| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0427/Э |
| Дугаар | 444 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 444
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч С.Э
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811032080314 тоот хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй. Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-8 дугаар гудамжны 156 тоотод оршин суух хаягтай, урьд:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 800.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Соод овогт Сайхнаагийн С.Э /РД- УХ96121231/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч С.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Энь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Цэрэнбаатараас түүний эзэмшлийн УНН 4372 улсын дугаартай "Соната-5" загварын тээврийн хэрэгслийг "засаж, янзалаад, оройн цагаар хөлсөөр хүн тээвэрлээд, өглөө нь буцааж өгч байна" гэж худал хэлж хуурч аван, улмаар уг тээврийн хэрэгслийг бусдад худалдан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагын үед С.С.Эын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч В.Цэрэнбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо 2-13 тоот хашааг түрээслэн амьдардаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний түрээслэн амьдардаг хашааны эзэн Чинбаагийн дүү болох С.Э надад ахаа та надад машинаа өгөөчээ би машиныг засаад сайхан болгоод өгье би оройдоо таны машинаар халтуур хийгээд өдөр нь буцаагаад танд өгч байя гэсэн. Би хашаанд нь амьдардаг ахыг нь таньдаг болохоор өгөөд явуулсан. Тэгээд авч явсан өдрөөсөө хойш 2 хоног сураггүй алга болсон би гайхаад ахаас нь асуухад ах нь би мэдэхгүй байна залгаад өгье гээд залгаад С.Этай яриахад би тэр хүний машиныг зарсан гэж хэлээд утсаа тасалсан...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би С.Эын гэрт нь очиж байна уу гэдгийн нь харчихаад байхгүй болохоор нь буцаад автобусны буудал руу алхаж зурагтын шинэ эцсийн Сод монгол клонк дээр миний машин урд талаасаа мөргөлдүүлээд урд гүпер, крило зэрэг эд зүйлсийг сольж хийсэн байсан бас хаалганы бариулуудыг бүгдийг нь сольсон байсан мөн шинэ бүрээс худалдаж авсан байсан алга байсан. Намайг машинаа үзээд зогсож байтал нэг залуу ирээд онгойлгоод дотроос нь юм авч байхад би очоод уулзахад тэр залуу энэ машиныг би С.Э гэдэг хүнээс 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр худалдаж авсан гэсэн... .надаас машин авч явахда хааяа таны машинаар халтуур хийж байна тэгээд өдөртөө өгч байнаа эхний ээлжинд машиныг чинь сайхан засаад өгнө гэсэн. Тэгээд таг чиг алга болоод 15-16 хоногийн дараа өөрөө машинаа олж авсан... би өөрийн тээврийн хэрэгслээ 2018 оны 9 дүгээр сард хувь хүнээс 2 сая төгрөгөөр худалдаж авсан учраас тээврийн хэрэгслээ дээрх үнэлгээгээр үнэлж байна. ..одоо зөвхөн засвар үйлчилгээний мөнгө болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23,26х/,
иргэний нэхэмжлэгч Д.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын дундуур гэж санаж байна С.Энад руу өөрийнхөө 89994701 дугаарын утсаар залгаад та соната-5 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авах уу гэсэн. Тэгэхээр нь хэний машин болох талаар асуухад таньдаг ахаасаа худалдаж авсан юм та сайхан засаад янзлаад ав, та надаас гайгүй хямдхан ав гэж хэлэхээр нь зарах гээд байгаа машиныг нь харахад Соната-5 маркийн саарал өнгийн нэлээн эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл байсан бөгөөд бичиг баримтгүй байсан болохоор нь асуухад манай ахад байгаа одоохондоо өгөх боломжгүй байна, би танд дараа аваад өгнө гээд намайг шалаад байхаар нь хэдээр зарах гээд байгааг нь асуухад 500.000 төгрөг гэж хэлсэн. Тухайн үед та надад эхний ээлжинд 300.000 тегрөг өгчих тэгээд нэр усаа шилжүүлэхдээ үлдсэн мөнгөө өгч болно гэж хэлсэн. Намайг машиныг авах үед крило, хаалга, толь эвдэрсэн байснаас гадна сэв зураас ихтэй байсан. Тиймээс л хэлсэн үнээр нь авсан...Тэгээд машин авснаасаа зарим нэг зүйлийг нь янзлаад унаж үзээд зурагтын шинэ эцсийн тэнд явж байгаад түр зогсож байтал үл таних эрэгтэй ирээд миний унаж байгаа машиныг алдсан гэж хэлсэн. Ингээд тээврийн хэрэгслийг буцааж өгсөн... Би одоо С.С.Эт өгсөн 300.000 төгрөг болон дээрх тээврийн хэрэгслийг засаж янзлахад гарсан зардалд 100.000 төгрөг нийлээд 400.000 төгрөг нэхэмжилж байна. Тээврийн хэрэгслийн паарыг янзлахад 60.000 төгрөгний зардал гарсан... мотор янзлахад мөн 40.000 төгрөг болсон санаж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,
“Ухаа шүрт консалтинг" ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №12672040 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан "зах зээлийн үнэ 3 сая төгрөг, эвдэрсэн эд анги үнэлгээгээр тогтоогдсон дүн 484.600 төгрөг" /хх-ийн 14х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.С.Эыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг худал хэлж, хуурч залилан авч, өөрийн өмчлөлд шилжүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Энь хохирогч В.Цэрэнбаатарын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нийт 484.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Батбаатарт 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон, шүүгдэгчийн өөрийн болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул түүнээс нийт 884.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.С.Эт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, удаа дараа гэмт хэрэгт холбогдож буй хувийн байдал зэргийг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн түүнд урьд шүүхээс оногдуулсан торгох ялын эдлээгүй үлдсэн торгох ялыг тус тусд нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Соод овогт Сайхнаагийн С.Эыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Эт 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч С.С.Эын баривчлагдсан 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 712 /долоон зуун арван хоёр/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.С.Эт энэ тогтоолоор оногдуулсан 712 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 800 000 төгрөгийн торгох ялын эдлээгүй үлдсэн нийт 530.000 /таван гучин мянга/ төгрөгийн торгох ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С.Эаас нийт 884.000 /найман зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч В.Цэрэнбаатар /РД:ЧЕ83062176/-д 484.000 /дөрвөн зуун наян дөрвөн мянга/, иргэний нэхэмжлэгч Д.Батбаатар /РД:УИ88071696/-т 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.С.Эт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ