Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 443

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                                         

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Өсвөр насны шүүгдэгч С.М , түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Орхонтуяа,

Өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С-н М д холбогдох эрүүгийн 1809036010064 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-664а тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21-86 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ГВ 01311211 / Боржигон овогт С-н М  нь:

 

- 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 507 дугаар байрны гражаас хохирогч Б.Түвшинбаярын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол,  

- 2018 оны 07 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны нийтийн эзэмшлийн гражнаас хохирогч Т.Нямдаваагийн “Мерида” маркийн унадаг дугуйг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол, 

- 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Урлан хотхоны 73/1 дүгээр байрны гражнаас хохирогч З.Баянзулын эзэмшлийн “Меррит” нэртэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 320,000 төгрөгийн хохирол,

- 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 229 дүгээр байрны гражнаас хохирогч Ч.Тулгын “Заскар” унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Тулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад гражаасаа дугуйгаа авах гээд орсон чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг шүүж үзсэн чинь 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед граж руу үл таних хүн нэвтэрч ороод миний унадаг дугуйг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан гэжээ. / хх 9-10, 150 /

 

Хохирогч Т.Нямдаваа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 20 дугаар байрны гражид би унадаг дугуйгаа пааранд цоожлоод үлдээсэн. Тэгээд би хамгийн сүүлд 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дугуй маань байсан. Өчигдөр манай харуул унадаг дугуй алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би доошоо граж ортол миний унадаг дугуй алга болсон байсан гэжээ. / хх 65-66 /

 

Хохирогч Б.Түвшинбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 507 дугаар байрны гражид байсан “Мерида Лионс” загварын унадаг дугуйг хулгайд алдсан. Дугуйгаа хулгайд алдах үед би хөдөө байсан. Тухайн үед гражийн харуулаар ажиллаж байсан Батхишиг гэх залуу хулгайчийг хойноос нь харсан байсан гэжээ.  / хх 90-93 /

 

Хохирогч З.Баянзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөө яваад өөрийн хүүхдийн унадаг дугуйг Урлан бүтээх хотхоны граш дотор өөрийн эзэмшлийн зогсоолд паарнаас цоожлоод явсан. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хөдөөнөөс ирээд машинаа зогсоол дээр тавихад унадаг дугуй алдагдсан байсан. Миний унадаг дугуй бүрэн бүтэн байна. Онцлог содон шинж тэмдэг нь яг таарч байна. Одоо надад гомдол санал байхгүй гэжээ. /хх 48-49 /

 

Гэрч Б.Батхишиг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 507 дугаар байрны авто гражид ээлжтэй ажиллаж байсан юм. Намайг ажлаа хийж байхад гражнаас нэг хүн унадаг дугуй аваад гарч байхаар нь өөрийнхөө унадаг дугуйг авч явж байна гэж бодсон. Хулгай хийж байна гэж бодоогүй, хулгай хийж байна гэж харагдаагүй юм. Тухайн үед унадаг дугуй авч гарсан хүн туранхай жижиг биетэй хүүхэд байсан гэжээ. / хх 94 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг унадаг дугуйг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн / хх 24 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар мерида ундаг дугуйг 480.000 төгрөгөөр үнэлсэн / хх 73 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар унадаг дугуйг 960.000 төгрөгөөр үнэлсэн / хх 101 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар мерида ундаг дугуйг 320.000 төгрөгөөр үнэлсэн / хх 141-142 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...14 цаг 15 минут 32 секундэд 2 номер дугаартай лифтний Э1-К хяналтын камерын бичлэгт цэнхэр өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, улаан өнгийн амны алчууртай унадаг дугуй өргөсөн хүн 14 цаг 15 минут 35 секундэд 2 дугаартай лисртэнд унадаг дугуйг өргөж оруулав гэжээ. / хх 31-32 /

 

Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд / хх 34-35, 143-144 /

 

Өсвөр насны шүүгдэгч С.М г 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар байцааж мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 47-50 /

 

Өсвөр насны шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 42 / зэрэг болно.

 

Өсвөр насны шүүгдэгч С.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ажил хийж хохирлоо нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Орхонтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өвчтэй учир 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сар хүртэл эмнэлгээр яваад аав нь надад эмчилгээний мөнгө олох гээд ажил хийгээд явсан. Энэ хугацаанд хүү маань гэмт хэрэгт холбогдсон. Одоо миний биеийн байдал сайжирсан. Өөрөө бас ухаан сууг гэдэг үүднээс байцаагчид нь хүлээлгэж өгсөн. Хүү маань өөртөө дүгнэлт хийж байгаа байх. Цаашид хүүдээ илүү анхаарал тавьж, хүмүүжүүлж авна гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч С.М  нь:  

- 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 507 дугаар байрны гражаас хохирогч Б.Түвшинбаярын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн,

- 2018 оны 07 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны нийтийн эзэмшлийн гражнаас хохирогч Т.Нямдаваагийн “Мерида” маркийн унадаг дугуйг хулгайлж, 480.000 төгрөгийн, 

- 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Урлан хотхоны 73/1 дүгээр байрны гражнаас хохирогч З.Баянзулын эзэмшлийн “Меррит” нэртэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 320,000 төгрөгийн,

- 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 229 дүгээр байрны гражнаас хохирогч Ч.Тулгын “Заскар” унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.200.000 төгрөгийн хохирол,  бусдад нийт 2.960.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ... Гражаасаа дугуйгаа авах гэтэл байхгүй байхаар нь камерын бичлэг шүүж үзэхэд 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед үл таних хүн миний унадаг дугуйг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Тулгын мэдүүлэг / хх 9-10, 150 /,  ... Би унадаг дугуйгаа пааранд цоожлоод үлдээсэн. Гэтэл гражаас миний унадаг дугуй алга болсон байсан гэж мөрдөн шалгалтанд мэдүүлсэн хохирогч Т.Нямдаваагийн мэдүүлэг  / хх 65-66 /,   ... Гражид байсан “Мерида Лионс” загварын унадаг дугуйг хулгайд алдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Түвшинбаярын мэдүүлэг  / хх 90-93 /,   ... Граж дотор өөрийн эзэмшлийн зогсоолд паарнаас цоожлоод явсан хүүхдийн унадаг дугуйг хулгайд алдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч З.Баянзулын мэдүүлэг /хх 48-49 /,   ... Намайг ажлаа хийж байхад гражнаас нэг хүн унадаг дугуй аваад гарч байхаар нь өөрийнхөө унадаг дугуйг авч байна гэж бодсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Батхишигийн мэдүүлэг / хх 94 /,  ... Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангууд  / хх 24, 73, 101, 141-142 /,   ... цэнхэр өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, улаан өнгийн амны алчууртай унадаг дугуй өргөсөн хүн лифтэнд унадаг дугуйг өргөж оруулав гэсэн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 31-32 /, ...Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд / хх 34-35, 143-144 / зэрэг болно.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч С.М г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч  С.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг  нөхөн төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул, түүний учруулсан хохирол, хувийн байдал   зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

Өсвөр насны шүүгдэгч С.М нь 30 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнийг ял эдэлсэнд тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, С.Мөнх-Ирээдэйгээс 1.440.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Түвшинбаярт 960.000 төгрөг, Т.Нямдаваад 480.000 төгрөг тус тус олгож, бусад хохирогч нарын хохирол төлөгдсөн болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт С-н М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч С-н М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.М н цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, С.М-г ял эдэлсэнд тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5031 дүгээр зүйлийн 5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.М-гээс  1.440.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Түвшинбаярт 960.000 төгрөг, Т.Нямдаваад 480.000 төгрөг тус тус олгосугай.

 

6. С.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ