| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2023/06871/И |
| Дугаар | 210/МА2024/01883 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01883
| 2024 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2024/01883 |
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Д.Г-, Б.Г- нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 180,302,700 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б-, хариуцагч Б.Г-, Д.Г- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Б О ХЗХ- болон Д.Г- Б.Г- нарын хооронд 2021 оны 03 сарын 03-ны өдөр дараах зээлийн гэрээнүүд байгуулагдсан. Үүнд:
- 21/01 дугаартай гэрээгээр 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.8 хувийн хүүтэй авсан. 2021.12.03-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 12,825,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,565,000 төгрөг болсон. Нийт төлбөр 30,390,000 төгрөг байна.
- 21/02 дугаартай гэрээгээр 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.7 хувийн хүүтэй авсан. 2021.12.03-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 12,495,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,499,000 төгрөг болсон. Нийт төлбөр 29,994,000 төгрөг байна.
- 21/03 дугаартай гэрээгээр 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.6 хувийн хүүтэй авсан. 2021.12.03-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 12,165,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,433,000 төгрөг болсон. Нийт төлбөр 29,598,000 төгрөг байна.
- 21/04 дугаартай гэрээгээр 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй авсан. 2021.12.03-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 11,835,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,367,000 төгрөг болсон. Нийт төлбөр 29,202,000 төгрөг байна.
- 21/05 дугаартай гэрээгээр 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.4 хувийн хүүтэй авсан. 2021.12.03-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 11,505,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,301,000 төгрөг болсон. Нийт төлбөр 28,806,000 төгрөг байна.
Мөн 2020 оны 02 сарын 27-ны өдөр байгуулсан 20/03 дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй зээлж авсан. 2022.02.27-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 13,230,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,646,000 төгрөг болсон. Нийт төлбөр 30,876,000 төгрөг байна.
2023 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү 74,055,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,811,000 төгрөг, нийт төлбөр 178,866,000 төгрөг болсон. Мөн 2021 оны 03 сарын 03-ны өдөр зээлдүүлсэн зээлийг тооцоолж үзэхэд зээлийн хүүгээс 767,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 669,200 төгрөг дутуу байсныг нэмж 1,436,700 төгрөгийг нэхэмжилсэн.
1.2. Зээлийн барьцаанд Д.Г-ын өмчлөлийн 6 орон сууц барьцаалсан тул Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон гудамж ** байрны- ** тоотод байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв- талбайтай * өрөө орон сууц, тус байрны ** тоот-од байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууц, тус байрны ** тоотод байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууц, тус байрны ** тоот-од байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууц, тус байрны ** тоотод байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв- талбайтай * өрөө орон сууц, тус байрны * тоот-од байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.
Иймд хариуцагч нараас 180,302,700 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Г-ын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үнэн зөв гэж үзэхгүй байна. Эдгээр байрнаас дийлэнхийг нь хүмүүс худалдаж авсан, *** байгууллагад шалгагдаж байгаа. Д.Г уг ажлыг хариуцаж байсан. Түүнийг байлцуулж байж хэрэг маргаанаа шийдүүлмээр байна. Би хэрэг маргаан болон тооцооллын талаар нарийн сайн мэдэхгүй байна. Бид нэхэмжлэгч компаниас нийт 580,000,000 төгрөг зээлж 220,000,000 төгрөгийн хүү төлсөн, тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б О ХЗХ-нд нийт 787,000,000 төгрөгийг данс руу нь хийсэн. Энэ талаарх баримт *** байгууллагад байгаа, шаардлагатай бол шүүхэд авчирч өгч болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г- Б.Г- нараас 180,302,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б О ХЗХ-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *****, *****, *****, *****, *****, ***** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б О- ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,160,417.2 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Г- Б.Г- нараас 1,160,417.2 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б О- ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлдэг, ашгийн бус хуулийн этгээд билээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нарыг Б О ХЗХ-ны гишүүд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь бид тус хоршооны гишүүн байгаагүй бөгөөд зөвхөн зээл авахын тулд Ж.Б-гийн хэлсэн зүйлд гарын үсэг зурсан. Хэргийн баримтаас харахад хэрэв бид тус хоршооны гишүүн байсан бол улсын бүртгэлд гишүүнээр бүртгэгдсэн байх ёстой гэж үзэж байна. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ нийцүүлж шүүхэд баримтуудыг гаргаж өгсөн байсан. Энэ нь Санхүүгийн хорооноос гаргаж өгсөн баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд шүүх тус хорооноос гаргасан нотлох баримтыг хуульд зааснаар дүгнээгүй байна. Бид уг хоршоонд хадгаламжгүй байсан бөгөөд хэргийн материалаас бид уг хоршоонд их хэмжээний хувь хөрөнгө нийлүүлсэн, гишүүн гэдгээ мэдэж авсан. Хоршоо ашгийн бус гэдэг атал уг хоршоо нь арилжааны банк шиг ажиллаж байна.
4.2. Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, хэргийг хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон гуравдагч этгээд нарын уг зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгааг удаа дараа тайлбарласан ч шүүх үүнийг огт анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болж байна. Тодруулбал, уг барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдэд Д.Г- өмчлөгчийнх нь нэр дээр гэрчилгээг шилжүүлж өгөөгүй ба уг орон сууцанд худалдан авсан өмчлөгч нар амьдарч байгаа ба тэдгээр иргэдийн эрхийг үл хайхран хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.3. Шүүх хэргийг шийдвэрлэх нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал, хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зүйн зохицуулалтын дагуу уг бүртгэлийн талаар нотлох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргах эрхтэй ч хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Хэргийн материалд Б.Г- нь өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ байдаггүй бөгөөд зөвхөн өмгөөлөгч авах хүсэлт байдаг ба Р.Б өмгөөлөгч оролцох гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5.2. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гишүүнээр элсүүлсэн бөгөөд хариуцагч нар өргөдөл анкетаа өөрийн гараар бичиж нотариатаар батлуулсан, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасны үндсэн дээр хадгаламж, зээлийн үйлчилгээнд хамрагдсан. Анхан шатны шүүх хуралд Д.Г-оос та хадгаламжтай байсан уу гэх асуултад тийм гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.
5.3. 2024 оны 05 сарын 28-ны өдрийн шүүх хуралд Р.Б өмгөөлөгч Санхүүгийн зохицуулах хорооноос нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шүүх хуралдаан хойшилсон. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргаж өгсөн баримтад Д.Г- Б.Г- нарыг Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн гэдгийг баталж, манай хоршоог хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэдгийг заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар Д.Г- Б.Г- нар өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх хурал 4 удаа хойшлогдсон ба нотлох баримтаа гаргах хангалттай хугацаа байсан. Мөн 2023 оны 10 сарын 18-ны өдрөөс хойш хүү тооцохыг зогсоосон бөгөөд өнөөдрийг хүртэл 90,000,000 төгрөгийг Д.Г- Б.Г- нар хүүгүй ашиглаж байгаа ба зээлийн хүүгийн алдагдал 38,000,000 төгрөг болсон учраас зээл төлөгдөхгүй бол энэ алдагдал өсөх боломжтой. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б О ХЗХ- нь хариуцагч Д.Г- Б.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 180,302,700 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Д.Г- үндсэн зээл төлөхийг зөвшөөрч, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж, хариуцагч Б.Г- нэхэмжлэлийн талаар тайлбар гаргаагүй байна.
3. Нэхэмжлэгч Б О ХЗХ- нь хариуцагч Д.Г- Б.Г- нартай 2020 оны 02 сарын 27-ны өдөр 20/03 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг, нэг сарын 4.5 хувийн хүү, 3 сарын хугацаатай байхаар, мөн талууд 2021 оны 03 сарын 03-ны өдөр 21/01, 21/02, 21/03, 21/04, 21/05 дугаартай зээлийн гэрээнүүдийг байгуулж, гэрээ тус бүрийн зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг, хугацаа 12 сар бөгөөд зээлийн нэг сарын хүү 3.4-3.8 хувь байхаар тус тус харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч гэрээнд заасан зээлүүдийг хариуцагч нарт олгосон талаар зохигч маргаагүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн байна.
3.1. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тус тус зааснаар хадгаламж, зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох бөгөөд Б О ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн хурлын тогтоолоор Д.Г-ыг, 2018 оны 06 сарын 05-ны өдрийн хурлын тогтоолоор Б.Г-ийг тус тус гишүүнээр элсүүлсэн нь дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасантай нийцжээ.
Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 3/2085 дугаар лавлагаагаар нэхэмжлэгч хадгаламж, зээлийн хоршоо нь Д.Г- Б.Г- нар гишүүнээр бүртгэлтэй талаарх мэдээллийг Хорооны зөвшөөрлийн цахим системд 2021 оны 04 сард ирүүлсэн болох нь тогтоогдсон ба гишүүдийн бүртгэлд гарсан өөрчлөлтийг Хороонд мэдэгдэх талаар зохицуулсан Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар хадгаламж, зээлийн хоршооны гишүүнийг улсын бүртгэлд бүртгэх талаар тусгайлан зохицуулаагүй тул хариуцагч нарын гаргасан бид тус хоршооны гишүүн байсан бол улсын бүртгэлд гишүүнээр бүртгэгдсэн байх ёстой, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нарт буюу гишүүддээ зээл олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хүлээх зээлийн гэрээний үүргийг 2024 оны 04 сарын 12-ны өдрийн байдлаар тооцож, үндсэн зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү 74,822,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,480,200 төгрөг, нийт төлбөр 180,302,700 төгрөг нэхэмжилжээ.
4.1. Хэрэгт авагдсан Б О- ХЗХ 75 саяын тооцоолол, Б О- ХЗХ 15 саяын тооцоолол нэртэй баримтуудад зээлийн гэрээ тус бүрийн тооцооллыг гаргаснаас үзэхэд хариуцагч нар 20/03 дугаартай гэрээгээр зээлийн хүүнд 10,300,000 төгрөг, 21/01, 21/02, 21/03, 21/04, 21/05 дугаартай гэрээнүүдээр зээлийн хүүнд 20,883,500 төгрөг тус тус төлсөн байна. Хариуцагч талаас зээлийн хүүг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлээс татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа шүүхэд нотлоогүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү 74,822,500 төгрөг, нийт 164,822,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
4.2. Харин нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүгийн шаардлага гаргахдаа дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцэхгүй. Тодруулбал зээл тус бүрийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд талууд зээлийг гэрээний хугацааны эцэст төлөхөөр харилцан тохиролцсон байх тул гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй.
Тодруулбал 21/01, 21/02, 21/03, 21/04, 21/05 дугаартай гэрээнүүдийн хугацаанд 3,664,300 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлүүлсэн, мөн 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 сарын 03-ны өдрийн хугацаанд нийт 2,160,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тус тус үндэслэлгүй болно.
Энэ үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс 5,824,300 (3,664,300+2,160,000) төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
5. Нэхэмжлэгч Б О ХЗХ- болон хариуцагч Д.Г- Б.Г- нарын хооронд 2020 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан 20/03 дугаартай барьцааны гэрээгээр хариуцагч Д.Г-ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон гудамж ** байрны- ** тоот, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв- талбайтай * өрөө орон сууц, мөн зохигчийн хооронд 2021 оны 03 сарын 03-ны өдөр байгуулсан 21/01, 21/02, 21/03, 21/04, 21/05 дугаартай барьцааны гэрээнүүдээр хариуцагч Д.Г-ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон гудамж ** байрны- ** тоот-, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууц, мөн тус байрны ** тоотод байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууц, мөн байрны ** тоот-од байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууц, мөн байрны ** тоотод байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв- талбайтай * өрөө орон сууц, мөн байрны * тоот-од байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.
Талууд дээрх барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэжээ. Хариуцагч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй.
5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-ын өмчлөлийн нэр бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, тодорхой бичигдсэн байх учиртай. Шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгө тус бүрийн улсын бүртгэлийн дугаараас гадна эд хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ, байршил зэрэг мэдээллийг тусгах шаардлагатай. Иймд барьцаа хөрөнгүүдийн мэдээллийг бүрэн тусгасан агуулгатай өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.
5.2. Түүнчлэн шүүгчийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/12149 дугаар захирамжаар хариуцагч нараас орон сууц худалдан авсан гэх С.Ч-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ. Харин тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, гуравдагч этгээд оролцуулахтай холбогдуулан нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчоос ямар нэгэн хүсэлт шүүхэд гаргаагүй байх тул ... тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Мөн барьцааны эрхтэй холбогдуулан бие даасан шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд гаргаагүй байна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Г- Б.Г- нараас 174,478,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б О ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 5,824,300 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, түүнчлэн барьцаа хөрөнгийн мэдээллийг нэмж тусгасан найруулгын өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/03201 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г- Б.Г- нараас 174,478,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б О ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,824,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Д.Г-ын өмчлөлийн,
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон гудамж ** байрны- ** тоотод байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв- талбайтай * өрөө орон сууц,
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон гудамж ** байрны- ** тоот-од байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууц,
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон гудамж ** байрны- ** тоотод байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууц,
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон гудамж ** байрны- ** тоот-од байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууц,
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон гудамж ** байрны- ** тоотод байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв- талбайтай * өрөө орон сууц,
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** хотхон гудамж ** байрны- * тоот-од байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ** м.кв талбайтай * өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж өөрчлөн найруулж,
3 дахь заалтын ...1,160,417.2 төгрөг... гэснийг 1,030,342 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,160,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЭНЭБИШ