Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 436

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Э.Бадрал,

өсвөр насны шүүгдэгч М.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг, түүний өмгөөлөгч А.Золжаргал /№271/,

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Г.Намуун,

нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Мөнгөн-Одын М.Ө, Хар Дэл овогт Цасанчихэрийн Ц.У нарт холбогдох 1811008100281 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баян цагаан 1 дүгээр гудамж 1 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Мөнгөн-Одын М.Ө /РД- УД01273101/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Ээж хайрхан 08-17 тоотод оршин суудаг, урьд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 237 дугаар шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ялаар шийтгэгдэж уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Хар Дэл овогт Цасанчихэрийн Ц.У /РД- У300022706/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч М.Ө, Ц.У нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.У, өсвөр насны шүүгдэгч М.Ө нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Б 7-268 тоотод  хоноод өглөө нь гарч явахдаа хохирогч П.Пүрэвбатын 360.000 төгрөгний үнэ бүхий “Айфон 6” загварын гар утас, хохирогч Э.Эрдэнэсайханы 100.000 төгрөгний үнэ бүхий “Самсунг Галакси эс-5” загварын гар утас, хохирогч Л.Оюунжаргалын 170.000 төгрөгний үнэ бүхий “Айфон 5” загварын гар утас зэргийг хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  

хүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.Ө, шүүгдэгч Ц.У нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Л.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд 2 эмэгтэйн хажууд нь зогсоод хаа хүрэх талаар асуухад Жуков орно гэж хэлсэн. Тэгэхээр нь суучих гээд суулгасан бөгөөд автомашин хөдлөөд уг 2 эмэгтэйтэй хаа хүрэх талаар болон ойр зуурын юм ярисан. Ингээд ярилцаж байхад өөрийгөө Ука гэж танилцуулсан нь манай эмээ 1 дүгээр эмнэлэгт хэвтэж байгаа би 10 цаг гээд эмээдээ хоол хүргэж өгнө гэж хэлэхээр нь бид 3 уг 2 эмэгтэйд хандан хэдүүлээ манай найзын гэрт хамт сууж байгаад бид 3 та 2-ыг 6 цаг гээд очих газарт чинь хүргээд өгье гэж хэлсэн. Учир нь манай 2 найз Зүүнхараагаас ирээд 2.5 литртэй Нийслэл пиво 2 ширхэг, 0.75 граммын Соёрхол нэртэй архи 1 ширхэгийг аваад ирсэн байсан. Ингээд бид нар манай гэрт 05 цагийн орчим ирээд гэрт ороод бид 3 байгаа архи болон пиво зэргээ хувааж уусан. Уг 2 эмэгтэйн Ариука гэдэг нь жирэмсэн гээд 2-уулаа уухгүй байсан юм. Ингээд ууж байгаад бид 3 нэг мэдэхэд унтаад өгсөн байсан. Ингээд би өглөө 12 цаг өнгөрч байхад сэрэхэд Ариука, Ука 2 байхгүй болохоор нь өөрийн гар утаснуудаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд 2 найзыгаа сэрээхэд манай 2 найзын гар утаснууд нь бас байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х, 48х/,

хохирогч Э.Эрдэнэсайхан /хх-ийн 41-42х/, П.Пүрэвбат /хх-ийн 46-47х/ нарын   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, өсвөр насны өсвөр насны яллагдагч М.Ө, яллагдагч Ц.У нарыг хооронд нь мөрдөн шалгах ажиллагааны үед нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 60-61х/, Шинжээчийн 06/197 дугаар дүгнэлт /хх-ийн 65-69х/ өсвөр насны яллагдагч М.Өийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 90х/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20х/, эд зүйлсийн үнэлгээ /хх-ийн 27х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч М.Ө, шүүгдэгч Ц.У нарыг бүлэглэн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Ө, шүүгдэгч Ц.У нар нь тус хэргийг шүүхийн шатанд хянагдаж байх хугацаанд хохирогч нарт учруулсан хохирол болох нийт 630.000 төгрөгийг төлж барагдуулан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд тушаасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, уг дансанд байгаа мөнгийг хохирогч Л.Оюунжаргал, П.Пүрэвбат, Э.Эрдэнэсайхан нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Өсвөр насны шүүгдэгч М.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан, хувийн байдал, ар гэрийнх нь байдал зэргийг нь харгалзан цаашид засарч хүмүүжих боломжтой гэж үзэн түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.У нь урьд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 237 дугаар шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ялаар шийтгэгдэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх ба тэрбээр ял хойшлуулсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх хэдий ч, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан танхайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Ц.Ут энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд, урьд шүүхээс оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Ут ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Боржигин овогт Мөнгөн-Одын М.Ө, шүүгдэгч Хар Дэл овогт Цасанчихэрийн Ц.У нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдийг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч М.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх Б.Энхцэцэгт, хяналт тавихыг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус даалгасугай.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ут 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.Өт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд өсвөр насны шүүгдэгч М.Ө, шүүгдэгч Ц.У нарын байршуулсан нийт 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Оюунжаргал /РД:ЕА92021016/-д 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөг, хохирогч Э.Эрдэнэсайхан /РД:МЗ92093014/-д 100.000 /нэг зуун мянга/ төгрөг, хохирогч П.Пүрэвбат /РД:МЗ92091719/ -д 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Өсвөр насны шүүгдэгч М.Ө, шүүгдэгч Ц.У нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч М.Ө, шүүгдэгч Ц.У нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ