Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01886

 

  М.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01880 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А-т холбогдох, автомашины моторыг солиулахад гарсан зардал 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: М.Д нь 2023 оны 04 сарын 07-ны өдөр Э.Ааас A**** арлын дугаартай авто машиныг 28,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг машины мотор эвдрэлтэй байсан тул хөдөлгүүрийг 3,500,000 төгрөгөөр засуулсан. Уг машиныг моторын ком оношилгоонд оруулсан бөгөөд дээд клапан 45 хувийн дуутай, гавлын болон тагны жийргээр тос алдсан, хуруувч резин солих шаардлагатай, моторын гинж 30 хувийн дугаралттай гэсэн дүгнэлт гарсан. Цаашид энэ хөдөлгүүрийг ашиглах боломжгүй болсон тул хөдөлгүүрийг сольсон. Талууд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч тухайн үед машины мотор болохгүй байгааг мэдэнгүүтээ хариуцагчид шаардлага тавьсан. Гэтэл хариуцагч уулзахаас зугтааж, утсаа аваагүй. Хариуцагч Э.А нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгаж өгөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас засварын зардал 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тухайн үед М.Д машиныг өөрөө үзэж авсан. Цааш нь дам борлуулж ашиг олох зорилготой байсан учраас зах зээлийн үнээс доогуур авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, зөвхөн итгэмжлэлийн гэрээ хийсэн. Машины мотор дуугарч дуутай байгааг хоёулаа мэдэж байсан. М.Д тосыг нь солиулахаар зүгээр болчихдог гэж хэлээд Д авто сервис дээр очиж тосыг солиулаад одоо зүгээр байна гэж хэлээд машинаа аваад явсан. Бид машиныг М.Д-д хүчээр ав гэж тулган шаардсан зүйл байхгүй. 2023 оны 04 сарын 07-ны өдөр үзээд машинаа аваад явсан. 2023 оны 04 сарын 15-ны өдөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй тул тус оношилгоонд тэнцсэн. Тэгээд 04 сарын 20-ны өдөр мотор болохгүй байна гэж залгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Э.А-аас 3,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,335 төгрөгийн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 230,385 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Э.Ааас 70,950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Д-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч нь шүүхээс томилсон шинжээчийн хариуг хүлээгээгүй бөгөөд хувийн байгууллага буюу Д гэх газар моторын дүгнэлт гаргуулж, моторыг сольсон. Ингэхдээ надад мэдэгдээгүй. Хамт моторыг шалгуулж нүдээр харж солиулсан бол маргах үндэслэл байхгүй бөгөөд хуучин моторыг сэлбэгт өгч үлдэгдэл мөнгийг төлөх хүсэлтэй байсан. Гэвч М.Д өөрөө очиж солиулж, уг машиныг цааш борлуулсан.

4.2. Нэхэмжлэгч нь дамлан зарж борлуулах сонирхолтой байсан тул уг машиныг зах зээлийн үнээс доогуур ченжилж авсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, итгэмжлэл хийж авсан. Миний бие уг машиныг нэхэмжлэгчид зарж борлуулсан өдөр тус машиныг гаалийн байгууллагаас контейнер задалж авсан бөгөөд ашиг харалгүй зарсан байхад нэхэмжлэгч М.Д ашгаа нэмэн цааш борлуулсан.

Иймд би алдагдлыг ганцаараа нөхөн төлөхөд гомдолтой байгаа тул шүүхийн шийдвэрийг дахин харж, гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Э.А-т холбогдуулан автомашины моторыг солиулахад гарсан зардал 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... нэхэмжлэгч нь мотор дуутай байгааг мэдэж байсан, өөрөө үзээд авсан ... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 30-32, 63, 69/

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  A**** арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн L**** маркийн автомашин нь Япон улсаас импортлогдож, хариуцагч Э.Аын нэр дээр 2023 оны 04 сарын 07-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн; /хх 3/

3.2.  Мөн өдөр хариуцагч Э.А-аас нэхэмжлэгч М.Д-д тээврийн хэрэгслийг бусдад худалдах, бэлэглэх гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоог хүлээн авах, нэр шилжүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон; /хх 4/

3.3. Мөн өдөр нэхэмжлэгч М.Д-аас 28,000,000 төгрөгийг hs250 ****** гүйлгээний утгатайгаар хариуцагч Э.А-т шилжүүлэн өгсөн. /хх 18/

Дээрх үйл баримтад зохигчид маргаагүй.

4.  Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байх боловч худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан эсэхийг шалгалгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

5.   Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөө буюу 2023 оны 04 сарын 07-ны өдөр Д авто сүлжээ-гээр автомашины моторын тос, тосны шүүр, агаар шүүгч солиулах үйлчилгээ хийлгэсэн, мөн Д ХХК-ийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн дүгнэлтэд ...дээд клапан 45%-ийн дуутай, гавлын жийрэг болон тагны жийргээр тос алдсан, хуруувч резин солих шаардлагатай, моторын гинж 30%-ийн дугаралттай... гэж дурдагдсан зэргийг харьцуулан дүгнэвэл ...Машины мотор дуугарч дуутай байгааг хоёулаа мэдэж байсан. М.Д нь тосыг нь солиулахаар зүгээр болчихдог гэж хэлээд Д авто сервис дээр очиж тосыг солиулаад одоо зүгээр байна гэж хэлээд машинаа аваад явсан... гэсэн хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэхээр байна. /хх 33, 64-66, 74/

6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Д нь автомашиныг хүлээж авах үедээ уг автомашины доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

8. Маргаан бүхий автомашины моторыг сольсон, уг автомашиныг нэхэмжлэгч бусдад худалдсан, мөн нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан тул ...шүүхээс томилсон шинжээчийн хариуг хүлээлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01880 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д тус тус зааснаар хариуцагч Э.А-т холбогдох, автомашины моторыг солиулахад гарсан зардал 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Э.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР