| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0236/Э |
| Дугаар | 267 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.С |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Ц.Сүхбат,
Шүүгдэгч П.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт П-н Л-д холбогдох эрүүгийн 1909004070128 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролгой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дуүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигин овогт П-н Л нь:
- 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн урд иргэн Ч.Энэбишийг таксигаар үйлчлэхгүй гэж хэлсэнээс болж уурлан иргэн Ч.Энэбишийн унаж явсан 82-13 УБС улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн автомашин луу чулуу шидэн, өшиглөж хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-6 /
Хохирогч Ч.Энэбиш мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Анх миний машины урд суусан Лхагвадорж гээд залуу миний машин руу чулуу авч шидээд баруун урд талын хаалга, баруун талын толийг гэмтээсэн ба хөлөөрөө өшиглөж, зүүн хойд талын крыло хэсгийг хонхойлгосон. П.Лхагвадорж гээд залуу машины урд суунгуутаа таксинд явахгүй гэж хэлсний төлөө миний уруул хэсэгт гараараа цохьсон. Тухайн үед П.Лхагвадорж нь намайг таксинд явахгүй гэж хэлэхээр дургүйцэж, намайг зодох гэхээр нь би түүнээс займчаад холдоход надад гаргасан уурандаа миний автомашины эд ангийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэдгийг хэлэх байна гэжээ. / хх 37-38 /
Сэжигтэн П.Л мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би юу болж байгааг мэдэхгүй согтуу байсан. Ямар ч байсан нэг таксинд суусан санагдаж байна. Тэгээд таксины жолооч ахтай маргалдаж зодолдсон гэжээ. / хх 21 /
“Гэрэгэ эстимэйт” ХХК-ний үнэлгээний дүгнэлт / хх 14-15 /
Яллагдагч П.Л мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд таксины жолооч Ч.Энэбиш гэж хүнтэй маргалдсаны улмаас түүний эзэмшлийн 82-13 УБС улсын дугаартай автомашины эд зүйлсийг нь чулуу шидэж, өшиглөн эвдэлсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулна. Гэмт хэрэг үйлдсэн гэмшиж байна гэжээ. / хх 53-54, 55-56 /
Шүүгдэгч П.Л-ийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцааж мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 55-56 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 35 / зэрэг болно.
Шүүгдэгч П.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 380.000 төгрөгийг төлсөн гэв.
Шүүгдэгч П.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн урд хохирогч Ч.Энэбишийг таксигаар үйлчилсэнгүй гэж түүний унаж явсан 82-13 УБС улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн автомашин руу чулуу шидэж, өшиглөн хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-6 /, ... П.Л нь намайг таксинд явахгүй гэж хэлэхээр дургүйцэж, намайг зодох гэхээр нь би түүнээс займчаад холдоход надад гаргасан уурандаа миний автомашины эд ангийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Энэбишийн мэдүүлэг / хх 37-38 /, ...“Гэрэгэ эстимэйт” ХХК-ний үнэлгээний дүгнэлт / хх 14-15 /, ...таксины жолооч Ч.Энэбиш гэж хүнтэй маргалдсаны улмаас түүний эзэмшлийн 82-13 УБС улсын дугаартай автомашины эд зүйлсийг нь чулуу шидэж, өшиглөн эвдэлсэн болохоо хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч П.Л-н мэдүүлэг / хх 53-54, 55-56 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч П.Л-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул, түүний учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Шүүгдэгч П.Л нь 53 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнийг ял эдэлсэнд тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.Л нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт П-ын Л-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П-н Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.Л нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Л-н цагдан хоригдсон 53 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, П.Л-ийг ял эдэлдсэнд тооцсугай.
5. П.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ