| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00116/И |
| Дугаар | 134/ШШ2016/00128 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 134/ШШ2016/00128
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1996 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 18 хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байр, 69 тоотод оршин суух, Магсаржав овогт Совинбаярын Тэмүүлэнгийн /РД:ТА96120372, утас:99005477/ нэхэмжлэлтэй
Хариуцагч:1963 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын Засаг даргын орлогч ажилтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байр, 3-36 тоотод оршин суух, Гомбожав овогт Намжилын Хишигдоржид /РД:ЕП63081012, утас:93017424/ холбогдох
Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагч Н.Хишигдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Тэмүүлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Тэмүүлэн миний бие Хишигдоржийн Ариунболдтой 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зээлүүлсэн.
Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Ариунболд нь зээлийн эргэн төлөх баталгаа болгож Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 1 дүгээр байр, 3 орц, 36 тоот хаягт байрлалтай орон сууцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан, С.Тэмүүлэнгийн нэр дээр шилжүүлж, хэрэв зээлээ төлж чадахгүй бол миний байрыг аваарай гэж хэлсэн. Ингээд аав, ээж, дүү нар нь худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурж үл хөдлөх хөрөнгө миний өмчлөлд шилжсэн.
Анх байгуулсан зээлийн гэрээний хугацаа 1 сарын хугацаа дууссан үед Х.Ариунболдоос зээлээ нөхөн төлөх, зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээнд гарын үсэг зурахыг шаардахад би удахгүй зээл болон хугацаа хэтэрсэн хоног тутамд тохирсон хүү төлнө гэж амлалт өгч байсан. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Х.Ариунболдтой нь нэмэлт гэрээ байгуулж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ гэрээнд бид зээлийн сар бүр төлөх хүүг 5 хувь болгон багасгасан.
Нэмэлт гэрээ байгуулсанаас хойш хугацаанд хүүгээ төлөхгүй болохоор нь удаа дараа шаардахад ямар сүртэй юм бэ, би зээл болон хүүгээ төлөхгүй бол байраа өгнө гээд та нартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан, миний өмч та нарынх болсон гэж хэлсээр өнөөдрийг хүрч байна. Зээл авсан талаар тооцоо нийлж удаа дараа гарын үсэг зурахдаа миний өмчийн байрыг аваарай, байраа суллаж өгнө гэж баримт хийж өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүү, алданги төлөөгүй, байраа буцааж худалдан авах талаар санаачлага гаргаагүй тул миний өмчийн Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг, 1 дүгээр байр, 3 орц, 36 тоот орон сууцыг Хишигдорж болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Мөн Н.Хишигдоржнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учраас захирамжаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Хишигдорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай хүү Х.Ариунболд нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай байрыг барьцаалж, С.Тэмүүлэнгээс 20 000 000 төгрөг зээлсэн нь үнэн болно. Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг, 1 дүгээр байр, 3 орц, 36 тоот орон сууцыг чөлөөлж өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Зохигчдийн тайлбар хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Тэмүүлэн нь хариуцагч Н.Хишигдоржид холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 1 дүгээр байр, 3 орц, 36 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү1902001274 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч нь С.Тэмүүлэн болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000219772 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Хариуцагч Н.Хишигдорж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 257950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Тэмүүлэнгийн өмчлөлийн Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг, 1 дүгээр байр, 3 орц, 36 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү1902001274 дугаарт бүртгэлтэй орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Хишигдорж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Хишигдоржоос 257950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ