| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0432/И |
| Дугаар | 446 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 446
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-34-2 тоотод оршин суух, ВК89051606 регистрийн дугаартай Гомбожав овогт Ганбаатарын Цэвэгжавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Галуут сумын 4-р багт оршин суух, ВК86052010 регистрийн дугаартай Боржигон овогт Лувсанцэрэнгийн Буянсүрэнд холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цэвэгжав, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагч Л.Буянсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэвэгжав шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1989 онд төрсөн. 2006 онд Л.Буянсүрэнтэй танилцаж 2007 оны 10 сард гэр бүл болсон. 2008 оны 09 сарын 14-ний өдөр хүү Б.Сайнбаярыг төрүүлсэн. Л.Буянсүрэн нь гэрлэснээсээ хойш маш их архи уудаг байсан учир гэр бүлд байнгын хэрүүл гарч үргэлж хэрүүлтэй маш их хэцүү байдаг байсан. Архи уусан үедээ зодож дарамталж агсам тавьж миний биед удаа дараа гэмтэл учруулж хутга мэс хүртэл барьж дайрдаг байсан. Би хүнд хэлдэггүй амьдралаа аврахын тулд тэсч тэвчдэг байсан. 2011 оны 5 сард бид тусдаа салж тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдраад удаагүй байхдаа өөр эхнэр авсан одоо түүнтэйгээ амьдарч байгаа. Л.Буянсүрэн нь хүүхдээ эргэж тойрч тусалж дэмжиж байсан удаа байхгүй. Ямар ч холбоогүй байдаг байсан. Цаашид бид эвлэрч амьдрах үндэслэл боломж байхгүй, дундын эд хөрөнгийн маргаангүй болно. Иймд Л.Буянсүрэнгээс хүү Сайнбаярт тэтгэлэг тогтоож, гэрлэлт цуцлуулж өгнө үү?Бид тусдаа амьдраад 5 жил болж байна. Энэ хугацаанд эргэж нийлэх, хамтран амьдрах ямарч санал санаачлага гараагүй, хоёулаа хамтран амьдрагчтай болсон. Цаашид нэг гэрт хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон.Гэр бүл байх хугацаанд ямар ч шалтгаангүй архи ууж зодож гэр бүлийн хүчирхийлэлтэй байсан..гэв.
Нэмэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний үйлчлүүлэгчийн гэр бүлээ цуцлуулах болсон шалтгааны хувьд гэр бүлийн хүрээн дэх байнгын хэрүүл маргаан, хүчирхийлэл, нөхөр нь архи ууж агсам тавьж бие эрхтэнд халдаж байсан зэргээс шалтгаалан гэр бүлээ цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтооолгох шаардлага гаргасан байгаа. Гэрлэгчдид нь тусдаа амьдраад 5 жил гаруй хугацаа өнгөрсөн, тус тусдаа хамтран амьдрагчтай болсон. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно..гэв.
Хариуцагч Л.Буянсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1986 онд төрсөн. Баянхонгор аймгийн Галуут сумын 4-р багийн иргэн 2006 онд Г.Цэвэгжавтай танилцаж 2007 онд гэр бүл болсон. 2008 онд хүү Сайнбаяр гарсан. 2011 онд таарч тохирохгүй улмаас тусдаа амьдрах болсон ба архи ууж дарамталж биед нь гэмтэл учруулж хутга мэс гаргаж байсан удаа байхгүй. Би албан ёсоор эхнэр хүүхэдтэй болсон зүйл байхгүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Хүү Сайнбаяртай холбоотой байдаг бэлтгэл ангид ороход өөр дээрээ байлгаж байсан. Г.Цэвэгжав нь өөрөө хүүхэдтэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй байсан. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн асрамжийг эх дээр нь үлдээх саналтай байна. Гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагын зөвшөөрч байна..гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Г.Цэвэгжав, хариуцагч Л.Буянсүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар ,гэрлэлтийн батлахын хуулбар, Б.Сайнбаярын төрсний гэрчилгээний хуулбар, Японы хөрөнгө оруулалттай Соого Сейкео ахлах сургуулийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт, Галуут сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 70 дугаар албан бичиг, Галуут сумын 4-р багийн засаг даргын 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 22 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэвэгжав нь хариуцагч Л.Буянсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Цэвэгжав, хариуцагч Л.Буянсүрэн нар нь 2007 оны 10 сарын 15-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 01 сарын 15-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлт бүртгэж гэрчилгээ олгосон байна. Улмаар хамтран амьдрах хугацаанд 2008 оны 09 сарын 15 ны өдөр хүү Б.Сайнбаярыг төрүүлж өсгөсөн байна.
Г.Цэвэгжавын төрүүлсэн хүү Б.Сайнбаяр нь Л.Буянсүрэнгийн хүүхэд мөн болох, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь №0164559-71 дугаартай төрсний гэрчилгээ, Галуут сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Японы хөрөнгө оруулалттай Соого Сейкео ахлах сургуулийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт, зохигчдийн тайлбар зэргээр тогтоогдсон байна.
Гэрлэгсэд нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс шалтгаалан 2011 оны 05 сараас хойш тусдаа амьдарч тус бүртээ хамтран амьдрагчтай болсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс гэрлэгсдэд эвлэрлүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаан гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаарГэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.. гэсний дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэн хүү Б.Сайнбаярыг эх Г.Цэвэгжавын асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Гомбожав овогт Ганбаатарын Цэвэгжав, Боржигон овогт Лувсанцэрэнгийн Буянсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 09 сарын 15 ны өдөр төрсөн хүү Б.Сайнбаярыг эх Г.Цэвэгжавын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2008 оны 09 сарын 15-ны өдөр хүү Б.Сайнбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Боржигон овогт Лувсанцэрэнгийн Буянсүрэнгээс гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү Б.Сайнбаярыгэрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Л.Буянсүрэн, эх Г.Цэвэгжав нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Буянсүрэнгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сайнбаярт олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 28626 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ