| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0395/Э |
| Дугаар | 392 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | М.Ө |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч П.Амгаланбаатар,
Шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрсүүд овогт М-н Ө-т холбогдох эрүүгийн 1805024810005 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Блүфин” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1331 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УШ 97080551 / Бэрсүүд овогт М-н Ө нь:
- 2015 оны 07 сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтын зуслангийн байшинд 14 нас 3 сартай байхад нь буюу хохирогч А.Мөнхчимэгийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж харилцан тохиролцож, бэлгийн харьцаанд орж хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2015 онд би 14 настай байсан. 2015 оны 07 дугаар сард шиг санаж байна. А.Алтанчимэг эгч бид хоёр Шарга морьтын 4 дүгээр буудал дээр байдаг лагерь дээр байхад орой 23 цагийн орчим М.Ө ангийнхаа Болд-Эрдэнэ гэх найзын хамт ирсэн. А.Болд-Эрдэнэ, М.Ө хоёр ирэхдээ 2 сав пивотой ирсэн ба эрэгтэй эмэгтэйгээрээ хуваагдаж бид нар хөзөр тоглосон. Ингэж А.Алтанчимэг эгч бид хоёр хөзөрт дараалан 4-5 удаа хожигдоод пиво уусан. Би анх удаа пиво уусан болохоор тасарсан байсан. Нэг мэдэхэд өглөө сэрсэн ба орноос босоход ор хөнжлийн давуу цус болсон байхаар нь биений юм ирсэн юм байх гэж бодсон. М.Ө тухайн өдөр над руу өөрийн утсаар залгаад “Чи өчигдөр юу болсныг мэдсэн үү” гэж хэлэхээр нь “Юу болсон юм бэ” гэхэд “Чи бид хоёр унтсанаа мэдэж байна уу” гэж хэлэхээр нь би юу ярьж байгаа юм гээд гар утсаа тасалсан гэжээ. / хх 41-45 /
Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ….Би М.Өтай 2014 оны сүүлээр танилцаад 2015 оноос 2016 оны сүүл хүртэл үерхсэн. Он сараа санахгүй байна. Би урд нь аав, эмээ, эгч нараасаа айгаад үерхдэггүй байсан гэж мэдүүлэг өгсөн юм гэжээ. / хх 175 /
Гэрч А.Алтанчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...А.Мөнхчимэг бид хоёрыг байж байхад А.Болд-Эрдэнэ, М.Ө хоёр орой 23 цагийн үед ирсэн. Бид нар тухайн үед 2.5л пиво хувааж уусан. Тухайн үед А.Мөнхчимэг, М.Ө хоёр лагерийн байрны жижиг өрөөнд хамт орж унтсан. М.Ө, А.Мөнхчимэг нарыг бэлгийн харьцаанд ордог байсан талаар мэддэггүй байсан. А.Мөнхчимэг надад хэлж байгаагүй. Ер нь уулздаг байсан гэдгийг бол мэддэг байсан гэжээ. / хх 51 /
Гэрч А.Болд-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Шөнө болоод би ажлаасаа тарсан болохоор ядраад унтах болоход А.Мөнхчимэг, М.Ө хоёр цаад талын өрөө рүү орсон. Би А.Алтанчимэгтэй наад талын жижиг өрөөнд унтсан. ...Дараа нь М.Өтай уулзахад А.Мөнхчимэгтэй унтсан талаар надад хэлсэн гэжээ. / хх 58 /
Гэрч Г.Гончигсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...А.Алтанчимэг гэж манай ангийн хүүхэд байдаг. Түүний дүү нь А.Мөнхчимэг гэдэг хүүхэдтэй М.Ө үерхдэг байсан юм. 2015, 2016 оноос манай найз нар А.Алтанчимэгийн гэрт очиж хичээл хийдэг байсан. Тэр үеэс тэр хоёр хоорондоо үерхдэг байсан гэжээ. / хх 60 /
Яллагдагч М.Ө мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би А.Мөнхчимэгтэй анх 2014 онд эгчээр нь дамжуулан танилцаж байсан. 2015 оны 08 дугаар сард би А.Мөнхчимэг, А.Алтанчимэг нарын зуслангийн байшинд А.Болд-Эрдэнэтэй шөнө 1 цаг өнгөрч байхад очсон. Тэдний гэрт бид нар 2л савтай 2 пиво байсныг уугаад хөзөр тоглож байгаад унтахаар болоод А.Мөнхчимэг бид хоёр анх удаа бэлгийн харьцаанд орж байсан юм. 5-6 удаа бэлгийн харьцаанд орсон байх би сайн санахгүй байна. Би түүнийг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. 14 настай байсан санаж байна гэжээ. / хх 4-7 /
Нас тоолсон тэмдэглэл / хх 94 /
Шүүгдэгч М.Ө-ыг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 167-170 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 98 / зэрэг болно.
Шүүгдэгч М.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би А.Мөнхчимэгийн эгч А.Алтанчимэгтэй нэг анги бөгөөд анх 2015 оны 03 сард заал авахад танилцсан. Үүнээс хойш фейсбүк болон мессенжерээр хааяа харилцдаг байсан. Ингээд 06 сарын 15-ны өдөр А.Алтанчимэг над руу залгаад Болд-Эрдэнэ бид хоёрыг зуслангийн байшиндаа ирээч гэсэн. Бид хоёр ажлаа тараад шөнө 01 цагийн орчим зуслан дээр нь очсон. Тэр хоёр хоёулаа байсан бөгөөд 2л савтай пиво 2ш авсан байсан. Бид дөрөв хөзөр тоглож, пиво уусан. Тэгээд А.Мөнхчимэг бид хоёр анх удаа бэлгийн харьцаанд орсон. Үүнээс хойш 2018 оны 04 сар хүртэл бид хоёр үерхэж байсан бөгөөд үүнээс хойш бэлгийн харьцаанд 1-2 удаа орсон. Бид хоёрыг үерхдэг, дотно харилцаатай болохыг манай ангийн багш, эгч А.Алтанчимэг болон миний найз Болд-Эрдэнэ, Гончигсүрэн, Уянгаа нар мэддэг байсан. Ингэж байгаад А.Мөнхчимэг 2017 оны 12 сард жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд бид хоёрт насанд хүрсэн хүний тусламж хэрэгтэй байсан тул А.Мөнхчимэг бэр эгчдээ хэлснээр цагдаа сэргийлэхэд өргөдөл өгсөн. Би тэр үед 18 насанд хүрээгүй байсан бөгөөд А.Мөнхчимэг бид хоёр сайн дурын үндсэн дээр харилцан зөвшөөрч гэр бүлийн харилцаанд орсон. А.Мөнхчимэг үр хөндүүлсэн бөгөөд би эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг өгсөн. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүгдэгч М.Ө нь 2015 оны 07 сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтын зуслангийн байшинд 14 нас 3 сартай байхад нь буюу хохирогчийг А.Мөнхчимэгийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, бэлгийн харьцаанд орж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
...2015 оны 07 дугаар сард А.Алтанчимэг эгч бид хоёр Шарга морьтын лагерь дээр М.Өтай хоносон. Би урд нь аав, эмээ, эгч нараасаа айгаад үерхдэггүй байсан гэж мэдүүлэг өгсөн юм гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч А.Мөнхчимэгийн мэдүүлэг / 41-45, 175 /, ... А.Мөнхчимэг нь 14 нас 3 сартай байсан гэсэн нас тоолсон тэмдэглэл / хх 94 /, ... А.Болд-Эрдэнэ, М.Ө хоёр орой 23 цагийн үед ирж, бид нар 2.5л пиво хувааж уусан. Тухайн үед А.Мөнхчимэг, М.Ө хоёр лагерийн байрны жижиг өрөөнд хамт орж унтсан. Тэд уулздаг байсан гэдгийг бол мэддэг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Алтанчимэгийн мэдүүлэг / хх 51 /, ... А.Мөнхчимэг, М.Ө хоёр цаад талын өрөө рүү орсон. Би А.Алтанчимэгтэй наад талын жижиг өрөөнд унтсан. М.Ө надад А.Мөнхчимэгтэй унтсан талаар хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Болд-Эрдэнийн мэдүүлэг / хх 58 /, ...А.Алтанчимэгийн дүү А.Мөнхчимэгтэй М.Ө үерхдэг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Гончигсүрэнгийн мэдүүлэг / хх 60 /, ... 2015 оны 08 дугаар сард тэдний гэрт бид нар 2л савтай 2 пиво уугаад хөзөр тоглож байгаад унтахаар болоод А.Мөнхчимэг бид хоёр анх удаа бэлгийн харьцаанд орж байсан. Би түүнийг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. 14 настай байсан санаж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч М.Өын мэдүүлэг / хх 4-7 / зэргээр нотлогдож байна.
Прокуророос шүүгдэгч М.Ө-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дээрх гэмт хэргийг “Арван найман насанд хүрсэн хүн “ үйлдсэн байхыг хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч М.Ө нь гэмт хэрэг үйлдэх үед 18 насанд хүрээгүй байсан тул түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй “гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ө нь хохиролд 4.500.000 төгрөг нөхөн төлсөн тул түүнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Шүүгдэгч М.Ө нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаах шаардлагагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Бэрсүүд овогт М-н Ө-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан М-н Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. М.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ