Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01845

 

 

 

 

 

 

  2024 09 30 210/МА2024/01845

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02822 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******, ******* ХХК-д холбогдох

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний дагуу шилжүүлсэн 91,900,000 төгрөгийг Б.*******гээс гаргуулах иргэний хэргийг хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******, хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.*******, өмгөөлөгч Н.*******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 19/0126 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис оффис, орон сууцны барилгын В1 давхарт байршилтай 940.1 м2 талбайтай оффис, худалдааны үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ******* 11.48 м2 талбай, 16.9 м2 талбай нийт 28.38 м2 худалдаа үйлчилгээний талбайг буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохирч, тус компанийн нягтлан бодогч Б.******* гэх хүнтэй гэрээ хийсэн.

1.2. Тухайн гэрээ нь нотариатаар гэрчлүүлээгүй буюу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангаагүй, мөн уг гэрээг компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулаагүй, Б.******* нь дээрх гэрээг байгуулахдаа компанийн удирдлагаас итгэмжлэл, ямар нэгэн гэрээ байгуулах эрх, зөвшөөрөл авалгүйгээр гэрээ байгуулсан нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээд хийсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байх тул тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

1.3. Гэрээгээр төлбөр төлөх нөхцөл, хуваарийг тохирч, уг хуваарийн дагуу нэхэмжлэгч гэрээний нийт үнэ 141,900,000 төгрөгийг Б.*******гийн дансанд шилжүүлсэн. Талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан харилцаанд оролцож байгаа бол түүнд олгосон итгэмжлэлийг хавсаргах, тэмдэглэл үйлдэж баталгаажуулахаар хуульд заасан, ******* ХХК-иас хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал Б.******* дээр үүснэ гэж үзэж байна.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-иас 50,000,000 төгрөгийг Б.*******т өгсөн, одоо үлдэх 91,900,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар Б.*******гээс нэхэмжилж байна.

2. Хариуцагч Б.*******гийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие 2013 оноос ******* ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэлд дурдсан 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 19/0126 тоот гэрээ нь ******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх үед хийгджээ. Намайг ажиллаж байх үед маш олон гэрээ хийгддэг байсан бөгөөд гэрээний орлого нь ******* ХХК-ийн захирал Д.гийн зөвшөөрлөөр компанийн үйл ажиллагаанд зарцуулагддаг байсан. Тухайн үед Б.*******аас гэрээний дагуу төлөгдсөн гэх 141,900,000 төгрөг нь мөн л компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан болно.

Тухайн гэрээг ******* ХХК-ийн захирал Д.гийн зөвшөөрлөөр хийсэн бөгөөд тус компани нь шүүхийн шийдвэрээр мөнгө төлөхөөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас компанийн данс хаалттай байсан тул нягтлан бодогч Б.*******гийн дансыг ашигладаг байсан.

2.2. Дээрх мөнгийг миний бие хувьдаа авч зарцуулсан, хөрөнгөжсөн асуудал байхгүй бөгөөд нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлдээ энэхүү гэрээг ******* ХХК /нягтлан бодогч Б.*******/ гэх хуулийн этгээдтэй хийсэн гэжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.******* гарын үсэг зурсан. Гэрээг компанийн захирал өөрөө батлах ёстой, ийм гэрээ байгуулсныг мэдээгүй, түүнд гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Б.******* манай компанид ерөнхий нягтлан бодогчоор, охин компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.******* нь Б.*******аас худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан гэх мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч ямар ч баримт гаргаж өгөөгүй. Нягтлан бодогч хүний ажил үүргийн хуваарьт тусгасан хамгийн гол ажил нь анхан шатны баримт, тооцоог тухай бүрт гаргаж, тайлан тооцоог баримтжуулж явах ёстой. Тийм ямар ч баримт байхгүй, ажлаас гарахдаа ч тийм баримт хүлээлгэн өгөөгүй. Компанийн нэрээр гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахад татгалзах зүйлгүй. Харин компани Б.*******д өгөх ёстой цалин тооцоог үндэслэн түүний төлөх мөнгөнөөс 50,000,000 төгрөгийг Б.*******т шилжүүлсэн.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 19/0126 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.*******гээс 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.******* татгалзсныг баталж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.*******гээс 91,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, Б.******* өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,734,900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 1,734,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь: хэсэгт дурдагдсан дүгнэлтүүдтэй дараах асуудлуудаар санал нийлэхгүй.

Үндэслэх нь хэсгийн 3-т: Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ...Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.******* гарын үсэг зурсан. Гэрээг компанийн захирал өөрөө батлах ёстой, ийм гэрээ байгуулсныг мэдээгүй түүнд гэрээ байгуулах эрхийг олгоогүй... гэсэн нь огт худал бөгөөд үндэслэлгүй.

Мөн ...Б.******* нь Б.*******аас худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан гэх мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч ямар ч баримт гаргаж өгөөгүй, ...ямар ч баримт байхгүй, ажлаас гарахдаа ч тийм баримт өгөөгүй. Компанийн нэрээр гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь: Анх ******* ХХК-ийг хариуцагчаар татаж 141,900,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.15-ны өдрийн 10714 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.28-ны өдрийн 02333 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн захирал Д.г эрэн сурвалжилсан, 2022.11.03-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Д.гийн хаягийг тогтоож өгсний дагуу энэхүү нэхэмжлэлийг ******* ХХК болон ня-бо Б.******* нарт холбогдуулан гаргасныг шүүх хүлээн аваад 2022.11.30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. ,

******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* 2023.03.31-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийг гардаж авсан, 2024.06.26-ны өдөр шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болон татгалзсан ямар нэгэн тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлэхгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 50,000,000 төгрөгийг бэлэн бусаар төлсөн зэрэг үйлдлээс дүгнэхэд, ******* ХХК-ийн захирал Д. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал харагддаг.

5.2. Хариуцагч Б.******* нь ******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа захирал Д.гийн зөвшөөрснөөр, худалдан авагч иргэн Б.*******тай 2019.01.26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийж, худалдагч тал нь ******* ХХК, регистр , нягтлан бодогч Б.******* гэж өөрийн гарын үсгийг зурсан.

Анх Б.*******ийг Гранд оффисоос талбай худалдаж авсан лам н. нь дагуулж ирсэн, гэрээ хийгдсэн гэх 2019.01.16-ны өдөр захирал Д. өөрөө байсан, өөрөө тамгаа дарсан болно.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал Д. нь тухайн үед энэхүү гэрээг хийхийг өөрөө санал болгосон, учир нь ******* ХХК нь удаа дараагийн шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2015 оноос хойш дансны хөдөлгөөнийг нь зогсоож хориг тавьсан, мөн татварын болон нийгмийн даатгалын байгууллагад маш их өртэй байсан тул өөрийн дансаар ямар ч гүйлгээ хийх боломжгүй байсан үе юм.

Энэ нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.03.30-ны өдрийн 5/2905 тоотоор ирүүлсэн Хориг тавьсан цуцалсан мэдээлэл, мөн ШШГЕГ-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.03.15-ны өдрийн 21-221/4934 тоотоор ирүүлсэн дансны хаалт хийх тухай 2016.09.23-ны 1/30282 албан бичиг, мөн арилжааны банкуудад илгээсэн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019.11.19-ний өдрийн 19290971/180 тоот тогтоолуудаар нотлогдоно.

Иймд хариуцагч ******* ХХК-ийн захирал Д. энэ гэрээг хийснийг мэдээгүй гэх нь огт худал, харин ч хүсэж хийлгэсэн юм.

5.3. Д. нь компанийн дансаар орлого авбал шууд өрөнд суутгагдах бөгөөд эргэж зарлагын хөдөлгөөн хийгдэхгүй, тэгээд ч компанийн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй мөнгө хэрэгтэй тул Б.*******гийн дансыг ашигладаг байсан.

Үүнийг нотлох баримтыг Б.******* гаргаж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой тул энэ 2 банкны дансны хуулгаас компанийн үйл ажиллагаанд зарцуулсан зарлагуудыг түүвэрлэн, дэлгэрэнгүй тайлбар бүхий жагсаалт үйлдэж, шүүхэд өгч хэрэгт хавсаргуулсан болно.

Иймээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж, 2023.01.05-ны өдрийн шүүх хуралдаанд Б.*******гийн данснаас зарлагын гүйлгээ хэрхэн хийгдэж байсан болон захирал Д. ямар шугамаар *******гийн данснаас зарлага гаргуулж байсныг нотлох зорилгоор Б.******* // Д. // нарын хоорондоо харилцсан гар утасны мессежийг Б.*******гийн гар утаснаас хэвлэсэн /21 хуудас/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хүлээн авалгүй хариуцагчийн эрхийг зөрчсөн.

Хэрвээ энэхүү баримтыг шүүх хүлээн авсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8-д зааснаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч нөгөө тал иш татан мэтгэлцэх эрхтэй, цаашилбал уг баримтыг цаашид бэхжүүлж, үнэлэх боломжтой, Д.гийн мэдээгүй-г үгүйсгэх байлаа.

5.4. Мөн 2024.01.05-ны өдөр ******* ХХК-ийн төлбөр тооцоог ямар дансаар хэрхэн хийж байсныг асууж тодруулах зорилгоор Б.*******гийн данснаас хийгдсэн зарлагын гүйлгээг хүлээн авсан хуулийн этгээд болон хувь хүмүүс /НШШГГ, хуулийн зөвлөх , ББСБ, ХХК, ХХК, , ХХК, ХХК, ХХК, Гранд Оффисын гадна фасад болон заслын ажил хийсэн иргэн , , , , Гранд Оффисоос талбай худалдаж авсан лам , Г. нар/-ээс гэрчээр асуулгах хусэлт гаргасан боловч шүүх хүлээж авалгүй, нотлох баримт дутуу, хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэхэд хүргэлээ. н., Г. нар нь Б.*******тай яг адил гэрээтэй болно.

5.5. Мөн ...Үндэслэх нь хэсгийн За Хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ... Компанийн тамгыг дарж, нягтлан бодогч гарын үсэг зурсан ... гэж хурлын тэмдэглэлд буруу ташаа бичигджээ. Эндээс үзэхэд хариуцагч Б.******* компанийн тамгыг өөрөө дарсан гэж, ... бас Б.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрөө бүртгүүлж чадаагүй гэж ойлгогдохоор бичигджээ.

Яг үнэндээ гэрээ хийгдсэн 2019.01.16-ны өдөр захирал Д. өөрөө байсан, өөрөө тамгаа дарсан, гэрээний эхний төлбөр 26,327,200 төгрөгийг Гранд оффисын 1 давхарт захирал Д.д бэлнээр өгсөн болно.

5.6. Гэрээний 3.4-д Уг гэрээг гэрчлүүлэх, бүртгүүлэхтэй холбогдох зардлыг худалдан авагч тал бүрэн хариуцна... гэж тохиролцсон нь хууль зөрчөөгүй бөгөөд гэрээг гэрчлүүлэх нь худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.*******ийн үүрэг байтал үндэслэлгүйгээр гүтгэж байна.

5.7. Үндэслэх нь: хэсгийн 6-д: ...гэрээг нэг талаас худалдагч ******* ХХК, нөгөө талаас худалдан авагч буюу Б.******* нар байгуулсан, гэрээнд компанийг төлөөлж Б.******* гарын үсэг зуржээ гэж зөв зүйтэй дүгнэсэн.

5.8. Үндэслэх нь: хэсгийн 7-д: ...Б.******* гэрээний төлбөрт 141,900,000 төгрөгийг Б.*******гийн тоот дансанд шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, дансны хуулгын баримтаар тогтоогдож байна гэсэн нь буруу, мөнгөний дүн зөрүүтэй.

Нэхэмжлэгч Б.******* нь маргаж буй гэрээний дагуу, гэрээ хийсэн өдрөө 26,327,200 төгрөгийг /Гранд оффисын 1 давхарт захиралд өөрт нь/ бэлнээр, дараа нь хариуцагч Б.*******гийн Хаан банк дахь тоот дансанд 1 удаа 9,147,800 төгрөг, Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд нийт 5 удаа нийт 106,425,000 төгрөг, бүгд 115,572,800 төгрөг шилжүүлсэн байдаг.

Хариуцагч Б.*******гийн дансанд дээрх мөнгөнөөс 115,572,800.00 төгрөг орсон нь үнэн боловч Б.******* нь 1 төгрөг ч үрэгдүүлээгүй, хувьдаа ашиглаагүй, захиран зарцуулаагүй байтал шүүх түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь гайхалтай. Б.*******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг яаж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй.

5.9. Үндэслэх нь: хэсгийн 8, 9, 10 дахь хэсгүүдийн тухайд: ... маргаж буй тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй ....******* ХХК-иас Б.*******д компанийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгоогүй, өөрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул... гэжээ.

Энэ тохиолдолд худалдан авагч буюу нэхэмжлэгчээс - худалдагч буюу хариуцагч ******* ХХК-д гэрээний дагуу төлсөн мөнгийг өөрийн хувийн болон компанийн үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан ******* ХХК-ийн захирал Д. буцаан төлөх нь хууль зүйд, шударга ёсонд нийцнэ.

Хариуцагч Б.******* нь тус ******* ХХК-д 2013 оноос 2019.10.30-ны өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажилласан, тус компани нь Б.*******г ажлаас чөлөөлөхдөө ажил хүлээлцэж ямар нэгэн акт баримт үйлдээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал ч гаргаж өгөөгүй, ажилласан хугацааны цалин, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал ч төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Тэрээр өөрийн ажлын байрнаас юу ч аваагүй, тэр чигт нь орхиод явсан байдаг.

Энэ нь хэрэгт нотлох баримтаар өгсөн 2019.11.22-ны өдөр захирал Д.д хандан ...ажиллаж байсан хугацааны цалин хөлсний нийт тооцоо болох 88,228,150 төгрөгийг авах тухай хүсэлт гаргахад Ойрын хугацаанд төлөх боломжгүй байна гэх гийн гарын үсэг бүхий баримтаар нотлогдоно. Ингэхдээ Б.*******гээс 1 ширхэг ч баримт нэхдэггүй, нэхэх ч үндэслэлгүй.

Хариуцагч Б.******* нь ******* ХХК-ийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн, санхүүгийн баримтууд хариуцагч ******* ХХК-д хадгалагдаж байгаа тул олж авах боломжгүй учраас 2024.01.05-ны өдрийн шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ******* ХХК-иас 2019.01.31-ний өдрөөс 2019.04.15-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримтуудыг гаргуулж хэрэгт хавсаргах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ханган шүүгчийн 183/Ш32024/00872 тоот захирамж гаргаж 2024.02.08-ны өдрийн дотор ирүүлэхийг ******* ХХК-д даалгаад тус шүүхээс 2024.01.29-ний өдрийн 183/АБ2024/00778 тоотоор ******* ХХК-д хүргүүлсэн байдаг.

******* ХХК нотлох баримт ирүүлэхгүй байсан тул шүүхээс 2024.04.23-ны өдрийн 183/АБ2924/02535 дугаартай албан бичгээр, шүүгчийн 183/Ш32024/00872 тоот захирамжийн биелэлтийг нэн даруй хангаж нотлох баримтыг 2024.05.09-ний дотор ирүүлэх, энэ хугацаанд нотлох баримтыг ирүүлээгүй байгууллага, албан тушаалтанд Зөрчлийн хуулийн дагуу зохих арга хэмжээ авах болохыг мэдэгджээ.

Гэсэн ч хариуцагч ******* ХХК нь ямар ч баримт ирүүлэхгүй байсаар 2024.06.26-ны өдөр шүүх хуралдаан дээр ... энэ үйл хэрэгт холбогдуулан өгөх санхүүгийн баримт байхгүй болно гэсэн тайлбар барьж ирснээр шүүх хуралдаан хуралдсан.

Шүүх хуралдаанд ******* ХХК санхүүгийн баримт ирүүлээгүй учир хэрэгт санхүүгийн шинжээч томилуулж хэргийг шийдвэрлүүлье, хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* илтэд худал яриад байгаа тул Д.г биечлэн шүүх хуралдаанд оролцуулах тухай хэлсэн боловч шүүх анхаарч үзээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах эрхтэй байтал шүүх хэт нэг талыг барьж туйлшран хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхэд анхнаасаа хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байх ёсгүй, гэтэл хариуцагч ******* ХХК-ийн тухайн үеийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ: 2018.01.16-ны өдөр ******* ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргйин 1-р хороо, Гранд оффис орон сууцны барилгын В1 давхрын талбайгаас ******* 11,48 м2, 16,9 м2, нийт 28.38 м2 худалдаа үйлчилгээний талбайг буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохирч тус компанийн ня-бо Б.******* гэх хүнтэй гэрээ хийсэн юм гэсэн байдаг.

Хариуцагч Б.******* нь ******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2019.01.26-ны өдөр н.гийн гуйлт зөвшөөрлийн үндсэн дээр нэхэмжлэгч буюу тухайн үеийн худалдан авагч Б.*******тай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай 19/0126 тоот гэрээг хийсэн. Тухайн үед ******* ХХК бусдад төлөх төлбөрийн улмаас НШШГГ-аас дансны хөдөлгөөнд хориг тавигдсан, компани ямар ч төлбөрийн чадваргүй болсон байсан үед захирал Д. нь Б.*******гийн Хаан болон ХХБ дахь дансыг ашиглаж байсан. Ийнхүү гэрээний төлбөрт Б.*******ийн төлсөн 141,900,000 төгрөгийг өөрийн дураар захиран зарцуулж, өөртөө ашиглаж, өөрөө хөрөнгөжиж гэрээний талуудыг хохироосон зүйл байхгүй.

Ийнхүү холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байж, Б.*******аас орсон мөнгөний зарцуулалт тогтоогдохгүй, улмаар Б.*******г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж болохгүй.

Б.******* нь ******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байхдаа тус компанийн нэрийн өмнөөс энэхүү гэрээг хийсэн тул шүүх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон тохиолдолд гэрээний төлбөрийг ******* ХХК хариуцан барагдуулах, харин Б.*******г буруутай, уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй гэж үзвэл түүнээс нэхэмжлэх нь зүйтэй.

Иймд энэхүү хэргийг тал бүрээс нь сайтар судлан хянан үзэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2024/02822 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Гомдолд дурдаж буй 10,000 ам.доллар буюу 26,327,200 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны Их дэлгүүр дэх салбараас Б.******* нь хариуцагч Б.*******тэй хамт очиж авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон учир заавал н.г биечлэн оролцуулах шаардлагагүй.

6.2. Шүүхээс хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй учир буцааж өгсөн. Түүнчлэн гэрч асуулгах тухай хүсэлтийг гаргахдаа тухайн үед маргаан бүхий гэрээтэй адилхан гэрээ хийгдэж байсныг тогтоолгох зорилготой гэж тайлбарласан учраас шүүхээс талууд маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхих талаар захирамжийн үндэслэх хэсэгт дурдаад захирамжлах хэсэгт бичээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

6.3. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Б.******* нь татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй атлаа шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

6.4. Хавтас хэргийн 38-39 дүгээр хуудсанд Б.******* нь 141,900,000 төгрөгийг өөрөө хүлээн авсан болон хэрхэн зарцуулсан талаарх тооцооллыг гаргаж өгсөн. Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлага 141,900,000 төгрөгийг хүлээн авсантай маргахгүй талаар тусгагдсан. Хавтас хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан Худалдаа хөгжлийн банкнаас 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10,000 ам.доллар буюу 26,327,200 төгрөгийг авсан банкны зарлагын баримт болон хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргасан гэрээний хавсралтад тухайн 26,327,200 төгрөгийг Б.******* хүлээн авч гарын үсэг зурсан баримт авагдсан.

6.5. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн захирал н. гэх хүнтэй огт уулзаагүй. Шүүхээс хариуцагч Б.******* болон ******* ХХК-ийн хоорондох маргааныг тусдаа шийдвэрлүүлэх боломжтойг шийдвэртээ дурдсан. Гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангаагүй учраас үл хөдлөх эд хөрөнгөө авч чадахгүй нөхцөлд хүрсэн учир гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, авсан өгснөө буцаах шаардлага гаргасан. 50,000,000 төгрөгтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Гэрээ байгуулах үед манай захирал байхгүй байсан. Хариуцагч Б.******* нь тухайн үед ******* ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан болон дунд шатны бүхий л баримтыг нягтлан бодогч бүрдүүлж ажиллах ёстой. Ажлаасаа гарсан тохиолдолд тухайн баримтуудыг акт үйлдэн хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл Б.******* нь санхүүгийн баримтуудыг хүлээлгэж өгөөгүй атлаа манайхаас тухайн баримтуудыг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

7.2. Нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг тухайн үеийн шүүгчийн туслахад миний бие өөрөө хүлээлгэж өгсөн. Гранд оффисын барилга нь ашиглалтад ороод 15 жил болж байгаа бөгөөд уг барилгад манай компани хөрөнгө оруулаагүй.

7.3. Б.*******тэй холбоотой авлага, өглөгийн асуудал байсан ч компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс худалдах, худалдан авах гэрээ хийх талаар итгэмжлэл олгоогүй. Манай компани шүүхийн шийдвэрийн дагуу тодорхой хэмжээний өр төлбөр байгаа ч н. захирал өөрийн нэр дээрх 2 дансыг компанийн үйл ажиллагаанд ашиглаж захиран зарцуулалт хийж байсан.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК, Б.******* нарт холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 141,900,000 төгрөгийг хариуцагч Б.*******гээс гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн шаардлагыг 50,000,000 төгрөгөөр багасгаж, 91,900,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч ******* ХХК нь гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байх ба харин хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХХК-ийг төлөөлж Б.******* болон Б.******* нар 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 19/0126 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гранд оффис орон сууцны барилгын В1 давхарт байрлах, 940.1 м.кв талбай бүхий оффис худалдаа үйлчилгээний зориулалттай талбайгаас *******ын 11.48 м.кв, ын 16.9 м.кв, нийт 28.38 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэг м.кв-ийг 5,000,000 төгрөгөөр тооцож, 141,900,000 төгрөгөөр худалдах, Б.******* нь 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үнийг хэсэгчлэн төлөх, ******* ХХК нь төлбөр төлөгдөж дууссанаас хойш 45 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг бэлтгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийг Б.*******ийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-11 дүгээр тал/

3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******гийн дансанд 115,572,800 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд бэлнээр 26,327,200 төгрөг өгч нийт 141,900,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй. Талууд маргаан бүхий гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж байгуулсан эсэх, төлөөлөх эрхтэй этгээд байгуулсан эсэх буюу гэрээ хүчин төгөлдөр эсэх, тухайн гэрээний дагуу төлсөн мөнгөн хөрөнгөөр хариуцагч Б.******* хөрөнгөжсөн эсэх асуудлаар маргасан.

Мөн хариуцагч Б.******* нь ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан талаар тус компанийн төлөөлөгч нар тайлбарласан /хх-ийн 146, 145 дугаар талын ар тал/, энэ асуудлаар маргаагүй байна.

3.3. Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Жамъян гүний-12, Олимпын гудамж 3 хаягт байршилтай 940.1 м.кв талбайтай, зоорийн давхарт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/2905 дугаартай албан бичгээр тогтоогджээ.

4. Анхан шатны шүүх үйл баримтыг буруу тогтоож, алдаатай эрх зүйн дүгнэлт хийсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

4.1. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан.

2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 19/0126 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд ******* ХХК-ийн оршин байх хаягийг Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Гранд оффис оффис, орон сууцны барилгын В1 давхарт байршилтай гэж тодорхойлж, уг барилгад байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч худалдан авах хүсэл зориг илэрхийлсэн байх ба тухайн гэрээний худалдагч тал ******* ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Б.******* гэрээг байгуулав гээд гэрээнд худалдагчийг төлөөлж Б.******* гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан зэргээс үзэхэд ******* ХХК-ийг Б.******* төлөөлсөн гэх ойлголтыг Б.*******т төрүүлэхээр нөхцөл бүрдүүлжээ.

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар ерөнхий нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарах бөгөөд ийм эрх хэмжээний албан тушаалтанд компанийн тамгыг ашиглуулж буй явдал нь бусад этгээдэд компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гэх ойлголтыг төрүүлсэн гэж үзнэ.

Нөгөө талаар, хариуцагч ******* ХХК нь компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.*******д гэрээ байгуулах эрх олгоогүй, шүүхэд төлөөлж оролцуулах зорилгоор компанийн тамгыг ашиглуулж байсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна.

Иймд, хариуцагч ******* ХХК нь тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б.*******гийн байгуулсан гэрээг зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргах нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд тухайн гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. Иймээс энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хангагдана.

4.2. Маргаан бүхий дээрх гэрээгээр хариуцагч ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, нэхэмжлэгч үнийг төлж эд хөрөнгийг шилжүүлэн авах хүсэл зоригоо хэн аль нь илэрхийлж, бичгээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Б.*******, ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулйин 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр.

Учир нь, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй ба үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол хэлцлийг бичгээр байгуулж, өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсэгт заажээ.

Тодруулбал, дээрх шаардлага хангасан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зохицуулсан.

Талууд гэрээгээр шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд өмчийн хэлцэл хийгдээгүй, зөвхөн эд хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл хийгджээ.

Энэ тохиолдолд талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаарх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь алдаатай болсон байна.

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Энэхүү шаардах эрхийг хөрөнгийн шилжүүлэг үндэслэлгүй тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой.

Нэгэнт Б.*******, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүргийг гэрээнд заасан дансанд шилжүүлэх байдлаар гүйцэтгэсэн байх тул ийнхүү шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр хариуцагч Б.*******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар нэхэмжлэгч Б.******* нь гэрээний төлбөрийг хариуцагч Б.*******д шилжүүлсэнийг түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй, тэрээр тухайн мөнгийг компанийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан эсэх асуудал нь компани-ажилтны дотоод асуудал болно.

6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ХХК, Б.******* нарт холбогдох 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 19/0126 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, уг гэрээний үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 91,900,000 төгрөгийг хариуцагч Б.*******гээс гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино. Үүнд:

7.1. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ХХК-ийн захирал Д.г шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар хүсэлт гаргаж байсан гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийг төлөөлж Ж.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.г биечлэн шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй. Энэ талаарх хүсэлтийг анхаарч үзээгүй гэх гомдол үндэслэлгүй.

7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар зохигч нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, шүүхээр бүрдүүлэх нотлох баримтад мөн дээрх шаардлага хамааралтай.

Иймд, хэргийн оролцогчийн гаргаж буй болон шүүхээр бүрдүүлэх нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой эсэхэд дүгнэлт хийж, хүлээн авах эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна. Иймээс гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Д., Б.******* нарын гар утсаар харилцсан мессежийг хэвлэж, нотлох баримтаар гаргаж өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд, нотлох баримтыг шүүх хүлээж авалгүй хариуцагчийн эрхийг зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэх гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

7.3. Түүнчлэн, шүүх хуралдаан дээр талуудын хооронд мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг хэргийн оролцогч мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан журам хэрэгжих учиртай.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шинээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан талаар 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байх тул энэ талаарх түүний гомдол үндэслэлгүй.

8. ******* ХХК, Б.******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

9. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02822 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.*******, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 19/0126 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг хэлцлийн дагуу шилжүүлсэн 91,900,000 төгрөгийг хариуцагч Б.*******гээс гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

  ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Т.ГАНДИЙМАА