Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01885

 

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/04004 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 3,191,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2023 оны 04 сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн **-р хороо, ТЭЦ-4-ийн зүүн хойд талын Н гудамж 1, А ХХК-ийн эзэмшлийн газарт байрлалтай, манай байгууллагын хэрэглээний 10 кв-н буюу ** тоот тулгуурын өндөр хүчдэлийн шугамаас буусан кабелийг А ХХК-ийн захиалгаар газар шорооны ажил хийж байсан иргэн Ц.Э нь **-** У* улсын дугаартай ковшоор гэмтээснээс шалтгаалж манай байгууллагын хэвийн ажиллагааны горим алдагдсан. Уг асуудлыг нэн даруй шийдвэрлүүлэх зорилгоор өөрийн зардлаар учирсан гэмтлийг У ТӨХК-д хандан засуулсан. Бид цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний гэмтэлд У ТӨХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн үнэ 3,191,760 төгрөгийг төлсөн. Ковшоор ажил гүйцэтгэсэн иргэн Ц.Э-аас гэм хорын хохирлыг нэхэмжилсэн боловч тэрээр цахилгааны утас тасалсан болохоо хүлээн зөвшөөрч, өөрийн зүгээс 1,000,000 төгрөгөөс илүү хохирол төлөх боломжгүй, ажлыг захиалагчаас авсан гэх тайлбар гаргасан. Цахилгаан эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг мөрдөх, товчхондоо өөрийн эзэмшлийн газарт байгаа цахилгаан шугам, тоноглол, тэдгээрт очих замыг чөлөөтэй байлгах, кабелийн хамгаалалтын зурваст газар шорооны болон бусад ажлыг хийхдээ У ТӨХК-ийн зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж болохгүй тухай дээрх дүрэм болон цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд тус тус тодорхой заагдсан. Түүнчлэн бидний хэрэглэж буй цахилгааны шугамыг У ТӨХК-аас өөрсдөө тавьж байршуулсан бөгөөд үүнээс хойш ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй атал хариуцагч байгууллага ямар шалтгааны улмаас энэ үйлдлээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, учирсан хохирлыг төлөхөөс зайлсхийж буй нь ойлгомжгүй байна.

Иймд А ХХК-аас гэм хорын хохиролд 3,191,760 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэм хорын хохиролд 3,191,760 төгрөг гаргуулахаар манай компанийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй, манай байгууллага нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Р ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт манай компани нь хариуцагч биш юм. Бид нэр бүхий иргэнээр газар шорооны ажил биш харин газар дээрх овоолсон шороог тэгшлүүлэх ажил хийлгэсэн. Өөрөөр хэлбэл, газрыг ухуулаагүй. Нөгөө талаар шинжээчийн дүгнэлтэд ...нэхэмжлэгч нь кабель шугамыг холбогдох дүрэм, журмын дагуу газрын гүнд булаагүй талаар тусгагдсан. Иймд ийм осол гарсан явдалд бид буруугүй гэжээ.

3.  Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Шинжээчийн дүгнэлт хууль зүйн талаас хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч тал хохирсон гэж үзэхгүй байна. Тиймээс хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй байна гэжээ.

 4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 3,191,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66,018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч компанийн 10 кв-ын өндөр хүчдэлийн шугамаас буусан кабель нь Монгол Улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм \БД-43-101-03\-ийн 2.3.34-д кабель шугамыг тавих гүн нь хөрсний түвшний тэмдгээс доош 20 кв хүртэл хүчдэлтэй кабель шугамыг 0,7 метрийн гүнд суурилуулна гэсэн заалтыг хангаагүй мөн дүрэмд зааснаар улаанаар Цахилгааны кабель гэсэн зүүлт шошготой байна гэж заасныг зөрчсөн. 10 кв-ын өндөр хүчдэлийн шугамаас буусан кабелийг эзэмшигч байгууллага нь зохих дүрмийн дагуу байрлуулсан бол кабель гэмтэхгүй байсан. Мөн хамгаалалтын зурвасын тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй учир цахилгааны кабель манай компанийн эзэмшил газарт байгаа гэдгийг мэдэх боломжгүй байсан.

5.2. Манай компани өөрийн эзэмшил газраа овоолготой шороог тарааж тэгшлэх ажлыг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд газрын хөрсийг хөндөөгүй. Гэтэл шүүх газар ухаж, газар доорх цахилгааны кабель гэмтээсэн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Газар доорх инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, кабель байгаа эсэхийг шалгах, хэрэв байгаа тохиолдолд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ажлыг хариуцах үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагчийн хууль бус үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болоогүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө.

5.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 3,191,760 төгрөг гэж тодорхойлсон боловч үндэслэлдээ Ц.Э-аас 1,000,000 төгрөг авсан гэж илэрхийлсэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. Шүүх үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэм хор учруулсны шалтгаант холбооны талаар хууль зүйн болон онолын бүх тайлбараа гаргасан. Хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гомдол гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр тэмдэг тэмдэглэгээ, газрын хөрснөөс доош 0.7 метрт кабелийн утсыг байршуулах ёстой гэж байгаа боловч тус шугам сүлжээг нэхэмжлэгч компани огт байршуулж байгаагүй. Эрх бүхий захиргааны байгууллагын зохих ур чадвартай ажилчид өөрсдөө байршуулж байсан. Ажил гүйцэтгэж байсан жолооч Ц.Э-аас 1,000,000 төгрөг авсан гэж хариуцагч тайлбарлаж байна. Манай компанийн зүгээс учирсан хохирлоо төлүүлье гэж хүсэл зоригоо илэрхийлэхэд Ц.Э нь би өөрийн зүгээс 1,000,000 төгрөг өгөх боломжтой, түүнээс илүү мөнгө байхгүй гэж тайлбарласан, түүнээс манай компани мөнгө авч байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

2. Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 3,191,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн захиалгаар иргэн Ц.Э газар шорооны ажил гүйцэтгэх явцдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн кабель шугамыг гэмтээсэн, уг гэмтлийг засварлуулахаар 3,191,760 төгрөгийг У ТӨХК-д төлсөн... гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...иргэн Ц.Э-аар газар ухуулаагүй, харин овоолсон шороог тэгшлүүлсэн, цахилгааны кабель шугамыг холбогдох дүрэм, журмын дагуу байршуулаагүй... гэж тайлбарлан маргасан байна.

4. Хэргийн баримтаар 2023 оны 04 сарын 27-ны өдөр иргэн Ц.Э нь **-** У* ковшоор газар шорооны ажил хийх явцдаа ** тоот тулгуурын өндөр хүчдэлийн шугамаас буусан Р ХХК-ийн эзэмшлийн цахилгааны кабель шугамыг гэмтээсэн, уг гэмтлийг Р ХХК нь У ТӨХК-аар засварлуулж, ажлын хөлсөнд 3,191,760 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон. Уг үйл баримтад зохигчид маргаагүй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулжээ.

5.1.  Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм /БД 43-101-03/-ийн 2.3.34-т Кабель шугамыг тавих гүн нь хөрсний түвшний тэмдгээс доош 20 кв хүртэл хүчдэлтэй кабель шугамыг 0.7 метрийн гүнд суурилуулна гэж заасан.

5.2.  Нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх 10 кв-ын кабель шугам дээрх заалтыг зөрчсөн буюу 0,23 метр /23 см/-ийн гүнд суурилагдсан болох нь шүүхээс томилогдсон шинжээч Эрчим хүчний яамны эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон.  

6.  Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Р ХХК-ийн эзэмшлийн 10 кв-ын кабель шугам гэмтсэн явдал нь хариуцагч А ХХК-ийн гэм буруугаас болоогүй гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий кабель шугам нь холбогдох дүрэмд заасны дагуу хөрсний түвшний тэмдгээс доош 0.7 метр /70 см/-ийн гүнд суурилагдсан байсан бол хариуцагч А ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэж байсан гэх иргэн Ц.Э нь уг кабель шугамыг гэмтээхгүй байсан гэж үзнэ.

Түүнчлэн, иргэн Ц.Э нь хөрсний түвшний тэмдгээс доош 0.7 метр /70 см/-ийн гүнд газар шорооны ажил хийсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

7.  Нэхэмжлэгч нь маргаан бүхий кабель шугамыг мэргэжлийн байгууллага болох У ТӨХК-аар хийж гүйцэтгүүлсэн гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна уг үйл баримт нь хариуцагч А ХХК гэм буруутай эсэх талаарх маргаанд хамааралгүй, ач холбогдолгүй байна.

8.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

9.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/04004 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч А ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 3,191,760 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 66,018 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР