Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01264

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 277 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: “С” ХХК

           Хариуцагч: С.И,         

            19.313.760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М  гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.И нь 2014-05-08-ны өдрөөс  “С” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт борлуулагчаар ажилласан. Борлуулагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон Улсын  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 26 дугаар гудамж, 12 А тоот хувийн сууц, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 26 дугаар гудамж, 12Б тоот, 540.7 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан. С.И нь “С” ХХК-ийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгээс худалдан борлуулах бараагаа авч, борлуулалт хийдэг. Борлуулагч нь худалдсан барааныхаа үнийг тухай бүр нь компанийн дансанд шилжүүлж, гэрээт борлуулагч Х.Ганчимэгтэй тооцоо нийлж, ажиллах үүрэгтэй. Тэрээр 2014-03-01-ны өдрөөс 2014-10-10-ны хооронд “С” ХХК-ийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгт 21.381.900 төгрөгийн өглөгтэй гарсан байна. Энэ өр төлбөрөө төлөхийг шаардахад 2014-10- 23-ны өдөр 10 сая төгрөг, үлдэгдэл 11.381.900 төгрөгийг 2014-12- 01-ний өдөр өгч барагдуулахаар 2014-10- 11-ний өдөр, 2014 -10- 14-ний өдөр тус тус бичгээр баталгаа гаргаж өгсөн. С.И нь 2016-08- 12-ны өдрийн байдлаар “С” ХХК-д 19.313.760 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд уг мөнгийг  нэхэмжилж байна. Төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөс барагдуулахыг  шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: “С” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Тус компанийн нэхэмжилсэн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна. ... "С" ХХК, С.И нарын дунд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээг 2012-10- 26-ны өдөр байгуулан ажиллаж байсан. Энэхүү гэрээний 1.7-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад талууд гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгана. Гэрээний хугацааг өөрөөр тохиролцоогүй бол нэг жилээр сунгасанд тооцно гэж заасан. Тиймээс талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болох буюу 2014-10- 11-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэрээ байдаг. С.И хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, "С" ХХК С.Итай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байна. Иймд бүрэн хариуцлага хүлээх боломжгүй тул хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 250.000 төгрөгийн хэмжээнд хариуцлага хүлээхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар С.Иаас 19.313.760 төгрөг гаргуулж, “С” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254.519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254.519 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч сайн дураар төлөөгүй тохиолдолд  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн 26 дугаар гудамжны 12А тоотод байрлах 38.5 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

        Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 19-ний өдрийн 22 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М хяналтын гомдолдоо:  Хариуцагчийн  хүсэлтээр  давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх өдрийг хүртэл хугацаагаар улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан. Хэргийг хэлэлцэхэд  улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсан тул давж заалдах шатны шүүх  гомдлыг буцаасан.  Давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлал гаргах байсан. Гэвч давж заалдах шатны шүүх гомдлыг буцааж, гомдол гаргах эрхгүй тогтоол гаргасны дараа хариуцагч гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр  анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж хугацааг сэргээлгэж давж заалдах шатны шүүх хурал 2017-06-19-ний өдөр болсон. Магадлалын үндэслэх хэсэгт шинжээч томилсон шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь ИХШХШТХ-ийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2017.02.22-нд анхан шатны шүүх хуралдаан болоход шүүх хуралдаан даргалагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээсээ татгалзаж байна..." гэж хариулсан. Мөн 2017-05- 05-нд хуралдсан давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгч Б.Оюунцэцэг  асуухад  “...баримт байгаагүй учир хүсэлтээсээ татгалзсан...” гэж хариулсан. /хх-108 ар тал/. Хариуцагч шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан байхад шүүх “заавал шинжээчийн дүгнэлт гаргуулах байсан" гэж буй  диспозитив зарчмыг зөрчсөн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг танилцуулаагүй, энэ нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нь мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүн,мөн энэ талаар  хариуцагч огт гомдоогүй. Түүнд анх хариуцагчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үед 2016.10.28-нд эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн /хх-22/ байна. Иймд  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         “С” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр С.Ид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 19.313.760 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

           Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж “...давж заалдах шатны шүүх хэргийг 2 удаа шүүх хуралдаанаар хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн... шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээсээ хариуцагч татгалзсан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн... хариуцагчийн төлөөлөгчид эрх, үүрэг танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй...” гэжээ. 

         Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1098 дугаар захирамж гаргаж, гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 254.519 төгрөг төлөх хугацааг давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Гэвч С.И улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тогтоол гаргаж хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг буцаажээ. Хариуцагч тал 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 254.519 төгрөг төлсний дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1480 дугаар захирамж гаргаж, хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж, давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэж магадлал гаргасан байна.

         Дээр дурдсан үйл баримтыг нэхэмжлэгч гомдлын үндэслэл болгосон хэдий ч энэ нь магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй гэж үзлээ.

        Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлүүлнэ, энэ журмыг баримтлаагүй бол гомдлыг хүлээн авахгүй тухай захирамжийг мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 162 дугаар зүйлийн 162.4, 164 дүгээр зүйлийн 164.3-т зааснаар шүүх хуралдаанаас өмнө гаргана. Харин давж заалдах шатны шүүх хуралдаан зарласан бол хэргийг хэлэлцэж магадлал гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-г зөрчихгүй. 

       Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэргийг хэлэлцээгүй тул “...давж заалдах шатны шүүх хэргийг хоёр удаа хэлэлцсэн ...” гэх гомдол үндэслэлгүй байна.

       2. Анхан шатны шүүх нягтлан бодох бүртгэлийн магадалгааны орон тооны бус комиссыг шинжээчээр томилсон атлаа өөр байгууллагын буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн төрийн сангийн хэлтсийн албан бичгийг үндэслэн “...шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан...” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 80 дугаар зүйлийн 80.3-г зөрчжээ.

       Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, уг хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 254.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ