Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01937

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01937

 

 

,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 103/ШШ2024/00489 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,ад холбогдох,

318,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ"-ний дагуу ,,,,,,,,,,,,-ийн нийт хувьцааны 15 хувь буюу өөрт ногдох 1,500 ширхэг хувьцааг ,,,,,,,,,,,,ад 212,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

Худалдан авагч нь хувьцааны үнийн дүнгээс 150,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 62,500,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар гэрээнд тусгасан.

Гэрээнд заасны дагуу Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, тухайн компанийн 1,500 ширхэг хувьцааг ,,,,,,,,,,,,ын нэр дээр шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн боловч ,,,,,,,,,,,, нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар биелүүлэлгүй, миний эрх ашгийг зөрчиж байна.

Мөн гэрээний 2.6 дахь хэсэгт худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан.

Иймд 1,500 ширхэг хувьцааны үнэ болох 212,500,000 төгрөг, алданги 106,250,000 төгрөг, нийт 318,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би төлөх төлбөр дээр маргахгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох коронавирус гарч, хил гааль хаагдаж, бүх ажлууд зогсож төлбөр төлөлт хойшилсон. Нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшиж байсан ,,,,,,,,,,,,-ийн үйлдвэр ашиглалтад орсны дараа бүтээгдэхүүн гаргаж байж би төлбөрөө төлнө гэж тохирсон.

Ковид гарах үед би манай энэ үйл ажиллагаа ингэж явж байна, тоног төхөөрөмжүүд маань Эрээн хотод ирчихсэн байна, хил гааль хаагдсанаас болоод авч чадахгүй байна, дээр нь тээврийн зардлууд их өссөн байна гэдэг талаар албан бичгийг өгч байсан.

Ямар ч ашиггүй, үйл ажиллагаа ч явуулдаггүй, тогны мөнгө манаачийн цалинг төлдөг газар байсныг би авсан. Алдангийг төлөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Тугчин овогт ,,,,,,,,,,, ,,,,,,,,,, зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 318,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шар ноён овогт Баатарын Билэгсайханд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,751,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамж 1,751,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заажээ. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцдог тул ,,,,,,,,,,,,, хувьд шаардах эрх нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эхэлж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 1 жил 6 сар 5 хоног өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан заалтыг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, дэнчин, барьцаа, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Төлбөр төлөх дээр хариуцагч маргаж байгаагүй. Хариуцагч нь төлбөр төлнө гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,ад холбогдуулан хувьцааны үнэ 212,500,000 төгрөг, алданги 106,250,000 төгрөг, нийт 318,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь үндсэн төлбөрийн талаар маргахгүй, харин алдангийг төлөхгүй гэх тайлбарыг гаргасан.

 

3. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээгээр ,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,-ийн хувьцааны 15% болох 1,500 ширхэг хувьцааг 212,500,000 төгрөгөөр худалдах, ,,,,,,,,,,,, нь төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 150,000,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 62,500,000 төгрөг гэсэн хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Уг гэрээний дагуу ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,аас ,,,,,,,,,,,,-ийн хувьцааны 15% болох 1,500 ширхэг хувьцааг шилжүүлэн авч, зохих улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.

 

4. Зохигч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Харин гэрээнд талууд хүү тооцохоор харилцан тохиролцоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг зөвтгөж өөрчлөлт оруулна.

Гэрээгээр төлбөр төлөх хуваарь тогтоосон байгаа нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулахгүй болно.

 

4.1. Хариуцагч нь ,,,,,,,,,,,,-ийн хувьцааны 15% болох 1,500 ширхэг хувьцааг хүлээн авсан боловч үүний төлбөрийг төлөөгүй тул түүнээс хувьцааны үнэ 212,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.2. Гэрээний 2.6-д заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Иймд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрээгүй байдлаар тооцсон алданги 106,250,000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хувьцааны үнэ 212,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан, энэ байр суурь нь шүүх хуралдаанд өөрчлөгдөөгүй.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төлбөр төлөхийг зөвшөөрч хариу тайлбар гаргаснаар энэ маргаанд хамаарах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул холбогдох гомдлыг хангахгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 103/ШШ2024/00489 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,751,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ