Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01876

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01876

 

Ц.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/02838 дугаар шийдвэртэй

Ц.С-ийн нэхэмжлэлтэй, К т- ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн **** дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Ц.С-тэй байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.П-д шилжүүлэхийг Ц.С-, К т- ХХК нарт даалгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.П-тэй тохиролцож **** хотхоны барилгад өөрийн 6-12 хүнтэй бригадаар туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болж Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа барилгын орон сууцны Е, Е1 блокын барилгын барилга угсралт, мужааны ажлыг, А.П-гийн 10 гаруй хүнтэй бригадтай хамтран хийж гүйцэтгэсэн. Тухайн үед А.П-гээс ажилчдын цалин, хоол, унааны зардлыг компаниас ажилласан өдрөөр тооцон төлнө, чамд ажлын хөлсөнд 2 өрөө байр бартераар өгнө гэж тохиролцсон. Үүний дагуу А.П-тэй тохирч захиалагч К т- ХХК бидний хооронд 2021 оны 06 сарын 22-ны өдөр **** тоот орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулж Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, *** хотхон 32/1 тоот, ** хотхоны орон сууцны С блок, 1 давхар, С загварын 47,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар болсон.

Орон сууцны Е, Е1 блокын барилгын ажлыг гүйцэтгэж 2021 оны 07 сарын 20 өдрийн үеэр Е блокын ажил, 2021 оны 09 сарын 20-ны үед Е1 блокын барилгын ажил дууссан. Орон сууц ашиглалтад орсон ч К т- ХХК нь уг байрыг Ц.С- миний нэр дээр шилжүүлж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, *** хотхон 32/1 тоотод байрлах ** хотхон орон сууцны С блок, 1-р давхрын С загварын 47,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ц.С- нь А.П-тэй учраа олж чадахгүй болохоор манай компанийг маргаандаа татан оруулсан байна. Орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаг ба тэр хүртэлх А.П-, Ц.С-нар учраа олох байх. Хэрэв тохиолцохгүй бол шүүхийн шийдвэр хэнд байрны гэрчилгээг гаргахаар шийднэ, түүний дагуу бид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад бэлэн байна. А.П- нь Ц.С-ийг урт хугацааны турш авч үлдэхийн тулд байр бэлэглэсэн болов уу гэж ойлгосон. Манай компани ч олон жил ажилласан хүмүүстээ байр бэлэглэдэг. Тухайн үед А.П-, Ц.С-э нар ирээд гэрээ хийж байхад А.П-д энэ дээр ямар нэгэн хугацаа заахгүй юм уу, эсхүл зүгээр ингээд гэрээ хийх юм уу, ямар нэгэн нөхцөл заахгүй юу гэхэд зүгээрээ болно гэсэн. Ц.С-э төлбөр хийгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: А.П- нь хариуцагч К т- ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд бартераар авсан Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо *** хотхон 32/1 тоотод байрлах, ** хотхон орон сууцны С блокын 1-р давхарт С загварын 47,34 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хүсэлтээр худалдсан. Тэрээр орон сууцны үнийг бөөнөөр нь төлнө гэсэн ч төлөлгүй өдийг хүрсэн. Иймд бид орон сууц худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан ба гэрээнээс татгалзаж, орон сууцаа авах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч уг орон сууцны өмчлөгч байх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга Нэхэмжлэгч Ц.С-ийн К т- ХХК-тай байгуулсан 2021 оны 06 сарын 22-ны өдрийн **** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзнэ.  Орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний 2 тал тохиролцож ажилтандаа шилжүүлсэн. Ажилтан, К т- ХХК нарын хэлцэл хийж буй зорилго нь худалдан авах биш, өөрийн өмчлөлд шилжүүлэх агуулгатай. Энэ агуулгаар дээрх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнтэй холбоотой хийгдэж буй учир хүчин төгөлдөр бус юм.

Иймд Ц.С- болон К т- ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 22-ны өдрийн **** дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Ц.С-тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, *** хотхон 32-1 тоотод байрлах ** хотхон орон сууцын С блок, 1 давхар, С загварын 47,34 м.кв 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.П-д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ц.С-э, хариуцагч К т- ХХК-д тус тус даалгаж өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэдэг боловч гэрээг бичгээр хийсэн зүйл байдаггүй. 2021 оны 06 сард гэрээ байгуулснаас хойш 2022 оны 06 сарыг хүртэл ажилчдын цалин, хөлсийг К т- ХХК-аас аваад А.П- нь Ц.С-эд шилжүүлсэн нь үнэн. Хэрэв эдгээрийн хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн бол Ц.С-ийн мөнгийг суутган авах байсан. 2023 оны 01 сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг нэхсэн нь баримтаар тогтоогддоггүй. Хариуцагч К т- ХХК-тай нэхэмжлэгчийн байгуулсан 2021 оны 06 сарын 22-ны өдрийн **** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд харин А.П-, нэхэмжлэгч нарын хооронд орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдаагүй, ийм тохиролцоо байхгүй учраас гуравдагч этгээдийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэжээ.

6. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээд А.П-гийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-, хариуцагч К т- ХХК нарын хооронд 2021 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан **** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний үүргийг хангуулж, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, *** хотхон 32/1 тоотод байрлах ** хотхон орон сууцны С блок, 1 дүгээр давхар, С загварын 47,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохтой холбоотой бичиг баримтыг гаргуулж өгөхийг хариуцагч К т- ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1.8., 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Ц.С-, К т- ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 22-ны өдрийн **** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ц.С-тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.П-д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ц.С-, хариуцагч К т- ХХК нарт даалгах тухай гуравдагч этгээд А.П-гийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.С-ээс төлсөн 548,505 төгрөг, гуравдагч этгээд А.П-гээс төлсөн 810,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К т- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 548,505 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

8.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

А/ Шүүх таамаглалд тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн ба нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шийдвэрт ... Гуравдагч этгээдээс, К т- ХХК-тай байгуулсан орон сууц захиалах гэрээг Ц.С-д шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй бөгөөд харин А.П-гийн хүсэлтийн дагуу зохигчдын хооронд 2021.06.22-ны өдрийн ****** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулсан нь зохигчдын тайлбар, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдсон... гэжээ. К т- ХХК-тай байгуулсан орон сууц захиалах гэрээг Ц.С-д шилжүүлсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргадаггүй. Хэрэгт К т- ХХК, А.П- нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн акт авагдсан байдаг.

А.П-гийн хүсэлтээр зохигчийн хооронд 2021 оны 06 сарын 22-ны өдрийн ****** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулсан нь нотлогдсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Тус гэрээний агуулгыг А.П- барилга ашиглалтад орох үед төлбөр төлөхгүй бол ордер гаргахгүй байхаар заасан гэж ойлгосон ч тийм заалт оруулаагүй, гэрээний бүх нөхцөлийг А.П-д танилцуулж, зөвшөөрөл аваагүй буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэхээр байна. Энэ талаар хариуцагч К т- ХХК нь ... бид нар Пүрэвсүрэнгээс бичгээр зөвшөөрөл авах ёстой. Орон сууц ашиглалтад орох дөхөхөөр зөвшөөрөл авдаг ийм практик барилгын салбарт тогтсон. Орон сууц ашиглалтад орох үеэр зөвшөөрөл авах гэхэд А.П- нь Ц.С- төлбөрөө төлөөгүй учраас байраа өгөхгүй гэж манай компанид бичгээр зөвшөөрөл өгөөгүй. Манай компани бичгээр зөвшөөрөл аваагүй нь буруу болжээ... гэх тайлбараар тогтоогддог.

Шийдвэрт ...Зохигчдын тайлбараар, гуравдагч этгээд А.П-гийн хариуцагч К т- ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуух ажил үүргийг А.П гүйцэтгэхдээ нэхэмжлэгч Ц.С-ийн бригадтай 16-12 хүн/ хамтран гүйцэтгэсэн, захиалагч К т- ХХК-д уг ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож, зохигч, гуравдагч этгээд нар энэ талаар маргаагүй байна... гэжээ.

Ц.С-ийн бригад 6-12 хүнээр ажил гүйцэтгэсэн гэдэг нь худлаа. 3, 4 сард 3 хүн ажилласан, ихэвчлэн 4 хүн ирдэг байсан 8 хүн маш цөөхөн өдөр ирсэн. Хэзээ ч 12 хүн ажиллаж байгаагүй. Ц.С-д хийсэн ажилд нь тохирсон цалин хөлсийг хангалттай өгснийг шүүх хурлын турш маргадаг. Гэтэл нэхэмжлэгч тал орон сууцны үнийг яаж, хэдэн төгрөгийг, хэзээ хэрхэн А.П-д төлсөн талаар нэг ч баримт хэрэгт гаргаж өгдөггүй. Байрыг бэлэглэлийн гэрээгээр авсан бол бэлэглэлийн гэрээ ч байхгүй атлаа шүүхэд худал тайлбар гаргасан нь үндэслэлгүй.

Шийдвэрт ... Нэхэмжлэгч Ц.С-, хариуцагч К т- ХХК нарын 2021 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан ****** тоот Орон сууц, захиалагчтай байгуулах гэрээ-ний 4.1-д Гэрээний үнэ: Иргэн А.П-тэй хийсэн гэрээний дагуу бартерын нөхцөлөөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба төлбөрийн үлдэгдэлгүй болно гэж заасан бөгөөд үүнээс үзэхэд худалдан авагч тал буюу Ц.С-ээс 3.1-д заасан гэрээний үүрэг болох худалдан авсан эд зүйлийн үнэ 78,111,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна... гэжээ. А.П- төлбөрийг төлсөн гэснийг шүүх яаж Ц.С- төлсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй ба Ц.С-э нь А.П-д төлбөр төлөөгүй атлаа түүний орон сууцыг авч байгаа нь үндэслэлгүй.

Б/Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрт ... Гуравдагч этгээдээс, Ц.С-ийн ажлын хөлсөнд өдөрт 120,000 төгрөгөөр тооцон 95,000,000 төгрөг төлсөн, бартераар 3 машин өгч, ажлын хөлсийг төлж дуусгасан, түүнчлэн 2 өрөө орон сууцны үнэ болох 78,111,000 төгрөг дээрх төлбөрт ороогүй, илүү хэмжээгээр орон сууц авах гэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч гуравдагч этгээдийн энэ тайлбар баримтаар нотлогдоогүй болно... гэжээ. Ц.С- 78,111,000 төгрөгийг төлснөө нотлоогүй байхад төлбөр төлсөн мэтээр таамаглалд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээдийн гаргасан ажлын хөлсийг бүрэн төлсөн талаарх санхүүгийн баримтыг нэхэмжлэгч няцааж мэтгэлцээгүй, баримт гаргаагүй байхад нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

8.2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлээ тайлбарласан тайлбарууд хоорондоо зөрүүтэй, хэргийн бодит үнэнийг гуйвуулж тайлбарласан анхны тайлбар хэргийн баримтуудаар няцаагдаж байна. Тухайлбал,

-2023 оны 01 сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ Ажилчдынхаа цалинг ажилласан өдрөөр нь тооцон А.П-гээс гаргуулж, харин надад бартераар 2 өрөө байр өгнө гэсэн гэсэн тайлбар нь дараах тайлбаруудтай зөрүүтэй байна. Үүнд: 2023 оны 05 сарын 09-ний өдрийн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт ...гүйцэтгэсэн ажлын хөлсөнд надад байр өгөхөөр гэрээг байгуулсан... гэж, -2023 оны 10 сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч тал бие даасан шаардлагад гаргасан тайлбарт ... өөрийн бригадын хамтаар мужааны ажил гүйцэтгэж төлбөрийн зарим хэсэгт нь маргаан бүхий 2 өрөө байрыг авахаар тохиролцож гэж зөрүүтэй тайлбарласан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа өөрөө огт ажлын хөлс аваагүй мэтээр тайлбарлаж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд оролцоод ирэхээр өөрөө ажлын хөлс авснаа хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт авагдсан А.П-гээс Ч.С рүү ажлын хөлс гэж биш С цалин, С-ийн найзууд цалин гэсэн гүйлгээний утгатай байгаа нь талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнийг нотолж байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал цалингаа бүрэн авсан талаар маргадаггүй.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь Ц.С-э орон сууцны үнийг хэрхэн төлсөн талаарх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх ёстой байсан. Тухайлбал, Ц.С- А.П-д 78,111,000 төгрөгийг төлсөн дансны хуулга, эсхүл ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлсөнд авсан гэж үзэж байгаа бол хэдэн хүн хүчний зардал хэдэн төгрөг болох талаар тохиролцож, одоо 78,111,000 төгрөгийн авлага үлдсэнийг нотолсон баримтын үндсэн дээр Ц.С- худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

8.3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар гэрээний үнийг 78,111,000 төгрөг байхаар тохиролцсон тул худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гуравдагч этгээд бие даасан шаардлагаа нотолж, маргаан бүхий орон сууцны жинхэнэ өмчлөгч болохоо нотолж хэрэгт дараах баримтуудыг гаргаж өгсөн.

Тухайлбал, К т- ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн акт, Орон сууц захиалгын гэрээг цуцалж, өөрийн өмчлөлдөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн хүсэлт, Ч.С-д цалинг нь бүрэн өгсөн талаар дансны хуулга зэргийг гарган өгч, гэрчүүдийн мэдүүлгээр ажилчид цалингаар ажиллаж байсан талаар мөн нотолсон. Гуравдагч этгээд тухайн орон сууц захиалгын гэрээнд гарын үсэг зураагүй байгаа нь гуравдагч этгээд орон сууцны өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг зөвшөөрсөн гэдэг нэхэмжлэгчийн тайлбарыг мөн няцааж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч К т- ХХК, А.П- нарын хооронд Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу А.П- нь Ц.С-тэй амаар гэрээ байгуулснаар Ц.С- 6-12 хүний бригадтай ажлыг гүйцэтгэсэн бөгөөд ажлын үр дүнг К т- ХХК болон А.П- нар дүгнэсэн. Ажил дууссаны дараа А.П- К т- ХХК-ийн захирал н.А-тэй Ц.С-ийг уулзуулсан бөгөөд гэрээг шинэчилж гэрээний 4.1-д Ц.С-тэй байгуулсан гэрээг бартерт бүрэн тооцно гэж зааснаар Ц.С-д эрхээ шилжүүлж өгсөн. Ц.С-, А.П- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч К т- ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2021 оны 06 сарын 23-ны өдөр байгуулсан **** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон 32/1 тоот, ** хотхон орон сууцны С блок, 1  давхрын С загварын 47,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээ шилжүүлж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, манай компани Ц.С-ээр ажил гүйцэтгүүлээгүй, А.П- нь Ц.С-тэй хамт ирээд бартерт авах байрыг энэ хүний нэр дээр шилжүүлж гэрээ байгуулья гээд орон сууц захиалгын гэрээ байгуулсан, эдгээр хүмүүс маргаанаа шийдээгүй учир байрыг шилжүүлэх боломжгүй гэж тайлбарлан маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.П- гуравдагч этгээдээр оролцож, дээрх **** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.С-тэй байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, уг орон сууцны өмчлөх эрхийг А.П-д шилжүүлэхийг Ц.С-, К т- ХХК нарт даалгуулах бие даасан шаардлагыг гаргажээ. Уг шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

 

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Харин шүүх зохигч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйн улмаас нэхэмжлэгчийн шаардах эрхийг буруу тодорхойлсныг залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

4. Зохигч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, хэргийн баримтаас үзвэл хариуцагч К т- ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй **** орон сууцны хотхоны барилгын Е, Е1, Д1, С1 блокуудын барилга угсралтын ажлыг гуравдагч этгээд А.П-гээр гүйцэтгүүлэхээр тэдгээрийн хооронд 2021 оны 11 сарын 08 болон 2022 оны 03 сарын 29-ний өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, А.П- гэрээнд заасан ажлыг 2021-2022 оны хооронд нийт 1,108,961,400 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болон ажлын хөлсний талаар хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд маргаангүй. Энэхүү ажлын хөлсөнд тооцон талуудын маргаж буй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон 32/1 тоот, ** хотхон орон сууцны С блок, 1  давхрын С загварын 47,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг К т- ХХК нь А.П-д өгөх үүрэг хүлээснийг хариуцагч, гуравдагч этгээд шүүхэд тайлбарлажээ.

Гуравдагч этгээд А.П- дээрх ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч Ц.С-тэй харилцан тохиролцож, түүнийг **** орон сууцны хотхоны Е, Е1 блокын барилгын барилга угсралт, мужааны ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулжээ. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно гэж заасан бөгөөд энэ агуулгаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Иймд А.П- нь Ц.С-ийн хувьд захиалагч болох тул уг барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг Ц.С-д төлөх үүргийг хүлээсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцож авсан гэж, гуравдагч этгээд уг орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан гэж харилцан өөр агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Ц.С-, хариуцагч К т- ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны **** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний 3.1-т гэрээний үнэ 78,111,000 төгрөг ба төлбөр төлөх нөхцөлийг гэрээний 4.2-т иргэн А.П-тэй хийсэн гэрээний дагуу бартерийн нөхцөлөөр төлбөрийг бүрэн төлж дуусгасан ба төлбөрийн үлдэгдэлгүй болно гэж тусгажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд өөрийн шаардлага, татгалзлыг өөрөө нотлох үүргийг хүлээдэг. Маргааны зүйл болсон Баянзүрх дүүрэгт орших 47,34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь ажил гүйцэтгэх гэрээний хөлс гэсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч нотолж **** тоот орон сууц захиалагчтай байгуулах гэрээг нотлох баримтаар гаргасан, харин гуравдагч этгээд уг орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан гэх татгалзал болон бие даасан шаардлагын үндэслэлээ нотлоогүй буюу талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч төлбөрийг хожим төлөхөөр тохиролцсоныг нотлоогүй байна.

Иймээс хариуцагч К т- ХХК нь А.П-гийн хүсэлтээр орон сууцыг Ц.С-ийн өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулснаар Иргэний хуулийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6 дахь хэсэгт заасны дагуу маргаж буй орон сууцыг К т- ХХК-аас шаардах эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Ц.С-д шилжсэн байх тул нэхэмжлэгч мөн зүйлд зааснаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон 32/1 тоот, ** хотхон орон сууцны С блок, 1  давхрын С загварын 47,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зохигч мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулсан үйл баримтыг шүүх буруу үнэлж, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэгчийн шаардах эрхийг буруу тодорхойлсныг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

6. Гуравдагч этгээд А.П-гээс зохигчийн хооронд байгуулсан **** тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ц.С-тэй байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах замаар уг орон сууцны өмчлөх эрхийг А.П-д шилжүүлэхийг зохигчид даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ К т- ХХК-аас ажлын хөлсөнд авсан орон сууцыг худалдаж авахаар амаар хэлэлцэн тохирч худалдах-худалдан авах гэрээ хийсний дагуу Ц.С-, К т- ХХК нар гэрээ байгуулсан. Уг гэрээнд орон сууцны үнийг А.П- бүрэн төлсөн гэж бичсэн болон гэрээнд А.П- гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус ба мөн Ц.С- орон сууцны үнийг төлөөгүй тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа зохигчоос гаргуулна гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан **** тоот орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь А.П-гийн хүсэлтээр хийгдсэн, уг гэрээг байгуулах үед тэрээр байлцсан талаар хариуцагч К т- ХХК-ийн төлөөлөгч Г.А 2023 оны 10 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд ...Энэ хүний нэр дээр захиалгын гэрээ хийж өгнө үү гэж ирсэн, гэрээ хийж байхдаа төлбөрийг бүрэн дууссанаар хийх үү эсвэл хэдэн жил хамт ажиллахаар гэж байгуулах уу гэж А.П-гээс асууж байсан. Тэгэхэд хийчих гээд сүртэй хүлээж аваагүй, тэгээд П-ийн бартерын байраар төлбөр 100 хувь дууссан гэж гэрээ хийсэн... гэсэн тайлбарыг гаргаж байжээ.

Г.А нь дээрх орон сууц захиалагчтай байгуулах гэрээг Ц.С-, А.П- нарыг байлцуулан, тэдний хүсэлтээр өөрөө боловсруулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар түүний тайлбарыг гуравдагч этгээд эсэргүүцээгүй байх тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар уул тайлбарыг бодит үнэнд нийцсэн, хэрэгт нотолгооны ач холбогдолтой гэж үзнэ. Энэ агуулгаар зохигчийн хооронд хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй.

Мөн гуравдагч этгээд нь нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй учир нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан гэх үндэслэлгүй, түүнчлэн гуравдагч этгээд нь зохигчийн хооронд байгуулсан гэрээний оролцогч биш тул уг гэрээнд гуравдагч этгээд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй. Харин анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл болсон зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болсныг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/02838 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...243 дугаар зүйлийн 243.1... гэснийг, 343 дугаар зүйлийн 343.1, 123 дугаар зүйлийн 123.1 гэж өөрчилж,

2 дахь заалтын ...59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1.8... гэснийг хасч, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ