Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 109/2019/0004/З |
Дугаар | 221/МА2019/0304 |
Огноо | 2019-05-29 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2019/0304
2019 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2019/0304 | Улаанбаатар хот |
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 109/ШШ2019/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 109/ШШ2019/0002 дугаар шийдвэрээр:Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдуулан гаргасан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Төсвийн орлого болгох тухай 17/02/80 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгог шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “Б” ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн санхүүгийн хяналт Аудитын албанд холбогдох актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэж шийдвэрлэлээ.
Учир нь манай “Б” ХХК нь Архангай аймгийн Өгийнуур сумаас зарласан тендерт оролцон Өгийнуур сумын Засаг даргын Тамгын газартай ТТ-2015/01 дугаартай Өгийнуурыг хашиж хамгаалах аялагч амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх ажлын гэрээг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ба гэрээний нийт дүн 49.456.789 төгрөг бөгөөд гэрээний санхүүжилтийг компанийн хөрөнгөөр ажил эхэлүүлснээс хойш урьдчилгаа төлбөрт 30% буюу 14.837.036 төгрөгийг ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн явцын санхүүжилт нь 40 хувь буюу 19.782.716 төгрөгийг ажил хүлээлцсэний дараа 30 хувь буюу 14.837.036 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.
Гэрээгээр тохиролцсоны дагуу 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс компани өөрийн хөрөнгөөр бараа материалыг ажлын талбайд татаж тохижилтын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний санхүүжилт болох 14.837.036 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр компанийн дансанд шилжүүлсэн.
Эхний санхүүжилтийн хөрөнгөөр дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Аялагч амрагчдын түр байрших цэгийн 4 ширхэг бие засах газрын суурийн ажил, газрын суурийн ажил, аялагч амрагчдын отогийн талбайн чулуун хашлагын бэлтгэн татах ажил нуурын хамгаалалтын шонгийн материал татах ажил, аялагч амрагчдын түр байрших цэгийн 4 ширхэг хогийн цэгийн материал худалдан авалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Гэрээт ажлын гүйцэтгэлийг Өгийнуур сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг шалган хүлээн авч дараагийн шатны санхүүжилтийг хийхийг зөвшөөрснөөр 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15.054.914 төгрөг буюу 30 хувийн санхүүжилтийг олгосон.
Явцын санхүүжилтээр дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Аялагч амрагчдын түр байрших цэгийн 4 ширхэг бие засах газрыг барьж дуусгасан, аялагч амрагчдын түр байрших цэгийн 4 ширхэг хогийн цэгийн байгууламжийг барьж дуусгасан, аялагч амрагчдын 3 отогийн саравчийг шинээр хийж, 1 саравчийг засварласан.
Аялагч амрагчдын отогийн автомашины зогсоолыг чулуун хашлага хийж шохойдож бэлэн болгосон.
Нуурын хамгаалалтын шонг 800 метр газар суурилуулсан ажлууд хийгдсэн. Захиалагч гэрээний дагуу явцын 40 хувийн санхүүжилтийг хугацаандаа бүрэн шилжүүлээгүйн улмаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15.054.914 төгрөг буюу 30,4 хувийг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг буюу 0,01 хувийг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2.227.801 төгрөг буюу 4.5 хувийг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.305.759 төгрөг буюу 2.6 хувийг нийт 37.51 хувийн санхүүжилт хийгдсэн нь баримтаар нотлогдож байна.
Гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг Өгийнуур сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг хүлээн зөвшөөрсөн байхад ажил огт хийгдээгүй мэтээр аудитын дүгнэлт гарсан учир 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/80 дугаартай актыг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь: Архангай аймгийн санхүүгийн хяналт Аудитын алба улсын ахлах байцаагч нь акт тавихдаа хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа манай “Б” ХХК-д мэдэгдээгүй сонсгох ажиллагаа хийгээгүй, захиргааны актыг албан ёсоор мэдэгдээгүй уг захиргааны актыг Архангай аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа иргэний хэрэг үүссэний дараа хавтаст хэрэгтэй танилцахдаа мэдсэн төдийгүй Архангай аймгийн Өгийнуур сумын засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлэхдээ өөр улсын байцаагчийн актыг хүргүүлсэн байсан.
Архангай аймгийн санхүүгийн хяналт аудитын алба улсын ахлах байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/80 дугаартай захиргааны акт нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус акт төдийгүй манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илт бусаар хөндсөн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гарсан захиргааны акт байх тул Архангай аймгийн санхүүгийн хяналт аудитын алба улсын ахлах байцаагч 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн
17/02/80 дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү”
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Б” ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт.аудитын албанд холбогдох “ улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/80 дугаар актыг илт хууль бус болгохыг тогтоолгох тухай хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн төдийгүй , хууль буруу хэрэглэсэн байна.
“Б” ХХК-нь Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын тамгын газартай ТТ-2015/01 дугаартай “Өгий нуурыг хашиж хамгаалах, аялагч,амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх ажлын гэрээг” 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, гэрээний хугацаанд захиалагч талаас 33.926.510 төгрөгний санхүүжилт авсан.Энэхүү санхүүжилтээр 38 554 025 төгрөгний тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа. Энэ талаар хоёр ч удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан, хавтаст хэрэгт авагдсан байна.
Гэрээнд заасан үүргийнхээ дагуу, захиалагчаас шилжүүлсэн мөнгөн үнийн дүнд тохирсон ажил үүргээ гүйцэтгэсэн байхад Архангай аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албанд холбогдох “ улсын ахлах байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 13 өдрийн 17/02/80 дугаар актаар “ ажил хийгдээгүй 2 жил болсон зөрчил илэрлээ.
Энэ нь МУ-ын хууль болон Өгийнуур сумын ЗДТГ-ийн даргын 2015 оны №ТТ- 2015/01 дугаартай гэрээг тус тус зөрчсөн байна гээд Орон нутаг хөгжүүлэх сангаас олгосон 33.925 510 төгрөгийг гэрээнд заасан алданги 16 962 755 төгрөг нийт 50.888
265 төгрөгийг “Б” ХХК-ний захирал Р.Боор төллүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болсон төдийгүй захиргааны актыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.1:47.1.5:47.1.6: 47.1.6 заалтуудыг зөрчсөн илт хууль бус акт байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэхь хэсэгт заасан “Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1 -д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” 26 дугаар зүйлийн 26.1 дэхь хэсэгт “ Захиргааны акт,захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж, гэрээнд заасан ёсоор “Б” ХХК-ны хийж гүйцэтгэсэн ажлыг үзэж харалгүйгээр, “Б” ХХК-нд мэдэгдэлгүйгээр акт тавьж , алданги тооцож байгаа нь буруу болжээ.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03-р сарын 12 өдрийн 109/шш2019/0002 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү” гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
“Б” ХХК-иас Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдуулан “ Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Төсвийн орлого болгох тухай 17/02/80 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч уг захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй, харин илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан, ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан тодорхой 1 шинжийг бус байж болох бүх шинжийг буюу тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасан шинжүүдийг агуулсан гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хавсралтын 36 дугаарт Өгийнуур сумын сум хөгжүүлэх сангийн 2014-2016 оны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхээр тусгаж Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Аудит, хяналт шалгалтын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Өгийнуур сумын төсөвт албан байгууллагуудад хяналт, шалгалт хийх тухай 13 дугаар удирдамж, томилолтын дагуу Н.С ахлагчтай ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хяналт, шалгалт хийхээр томилогдсон байна.
Улмаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын ахлах байцаагч 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Төсвийн орлого болгох тухай 17/02/80 дугаар актаар ... Өгийнуур сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн 2016-2017 оны эхний 09 дүгээр сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд Өгийнуурыг хашиж, хамгаалах, аялагч амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх ажлыг Р.Б захиралтай “Б” ХХК-аар 49.456.789 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ хийж, 33.925.510 төгрөгийн санхүүжилтийг олгосон боловч ажил хийгдээгүй 2 жил болсон зөрчил илэрлээ ... орон нутаг хөгжүүлэх сангаас олгосон 33.325.510 төгрөг, гэрээнд заасан алданги 16.962.755 төгрөг, нийт 50.888.265 төгрөгийг “Б” ХХК-ийн захирал Р.Боор төлүүлэн Өгийнуур сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн 100011252400 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлүүлэхийг Засаг дарга Л.Алтангэрэл, төрийн сангийн төлөөлөгч Ё.Дэлгэрмаа, нягтлан бодогч Т.Дашдондов нарт үүрэг болгосон байна.
Дээрх байдлаас дүгнэхэд уг захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж дүгнэх боломжгүй байна.
Нөгөө талаар хяналт, шалгалтын ажиллагаа явагдсан тухайд талууд мараагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд хяналт, шалгалтын ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болох нь тогтоогджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7 дахь хэсгийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ. Тухайлбал: “Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж захиргааны акт хуульд үндэслэсэн байх зарчмыг зөрчсөн тохиолдол хамаарах бөгөөд тухайн тохиолдолд захиргааны акт гаргах эрх тухайн албан тушаалтанд олгогдоогүй байхыг; 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж захиргааны актыг зохицуулалтын зүйл нь хэн ч хийж чадахааргүй буюу хэнд ч бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй гэсэн зарчмыг зөрсөн байхыг тус тус хамааруулан ойлгохоор байна.
Тус хэргийн маргааны бүхий захиргааны акт болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Төсвийн орлого болгох тухай 17/02/80 дугаар акт нь утга агуулгын илэрхий алдаагүй, тухайн байгууллага нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан, тухайн захиргааны акт нь хуульд үндэслэх зарчмыг зөрчөөгүй, тухайн захиргааны актыг гаргах эрх нь хариуцагч байгууллагад олгогдсон, тухайн захиргааны актыг бодит нөхцөлд биелүүлэх боломжтой байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Төсвийн орлого болгох тухай 17/02/80 дугаар актыг үндэслэн Өгийнуур сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэл гарган Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ажээ.
Нэхэмжлэгч дээрх үйл баримтад онцгой ач холбогдол өгч давж заалдах гомдлынхоо нэг томоохон үндэслэл болгож байна. Өөрөөр хэлбэл энэхүү акт хэвээрээ батлагдвал “Б” ХХК актад дурдсан хэмжээний /50.888.265 төгрөг/ -н төлбөр орно гэж үзэж байгаа ажээ.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал нь ямарваа нэгэн төлбөл зохих мөнгөн дүнтэй холбоогүй бөгөөд улсын байцаагчийн актад дурдагдсан тооцооллын талаар зөв, буруу гэсэн дүгнэлт хийгээгүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Өгийнуурыг хашиж хамгаалах, аялагч амрагчдын түр байрших цэгийн тохижилт хийх 49.5 сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр Р.Б захиралтай “Б” ХХК шалгарч 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад оруулах ТТ-2015/01 дугаартай гэрээ байгуулсан байна.
Улмаар захиалагч 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 15.054.914 төгрөг буюу 30.4 хувь, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төрөг буюу 0.01 хувь, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2.227.801 төгрөг буюу 4.5 хувь, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.305.759 төгрөг буюу 2.6 хувь, нийт 37.51 хувийн санхүүжилт /33.9 сая төгрөг/хийгдсэн нь баримтаар нотлогджээ.
Гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийн тухайд Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0253 дугаартай захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтэд гарсан, шинжээчийн дүгнэлтээр “Б” ХХК нь тендер болон гэрээний дагуу хийсэн ажлыг гүйцэтгэл 38.554.025 төгрөгийн зардал гарсан тухай дурдагдсан талаар нэхэмжлэгч тайлбарлажээ.
Энэ мэтчилэн иргэний хэрэгт авагдсан нотлох баримтад Сум дундын шүүх өөрийн эрх хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх тул улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн явдал нь иргэний хэргийн шийдвэрт нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 109/ШШ2019/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР