Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2023/05174/И |
Дугаар | 210/МА2024/01887 |
Огноо | 2024-10-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01887
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/02549 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХК-д холбогдох, хөрөнгө шилжүүлэн авсны татвар 80,000,000 төгрөгийг холбогдох татварын дансанд Г ХХК-ийн нэрээр төлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани банкнаас 2014 оны 05 сарын 28-ны өдөр ЗГ9101/140528 тоот зээлийн гэрээ болон ЗБГ9101/140528 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж 20,000,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн гэрээний нийт төлбөрт зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, 22-ын товчооны урд талд байрлах газрыг оролцуулалгүй бусад эд хөрөнгийг харилцан тохиролцож банкны нэр дээр шилжүүлэн өгсөн. Мөн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл гэрээг И ХХК, Г ХХК, банк нар байгуулан, уг гэрээний дагуу манай компани өөрийн өмчлөлийн нийт 4,000,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө болох бетон эдлэхүүний үйлдвэрийн барилга /гэрчилгээгүй/, 35 квт дэд станц /гэрчилгээгүй/, нүүрсний хийн станц /гэрчилгээгүй/, лабораторийн тоног төхөөрөмж, бусад тоног төхөөрөмж /гэрчилгээгүй/, бетон эдэлхүүний үйлдвэрийн Weiler брэндийн иж бүрэн төхөөрөмж болон дагалдах бусад тоног төхөөрөмжүүдийг банканд шилжүүлэн өгсөн. Уг эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой бүх татвар, төлбөр хураамжийг банк бүрэн хариуцаж төлөхөөр гэрээний 1.1.3-т тодорхой тусгаж харилцан тохиролцсон. Г ХХК, И ХХК өөрийн нэр дээрх эд хөрөнгүүдийг тус тусдаа гэрээний дагуу шилжүүлэн өгсөн. Гэвч банк шилжүүлэн авсан эд хөрөнгийн улсад төлөх 2 хувийн татварыг гэрээний дагуу төлөөгүйн улмаас манай компани шилжүүлсэн өөрийн өмчлөлийн хөрөнгөө санхүүгийн балансаас хасах боломжгүй болж, 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг төрийн байгууллага хүлээн авахгүй бид 2022 оны санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд баталгаажуулж чадаагүй тул заавал хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тайлангаа дахин өгөх бодит нөхцөл бүрдээд байна. Банканд 2023 оны 04 сарын 06-ны өдөр албан бичгээр гэрээний үүргээ биелүүлж шилжүүлэн авсан эд хөрөнгийн 2 хувийн татвар төлөхийг мэдэгдсэн боловч хариу өгөхгүй, 2 хувийн татвар 80,000,000 төгрөгийг төлөхгүй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 сарын 17-ны өдрийн зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл гурван талын байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд банкнаас 4,000,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө шилжүүлэн авсны 2 хувийн татвар 80,000,000 төгрөгийг холбогдох татварын дансанд Г ХХК-ийн нэрээр төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Зээлдэгч Г ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй. Улмаар, У ХХК нь Г ХХК-тай 2018 оны 12 сарын 17-ны өдөр ББГ18/22, ББГ18/23 тоот зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээнүүдийг тус тус зээлийн өр төлбөр барагдуулах зорилгоор байгуулсан. Нэхэмжлэгч нь тус банктай 2022 оны 01 сарын 17-ны өдөр байгуулсан TDBМ/68/2022 тоот зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлийн 1.1.3-т заасныг үндэслэн оффисын барилгад ногдох 2 хувийн татвар 80,000,000 төгрөгийн татварыг нэхэмжилжээ. Тус нэмэлт гэрээний 1.1.3-т Нэмэлт гэрээний 1.1.1-1.1.2-д заасан үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхтэй газрыг шилжүүлэхтэй холбогдон гарах зардал, төлбөр, үүссэн өр, татвар, хураамжийг Төлбөр авагч бүрэн хариуцна гэж заасны дагуу төлбөр авагч буюу Х ХК нь төлбөр төлөгч Г ХХК, И ХХК-иудтай тохиролцсон. Дээрх гэрээний зохицуулалтаас харахад, нэмэлт гэрээний 1.1.3-т зааснаар зөвхөн газар эзэмших эрхийг шилжүүлэх үед үүсэх татварын асуудлыг банк хариуцахаар байна. Өөрөөр хэлбэл, талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх үед үүсэх татварыг тус нэмэлт нөхцөлөөр, харин үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үеийн татварын асуудлыг өмнө байгуулсан ББГ18/22, ББГ18/23 тоот зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээнүүдээр тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан ББГ18/22, ББГ18/23 тоот зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний 1.2-т Хөрөнгүүдийг Төлбөр авагчийн өмчлөлд зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх харилцаанд гарах татвар, хураамж, газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ, бусад зардал, эрсдэлийг төлбөр төлөгч бүрэн хариуцна гэж заасан. Банк нэмэлт гэрээний 1.1.3-т заасны дагуу Ү-****** дугаартай Сонгинохайрхан дүүрэг, *-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, * тоот хаягт байрлах оффисын барилгын ашиглалтын зардлыг сар бүр хариуцан төлж явдаг. Түүнчлэн, эзэмших эрхтэй газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах үедээ 2020, 2021, 2022 оны газрын төлбөрүүд, газар эзэмших эрх шилжүүлэхэд төлсөн зардал, татвар, хураамжийг төлж ирсэн. Хуулиараа үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөх үүрэг нэхэмжлэгчид байгаа.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Х ХК-аас зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлж авсны татвар болох 80,000,000 төгрөгийг холбогдох татварын дансанд Г ХХК-ийн нэрээр төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Г ХХК, Х ХК-иуд 2022 оны 01 сарын 17-ны өдөр TDBM/68/2022 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл гэрээг байгуулахдаа Г ХХК нь 2021 оны 09 сарын 06-ны өдөр 21/10 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичгийг Х ХК-д хүргүүлсэн. Уг албан бичигт талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 17-ны өдрийн ББГ18/122, ББГ18/23, ББГ18/18, ББГ18/19 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 1.2-т Хөрөнгүүдийг төлбөр авагчийн өмчлөлд зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх харилцаанд гарах татвар, хураамж, газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ, бусад зардал, эрсдэлийг төлбөр төлөгч бүрэн хариуцна гэж заасан боловч өнөөдрийн байдлаар манай компани зээлийн төлбөр төлж барьцааны зүйлийг буцаан авах болон барьцааны эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг гаргах боломжгүй тухай дурдсан.
4.2. Харин энэхүү албан бичгийн хариуд Х ХК-аас 2021 оны 10 сарын 05-ны өдөр 5/8500 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичгийг И ХХК, Г ХХК-иудад хүргүүлж манай компанийн саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг ба уг албан бичигт ...Дээр дурдсан гэрээнүүдийн дагуу барьцааны эд хөрөнгө, эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг банк хариуцан эд хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхийг шилжүүлэх авах... гэж мэдэгдсэний дагуу талууд гурван талт гэрээг байгуулсан нь талууд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой зардлыг банк бүрэн хариуцахаар тохиролцсон болохыг харуулж, нотолж байгаа гол нотлох баримт юм.
4.3. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу Г ХХК-ийн гаргасан саналыг Х ХК хүлээн авсан үйл баримт буюу хоёр талын албан бичгүүд авагдсан байна.
4.4. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасны дагуу анхан шатны шүүх гэрээ байгуулахаас өмнө талуудын хооронд илгээсэн албан бичиг, шийдвэрийг үнэлэхдээ талууд тохиролцсон боловч гэрээндээ тусгаагүй байна гэж дүгнэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс тухайн харилцаатай холбоотой асуудлыг нэг албан бичгийг үндэслэж маргасан. Уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2018 онд Г ХХК-аас Х ХК-д шилжүүлэн өгсөн учраас талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээнд өмчлөлтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн татварын асуудлыг дурдаагүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хүлээлгэн өгсөн. Мөн тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлээгүй байсан учраас уг газартай холбоотой татвар, бусад ашиглалтын зардал зэргийг банк төлж авахаар тохиролцсон. 2018 онд талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн учраас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны 2 хувийн асуудал уг гэрээний хүрээнд яригдахгүй. Талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний 1.1.3-т талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн заалтыг нэхэмжлэгч өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Х ХК-д холбогдуулан хөрөнгө шилжүүлэн авсны татвар 80,000,000 төгрөгийг холбогдох татварын дансанд Г ХХК-ийн нэрээр төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...гэрээгээр ийм үүрэг хүлээгээгүй... үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 61-62, 108-109/
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Талууд 2014 оны 05 сарын 28-ны өдөр ЗГ9101/140528 дугаартай Зээлийн гэрээ болон ЗБГ9101/140528 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, У ХК нь 20,000,000,000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Г ХХК-д зээлдүүлэх, уг зээлийн барьцаанд Г ХХК-ийн бетон эдлэхүүн үйлдвэрлэх төслийн хүрээнд баригдсан болон цаашид шинээр баригдах барилга, байгууламжууд, зээлийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжүүд, бараа материал, эргэлтийн хөрөнгө зэргийг барьцаалахаар харилцан тохиролцсон; /хх 127-130, 131-132/
3.2. Үүний дараа талууд 2018 оны 12 сарын 17-ны өдөр ББГ 18/22 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулж, Г ХХК нь зээлийн төлбөрийн зарим хэсэг болох 4,000,000,000 төгрөгт тооцон бетон эдлэхүүний үйлдвэрийн барилга /гэрчилгээгүй/, 35 квт дэд станц /гэрчилгээгүй/, нүүрсний хийн станц /гэрчилгээгүй/, лабораторийн тоног төхөөрөмж, бусад тоног төхөөрөмж /гэрчилгээгүй/, бетон эдлэхүүний тоног төхөөрөмж зэргийг У ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон; /хх 117-120/
3.3. Улмаар талууд 2022 оны 01 сарын 17-ны өдөр TDBM/68/2022 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл нэртэй гэрээг байгуулж, дээр дурдсан 2018 оны 12 сарын 17-ны өдөр ББГ 18/22 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ-г хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх 7/
4. Үүний дагуу нэхэмжлэгч нь өмнө дурдсан 2018 оны 12 сарын 17-ны өдрийн ББГ 18/22 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ-нд заасан бетон эдлэхүүний үйлдвэрийн барилгыг зээлийн өр төлбөртөө тооцон хариуцагчид шилжүүлэн өгсөн бөгөөд уг үл хөдлөх хөрөнгөд хамаарах 2%-ийн татвар буюу 80,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Х ХК-ийн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 5/8500 дугаартай албан бичиг болон Х ХК, Г ХХК, И ХХК-иудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 сарын 17-ны өдрийн TDBM/68/2022 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл-ийн 1.1.3-т заасныг тус тус үндэслэн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан. /хх 7, 101/
Тодруулбал, уг албан бичигт Дээр дурдсан гэрээнүүдийн дагуу барьцааны эд хөрөнгө, эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг банк хариуцан эд хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхийг шилжүүлэн авах гэж, уг гурван талт гэрээний 1.1.3-т Нэмэлт гэрээний 1.1.1-1.1.2-д заасан үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхтэй газрыг шилжүүлэхтэй холбогдон гарах зардал, төлбөр, үүссэн өр, татвар, хураамжийг төлбөр авагч бүрэн хариуцна гэж тус тус тусгагджээ.
5. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
Талуудын байгуулсан 2022 оны 01 сарын 17-ны өдрийн TDBM/68/2022 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл-ийн 1.1.3-т заасныг үгийн шууд утгаар тайлбарлавал төлбөр авагч Х ХК нь:
а/. Шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардлыг хариуцах;
б/. Шилжүүлэн авсан эзэмших эрхтэй газрын өр төлбөр, татвар, хураамжийг хариуцах үүргийг хүлээх агуулгатай байна.
6. Харин Х ХК-ийн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 5/8500 дугаартай албан бичигт дурдагдсан ...барьцааны эд хөрөнгө, эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг банк хариуцах... агуулга нь хожим байгуулагдсан нэмэлт нөхцөл тохирсон гэрээний тохиролцоог үгүйсгэх, өөр байдлаар тайлбарлах үндэслэл болохгүй юм.
7. Иймд Х ХК-ийн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 5/8500 дугаартай албан бичиг болон Х ХК, Г ХХК, И ХХК-иудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 сарын 17-ны өдрийн TDBM/68/2022 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл-ийн 1.1.3 дахь заалт нь үл хөдлөх эд хөрөнгийн 2%-ийн албан татварыг төлөх үүргийг хариуцагчид бий болгохгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасантай нийцжээ.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/02549 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР