| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0412/Э |
| Дугаар | 411 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Т |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Даваасамбуу овогт Э-н Г-т холбогдох эрүүгийн 1909010260311 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 28-46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЕЙ94111619 / Даваасамбуу овогт Э-н Г нь:
- 2019 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ноёд караокены гадаа иргэн С.Дагвасүмбэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Дагвасүмбэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө би Билгүүн, Дөлгөөн, Номинсүрэн нартай хамт Ноёд караокед сууж байгаад шөнийн 04 цаг өнгөрч байх үед гарсан. Тухайн үед Билгүүний найз Гантөмөр гэх үл таних залуу машины урд суудал дээр сууж байсан. Энэ үед Билгүүн бид нарт хандаж “Та нар машинд суучих. Манай Гантөмөр гэрт чинь хүргэж өгнө” гэж хэлсний дагуу Номинсүрэн, Дөлгөөн бид гурав машинд ороод суусан. Дөнгөж ороод сууж байтал Гантөмөр гэх үл таних залуу бид гурвыг зайл гэж машинаасаа хөөсөн. Би Гантөмөр гэх залууд “Чи Билгүүний найз биш юм уу. Билгүүн манай найз Гантөмөр та нарыг хүргэж өгнө гэж хэлээд гадуур хувцсаа авчаад ирье” гээд караоке руу орсон талаар хэлээд машинаас буусан. Цаашаа Номинсүрэн, Дөлгөөн бид гурав такси авах гээд зам дагаад алхаж байсан чинь Гантөмөр гэх залуу машинаасаа буугаад хойноос гүйж ирсэн. Тэгээд би эргээд хартал миний нүүр лүү 1-2 удаа гараараа цохихоор нь би Гантөмөрийн хоёр гарыг нь биетэй нь хамт тэвэрч бариад удаагүй байж байтал толгойгоороо нэг удаа миний хамар руу мөргөсөн. Тухайн үе миний хамраас цус гойжоод Гантөмөр бид хоёр салахад Билгүүн караокеноос хувцсаа аваад гарч ирсэн. Дараа нь Билгүүнээ найз Гантөмөрийгөө загнаад тун удалгүй Гантөмөр машиндаа суугаад яваад өгсөн гэжээ. / хх 13-14 /
Гэрч О.Дөлгөөн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Ноёд” нэртэй караокед би найз Билгүүн, Дагвасүмбэрэл, Номинсүрэн нартай орсон. Тухайн үед бид дөрөв 2 цаг аваад дуусаад караокенаас гараад удаагүй байж байтал Билгүүнээгийн найз гэх үл таних залуу машинтайгаа байж байсан. Билгүүнээ найзтайгаа мэндлээд бид дөрвийг гэрт хүргээд өгөөч ээ гэсэн чинь Билгүүнээгийн найз ямар нэгэн зүйл хэлээгүй. Үүний дараа Билгүүнээ караоке луу орсон. Дараа нь Номинсүрэн бид хоёр Билгүүнээгийн найзынх нь машинд суусан чинь тэр залуу бид хоёрыг буу гэж хэлсэн. Удалгүй Номинсүрэн баруун хаалгаар буусан. Энэ үед би зүүн хаалгаар буух гэж байтал Дагвасүрэн зүүн хаалгаар орж ирээд суучихсан. Тэгээд Дагвасүмбэрэл машинд суугаад удаагүй байтал Билгүүнээгийн найз гэх залуу Дагвасүмбэрэлийг “Машинаас буу. Такси биш” гэж хэлэхэд Дагвасүмбэрэл за, за гэж хэлээд буусан. Энэ үед Билгүүнээгийн найз залуу машинаасаа бууж ирээд Дагвасүмбэрэл дээр очиж дайрахаар нь би тэр залууг Дагвасүмбэрэлээс холдуулж салгасан. Удаагүй байж байтал нөгөө залуу машиндаа суучаад буцаж машинаасаа гарч ирээд Дагвасүмбэрэлийг цохих шиг болохоор нь хартал Дагвасүмбэрэлийн хамраас нь цус гарчихсан гэжээ. / хх 21-22 /
Гэрч Д.Билгүүн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Ноёд” нэртэй караокед найз Дагвасүмбэрэл болон түүний найз хоёр охинтой хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд гартал манай найз Гантөмөр гэх залуу тааралдсан. Би Гантөмөрт хандаж “Чи бид нарыг гэр рүү маань дөхүүлээд өгөөч” гэж хэлсэн. Үүний дараа зөөгч намайг хувцсаа ав гэж дуудахаар нь караоке руу орж гадуур хувцсаа аваад гартал Дагвасүмбэрэлийн хамраас цус гарсан байхаар нь би очоод юу болсон талаар суутал Дагвасүмбэрэл “Чиний найз намайг цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гантөмөр дээр очоод “Чи яаж байгаа юм бэ. Энэ чинь миний найз шүү дээ” гэж хэлсэн. Гантөмөр ямар нэгэн зүйл хэлээгүй машиндаа суугаад яваад өгсөн гэжээ. / хх 24 /
Гэрч М.Номинсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Ноёд нэртэй караокед найз Дөлгөө, Билгүүн, Дагвасүмбэрэл бид дөрөв орж үйлчлүүлсэн. Дараа нь караокенаас шөнийн 04 цаг 30 минутын үед бид дөрөв гараад Билгүүнээ Дөлгөөн, Дагвасүмбэрэл бид гурвыг машинд суучих гэж хэлээд машинд сууж байхад Билгүүнээ караокенаас цамцаа авах гээд орсон. Дараа нь Дөлгөөнөө бид хоёр машинд суусан чинь машинд байсан үл таних залуу бид хоёрыг буу гэж хэлэхээр нь бид хоёр машинаас буух гэж байсан чинь Дагвасүмбэрэл машинд орж ирж суусан. Машины жолооч залуу Дагвасүмбэрэлийг буу гэж хэлсэн чинь Дагвасүмбэрэл за за гэж хэлээд бид гурав машинаас хамт буугаад караокений хажууд зогсож байсан чинь машины жолооч залуу бууж ирээд Дагвасүмбэрэл дээр очоод “Чи инээгээд байгаа юм уу” гэж хэлээд цохиод эхэлсэн гэжээ. / хх 26 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3231 дугаар дүгнэлтэнд:
1. С.Дагвасүмбэрэлийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй / хх 30 /
Шүүгдэгч Э.Г-ийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-5 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 47 / зэрэг болно.
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчид 500.000 төгрөг нөхөн төлсөн. Гэм бурууугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ноёд караокены гадаа иргэн С.Дагвасүмбэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Гантөмөр гэх залуу машинаасаа буу гэхээр нь буугаад алхтал хойноос гүйж ирээд миний нүүр рүү 1-2 удаа гараараа цохихоор нь би Гантөмөрийн хоёр гарыг нь биетэй нь хамт тэвэртэл толгойгоороо нэг удаа хамар руу мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Дагвасүмбэрэлийн мэдүүлэг / хх 13-14 /, ... Билгүүнээгийн найз гэх залуу Дагвасүмбэрэлийг машинаас буу такси биш гэж хэлэхэд Дагвасүмбэрэл за, за гэж хэлээд буусан. Тэр залуу машинаасаа бууж ирээд Дагвасүмбэрэл дээр рүү очиж дайрахаар нь би салгасан. Нөгөө залуу машиндаа суучаад буцаж машинаасаа гарч ирээд Дагвасүмбэрэлийг тэр үл таних залуу цохиж хамраас нь цус гаргачихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Дөлгөөний мэдүүлэг / хх 21-22 /, ... Дагвасүмбэрэлийн хамраас цус гарсан байхаар нь би очоод юу болсон талаар тодруулж асуутал “Чиний найз намайг цохьчихлоо” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Билгүүний мэдүүлэг / хх 24 /, ... Машины жолооч залуу Дагвасүмбэрэлийг буу гэж хэлсэн чинь Дагвасүмбэрэл за за гэж хэлээд бид гурав машинаас хамт буугаад караокений хажууд зогсож байсан чинь машины жолооч залуу бууж ирээд Дагвасүмбэрэл дээр очоод “Чи инээгээд байгаа юм уу” гэж хэлээд цохиод эхэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Номинсүрэнгийн мэдүүлэг / хх 26 /, С.Дагвасүмбэрэл миний машинаас буухдаа хаалгыг маань саваад буусан. Тэгээд би хойноос нь очоод С.Дагвасүмбэрэлийг мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Гийн мэдүүлэг / хх 4-5 /,... С.Дагвасүмбэрэлийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3231 дугаар дүгнэлт / хх 30 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Г нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Э.Г-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Даваасамбуу овогт Э-н Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э-н Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Г-т оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ