Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 181/2023/03241/И |
Дугаар | 210/МА2024/01866 |
Огноо | 2024-10-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01866
2024 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2024/01866 |
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/02458 дугаар шийдвэртэй
Б.Б-ын нэхэмжлэлтэй, С.П-, Н.С- нарт холбогдох,
Контейнарын үнэ зардалд хариуцагч Н.С-гаас 12,925,000 төгрөг, С.П-гээс 46,944,417 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С, хариуцагч нарын өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Б- нь контейнер худалдан авахаар судалж байтал 2023 оны 01 сарын 20-ны үед С.П- залгаад бокс захиалах гэж байгаа юм уу, би захиалж байгаа хамт захиалах уу, үнэ нь 44,245,000 төгрөг, захиалга өгснөөс хойш 14 хоногийн дотор *****ийн боомтоор орж ирнэ. Төлбөрийг захиалга өгөхдөө урьдчилгаа өгч, үлдэгдлийг үйлдвэрлэлтээс гарсны дараа авна гэж хэлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч, захиалга өгөхөөр болж 2023 оны 01 сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөрт 7,925,000 төгрөгийг өөрийн данснаас, 5,000,000 төгрөгийг Э.М-ийн данснаас нийт 12,925,000 төгрөгийг С.П-гийн аав Н.С-гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш С.П- 2023 оны 02 сарын 13-ны өдөр утсаар холбогдож захиалсан бокс чинь үйлдвэрлэлээс гарсан, үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэсний дагуу найз Б.М-аар 50,000,000 төгрөгийн зээл авахуулж Б.М-аар С.П-гийн Хаан банкны дансанд шилжүүлүүлсэн. Боксыг *****ийн гаальд ирэх үед нь очиж үзэхэд чанарын шаардлага хангахгүй, нүүрс тээвэрлэх боломжгүй бокс ирсэн байсан.
Ингээд С.П-г уг боксыг засаж өгөхийг хүлээж гэрлүүгээ явсан ба С.П- миний машиныг өдрийн 15,000 төгрөгийн төлбөртэй хашаанд тавьсан байсан. С.П-д бокс захиалсны төлбөрт 44,245,000 төгрөг, боксыг *****ээс **** сум хүртэл зөөвөрлөхөд зарцуулсан түлшний зардал 4,562,500 төгрөг, гаалийн бүрдүүлэлтийн зардал 6,252,200 төгрөг, төлбөртэй зогсоолд 50 хонуулсны төлбөр 750,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,059,717 төгрөг, нийт 59,869,417 төгрөг болсон. Иймд дээрх төлбөрүүд болох 59,869,417 төгрөгийг хариуцагч Н.С-гаас 12,925,000 төгрөг, С.П-гээс 46,944,417 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.П-гийн тайлбар, татгалзлын агуулга: Б.Б- нь бокс захиалах гэж байгааг мэдээд надад бас захиалаад өгөөч гэж хүссэн. Миний бие зарын дагуу ******улсаас бокс захиалсан. Уг бокстой холбоотой д ямар нэгэн амлалт үүрэг хүлээгээгүй, худалдах худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний ямар нэг харилцаа үүсээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.П-гээс 46,944,417 төгрөг, хариуцагч Н.С-гаас 12,925,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,298 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.П-, Н.С- нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,298 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хянаж, зөв үнэлж дүгнээгүйгээс шүүх өөр хуулийг хэрэглэсэн гэж үзэж үзэж байна. Үүнд:
Шийдвэрт ...зохигчдын хооронд Иргэний хуулийн 399.1-т зааснаар даалгаварын гэрээний харилцаа үүссэн байна. Талууд тус даалгаварын гэрээг гүйцэтгэсэнээр хариуцагч С.П- нь ямар нэгэн ажлын хөлс авахаар тохироогүй тул талууд хариу төлбөргүй даалгаварын гэрээг байгуулжээ... гэж зөв дүгнэсэн ч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Н.С-гаас 12,925,000 төгрөг, хариуцагч C.П-ээс 46,944,417 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь даалгаварын гэрээгээр хариуцагч С.П- нь өөрийн захиалсан бокстой адил боксийг захиалагчийн өмнөөс захиалж өгөх үүргийг хүлээсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээс тодорхой байдаг. Гэтэл шүүхээс хариуцагч нарыг нэхэмжлэлд дурьдагдсан бокс захиалгын төлбөр 44,245,000 төгрөг, боксыг ***** сумаас **** сум хүртэл зөөвөрлөхөд гарсан түлшний зардал 4,562,500 төгрөг, гаалийн бүрдүүлэлтийн зардал 6,252,200 төгрөг, төлбөртэй зогсоолд 50 хонуулсны төлбөр 750,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,059,717 төгрөг нийт 59,869,417 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа *****ийн гааль дээрээс өөрөө очиж боксоо авсан болох нь тодорхой байхад хариуцагч С.П-г даалгаварыг даалгавар өгөгч Б.Б-ын зааврын дагуу хийж гүйцэтгээгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй бүтээгдэхүүн захиалсан буруутай ажиллагаа байна гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсгэх саналыг С.П- гаргасан. ******улсын компанийн бараа гааль дээр ирэхдээ С.П- гэх хүнд хаяглагдаж ирсэн бөгөөд Б.Б- С.П-гийн нэр дээр холбогдох төлбөрийг төлсөн. Б.Б- гэх хүн н.М гэх хүнээр банкнаас зээл авахуулж, тухайн мөнгийг Б.М- гэх хүн шууд С.П-гийн данс руу шилжүүлсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хянан үзээд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч С.П-, Н.С- нарт холбогдуулан контейнер /бокс/-ийн үнэ болон зардалд хариуцагч Н.С-гаас 12,925,000 төгрөг, С.П-гээс 46,944,417 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.П- эс зөвшөөрч, намайг бокс захиалах гэж байгааг нэхэмжлэгч мэдээд хамт бокс захиалж өгөөч гэсний дагуу захиалсан, бидний хооронд ямар нэгэн амлалт, гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч С.П- нь нүүрс тээвэрлэх зориулалт бүхий контейнерийг ******-аас өөртөө захиалан авахдаа нэхэмжлэгч Б.Б-т контейнер хамт захиалж авахаар талууд тохиролцож, нэхэмжлэгч контейнерийн үнийг хариуцагчид төлж С.П-гийн зүгээс ******-руу захиалсан нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь нэхэмжлэгч Б.Б- контейнерийн үнэд 44,245,000 төгрөг төлсөн, хариуцагч С.П- нь хэлэлцэн тохирсон контейнерийг ******-аас захиалан оруулж ирэх үүрэг хүлээсэн.
Иймд нэхэмжлэгч нь нүүрс тээвэрлэх зориулалт бүхий контейнерийн үнийг хариуцагчид төлөх, хариуцагч контейнерийг ******-аас захиалан оруулж ирэхээр тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
4. Талууд нүүрс тээвэрлэх зориулалттай контейнер захиалсан, уг контейнер нь доголдолтой байсны улмаас түүнийг засварлах, буцаахтай холбоотойгоор фэйсбүүк цахим хуудасны зурвасаар хоорондоо харилцсан захидалд анхан шатны шүүх 2023 оны 12 сарын 07-ны өдөр үзлэг хийсэн байна. Уг тэмдэглэлд, хариуцагч С.П-гээс нэхэмжлэгч Б.Б-т шилжүүлсэн контейнер нь нүүрс тээвэрлэх чанарын шаардлага хангахгүй болохыг талууд хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зардлаар засварлахаар тохиролцсон боловч засварлах боломжгүйн улмаас буцааж нэхэмжлэгчийн хохирлыг хариуцагч төлөхөөр харилцаж байсан нь тогтоогдсон байна.
Хариуцагч С.П- нь нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ямар хэмжээ, зузаантай төмөр бүхий контейнер ашиглагддаг талаар мэдэж байсан, энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолтой буюу нүүрс тээвэрлэх шаардлага хангахгүй контейнерийг нэхэмжлэгчид нийлүүлсэн байна.
Иймээс хариуцагч С.П-г мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Б-ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
5. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын захиалсан контейнер нь нүүрс тээвэрлэх зориулалтаар ашиглах чанарын шаардлага хангахгүй нь тогтоогдсон тул тэрээр гэрээнээс татгалзаж, хариуцагчид төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанд хариуцагч С.П- маргаагүй байх тул анхан шатны шүүх мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгчийн контейнерийн үнэд төлсөн 31,320,000 төгрөгийг хариуцагч С.П-гээс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч захиалсан контейнераа Дорноговь аймгийн ***** сумаас Өмнөговь аймгийн **** сум хүртэл тээвэрлэхэд зарцуулсан түлшний зардал 4,562,500 төгрөг, гаалийн бүрдүүлэлтийн зардал 6,252,200 төгрөг, тээврийн хэрэгслийг төлбөртэй зогсоолд 50 хоног байрлуулсны төлбөр 750,000 төгрөг, нийт 11,564,700 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсан тул өөрт учирсан хохирол болох гарсан зардлыг арилгуулахаар мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Иймээс анхан шатны шүүх хариуцагч С.П-гээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирол болох 11,564,700 төгрөгийг гаргуулсан нь хуульд нийцсэн байх тул хариуцагч С.П-гийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Мөн нэхэмжлэгч Б.Б- нь нүүрс тээвэрлэх контейнерийн урьдчилгаа төлбөрт 12,925,000 төгрөгийг хариуцагч Н.С-гийн Хаан банк ХК дахь **********тоот дансанд шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. Хариуцагч Н.С- нь нэхэмжлэгч Б.Б-ын өмнө дээрх контейнерийг худалдан авсны дараа түүнийг засварлах үүргийг хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нүүрс тээвэрлэх контейнер захиалан худалдаж авахтай холбоотой эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
7. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч С.П-гээс нүүрс тээвэрлэх контейнер худалдан авахын тулд найз Б.М-аар зээл авахуулан үнийг төлсөн, зээлийн хүүгийн төлбөрт 4,059,717 төгрөг төлсөн үндэслэлээр хохирол шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч С.П-гээс 4,059,717 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.П-гээс 42,884,700 төгрөг, хариуцагч Н.С-гаас 12,925,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлээс 4,059,717 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/02458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.П-гээс 42,884,700 төгрөг, Н.С-гаас 12,925,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлээс 4,059,717 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын хариуцагч С.П-, Н.С- нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,298 төгрөг гаргуулж гэснийг хариуцагч С.П-гээс 372,373 төгрөг, Н.С-гаас 221,750 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,298 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ