Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 429

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Умсанжидийн У.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911010440552 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Дэлгэрэх констракшн” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 1-542 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Умсанжидийн У.Б /РД: АЮ80111716/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ У.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.Б нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Батзоригтой маргалдан улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч М.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр би өөрийн гэртээ найз Лхүндэвийн хамт нэг шил архи хувааж уучихаад би гэртээ байж байгаад хашаанаасаа гарсан чинь манай хамар хашааны Галаа гэх залуу хашааныхаа гадаа машинтайгаа ирчихсэн байсан. Уг залуу 7 буудлаас Чингэлтэйн эцэс рүү халтуур хийдэг бөгөөд манай хөрш айл болохоор сайн таньдаг юм. Тэгээд Галаа намайг машиндаа суучих гэхээр нь машиных нь арын суудал дээр ороод суутал нэг согтуу залуу хойд суудал дээр нь сууж байсан бөгөөд гартаа нэг 0.75 литрийн архи барьчихсан харагдаж байсан. Галаа надад ханиндаа 2-лаа дээшлээд энэ хүнийг буулгачихаад хүрээд ирье гэхээр нь би зөвшөөрөөд хамт машинаар сурагчийн 43 дүгээр гудамж руу явсан. Тухайн үед 18 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд сурагчийн 49 дүгээр гудамжин ирээд Галаа намайг машиндаа суулгаж үлдээгээд нэг айл руу орчихоод ирье гээд буусан. Тухайн үед нөгөө залуу машинаас буусан. Тэгэхээр нь араас нь тамхи татахаар буусан юм. Гэтэл нөгөө залуу гэнэт над руу дайраад миний хувцаснаас зуурч аваад чи муу миний нохойг хулгайлсан биз дээ гээд дайраад байхаар нь би зөрүүлээд зууралдаж байтал миний баруун гарын хурууг хойш нь дараад тавиулаад араасаа нэг шилтэй архи гаргаж ирээд шууд миний толгой руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х-12х/,

гэрч В.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Батзориг найз маань таарахаар нь машиндаа суулгаад 3-лаа буцаж өгсөөд Ачтан дэлгүүрийн орчим байдаг гудамжинд ирэх үед Тулгаа гэдэг залуу нь бууя гэхээр нь Тулгааг буулгаад тэр орчим байдаг найзынхаа гэр лүү орохоор болоод Батзоригыг машиндаа үлдээчихээд айл руу орсон. Тэгээд айл руу орчихоод 2-3 орчим минут болоод буцаад гараад ирэхэд Батзоригын толгойноос нь цус гарчихсан хажууд нь Тулгаа гэх залуу гар нь цус болчихсон зогсож байсан. Тэгээд би Батзоригоос юу болсон талаар асуухад Батзориг хэлэхдээ Тулгаа гэх залууг заагаад наад нөхөр чинь миний толгойг архины шилээр цохиод хагалчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4067 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч У.Быг бусдын биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд шүүх торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт Умсанжидийн У.Быг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Быг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ