээг багасгаснаар Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэх архи, согтууруулах ундааны нийт хэмжээ буурахгүй тул шүүхийн дээрх дүгнэлт буруугаас гадна нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа эсэхэд бус харин захиргааны шийдвэр хуульд үндэслэсэн эсэхэд л шүүх дүгнэлт өгөх ёстой гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

8.Нэг. Журмын 2.2.15 дахь заалт, 2.4 дэх хэсгийн тухайд:

9.Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын Киотогийн конвенцын Тусгай хавсралт J заавар, Зорчигч, 1 дүгээр бүлгийн 6.1, Тамхины төрлийн бараа, дарс, архи болон сүрчиг гэсэн хэсгийн, Практик зөвлөмж 16-д: Зорчигчийн гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр оруулахыг зөвшөөрсөн тамхи, дарс, архи болон үнэртэй усны тоо хэмжээ нь дор дурдсанаас багагүй байна: ... b/ 2 л дарс, эсхүл 1 л архи ... . Гэвч дээр заасан тамхи согтууруулах ундаанд хамаарах журмыг тодорхой нэг насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлаж болох бөгөөд хилээр байнга нэвтэрдэг хүмүүст, эсхүл тухайн улсаас гараад 24 цагийн дотор буцаж орж ирж байгаа хүмүүст хамааруулахгүй байж, эсхүл тэдэнд зөвхөн бага тоо хэмжээгээр хязгаар тогтоож болно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, хилээр байнга нэвтэрдэг болон 24 цагийн дотор буцаж орж байгаа хүмүүст тамхи, согтууруулах ундааг татвар төлөхгүйгээр оруулахыг зөвшөөрөхгүй байж болох, эсхүл хэмжээ тогтоож зөвшөөрч болох боловч бусад зорчигчийн хувьд хувийн хэрэглээнд заасан хэмжээний дотор татвар төлөхгүйгээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн агуулгатай байна. Гэтэл маргаан бүхий тушаалаар хилээр байнга орж, гардаг эсэхээс үл хамааран зорчигч бүр хувийн хэрэглээний архи, тамхийг хилээр оруулахад татвар төлөх үр дагавар үүсгэсэн нь захиргааны хэм хэмжээний акт гаргасан зорилгодоо нийцээгүй байна.

10.Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан, ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгыг[1] “чөлөөт бүсээс зорчигч гаалийн болон бусад татваргүй согтууруулах ундааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг зогсоох” гэж тодорхойлсон, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх этгээдийг тодорхойлохдоо “Чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд” гэж тодорхойлсон атлаа хилээр байнга орж гардаггүй иргэдэд чиглэсэн зохицуулалт хийж, өргөжүүлсэн нь актын зорилгоос хэтэрсэн байна.

11.Тодруулбал, захиргааны байгууллагын “чөлөөт бүсэд өдөр бүр нэвтэрч, татваргүйгээр согтууруулах ундаа зөөж хуримтлуулан, түүнийгээ олон нийтэд зарж борлуулж байгааг зогсоох” зорилго нь чөлөөт бүсэд байнга эсхүл 24 цагийн дотор  нэвтэрч байгаа иргэдэд хамааралтай гэх боловч маргаан бүхий журмын 2.2.15-д “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа /хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй/” гэх заалтыг нэмж, 2.4-т “Энэ журмын 2.3.1-д заасан бараа нь 21 насанд хүрээгүй, хилээр гараад 24 цагийн дотор буцаж орж байгаа болон журмын 2.2.15-д заасан чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж байгаа зорчигчид хамаарахгүй” гэж өөрчлөн найруулснаар чөлөөт бүсээр нэвтэрч буй бүхий л этгээд дээр дурдсан барааг нэвтрүүлж буй тохиолдолд татвар төлөх болсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй.

12.“Чөлөөт бүсээс архи согтууруулах ундаа гаалийн нутаг дэвсгэрт оруулах тоо хэмжээ 2 жилийн дотор 4 дахин өссөн буюу 3.2 сая литр болсон, үүнийг зорчигч хувийн хэрэглээнд ашигласан гэж үзэх үндэслэлгүй, зохицуулалт хийх нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн” тухай танилцуулга, тоо баримт хэрэгт авагдсан боловч захиргааны байгууллага үүссэн нөхцөл байдлын шалтгаант холбоог буруу тодорхойлсон, хилээр байнга нэвтэрдэг зорчигч нь нийт зорчигчийн хэдэн хувийг эзэлж байгааг ялгаж судлаагүй, тэдгээрт чиглэсэн зохицуулалт хийх шаардлагатай байхад энэ хүрээнд зохицуулалт хийгээгүй атлаа дээрх барааг нэвтрүүлж буй бүхий л этгээдэд хамааралтай байдлаар хязгаарласан байна.

13.Хариуцагчаас “чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх аж ахуйн нэгжүүд зөвхөн согтууруулах ундаа худалдах үйл ажиллагаа эрхэлж, албан татвар төлөгдөөгүй согтууруулах ундааг их хэмжээгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулах нөхцөлийг бүрдүүлж байна, уг нь бол чөлөөт бүсэд үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх бодлого баримталж байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч Киотогийн конвенцийн дээрх заалт, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль дараах харилцаанд хамаарахгүй” гээд 3.1.2-т “зорчигчийн хувийн хэрэглээний согтууруулах ундааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж зааснаар иргэд хувийн хэрэглээний согтууруулах ундаа, тамхийг заасан хэмжээний дотор хилээр татвар төлөхгүй нэвтрүүлэх эрхтэй, харин хилээр байнга нэвтэрдэг зорчигчийн хувьд өөр зохицуулалт байж болох, бага тоо хэмжээгээр хязгаарлалт тогтоож болох өөрт олгогдсон эрхээ буруу хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангав.

14.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна” гэж заасны дагуу, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д “Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ” гээд, 2-т “Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: -чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлт” гэж, Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1-д “Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 7.1.9-д “чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм журмыг батлах” гэж тус тус зааснаар маргаан бүхий тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Гаалийн ерөнхий газрын дарга нь Эдийн засаг, хөгжлийн сайд болон Чөлөөт бүсийн захирагч нараас зохих журмын дагуу санал авах шаардлагатай гэж үзэхээр байна.

15.Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Монгол Улсын чөлөөт бүсэд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно” гэж, 231 дүгээр зүйлийн 231.2-т “Чөлөөт бүсийн төрөл тавигдах шаардлага, татварын асуудлыг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулна” гэж, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэмийг Чөлөөт бүсийн тухай хуулиар тогтоож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг татварын холбогдох хуулиар зохицуулах” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд чөлөөт бүсэд явуулж байгаа үйл ажиллагааг зохицуулахдаа Гаалийн тухай хуулиас гадна Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэглэх, ялангуяа чөлөөт бүс байгуулах зорилго, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж байгууллага ажиллах эрх зүйн орчин нөхцөл бүрдсэн байх, эдийн засгийг дэмжих зорилгыг харгалзан үзэх учиртай.

16.Эдийн засаг, хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/582 дугаар албан бичигт[2] “... чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах ... журмын шинэчилсэн төслийг боловсруулж байна” гэснээс үзэхэд маргаан бүхий журмын нэмэлт, өөрчлөлттэй адил харилцааг зохицуулах журмыг өөр захиргааны байгууллагаас гаргах нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Чөлөөт бүсийг байгуулахад төрөөс дараах зарчим, нөхцөлийг баримтална”, 5.1.5-д “чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, хөрөнгө оруулагч, аж ахуй нэгж, байгууллага итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин, нөхцөл бий болгох” гэсэнд нийцэх эсэх нь тодорхойгүй байх бөгөөд чөлөөт бүсийн асуудлаар чиг үүрэг олгогдсон эрх бүхий байгууллагууд харилцан уялдаатай ажиллах нь төрийн бодлого шийдвэр тогтвортой байх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх зарчимд нийцэх байна. 

17.Давж заалдах шатны шүүхээс “... Эдийн засаг, хөгжлийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1101 дүгээр албан бичгээр хүргүүлсэн танилцуулгад ... татвар хураамжийг хууль тогтоомжийн дагуу төлөхөөр байгаа талаар санал ирүүлсэн” гэж дүгнэсэн боловч Эдийн засаг, хөгжлийн яамны 2023 оны 06 дугаар сарын 07-ны 03/1009 дүгээр албан бичигт “санал аваагүй” гэсэн байхаас гадна Засгийн газрын хуралдааны танилцуулгыг захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагаатай адилтган үзэх боломжгүй буюу хуулийн зохицуулалт нь чиг үүргийн давхар хамааралтай захиргааны байгууллагууд хоорондоо албан ёсоор санал солилцох агуулгатай тул Гаалийн ерөнхий газар, Эдийн засаг, хөгжлийн яамыг харилцан санал солилцоогүй гэж үзэж, захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах журмыг зөрчсөн гэж үзэв.

18.Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээс хойш хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж заасан, энэхүү хэргийн тухайд журмын өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар эмхэтгэлд нийтлэгдсэн байх бөгөөд Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэрхэн журамлах талаар зохицуулалт хийгээгүй, нэхэмжлэгч нарын “учирч болох эрсдэлийг хохирол багатай даван туулах боломж олгоогүй” тухай гомдол үндэслэлтэй.

19.Давж заалдах шатны шүүхийн “... архи тамхины тухайд тодорхой хязгаарлалтыг тогтоож болох сонгох эрхийг мөн Конвенцын дагуу хэрэгжүүлсэн... ” гэх дүгнэлт буруу буюу Киотогийн конвенц нь зорчигчийг дотор нь задлан ангилж, ялгаатай зохицуулалт байж болох талаар зохицуулсныг анхаараагүй, ерөнхий зарчим нь зорчигч заасан хэмжээний дотор хувийн хэрэгцээний зориулалтаар гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр архи тамхи хилээр оруулахыг зөвшөөрсөн, энэ хүрээнд захиргааны байгууллага зохицуулалт хийхгүй байсан, гагцхүү  хилээр байнга нэвтэрдэг хүмүүст, эсхүл тухайн улсаас гараад 24 цагийн дотор буцаж орж ирж байгаа зорчигчийн хүрээнд захиргааны байгууллага зохицуулалт хийх байжээ.

20.Хоёр. Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд:

21.Маргаан бүхий тушаалын бусад заалтууд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, тухайлбал, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.20 дахь хэсгийн “Худалдах худалдан авах гэрээ, төлбөрийн баримт болон бусад бичиг баримтыг үндэслэн чөлөөт бүсэд байх хугацаанд барааны өмчлөх эрхийг шилжүүлж болно. Өмчлөх эрхийг шилжүүлсэн барааг өөр горимд байршуулах гаалийн бүрдүүлэлт хийлгэхдээ мэдүүлгийн Илгээгч/Экспортлогч хүснэгтэд бараа өмчлөх эрхийг шилжүүлж байгаа хуулийн этгээд, иргэний нэр, хүлээн авагч/Импортлогч хүснэгтэд өмчлөх эрх олж авч байгаа хуулийн этгээд, иргэний нэрийг бичнэ” гэж өөрчлөн найруулсан, 3.4 дэх хэсгээс “факс” гэснийг, 5.1.5 дахь хэсгийг хассан, 4.4.9-д “Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 28.2, 28.5 дахь хэсэгт заасныг мөрдөж, борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримтыг бараа худалдан авсан үйлчлүүлэгчдэд олгох” гэсэн заалтыг нэмсэн нь хууль зөрчөөгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд байна.

22.“Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.4-д “Энэ журмын 2.3.1-д заасан бараа нь 21 насанд хүрээгүй, хилээр гараад 24 цагийн дотор буцаж орж байгаа болон журмын 2.2.15-д заасан чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж байгаа зорчигчид хамаарахгүй” гэсэн заалтын зарим хэсэг нь Киотогийн конвенцийн дээрх заалтад нийцсэн буюу согтууруулах ундаа, тамхийг заасан тоо хэмжээний дотор гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг 21 насанд хүрээгүй зорчигч болон хилээр гараад 24 цагийн дотор буцаж орж байгаа зорчигчид хамаарахгүй тухай зохицуулалт нь хуульд нийцжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 61 дүгээр зүйлийн 61.2, Гаалийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 7 зүйлийн 7.1.9 дэх хэсгийг баримтлан “И” ХХК болон нэр бүхий 11 компанийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2.15 дахь заалт, 2.4 дэх хэсгийн “болон энэ журмын 2.2.15-д заасан чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж байгаа” гэснийг тус тус хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                    Д.БАТБААТАР

                                                                                      М.БАТСУУРЬ

                                                                                      Х.БАТСҮРЭН

                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ


[1] 1 дэх хавтаст хэргийн 36 дугаар тал

[2] 3 дахь хавтаст хэргийн 27 дугаар талд