| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2024/01768/И |
| Дугаар | 210/МА2024/01933 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01933
| 2024 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2024/01933 |
,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04125 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч:,,,,,,,,,,,д холбогдох,
27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Төрсөн дүү,,,,,,,,,,, нь 2017 оны 10 дугаар сард зээлээ төлж чадахгүй болсон тул бид хоёрт газраа 22,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан. Бидний зүгээс саналыг хүлээн зөвшөөрч 20,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр болсон ба 2,000,000 төгрөгийг гэрчилгээг шилжүүлсний дараа төлөхөөр тохирсон. Газрыг худалдаж авах тухай тохиролцоо хийснээс хойш бид тухайн газарт амьдарч эхэлсэн бөгөөд 2019 онд амины орон сууцыг шинээр барьж амьдарсан.
2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 17,695,000 төгрөгийг төлсөн. Газрыг 2017 оноос 2023 оны 11 сар хүртэл,,,,,,,,,,, нь банк санхүүгийн байгууллагад барьцаалсан байсныг үлдэгдэл төлбөр болох 12,253,288.63 төгрөгийг төлж гэрчилгээг чөлөөлсөн.
1.2. Тухайн газар нь 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих нөлөөллийн бүсэд хамрагдсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарч нөхөн олговрыг 130,407,000 төгрөгөөр тогтоосон боловч уг олговроос хариуцагч нь 99,000,000 төгрөгийг бидэнд өгсөн.
Иймд үүний үлдэгдэл 31,407,000 төгрөгөөс анхны тохиролцооны үлдэгдэл төлбөр 4,400,000 төгрөгийг хасч тооцон 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Өөрийн өмчлөлийн 418 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 42 м.кв талбайтай амины орон сууцны хамт ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарт худалдахдаа 25,000,000 төгрөгийг төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон.
Ингээд худалдагч өөрийн нэр дээр арилжааны банкнаас 20,000,000 төгрөгийн зээлийг гаргуулан авахаар, худалдан авагч нар тухайн зээл, зээлийн хүүгийн хамт, үлдэгдэл 5,000,000 төгрөгийн хамт төлж дуусгасны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон.
Худалдан авагч нарын зүгээс 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 08 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 15,400,000 төгрөг төлсөн. Уг төлбөр 20,000,000 төгрөгийн зээл, зээл ашигласан хугацааны хүүгийн төлбөрт бүрэн дүүрэн хүрэлцээгүй. Мөн 5,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй.
2.2. Ийнхүү төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдахаар болж,,,,,,,,,,,гийн өмчлөлийн газрын байршил барилгын нөлөөлөлд өртсөн тул 130,407,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн орон нутгийн сангаас хөрөнгийн хууль ёсны өмчлөгч,,,,,,,,,,,д олгохоор шийдвэр гарсан.
Газар болон эд хөрөнгийн нөхөн олговорт орж ирсэн 130,407,000 төгрөгөөс,,,,,,,,,,, нь худалдан авагч нараас худалдах, худалдан авах гэрээний төлбөр болон банкны хүүд төлөгдвөл зохих хэмжээний мөнгийг суутган авч, үлдэгдэл төлбөрийг нь өгсөн.
Иймд 27,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч,,,,,,,,,,,д холбогдох 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 267,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч нарыг сар бүр тодорхой хэмжээгээр төлөөд байхыг хүссэн болохоос биш зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлөхөөр тохироогүй. Талууд 22,000,000 төгрөгийн эргэн төлөлт төлөх талаар маргаагүй. Хариуцагчийн хэлж байгаа 25,000,000 төгрөг нь хувь хүний буюу хариуцагч өөрийнхөө бизнесийг дэмжих зорилгоор авсан зээл юм.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт "Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно." гэж заасан байдаг. Зохигчдын хооронд газар худалдах худалдан авахтай холбоотой, мөн худалдан авагч нь тухайн газар амьдарч байсан талаар талууд маргадаггүй. Үүнийг шүүх үнэлээгүй. Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт үр шим худалдан авагчид шилжих тухай зохицуулсан. Гэвч шүүх энэ тухай үйл баримтыг үнэлээгүй.
Шүүхээс нэхэмжлэгч нарыг хариуцагчийн Хаан банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь төлөөгүйн улмаас төлбөрийн зөрчлийг арилгуулах үүднээс нөхөн олговрын мөнгийг ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийг хариуцагчийн авсан 25 сая төгрөгийн зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгч нар бүрэн биелүүлээгүй, үүнээс шалтгаалан банкны зээлийн үлдэгдлийг нөхөн олговроос хариуцагч төлсөн. Үлдсэн олговрыг нэхэмжлэгчид өгсөн тул одоо төлөх төлбөргүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нар хариуцагч,,,,,,,,,,,д холбогдуулан худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговрын төлбөрийн үлдэгдэлд 27,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1.,,,,,,,,,,, нь Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 21 дүгээр гудамж, 740 тоот хаягт байршилтай, 418 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2206002367 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206027393 дугаарт бүртгэлтэй 42 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах аман хэлцлийн дагуу дээрх газар, хувийн сууцыг 2017 оны 10 дугаар сараас ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нар эзэмшсэн.
3.2. Нэхэмжлэгч нар нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 17,495,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн.
3.3. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох газар, хувийн сууц нь цэцэрлэгийн барилгын нөлөөллийн бүсэд орсон тул Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А./596 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон,,,,,,,,,,,гийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 130,407,000 төгрөгийн нөхөн олговортойгоор газрыг чөлөөлсөн.
3.4. Хариуцагч нь хүлээн авсан 130,407,000 төгрөгийн нөхөн олговроос 99,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгсөн тухайд талууд маргаагүй,
4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.
4.1. Гэрээний хэлэлцэн тохирсон үнийн талаар зохигч харилцан эсрэг байр суурийг илэрхийлсэн бөгөөд нотолгооны хуваарилалтаар хариуцагч маргасан тохиолдолд үүнийг баримтаар үгүйсгэх үүрэг нэхэмжлэгчид оногдсон байна.
Гэвч нэхэмжлэгч нь гэрээний үнэ 22,000,000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй тул зохигч нь худалдах, худалдан авах гэрээг 25,000,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан гэж дүгнэнэ.
Зохигчийн байгуулсан гэрээнд хариуцагч,,,,,,,,,,,, түүний нөхөр ,,,,,,,,,, нарын ХААН банктай 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг хамааралтай болох нь баримтаар тогтоогдоогүй учир энэ гэрээний талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
4.2. Гэрээний хэрэгжилтийн явцад нэхэмжлэгч нар нь 25,000,000 төгрөгийн төлбөрөөс 17,495,000 төгрөгийг хариуцагчид төлж, үлдэх 7,505,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргийг бүрэн төлж барагдуулаагүй тул гэрээний зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх тэдгээрт үүсээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
4.3. Хэдийгээр нэхэмжлэгч нар нь худалдах, худалдан авах гэрээний дагуу газар, хувийн сууцыг эзэмшиж байсан боловч Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь бусдад шилжүүлж чөлөөлсний улмаас бий болсон үр шим болох нөхөн олговроос үлдэх хэсгийг шаардах эрхгүй.
Д.Бямбанаран нь цэцэрлэг барих нөлөөллийн бүсэд орсон газар, хувийн сууцаа чөлөөлж төрийн эрх бүхий байгууллагад шилжүүлж, нөхөн олговор авах үед нэхэмжлэгч нарт өмчлөх эрх үүсээгүй байсан тул уг нөхөн олговрыг авахаар шаардах эрх үүсээгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, шударга эзэмшигч эд хөрөнгийг эзэмшиж байх үеийн үр шимийг хүртэх эрхтэй боловч өмчлөгч өөрийн эрхийн хүрээнд эд хөрөнгийг худалдан борлуулсан, бусдад шилжүүлсний үр шимийг шаардах эрхгүй.
4.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул үүнд нийцүүлж найруулгын шинжтэй өөрчлөлт оруулна.
4.5 Хэдийгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа боловч энэ нь хариуцагчаас өөрөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгсөн 99,000,000 төгрөгийн нөхөн олговрыг буцаан шаардах эрхийг үүсгэхгүй болохыг дурдвал зохино.
5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч,,,,,,,,,,,д холбогдох 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.БАДРАХ