Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 134/ШШ2016/00131

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1974 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 5 дугаар байр, 4-54 тоотод оршин суух, Борноров овогт Дашзэвэгийн Содномдаржаа /РД: ЧР74081171, утас: 88546565/-д холбогдох

 

Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 10 317 642 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангаар дамжуулан бизнес эрхлэгчдийг дэмжин жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд зээл олгож эхэлсэн. Д.Содномдаржаа нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах зориулалтаар 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссан боловч 1 570 553 төгрөг төлж, 8 429 447 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Д.Содномдаржаа нь гэрээг зөрчиж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төвлөрүүлээгүй байна. байгууллагаас зээлийн эргэн төлөлтийг төлүүлэхээр удаа дараа шаардлага тавьж, албан тоот хүргүүлж байсан.

Иймд Д.Содномдаржаагийн зээлийн үлдэгдэл 8 429 447 төгрөг, зээлийн алданги 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 896 хоногт 1 258 797  төгрөг, зээлийн хүү 629 398 төгрөг, нийт 10 317 642 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сум хөгжүүлэх сангийн 220555401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Содномдаржаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.Содномдаржаа нь 2011 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 10 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай авсан. Тус зээлийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Сүмбэр сумын Засаг даргаас гаргасан 10 317 642 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Надад хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа шаардлагагүй гэж үзсэн болно. Ямар нэгэн гомдол, санал байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нь хариуцагч Д.Содномдаржаад холбогдуулан зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алдани, нийт 10 317 642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сард 0.25 хувь, жилд 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 5-54 тоотод байрлах, 27м2 талбайтай, Ү-1902000476 улсын бүртгэлийн дугаартай, 000020449 гэрчилгээний дугаартай,  2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №40 тоот барьцааны гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Содномдаржаа нь нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 10 317 642 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамж 180 032 төгрөгийн тал хувь болох 90 016 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 10 317 642 /арван сая гурван зуун арван долоон мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагч Д.Содномдаржаа төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Содномдаржаагаас улсын тэмдэгтийн хураамж 90 016 төгрөг  гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                             

 

ШҮҮГЧ                                Ц.НАРАНЧИМЭГ