Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 183/2023/01539/И |
Дугаар | 210/МА2024/01910 |
Огноо | 2024-10-18 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/01910
2024 10 18 210/МА2024/01910
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/03065 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Гэм хорын хохирол 86,468,056 төгрөг гаргуулах, үйлдвэрлэлийн осолд орсон үеэс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг зохигчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Б.*******э нь хариуцагч ******* ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цахилгаанчнаар ажилд орсон бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлын байрнаас ээлжийн ажлаасаа бууж, Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь кемпээс Улаанбаатар орох замд тухайн өдрийнхөө 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт явж байхдаа ажил олгогчоос гаргаж өгсөн ******* ДГО улсын дугаартай автомашины дугуй салсаны улмаас зам тээврийн осол болж гэмтсэн.
1.2. Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн аарцаг, нурууны ясны гэмтэл, сэртэн яс хугарсан гэх мэт эрүүл мэндийн хохирол учирсныг хүндэвтэр зэргийн гэмтэлд орсон, уг гэмтлийн улмаас учирсан хохирлыг ******* ХХК-иас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг шүүхийн шийтгэх тогтоолд заасан.
1.3. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа 1,750,000 төгрөгийн цалин авч байсан. Ажлын дундаж цалин хөлсийг 6 сараар тооцох аргачлалын дагуу 1,403,533 төгрөгийг нэг сарын дундаж цалин гэж үзэж гаргасан. 2022 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэл нийт 6 сар үйлдвэрлэлийн осолд ороод ажилгүй байсан. Мөн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 50 хувиар, үүнээс дахин нэг жил сунгагдаад 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 60 хувиар тогтоосон.
1.4. Дээрх хугацаанд ажилласан бол нэг сард 1,403,533 төгрөгийн хэмжээгээр цалин олох ёстой байсан боловч олж чадаагүй тул 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цалин 16,842,396 төгрөг, 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалин 28,650,660 төгрөг, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 40,975,000 төгрөг нийт 86,468,056 төгрөг гаргуулж, үйлдвэрлэлийн осолд орсон үеэс нийгмийн даатгал шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
2.2. Дээрх осолтой холбогдуулаад ******* ХХК нь үйлдвэрлэлийн осол, хурц, хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын дундаж цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг олгож хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг үндэслэсэн. Энэ заалтад зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэж, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар энэ ослоос учирсан гэм хорыг хариуцах этгээд нь ******* ХХК биш, Ц.******* буюу эрүүгийн хариуцлага хүлээсэн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, ослыг үйлдсэн этгээд хариуцах ёстой, компанийн зүгээс Б.*******ийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй.
2.4. Б.*******э нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр осолд орсноос хойш хугацаанд ямар ч цалин хөлс аваагүй гэх байдлаар тайлбар хэлдэг. Үйлдвэрлэлийн осолд орсон учраас хуулийн дагуу лист олгогдсон.
Тухайлбал, 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 7,373,767 төгрөгийг Б.*******ийн Голомт банкны цалингийн данс руу 9 сарын тэтгэмж буюу үйлдвэрлэлийн ослын мөнгийг шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр мөн данс руу 3,831,687 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 1,650,864 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,871,289 төгрөг гэх мэтчилэн нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу цалин хөлс, тэтгэмжээ авч байсан.
Мөн ******* ХХК-иас тухайн сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж олгож байсан. 10,000,000 гаруй төгрөгийн даатгалын мөнгө авсан. Үйлдвэрлэлийн осол гэж тооцоод 9 сарын тэтгэмж авсан. Мөн нийгмийн даатгалын сангаас 50 хувь хөдөлмөрийн чадвар алдсан гэсэн тэтгэмж, одоо 60 хувиар тэтгэмж авч байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
2.5. Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох үнэлгээний талаар зохицуулсан. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Энэ хуульд энэ хэсгийг буцаан хэрэглэх талаар дурдаагүй. Мөн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан.
Б.*******э нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр осолд орж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдож, хэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээр шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ журам хэрэгжихээс өмнө эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдсэн.
Иймд сэтгэцэд учирсан гэм хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдэл хамаарахгүй тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 37,286,895 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч овогт гийн *******э /РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,181,161 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 344,384 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах тохиолдолд өөрт нь нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг ойлгох буюу эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвар алдсан тухайн тохиолдолд нь олгож буй тул энэхүү тэтгэмжийг ажилтны цалин хөлсөд тооцохгүй, цалин хөлстэй дүйцүүлэхгүй, түүний дутууг нөхөхөд зориулагдахгүй.
4.2. Анхан шатны шүүх нь ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүний үүрэг зөрчигдсөний улмаас ажилтанд учирсан гэм хорын хохиролд хариуцагч гэм буруутай, гэм хорын хохирлын улмаас ажилтны авах ёстой байсан цалин хөлсний нэг өдрийн болон нийт хугацаа гэх зэрэг хуульд зааснаар үнэн зөв тогтоосон хэдий ч Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид олгосон 12,117,041 төгрөгийг нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлсний зөрүүнээс хасч тооцсон нь хуульд нийцэхгүй.
4.3. Нэхэмжлэгч нь удаан хугацаанд ажилгүй байсны улмаас санхүүгийн хүнд нөхцөлд байгаа тул Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид олгосон 12,117,041 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий боловч түүний улсын тэмдэгтийн хураамжид төлөх 208,823 төгрөг байхгүй, улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөд мөнгө хүрэлцэхгүй байна.
Тиймээс өөрт буй мөнгөний хэмжээ буюу 192,213 төгрөгөөр улсын тэмдэгтийн хураамжийг төлж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид олгосон 11,078,900 төгрөгийг нэмж гаргуулахаар гомдол гаргаж байна.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан бөгөөд Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2022 оны 12 дугаар сарын дүгнэлтээр Б.*******э хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан гэж сард 500,000 төгрөгийн тэтгэвэр олгохоор, 2023 оны 12 дугаар сард дахин тогтоолгохдоо сар бүр 637,739 төгрөгийн тэтгэвэр олгохоор тогтоосон гэсэн нотлох баримт ирүүлсэн. Тэтгэмж биш тэтгэвэр тогтоолгосон. Шүүх шийдвэрлэхдээ сар бүр авч байгаа тэтгэврийг нэхэмжилсэн цалингийн дундаж үнийн дүнгээс тооцоолсны дагуу хасаж зөрүүг олгох ёстой байсан орлого буюу хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас олж чадахгүй, алдсан байна гэж шийдвэрлэсэн. Үүнийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг Улсын дээд шүүхээс гаргасан аргачлалд нийцүүлэн тооцох нь өөрөө хууль буцаан хэрэглэх зарчимд харшлахгүй юм гэж дүгнэж гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохиролд 11,880,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь, Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах-аар нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ыг баталсан байна.
2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно гэж заасан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд тухайн хуульд энэ хэсгийг буцаан хэрэглэх талаар дурдаагүй.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан.
6.2. Нэхэмжлэгч Б.*******э нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3-р багийн нутаг дэвсгэрт ******* ДГО улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслээр зорчиж яваад жолооч Ц.******* Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул эрүүгийн 2220000680122 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдож, уг хэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр шийдвэрлэгдсэн дээрх гэмт хэрэг нь сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.
2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол-ыг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Б.*******ийн сэтгэцэд учирсан хохиролд 11,880,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай 25 дугаар тогтоолын хавсралтын 4-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь сэтгэцийн эмгэг зэрэглэлийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байх ба энэ тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22, 99 хувиар нэмэгдүүлснээр тооцож, нөхөн төлбөрийг олгохоор заасны дагуу Б.*******эд сэтгэцийн хүндэвтэр зэрэглэлийн хор уршиг учирсан гэж үзэж 11,880,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үйл баримт 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр болсон. Нэхэмжлэгч хариуцагчаас гэм хорын хохирол нэхэмжилж байх явцад хүний сэтгэцэд учирсан хохирлын талаарх хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн. Тухайн зохицуулалт 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, түүнээс өмнө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед эсхүл түүнээс хойш гэдэг талаар Улсын дээд шүүхийн тайлбар гараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зарим гомдлыг, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.*******э нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 28,650,660 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 16,842,396 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 40,975,000 төгрөг нийт 86,468,056 төгрөг гаргуулах, үйлдвэрлэлийн осолд орсон үеэс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өртсөн зам тээврийн ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож, нөхөн төлбөрийг бүрэн төлж хуульд заасан үүргээ биелүүлсэн үндэслэлээр маргажээ.
Талууд нэхэмжлэлээр шаардаж буй хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд нь хариуцагч мөн эсэх, сэтгэцэд учирсан гэх хохирлын маргаанд хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудлаар маргасан байна.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулж, мөн маргааны зүйлийн хүрээнд тогтоогдсон үйл баримтыг үндэслэн зарим нэхэмжлэлийн шаардлагын талаар нэмж дүгнэх боломжтой гэж үзлээ.
3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Энэхүү гэм хорын хохирол нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Нэхэмжлэгч Б.*******э нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу уртын ээлжээр, цахилгаанчнаар ажиллаж байсан ба хариуцагч нь ажилтны ажилдаа ирэх, буцах зардлыг хариуцах хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн ажлаасаа буусан нэр бүхий 13 ажилтныг ******* ДГО улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэх үед Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт мөн өдрийн 11 цагийн орчимд зам тээврийн осолд орж, уг ослын улмаас нэхэмжлэгчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон. /хх-ийн 18-24 дүгээр тал/
Тухайн зам тээврийн осол гарахад ******* ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9а-д ...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон олон зорчигч ...тээвэрлэхийг хориглоно, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.4-д дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шураг дутуу, найдваргүй бэхлэгдсэн, ...тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй автомашин ашиглахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн гэм буруутай болох нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.
Хэдийгээр зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн жолооч гэм буруутай боловч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9а-д заасан хориглох заалтыг хариуцагч байгууллага зөрчиж, тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтод зааснаас илүү зорчигч тээвэрлүүлсэн гэм буруутай эс үйлдэлдээ хариуцлага хүлээх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар ******* ХХК-ийг татан оролцуулсан, тус хуулийн этгээдээс нэхэмжлэгчийг хохирлоо шаардах эрхтэй талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэгэнт тогтоогдсон гэм буруугийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй тул хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон. Мөн хариуцагч тал гэм буруугийн асуудлаар давж заалдах гомдол гаргаагүй болно.
3.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, улмаар эрх бүхий байгууллагаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 50 хувиар, 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 60 хувиар тус тус тогтоож, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа үйл баримт тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсанаас түүний дутуу авсан цалин хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцохдоо хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг үндэслэн нийгмийн даатгалын байгууллагын тогтоосон хэмжээгээр нэг өдрийн цалин хөлсийг 92,324 төгрөгөөр тогтоосон нь зөв боловч ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааг хөдөлмөрийн чадвараа алдсан үеэс тооцсон, мөн үйлдвэрлэлийн ослын улмаас ажил олгогчоос ажилтанд олгосон нөхөн төлбөрийг хассан, гарах эсэх нь тодорхойгүй хохирлыг гаргуулсан нь үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч нь зам тээврийн осолд орсон үеэс ажил эрхлээгүй байх тул уг хугацааг түүний тодорхойлсоноор 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэж, шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл буюу 2024 оны 7 дугаар сарын 18-ны хүртэл ажлын 536 өдрөөр тооцож, үүнээс хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид нийгмийн даатгалын сангаас олгосон 101,734 төгрөг, ажил олгогчоос олгосон 356,068 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэрт нийгмийн даатгалын сангаас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр олгосон 500,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сар бүр олгосон 637,739 төгрөг нийт 12,212,697 төгрөгийг хасч, цалингийн зөрүүд 37,272,967 /536 х 92,324= 49,485,664 12,212,697/ төгрөг олгож, нэхэмжлэлээс 8,220,089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн чадвараа түр болон хэсэгчлэн алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар нь сэргэх хүртэл нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр мөнгөн хөрөнгийн хэлбэрээр тэтгэмж, тэтгэвэр олгох бөгөөд үүнийг ажилтны авбал зохих цалин хөлснөөс хасч тооцох үндэслэлтэй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь үйлдвэрлэлийн ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлсэн нь дутуу авсан цалин хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тогтоосон боловч энэ хүртэл хугацаанд нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврийг урьдчилан тодорхойлох боломжгүй тул шүүхийн шийдвэр гарсан өдрөөр хохирлыг тогтоосныг дурдах нь зүйтэй. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг хангагдана.
3.3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулсан байсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар дээрх заалтыг Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж өөрчлөн найруулж, уг хуулийн үйлчлэлийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Ийнхүү өөрчлөхдөө сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул дээрх заалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу энэ үеэс үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэнэ.
Энэ үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр болсон зам тээврийн ослын улмаас үүссэн гэх сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуулийг хэрэглэн шийдвэрлэхгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан гэх хохиролд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасан жишиг аргачлалыг баримтлан 11,880,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймээс уг хохиролд шаардсан 40,975,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
3.4. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсныг хариуцагч байгууллагаас 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдэж, үйлдвэрлэлийн осолд тооцсон, энэ талаар зохигч маргаагүй.
Улмаар дээрх шалтгааны улмаас нэхэмжлэгчид нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн ослын тэтгэвэр олгож байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэврийн даатгалын санд төлнө.
Иймд үйлдвэрлэлийн осолд орсон үеэс нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлага хангагдахгүй бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлээгүй нь буруу боловч энэ талаарх үйл баримт нэгэнт тогтоогдсон тул ийнхүү давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.
4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/03065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 37,286,895 гэснийг 37,272,967 гэж, ...49,181,161 гэснийг 49,195,089 гэж,
2 дахь заалтын 344,384 гэснийг 344,315 гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 192,213 төгрөг, хариуцагчаас төлсөн 205,030 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА