Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 182/2024/02108/И |
Дугаар | 210/МА2024/01932 |
Огноо | 2024-10-25 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01932
2024 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2024/01932 |
,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/03480 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33,085,247 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус банкны гүйцэтгэх захирлын Б/17 тоот тушаалаар ажлын байран дээр ажлын цагаар дартс тоглоом тоглосон, гүйцэтгэх захирлын тавьсан шаардлагыг эс зөвшөөрөх байдлаар маргалдаж өөрийн үйлдлийг зөвтгөсөн үйлдэл гаргасан гэх үндэслэлээр, Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрмийн 4.1.9, 5.1.1, 5.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5 гэсэн заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэх захиралтай ямар нэгэн байдлаар маргаагүй, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, биелүүлээгүй үйлдэл гаргаагүй.
Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрэмд заасны дагуу ажилтны ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг шалгаж тогтоох ёстой. Мөн харилцагч үйлчлэгчээс гомдол ирвэл хариуцсан ажилтан, Хүний нөөцийн газар нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоодог. Энэ процесс хэрэгжээгүй.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 33,085,247 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д заасан ноцтой зөрчлийг гаргасан үзэж ажлаас халсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээний 7.4.23, 7.4.34 гэсэн заалтууд байгаа бөгөөд 7.4.34, ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.4-т заасныг зөрчсөн.
Гүйцэтгэх захирал явж байна шүү гээд бүгд ажлаа цэгцэлж байхад нэхэмжлэгч үл тоож дартс шидээд тоглож байсан. Ажлын цагаар дартс тоглож байх үед нь яагаад тоглож байгаа талаар нь асуухад, би биеийнхээ чилээг гаргаж байна гэж хариулж байгаа нь хэр зохимжтой вэ.
Түүнээс биш тухайн үед ийм хандлага гаргачхаад уучлалт гуйсан бол уг тушаал гарахгүй байсан. Иймд гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,ыг урьд эрхэлж байсан ,,,,,,,,,,ийн Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн зээлийн мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29,456,788 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,иас гаргуулан олгож, нэхэмжлэлээс ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ,,,,,,,,,,ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 3,628,459 төгрөг гаргуулах гэсэн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д заасныг баримтлан дээрх цалин хөлстэй тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч ,,,,,,,,,,,ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 396,908 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хэрэгт хамааралтай нотлох баримтыг анхан шатны шүүхээс үгүйсгэж байгаа нь нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, дүгнэлт өгч шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь гүйцэтгэх захирал ажлын цагаар ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэх талаар шаардлага тавихад эс зөвшөөрсөн байдлаар "нурууныхаа чилээг гаргаад", "энэ миний хувийн дартсын самбар шүү дээ" гэж үл зөвшөөрсөн байдлаар тайлбар тавьж, өөрийн үйлдлийг зөвтгөсөн хандлага гаргасан гэдэг нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, Төрийн банкны Маргаан таслах комисст гаргасан тайлбар зэргээр нотлогддог.
,,,,,,,,,,, нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.2. "өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах", Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5. "Ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах;" гэх заалтыг зөрчсөн. Ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 5.2.4-т заасан зөрчил нь ,,,,,,,,,,,тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.34-т заасан ноцтой зөрчил ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил юм.
Түүнчлэн шүүхээс "Төрийн банкны Ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 5.2.4- т заасан хамт олон, харилцагчтай хүндэтгэлгүй харьцсан эсэх, тус заалтыг зөрчсөн эсэхэд холбогдох дүгнэлтийг хийгээгүй. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үйлдэл гаргаагүй. Иймд шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33,085,247 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. ,,,,,,,,,,ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 тоот тушаалаар Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн зээлийн мэргэжилтэн ,,,,,,,,,,,ыг ажлын байран дээр ажлын цагаар дартс тоглосон, гүйцэтгэх захирлын тавьсан шаардлагыг эс зөвшөөрөх байдлаар өөрийн үйлдлийг зөвтгөж маргалдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.
3.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, ажил олгогчоос ногдуулах сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагавартай тохироогүй гэж зөв дүгнэсэн.
3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйд тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй боловч энэ тохиолдолд ажилтны гаргасан сахилгын зөрчил тогтоогдсон байх ёстой.
3.3. ,,,,,,,,,,, нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ганцаараа ,,,,,,,,,,ийн төв оффисын 204 тоот өрөөнд орж дартс спорт тоглоом тоглосон нь хөдөлмөрийн гэрээний 7.4.23-т заасан ажлын байранд цахим болон бүх төрлийн таавар, бооцоот, мөрийтэй тоглоом тоглосон гэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
Шүүх ажилтны ажлын цагаар дартс спорт тоглоом тоглосон үйлдлийг зөвтгөхгүй ба уг үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд зохигч талууд тохиролцож, нэрлэн заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахгүй байх тул анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоосон шийдлийг зөв гэж дүгнэв.
3.4. Мөн нэхэмжлэгч нь удирдах албан тушаалтантай ...нурууныхаа чилээг гаргах гээд..., ...энэ миний хувийн самбар шүү дээ... гэх зэргээр харилцсан нь түүнийг хөдөлмөрийн гэрээний 7.4.34, Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5.2.4-т заасан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй, Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрмийн 4.1.9 Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдах ажилтны хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, 5.1.1 Ажлын байр, олон нийтийн дунд хэрүүл маргаан үүсгэх зэргээр биеэ зүй зохисгүй авч явах, 5.2.4 Хамт олон, харилцагчтай хүндэтгэлгүй харилцах зэрэг хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.
Учир нь дээрх байдлаар ажилтан нь удирдах албан тушаалтантай харилцсан нь маргааны шинжийг агуулсан ёс зүйгүй үйлдэл байсан, энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хэмжээний ноцтой зөрчил болохыг ажил олгогчийн зүгээс шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй.
3.5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосны үр дагаварт хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,456,788 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж шийдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа илүү тооцсон байгааг зөвтгөж өөрчлөлт оруулна.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/03480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад 396,908 гэснийг 375,434 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Т.БАДРАХ