Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01842

 

 

 

 

 

 

  2024 09 30 210/МА2024/01842

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03204 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.*******ад холбогдох

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр 5,073,775 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь ******* 2 хотхоны оршин суугчдаас сар бүр СӨХ-ны төлбөр авч дундын өмчлөлийн зүйлс болох цэцэрлэгт хүрээлэн, зам, талбайг засан сайжруулах, автомашины зогсоол, автомашины зогсоолын автомат хаалга, хотхоны орц, гарцын автомат хаалт, цахилгаан шат, дундын өмчийн талбай, ус, дулаан, гэрэлтүүлгийг тогтмол ажиллуулах, цэвэрлэгээ үйлчилгээ, ажилчдын цалин хөлсийг цагт нь тавих зэргийг хийж гүйцэтгэдэг. Харин оршин суугчид дээрх ажил үүргийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай СӨХ-ны төлбөрийг сар бүр төлөх үүрэг хүлээдэг.

1.2. Хариуцагч Л.******* нь ******* 2 хотхоны 406 дугаар байрны ******* тоотын оршин суугч, сууц өмчлөгч бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 5,073,775 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр 5,073,775 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч нь тайлбар гаргаагүй талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч Л.*******аас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 5,073,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 96,131 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Л.*******аас 5,073,775 төгрөгийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан. Шүүх хариуцагч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******д нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан, хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй гэжээ.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гардан авсан ба хуулийн хугацаанд 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбаруудыг шууданд хийж, шүүхэд хүргүүлсэн. Энэ тухай шүүгчийн туслахад утсаар хэлсэн, мөн шуудангийн баримтуудыг хүлээн авч үүсгэсэн огноо бүхий баримт байгаа юм.

Шүүх хариу тайлбар гараагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ерөнхий шүүгчийн туслахаас шүүлгэхэд 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн туслахад хуваарилж өгсөн байна.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.*******т 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн олгосон хуулийн этгээдийн итгэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар иргэнээс иргэнд олгосон итгэмжлэл үйлдэж, хуулийн этгээдийн албан бланк ашиглаагүй, СӨХ-ны гэрчилгээ, ТУЗ-ын тогтоолыг итгэмжлэлд хавсаргаагүй тул эрх бүхий этгээдийн итгэмжлэл гэж үзэх үндэсгүй байна. Хуульд зааснаар зайлшгүй нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй итгэмжлэл байхад гэрчлүүлж, хуулийн этгээд, түүнийг төлөөлөх эрхтэй этгээд мөн гэдгийг нотлоогүй байна.

Улмаар Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т тус тус зааснаар нягтлан бодогч гарын үсэг зураагүй байгаа нь мөн хуулийн 64.3-т зааснаар хүчин төгөлдөр бус итгэмжлэл юм.

4.3. 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд Баримт гаргуулах, ээлжийн амралттай хөдөө орон нутагт байгаа тул шүүх хуралдаанд хүрэлцэн очих боломжгүй, тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцохоор өмгөөлөгч хайж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг шүүхийн [email protected] цахим хаягаар илгээсэн, шүүх хавтаст хэрэгт хавсаргасан боловч шүүх хуралдаанаар хүсэлтийг хянан хэлэлцээгүй. 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэрийг гардаж аваад хавтаст хэргийн материалтай танилцахад шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байсан болно.

4.4. Хариуцагч тухайн орон сууцанд амьдарч эхэлсэн цагаасаа СӨХ-ны төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байсан. Гэтэл СӨХ-ноос харуул хамгаалалт, аюулгүй байдалдаа анхаарал тавьж ажиллаагүйн улмаас хариуцагчийн caad 13 disc 105 маркийн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуй алга болсон. Хариуцагчаас унадаг дугуй алга болсонтой холбоотой төлбөрийг барагдуулж өгөхийг СӨХ-нд удаа дараа хэлж хүсэлт, гомдол гаргахад ******* СӨХ-ноос ямар нэгэн арга хэмжээ авч шийдвэрлэж өгөөгүй байна.

Хариуцагчаас унадаг дугуйны үнийг СӨХ-гоор төлүүлэх эсвэл СӨХ-ны нэхэмжилж буй үнийн дүнгээс тухайн алга болсон унадаг дугуйны үнийн зөрүүг тооцож нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хасаж тооцуулж болно. Үүний дараагаар СӨХ-ны төлбөрийг үргэлжлүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй болохоо хариу тайлбартаа удаа дараа бичсэн.

4.5. ******* СӨХ-ны гэрчилгээ нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс нэг жилийн хугацаатай олгогдсон байгаа нь өмнөх жилүүдийн СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй этгээд эсэх нь тодорхой байна.

4.6. Хавтас хэрэгт нь 2013 оны хурлын тэмдэглэл, тогтоол хавсаргасан байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй, ******* СӨХ ажиллаж байсан нь нотлогдоогүй, нотлох баримт зөрүүтэй байгаа юм.

4.7. Шүүх нэхэмжлэлийг 6 дугаар сарын 11-ний өдөр гардуулах үедээ хэргийн материалтай танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, зүй нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 14 хоногийн дараа хэргийн материалтай танилцуулна.

4.8. Хариуцагч Л.******* нь тус байранд амьдардаг оршин суугч, байрны өмчлөгч этгээд гэсэн нэг ч нотлох баримт байхгүй байхад хариуцагч гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж байгаа нь үндэслэлгүй юм.

4.9. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаагүй, хариуцагчаас хариу тайлбар, нотлох баримт хавтаст хэрэгт ирээгүй байхад хэргийг шийдвэрлэхгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд Сууц өмчлөгчдийн холбоог нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий байгуулагдана гэж заасан.

Гэтэл ******* СӨХ нь байгуулагдсан зорилго, хэрэгжүүлэх үүрэгт хариуцлагагүй хандсан байхад шүүхээс нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн түүнчлэн шүүхээс хариуцагч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах боломжийг олгоогүй, өмгөөлөгч авах эрх, хүсэлтийг хангаагүй, хэлэлцээгүй, анхны шүүх хуралдаанаар нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад шүүх хуралдаан хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчлөө. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03204 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Унадаг дугуй нь СӨХ-ны өмч биш хувь хүний өмч. Тухайн үед Л.*******ыг дугуйгаа алдсан гэх даруйд нь менежерүүд өөрсдийн хэмжээнд бүх хяналтын камерыг шүүсэн ба Л.******* өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдэн цагдаа нартай хамтран 2 хоног камерыг шүүсэн боловч дугуй алдсан гэх ямар нэгэн баталгаа, нотолгоог олж чадаагүй.

5.2. Мөн Л.******* нь анх орон сууцыг актаар хүлээлцэж авахдаа орон сууцтай холбоотой гарсан шаардлагатай бүх зардлуудыг төлнө гэж гарын үсэг зурсан нь хариуцагч тухайн орон сууцыг эзэмшиж байгаа гэдгийг нотолж байгаа юм. Түүнчлэн СӨХ-ны төлбөрийг сар бүр задаргаатай нь гаргадаг ба тухайн задаргааг СӨХ-ны хурлын тогтоол, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь заалтуудыг үндэслэн тухайн орон сууцны тогтмол зардал дээр хувьсах зардлыг нь бодож оруулсан задаргааг оршин суугчдад өгдөг. Л.******* нь өөрийгөө хуульч гэж тайлбарладаг, гэтэл төлбөрөө төлөхгүй байгааг ойлгохгүй байна, төлбөрөө төлж байгаач гэж хүсмээр байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Л.*******ад холбогдуулан дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр 5,073,775 төгрөг гаргуулахаар шаардсан.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөний улмаас талуудын хооронд маргааны зүйлийн талаар мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******д нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариу тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх хугацааг олгожээ. /хх-ийн 19 дүгээр тал/

Дээрх хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шуудангийн байгууллагаар дамжуулан шүүхэд хүргүүлсэн болох нь шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан 2024.06.24-ний өдөр хүлээн авсныг баталгаажуулсан дардасны тэмдэглэгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 46-49 дугаар тал/

Хэргийг хянан шийдвэрлэх үед хариуцагчийн хариу тайлбар хэрэгт авагдаагүй байсны улмаас шүүхээс хариуцагчийг хариу тайлбар ирүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийн бусад баримтыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.

Гэвч бодит байдалд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байсан нь ийнхүү хожим шүүх хуралдааны дараа илэрхий болсон нь эсрэг талын шаардлагад хариу тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн оролцох эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

4. Шүүх дээрх хэргийг хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй.

Учир нь шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******д 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр утсаар болон мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн байх ба харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан болох өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах агуулга бүхий хүсэлтийг шүүхийн цахим шуудангаар ирүүлснийг шүүх хуралдаан болохоос боломжит хугацааны өмнө ирүүлсэн гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлт хэрэгт авагдаагүйн улмаас уг хүсэлтийг хэлэлцээгүй явдалд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

5. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* СӨХ-г төлөөлүүлэхээр тус байгууллагын захирал Л.*******эс 2024.05.27-ны өдөр Ч.*******т итгэмжлэл олгож, нотариатчаар гэрчлүүлсэн нь холбогдох баримтуудыг нягталсан гэж үзэх үндэслэл болно. Иймд итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан.

Мөн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байхаас гадна итгэмжлэлийг албан бланк ашиглаж үйлдээгүй нь тухайн итгэмжлэлийг эрх бүхий этгээдээс олгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

6. Дээр дурдсан зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс материаллаг хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэл буюу талуудын маргаж буй асуудлаар хэргийг хянах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03204 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,131 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА