| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2023/03486/И |
| Дугаар | 210/МА2024/01915 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01915
2024 10 21 210/МА2024/01915
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/02928 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.20-ны өдрийн 1384 дугаар шийдвэрээр Максимус капитал ББСБ ХХК-иас 2,270,623,858 төгрөгийг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгож шийдвэрлэсэн.
1.2. Дээрх үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Баярмаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22044038175 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Их Монгол Улсын гудамж, 412 дугаар байрны 245 тоотын 88,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хурааж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн саналуудыг авсан.
1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023.06.20-ны өдрийн 4-180/12131 дугаар мэдэгдлээр төлбөр авагч Чингис хаан банк ХХК, төлбөр төлөгч Максимус капитал ББСБ ХХК, иргэн Б.Баярмаа нарт хөрөнгө үнэлгээний тайланг танилцуулсан ба төлбөр төлөгч Б.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтансүхэд 2023.06.20-ны өдөр танилцуулсан.
1.4. Уг тайлангаар Б.Баярмаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038175 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Их Монгол Улсын гудамж, 412 дугаар байрны 245 тоотын 88.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 231,916,000 төгрөгөөр үнэлсэн ба тухайн үнэлгээг Б.Баярмаагийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хуульд заасан хугацаанд дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.
1.4.а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан заалтыг зөрчсөн.
Баянмодот ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа дээрх хуулиудад заасан үндэслэл журмын дагуу бодит үнэнд нийцсэн үнэлгээ гаргаагүй гэж үзэж байна.
Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2.6 сая төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэгүй.мн сайтад Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хороололд байрлах орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,500,000 төгрөг байхад Б.Баярмаагийн өмчлөлийн 3 өрөө орон сууцны үнийг зах зээл дээр худалдан борлогдож буй үнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна.
Хөрөнгийн үнэлгээ гаргаж буй байгууллага Хөрөнгийг үнэлгээний тухай хуульд заасан эд хөрөнгийн үнэлгээг тогтоох арга, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан аргачлал, бусад эх сурвалжийг ашиглалгүйгээр хэт нэг талыг барьж төлбөр авагчид ашигтай байдлаар үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
1.4.б. Түүнчлэн Барилга хот байгуулалтын яам, Стандарчлал, хэмжил зүйн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар зах зээл дээр орон сууцны үнэ дариу 9.4 хувиар өссөн гэсэн тоон баримт, мэдээлэл байсаар байхад зориуд эд хөрөнгийг дутуу, багаар үнэлгээ гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй төдийгүй барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Баярмаагийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөх, ноцтой зөрчих нөхцөлийг бүрдүүллээ.
1.4.в. Мөн үнэлгээний тайлангаас харахад үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхойгүй, зах зээлийн хандлагын болон орлогын хандлагын аргыг ашиглахдаа хууль зөрчсөн нь үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэл болж байна.
Иймд иргэн Б.Баярмаагийн өмчлөлийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж үнэлгээ хийсэн ажиллагааг, үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны 1384 дүгээр шийдвэрээр Максимус капитал ББСБ ХХК-иас 2,270,623,858 төгрөгийг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.
Төлбөр төлөгч Максимус капитал ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Б.Баярмаагийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2204038175 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол Улс гудамж, 412 дугаар байрны 245 тоот 88,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Баянмодот ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 231,916,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Иймд хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
2.3. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баярмаагийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярмааг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хэрэгт авагдсан баримтуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Б.Баярмаагийн өмчлөлийн эрхийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038175 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, 412 дугаар байрны 245 тоот 88.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн саналуудыг авсан болох нь нотлогддог.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Баянмодот ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа дээрх хуулиудад заасан үндэслэл, журмын дагуу бодит үнэнд нийцсэн зах зээлийн үнэ бүхий үнэлгээг гаргаагүй. Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2.6 сая төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэгүй.мн сайтанд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт /Баянмонгол хороолол/ байрлах орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,500,000-4,500,000 төгрөг байхад Б.Баярмаагийн өмчлөлийн 88.0 м.кв 3 өрөө орон сууцны үнийг зах зээл дээр худалдан борлогдож буй үнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна.
4.2. Хөрөнгийн үнэлгээ гаргаж буй байгууллага Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эд хөрөнгийн үнэлгээг тогтоох арга, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан аргачлал, бусад эх сурвалжийг ашиглалгүйгээр хэт нэг талыг барьж төлбөр төлөгчид ашигтай байдлаар үнэлгээ гаргасанг хүлээн зөвшөөрөхгүй учраас үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт анхан шатны шүүхээс өгсөнгүй.
4.3. Түүнчлэн Барилга хот байгуулалтын яам, Стандарчлал, хэмжил зүйн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар зах зээл дээр орон сууцны үнэ даруй 9.4 хувиар өссөн гэсэн тоон баримт, мэдээлэл байсаар байхад зориуд эд хөрөнгийг дутуу, багаар үнэлж үнэлгээ гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй төдийгүй барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Баярмаагийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.
Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/02928 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Б.Баярмаа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч байгаа тохиолдолд маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр гаргаж өгнө.
Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох хөрөнгийн үнэлгээтэй холбогдох хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт буюу үнэлгээний тайланг гагцхүү хариуцагч байгууллага гаргаж өгөх боломжтой бөгөөд уг баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, эсвэл нотлох баримтын эх хувьд үзлэг хийлгэх хүсэлт гаргах зэргээр нотлох баримт цуглуулах үүрэгтэй.
Гэтэл хэргийн 71 дүгээр талд авагдсан хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан гэх баримт нь зөвхөн үнэлгээний үнийн дүнг тодорхойлсон 1 хуудас баримт байхаас гадна уг баримтад үнэлгээ хийсэн үндэслэл тусгагдаагүй тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан баримтад хамаарахгүй байна.
3.2. Түүнчлэн, хэргийн 6-23 дугаар талд авагдсан, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээний тайланд хариуцагч байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх ба уг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхгүй.
Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтад заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй үнэлгээний тайланг хариуцагч талаас гаргаж өгсөн 1 хуудас үнэлгээний тайлан гэх баримтын үргэлжлэл гэж үзэж дүгнэх боломжгүй болжээ.
Дээрх тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан зохицуулалтыг анхаараагүй байна.
4. Ийнхүү нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөний улмаас нотлох чадвараа алдсан дээрх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нийцэхгүй.
5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/02928 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА