Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1480

 

ХХХ-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/226 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 5 дугаар сард ХХ-аас 2 500 000 төгрөгийг зээлж аваад ХХХХ-д өгсөн. Учир нь ХХХ мөнгө олж өгч туслаач гэж гуйсан, тэрээр сард 20 хувь буюу 400 000 төгрөгийн хүү төлөхөөр тохирч авсан.

2014    оны 6 дугаар сард мөн 500 000 төгрөг зээлээч гэхээр нь дүүгийн ажлын хүн
болох ХХХХ-аас 500 000 төгрөг авч ХХХХ-д өгсөн. Энэ 500 000
төгрөгөөс ХХ-аас зээлсэн зээлийн хүүнд 400 000 төгрөгийг өгч, 100 000
төгрөгийг ХХХ авсан.

2015 оны 3 дугаар сард ХХХХ-ийн хүнсний дэлгүүр татан буугдахад 186 000
төгрөгийн хүнсний бараа зээлж авч ХХХХ-д өгсөн. ХХХ хүүхдийн иргэний үнэмлэх авахад мөнгө хэрэгтэй байна, мөн газрын кадастрын зураг хийлгэхэд мөнгө хэрэгтэй гэхээр нь ХХХХХХ-ээс 2015 оны 4 дүгээр сарын 25 өдөр 1 000 000 төгрөгийг зээлсэн, ХХХ өртэй гэхээр нь өрийг нь дарахаар би цалингийн зээл авсан. Нийт бэлнээр 3 600 000 төгрөг өгсөн. Эдгээр зээлсэн мөнгөний хүүг хугацаанд нь төлөөгүйгээс би түүний төлөх ёстой зээлийн хүүнд 2 400 000 төгрөг төлсөн.

Иймд нийт 6 000 000 төгрөгийг ХХХгээс гаргуулахаар шүүхэд хандсан. 2 500 000 төгрөгийг би бэлнээр өгсөн боловч бичиг баримт үйлдээгүй. Цалингийн зээл авсны маргааш нь би мөнгийг өгсөн. Энэ хугацаанд амьдрал хүнд байгаа учраас мөнгөө нэхэж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрнө. Үүнд 186 000 төгрөгийн хүнсний бараа зээлж авсан, мөн 114 000 төгрөгийг хүүхэд нь авсан гэдгийг зөвшөөрдөг. Бусад мөнгийг аваагүй.

Нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөний 20 хувийн хүү нэхдэг, хүү зогсдоггүй, өөрөө хүнээс мөнгө аваад явдаг гэсэн. Эд нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө авсан нь баримтаар нотлогдохгүй байгаа зүйлийг нэхээд байдаг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь
хэсэгт зааснаар хариуцагч ХХХгээс нийт 300.000 төгрөгийг гаргуулж
нэхэмжлэгч ХХХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.700.000
төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХгээс улсын тэмдэгтийн хураамж 9.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХт олгож шийдвэрлэжээ.

 

    Нэхэмжлэгч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/226 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 101/Ш32016/0327 тоот шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн "ХХХ-ийн нэхэмжлэлтэй ХХХХ-д холбогдох 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй" гэж нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 1 000 000 төгрөгөөр багасгаж бичсэн нь шүүх хэрэг үүсгэх үеэсээ процессын алдаа гаргасан.

               Анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/226 тоот шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч талаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбарыг бичихдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар мэтээр бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

               Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч надад хэргийн материал танилцуулсан баримт, гэрчүүдэд хууль сануулсан баримтууд нь он cap өдөр нь тодорхойгүй, хэн ямар хэрэгт холбогдуулан хууль сануулж байгаа нь тодорхойгүй, гарын үсэггүй. Мөн нөлөөллийн мэдүүлгийн маягт нь огноо байхгүй, шүүгчийн гарын үсэггүй.

               Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр гэрч асуулгах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн атлаа захирамж гаргаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Түүнчлэн хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, надаас мөнгө зээлж аваагүй гэсэн атлаа гэрчүүдийн мэдүүлгээр /186 000, 114 000 төгрөг/ няцаагдахаар, тиймээ авсан гэж хэлдэг. Үлдсэн хэсгийг нь зөвшөөрөхгүй баримтаар нотлох ёстой гэж маргадаг. Шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой.    Анх би мөнгө зээлдэхдээ итгээд ямар ч баримт үйлдээгүйг хариуцагч мэдэж байгаа учир намайг нотолж чадахгүй гэж ийм худал тайлбар хийж байна. Хариуцагч үнэхээр надаас мөнгө зээлдэж аваагүй бол хариу тайлбартаа нотлох баримтгүй, бичгээр гэрээ байгуулаагүй гэж тайлбар хийх бус мөнгө өгөөгүй байж гүтгэлээ гэх байсан. Хэдийгээр шүүх нотлох баримтанд тулгуурлаж шийдэх учиртай ч хэргийн талаар өөрийн дотоод итгэл үнэмшил, талуудын байр суурийг нягт сайн үнэлж дүгнэж шийдвэрлэх ёстой.

               Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/11Ш12016/226 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч ХХХээс хариуцагч ХХХХ-д холбогдуулан гаргасан 3 300 000 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж зээлдэгчид мөнгө шилжүүлэн өгсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

 Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй.

 

 Түүнчлэн шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт нийцүүлэн зөв дүгнэж хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр зээл 114 000 төгрөг, бараа зээлээр шилжүүлсэн 186 000 төгрөг, нийт 300 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, зохигчдын хооронд бичгийн гэрээ байгуулаагүй, хүү авахаар тохирсон гэх үйл баримт тогтоодоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 700 000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

   Шүүгч иргэний хэрэг үүсгэн захирамж гаргахдаа үнийн дүнг дутуу заасан, мөн нэхэмжлэгчээс гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж шүүгчийн захирамж гаргаагүй нь буруу, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                    Ч.ОЮУНЦЭЦЭГ