Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 449

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баяхонгор сумын 2-14-07 тоотод оршин суух, ВЭ82091615 регистрийн дугаартай, Бонхоон овогт Мөрдоржийн Мөнхбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-7-11 тоотод оршин суух, ВГ68051502 регистрийн дугаартай, Боржгон овогт Чойжилын Пагма, ВГ65022519 регистрийн дугаартай, Бордос овогт Чулуундоржийн Болдбаатар нарт холбогдох

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэнийн хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Болдбаатар, Ч.Пагма нар нь 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр М.Мөнхбаатар миний 82 мкв, гурван өрөө орон сууц болон 25 мкв грашийн ҮО320004595 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгнө гэж аваад одоог хүртэл өгөхгүй байх тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанд тавьсан гэрээг хүчингүйд тооцож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Пагма шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр М.Мөнхбаатарын гурван өрөө байр, 25 мкв грашийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хувь хүнд 5000000 төгрөгийн барьцаанд тавьсан. Одоо үлдэгдэл 3700000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлж дуусган М.Мөнхбаатарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас гаргуулж, хүлээлгэн өгөх болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Мөнхбаатар нь Ч.Болдбаатар, Ч.Пагма нарт холбогдуулан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж,82м2 гурван өрөө орон сууц болон 25м2 грашийн ҮО320004595 дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хүсэн шаарджээ.

Ч.Болдбаатар, Ч.Пагма нар нь иргэн М.Мөнхбаатарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2015 оны 10 сарын 09-ны өдрөөс 2015 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барьцаанд тавьсан тухай баталгаа бичиж харилцан зөвшөөрч нотариатын баталгаа хийлгэсэн байна.

Улмаар хариуцагч нар нь дээрх баталгааг зөрчин, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Пагма нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Пагмаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг, улсын төсвөөс 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Мөнхбаатарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Пагма нь нэхэмжлэгч М.Мөнхбаатарын 82м2, гурван өрөө орон сууц болон 25м2 грашийн ҮО320004595 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор барьцаанаас гаргаж, өмчлөгчид буцаан өгөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Пагмаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг, улсын төсвөөс 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Мөнхбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ