Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 443

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Хулан,

өсвөр насны шүүгдэгч И.А, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Солонго, өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Идэрцогтын И.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911007730430 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өсвөрийн Зохион Бүтээгчдийн Лаборатори ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 4, эгч, ах, дүүгийн хамт Нийслэлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо 3 дугаар хороолол, 104-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Идэрцогтын И.А /РД: УШ01290227/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Өсвөр насны яллагдагч И.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч И.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 27-28 ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 1-31а тоотод хохирогч Д.Халиунааг "миний цүнхийг хулгай хийлээ" хэмээн маргалдаж, улмаар түүнийг зодож нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадаж, баруун мөрөнд нь 1 удаа өшиглөн, түүний биед зулайн хуйх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун сарвуу, өвдөгт зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн бугалга, баруун даланд цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би гэртээ 03 цагийн орчимд орж ирээд тайвшраад сууж байтал 5-10 минутын дараа буюу Сувдаа, Амука нар манай гэрт дайрч орж ирээд Амука, Сувдаа хоёр чи миний цүнхийг авчихлаа, чи миний найзын цүнхийг авчихлаа гэр хорооллын юмнууд хулгайлсан юмаараа амьдардаг гээд орилоод... би Амукаг үсдсэн юм тэгтэл Сувдаа чи манай найзыг үсдлээ гээд хэл амаар доромжилсон. Амука намайг үсдээд газраар чирээд хоолойг дахиж боогооод... Амука гараараа миний зүүн хацар орчимд хоёр удаа алгадаад авсан. Тэгээд би газарт унахад миний баруун мөр хэсэгт Амука нэг удаа хүчтэй цохиод авсан... Зулайн хуйхны гэмтлийг би доошоо харсан байхад хэн нэг нь өшиглөөд байсан учраас би хэн өшиглөснийг мэдэхгүй байна. Зүүн зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлийг Амука гэртээ орон дээр сууж байхад 2 удаа миний зүүн хацарруу алгадахад үүссэн гэмтэл гэж би бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-13х/,

насанд хүрээгүй гэрч О.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тэгтэл уруулныхаа доод талд ээмэгтэй эмэгтэй /Амука/ манай эгчтэй зууралдаад үсдэлцээд авсан... Амука гэх урууландаа ээмэгтэй эгч манай эгчийн толгойруу гараараа нэг удаа цохиод авсанаа Амука гэдэг нь хараалын үг хэлээд манай эгчийн баруун мөр хэсэгрүү аймар хүчтэй өшиглөөд авахад манай эгч газарт унасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

насанд хүрээгүй гэрч Б.Нямсувдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "..Халиунаа босож ирээд И.Аыг цохих гэхэд И.А дахиж түлхээд 2 удаа алгадаад... Халиунаа доошоо хараад суучихсан чинь баруун мөррүү нь нэг удаа цохиод авсан... би цохиж зодоогүй бөгөөд И.А, Халиунааг салгах гэж дундуур нь ороход И.А намайг цаашаа бай гэсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

ШШҮХ-ийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2902 дугаартай шинжээчийн: " Д.Халиунаагийн биед зулайн хуйх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун сарвуу, өвдөгт зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн бугалга, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт, цус хуралт гэмтлүүд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, зөөлийн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 34х/,

болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд өсвөр насны шүүгдэгч И.Аыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Халиунаатай маргалдан, улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Халиунаад мөрдөн шалгах ажиллагааны үед өсвөр насны шүүгдэгч И.Аы үеэл эгч Г.Солонгын зүгээс нийт 300.000 төгрөг өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул И.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

 Өсвөр насны шүүгдэгч И.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан, хувийн байдал, ар гэрийнх нь байдал зэргийг харгалзан цаашид засарч хүмүүжих боломжтой гэж үзэн түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч шүүх шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Идэрцогтын И.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч И.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний үеэл эгч Г.Солонгод, хяналтандаа байлгахыг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус даалгасугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч И.Ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, И.Ад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ