| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0437/И |
| Дугаар | 435 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 435
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багт оршин суух, ВЗ66052601 регистрийн дугаартай, Гаанжуур овогт Тогоогийн Гэрэлмаагийн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Т.Гэрэлмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Миний эцгийг Тогоохүү гэдэг байсан ба шинэ цахим үнэмлэх дээр миний эцгийн нэрийг Тогоо гэж бичигдсэнээс болж овгийн зөрүү үүссэн.
Мөн миний нэрийг Гэрэлмаа гэдэг. 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Гэрэл гэж бичигдсэн байдаг. Намайг ойр дотны хүмүүс Гэрэл гэж дууддаг. Иймд 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Тогоохүүгийн Гэрэлмаа мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Гэрэлмаа нь миний төрсөн ээж бөгөөд одоо тэтгэвэрт гарах гэхэд овог нэрийн зөрүү үүссэн тул 1984 оны 01 сарын 12-ны өдрийн Тогоохүү овогтой Гэрэл нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийг Тогоогийн Гэрэлмаагийн дэвтэр болохыг тогтоож өгнө үү? Бусад бичиг баримт нь шаардлага хангаж байгаа юм. Урьд шүүхээр ажилласан жилээ тогтоолгосон тул ажилласан жилээ тогтоолгох шаардлагагүй болно..гэв.
Шүүх хуралдаанаар Тогоогийн Гэрэлмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Тогоохүүгийн Гэрэл нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Гэрэлмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Тогоохүүгийн Гэрэл нэрээр бичигдсэн 1984 оны 01 сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр дэх эцгийн болон өөрийн нэр төрсөн огноо, ажиллаж байсан байдал зэрэг нь Тогоогийн Гэрэлийн төрсөн, огноо, овог, ажилласан байсан байдал зэрэг хувийн мэдээлэлтэй тохирч байна.
Нөгөө талаар 1990 оноос өмнө бичигдсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, эрх олгосон баримтуудад бичигдсэн эзэмшигчийн нэр, овог, төрсөн огноо зөрүүтэй байх зөрчил нийтлэг байсан, энэ талаархи зөрчлийг арилгуулах хүсэлтийг иргэдээс шүүхэд ихээр гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Эндээс үзвэл Т.Гэрэлмаагийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтнуудын ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж хөдөлмөрийн дэвтэр дэх эцгийн нэрийг Базарсэд гэж зөрүүтэй бичсэн зөрчил гаргасан гэж шүүхээс дүгнэж байна.
Иймд Тогоохүүгийн Гэрэл нэрээр бичигдсэн 1984 оны 01 сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гаанжуур овогт Тогоогийн Гэрэлмаа мөн болохыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Тогоохүүгийн Гэрэл нэрээр бичигдсэн 1984 оны 01 сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гаанжуур овогт Тогоогийн Гэрэлмаа мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Т.Гэрэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтланшийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ