| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0377/Э |
| Дугаар | 365 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Ө.Ц, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хатагин овогт Ц-ын Б-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ө-ийн Ц-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909003770188 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, хувиараа уран бүтээл туурвидаг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байрны 33 тоотод оршин суудаг,
2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЦА77013117 / Хатагин овогт Ц-н Баттулга,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран барималчин мэргэжилтэй, хувиараа уран бүтээл туурвидаг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн задгай тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / ХЕ78052372 / Боржигон овогт Ө-ын Ц нар нь:
- Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Урчуудын Эвлэлийн А байранд хохирогч Г.Цэнгүнжавыг “Танай эхнэр миний аавыг өвчтэй байхад хандив өгөөгүй” хэмээн уурлан, түүний зүүн хацар дээр тамхины цогоор түлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
- Ө.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Урчуудын Эвлэлийн А байранд хохирогч Г.Цэнгүнжавыг “Намайг мөрөллөө” гэж түүний нүүрэн тус газар цохиж, баруун талын хоншоор ясны ар, урд суурийн хана, хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод болон гадна хана дайрсан нийлмэл шинэ хугарал, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Цэнгүнжав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай урлангийн зураач Баярмагнай Олон улсын наадмаас шагнал авсан юм. ... Би өрөөнд орж хамраас гоожсон цусаа цэвэрлээд бууж, дэлгүүр гарч 1 шил архи аваад Баярмагнайгийн өрөөнд орж авсан архиа өгсөн. …Зураач Цогзолын Баттулга надруу уурлаж, “ танай эхнэр манай аавыг өвчтэй байхад хандив өгөөгүй “ гэж агсам согтуу тавьж байснаа татаж байсан тамхиа миний зүүн хацар дээр унтраасан гэжээ. / хх 6 /
Гэрч М.Дөлбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Г.Цэнгүнжав ах Ц.Баттулгын өрөөнөөс гарч ирээд Ц.Б миний хацрыг түлчихлээ гэж хэлсэн. ... Ц.Б ямар учраас Г.Цэнгүнжавын хацрыг тамхины цогоор түлсэн талаар мэдэхгүй байна. Тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэжээ. / хх 16 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 287 дугаар дүгнэлтэнд:
1. Г.Цэнгүнжавын биед зүүн хацарт сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 24 /
Гэрч Ц.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Арга хэмжээ тарах үед Баярмагнай эгч “ Ширээ зассан дүү нараа дайлна аа “ гээд хүмүүсийн дунд хоёр шил вино задалж өгөөд гарсан. Би тасарчихсан байсан. Тэгтэл гэнэт М.Дөлбаяр “Хөөе чи Г.Цэнгүнжав ахын хацар дээр тамхиа унтраачихлаа” гэж хэлэх үед би ухаан орсон. Ингээд би Г.Цэнгүнжав ахаас уучлалт гуйсан гэжээ. / хх 14 /
Хохирогч Г.Цэнгүнжав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай урлангийн зураач Баярмагнай Олон улсын наадмаас шагнал авсан юм. ... Би 19 цагийн үед Баярмагнай зураачийн өрөөнөөс гарч жижүүр ахтай юм яриад зогсож байтал 3 давхраас манай урланд сууж уран бүтээл тууривдаг барималч Цогоо ах, дүү Цолмонтойгоо бууж ирсэн. Тэгтэл Цогоо ах жижүүрийн тавцангийн эсрэг талд дүү Цолмон нь миний хажууд ирсэн. Тэгээд “ Эд нар юу хийгээд, яагаад байгаа юм бэ “ гэж эвгүй хэлсэн. Тэгэхээр би “ Чи Баярмагнай эгч шигээ дэлхийн хүн болоод дайллага, цайллага хий “ гэж хэлтэл Ө.Ц намайг заамдаж аваад нэг удаа толгойруу мөргөсөн гэжээ. / хх 6 /
Гэрч Д.Эрдэнэбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед шиг санаж байна. Ажлаараа ортол А байрны харуулын хажууд Г.Цэнгүнжав, Ө.Ц хоёр бие биенээ заамдаад зууралдчихсан зогсож байсан. Тэгээд зодолдох шинжтэй болохоор нь голоор нь ороод хоёр тийш нь салгаж, Г.Цэнгүнжавыг аваад гарсан. ... Г.Цэнгүнжавыг өрөөнд нь оруулж өгөхөд Ө.Ц намайг мөргөчихлөө гээд баруун билүү зүүн нүдээ дарж үзүүлээд байсан гэжээ. / хх 8 /
Гэрч П.Цогтбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Цолмонтой хамт Баярмагнай зураачийн өрөөнд орсон. Баярмагнайн өрөөнд орох үед хэд хэдэн зураач сууж байсан бөгөөд “ Архи дарс байхгүй. Явцгаа “ гэхээр нь дургүй байгаа юм байна даа гэж бодоод буцаад гарсан. Ө.Ц, Г.Цэнгүнжав хоёр муудалцаад авсан. Хүүе гэхийн хооронд нэг нэгийгээ мөргөчихсөн. Г.Цэнгүнжавын хамраас цус гарсан. Тэр явдлаас хойш Г.Цэнгүнжав 2 хоногийн дараа өрөөнд орж ирээд “ Нүд хөхөрч хавдчихлаа. Танай дүү ийм болгочихлоо “ гэж хэлсэн. Уг үйл явдал жижүүрийн хажууд болсон гэжээ. / хх 10 /
Гэрч Ө.Ц мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ ажлаа хийгээд сууж байхад нагац ах П.Цогтбаатар ажил дээр хүрээд ир гэсэн. П.Цогтбаатар ахын ажил дээр 19 цагийн үед очиход ах халамцуу байсан. Г.Цэнгүнжав ах халамцуу байсан. Би сайн байна уу гэхэд шууд миний цээж тус газар 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь би уурлаад нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн юм. Баруун талын хацар, шанаа хэсэгт нь мөргөчихсөн гэжээ. / хх 12 /
Гэрч Ц.Төмөрчөдөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ....П.Цогтбаатарын дагуулж ирсэн залуу “ Баярмагнай яахаараа шагнал авдаг юм “ гэж хэлсэн. Тэгтэл Г.Цэнгүнжав үл таних залууд “Чи ч гэсэн уран бүтээлээ хийгээд ийм том шагнал авч болно шүү дээ. Нэг нэгийгээ яах гэж ингэдэг юм” гэтэл тэр залуугийн уур нь хүрсэн юмуу яасан юм шууд Г.Цэнгүнжавыг цохих гэхээр нь би гарыг нь барьсан. Тэгтэл толгойгоороо Г.Цэнгүнжавын нүүрэн тус газар нь 3-4 удаа мөргөсөн. Г.Цэнгүнжавын хамраас нь цус гарсан гэжээ. / хх 18 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1570 дугаар дүгнэлтэнд:
1. Г.Цэнгүнжавын биед баруун талын хоншоор ясны ар, урд сурийн хана, хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод болон гадна хана дайрсан нийлмэл шинэ хугарал, баруун нүдний алим, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 20 /
Шүүгдэгч Ц.Б-ыг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 36-38 /
Шүүгдэгч Ө.Ц-г 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 34-35 /
Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 46, 60 / зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр архи уусан байсан бөгөөд Баярмагнай эгч үйлчилсэнд баярлалаа гээд бид нарт 2 шил вино авч өгсөн. Тэгээд виноноос уугаад тасарсан байсан. Чи Чингүнжавын хацарт тамхиар дарчихла гэхээр нь түүнээс уйчлат гуйсан. Эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Ө.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Чингүнжав ах намайг цохих гэхээр нь сандраад мөргөчихсөн. Би эрүүл байсан. Хаалгаар гарахаар зөрөхдөө миний цээж рүү гараараа цохьчихоор нь би 2 удаа мөргөсөн. Хохиролд 600.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Урчуудын Эвлэлийн А байранд хохирогч Г.Цэнгүнжавыг “Танай эхнэр миний аавыг өвчтэй байхад хандив өгөөгүй” хэмээн уурлан, түүний зүүн хацар дээр тамхины цогоор түлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ө.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Урчуудын Эвлэлийн А байранд хохирогч Г.Цэнгүнжавыг “Намайг мөрөллөө” гэж түүний нүүрэн тус газар цохиж, баруун талын хоншоор ясны ар, урд суурийн хана, хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод болон гадна хана дайрсан нийлмэл шинэ хугарал, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
...Ц-ын Б над руу уурлаж, “ танай эхнэр манай аавыг өвчтэй байхад хандив өгөөгүй “ гэж агсам согтуу тавьж байснаас татаж байсан тамхиа миний зүүн хацар дээр унтраасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Цэнгүнжавын мэдүүлэг / хх 6 /, ...Г.Цэнгүнжав ах Баттулгын өрөөнөөс гарч ирээд Ц.Б миний хацрыг түлчихлээ гэж хэлсэн. Тэр 2 согтуу байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Дөлбаярын мэдүүлэг / хх 16 /, ... Г.Цэнгүнжавын биед зүүн хацарт сорви гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 287 дугаар дүгнэлт / хх 24 /, …Би тасарчихсан байсан. М.Дөлбаяр “Хөөе чи Г.Цэнгүнжав ахын хацар дээр тамхиа унтраачихлаа” гэж хэлэхээр нь би Г.Цэнгүнжав ахаас уучлалт гуйсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Баттулгын мэдүүлэг / хх 14 /,... Ө.Ц нь миний хажууд ирээд “ Эд нар юу хийгээд, яагаад байгаа юм бэ “ гэж эвгүй хэлэхээр би “ Чи Баярмагнай эгч шигээ дэлхийн хүн болоод дайллага, цайллага хий “ гэж хэлтэл Ө.Ц намайг заамдаж аваад нэг удаа толгой руу мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Цэнгүнжавын мэдүүлэг / хх 6 /, харуулын хажууд Г.Цэнгүнжав, Ө.Ц хоёр бие биенээ заамдаад зууралдчихсан зогсож байхаар нь Г.Цэнгүнжавыг өрөөнд оруулж өгөхөд “ Ө.Ц намайг мөргөчихлөө “ гээд баруун билүү зүүн нүдээ дарж үзүүлээд байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Эрдэнэбилэгийн мэдүүлэг / хх 8 /, ... Ө.Ц, Г.Цэнгүнжав хоёр муудалцаад авсан. Хүүе гэхийн хооронд нэг нэгийгээ мөргөчихсөн. Г.Цэнгүнжавын хамраас цус гарсан. Тэр явдлаас хойш Цэнгүнжав 2 хоногийн дараа өрөөнд орж ирээд “ Нүд хөхөрч хавдчихлаа. Танай дүү ийм болгочихлоо “ гэж хэлсэн. Уг үйл явдал жижүүрийн хажууд болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Цогтбаатарын мэдүүлэг / хх 10 /, ... Би уурлаад нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн юм. Баруун талын хацар, шанаа хэсэгт нь мөргөчихсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ө.Цгийн мэдүүлэг / хх 12 /, ... Г.Цэнгүнжав үл таних залууд " Чи ч гэсэн уран бүтээлээ хийгээд ийм том шагнал авч болно шүү дээ. Нэг нэгийгээ яах гэж ингэдэг юм “ гэтэл тэр залуу шууд Цэнгүнжавыг цохих гэхээр нь би гарыг нь барьтал толгойгоороо Г.Цэнгүнжавын нүүрэн тус газар нь 3-4 удаа мөргөсөн. Г.Цэнгүнжавын хамраас нь цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Төмөрчөдөрийн мэдүүлэг / хх 18 /, ... Г.Цэнгүнжавын биед баруун талын хоншоор ясны ар, урд суурийн хана, хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод болон гадна хана дайрсан нийлмэл шинэ хугарал, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1570 дугаар дүгнэлт / хх 20 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ө.Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, зэргийг харгалзан хуульд заасан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх боловч хохирогч Г.Цэнгүнжав надтай хаалгаар зөрөхдөө эхэлж миний цээжинд цохихоор нь мөргөсөн гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй болох нь “... Ө.Ц, Г.Цэнгүнжав хоёр муудалцаад авсан. Хүүе гэхийн хооронд нэг нэгийгээ мөргөчихсөн. Уг үйл явдал жижүүрийн хажууд болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Цогтбаатарын мэдүүлэг / хх 10 /, ... Г.Цэнгүнжав үл таних залууд “Чи ч гэсэн уран бүтээлээ хийгээд ийм том шагнал авч болно шүү дээ. Нэг нэгийгээ яах гэж ингэдэг юм “ гэтэл тэр залуу шууд Цэнгүнжавыг цохих гэхээр нь би гарыг нь барьтал толгойгоороо Г.Цэнгүнжавын нүүрэн тус газар нь 3-4 удаа мөргөсөн. Г.Цэнгүнжавын хамраас нь цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Төмөрчөдөрийн мэдүүлэг / хх 18 / зэргээр үгүйсгэгдэж байх утл түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад хуульд заасан 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б, Ө.Ц нар нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатагин овогт Ц-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Боржигон овогт Ө-н Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ө-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 / есөн зуу / нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Б, Ө.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б, Ө.Ц нарт оногдуулсан торгуулийн ялыг тус бүр 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б, Ө.Ц нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг тэдгээрт мэдэгдсүгэй.
6. Ц.Б, Ө.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б, Ө.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ