Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01890

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01890

 

****** нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/02045 дугаар шийдвэртэй

******- нэхэмжлэлтэй, *****-т холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 23/9-592 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 2022 оны 08 сарын 19-ний өдрийн */*** тоот тушаалаар ******- сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг манай сургууль эс зөвшөөрч тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ** дугаар шийдвэрээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 сарын 19-ний өдрийн */*** тоот тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж, хариуцагчаас энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх тушаалын нэхэмжлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

1.2. Сайдын */*** тоот тушаалыг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд тус яамнаас ******- сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж олгох, хүчингүй болгох талаар ямар нэгэн акт гараагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 2022 оны 08 сарын 19-ний өдрийн */*** тоот тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсэг хүчингүй болсон. Иймд тус шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн **** тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн *** тоот гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн.

1.3. Шүүхээс 2023 оны 05 сарын 15-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдад ** тоот мэдэгдэл хүргүүлж шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 2023 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл тогтоож, энэ хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол ажлын гурав хоногт албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, албадлагын арга хэмжээ авахыг мэдэгдсэн. *****- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа шүүхийн гүйцэтгэх захирамж, мэдэгдэх хуудас, дээрх мэдэгдлийг биелүүлэлгүй үл хэрэгсэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдад 2023 оны 05 сарын 29-ний өдөр хариу ирүүлэхийг шаардсан, албан бичиг хүргүүлсэн байдаг. Боловсрол, шинжлэх ухааны сайд шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 2022 оны 08 сарын 19-ний өдрийн */*** тоот тушаалаа хүчингүй болгоогүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан бичгийг хүлээн авснаас сар гаруйн дараа Хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай 2023 оны 04 сарын 17-ны өдрийн тушаалыг шинээр нөхөн гаргаж, 2023 оны 06 сарын 16-ны өдөр хариуцагчид ирүүлснийг хүлээн авч, энэ талаар манайд мэдэгдэлгүй дарагдуулсан ба *****-т гомдол гаргасны эцэст 2023 оны 09 сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж манай байгууллагад хариу өгсөн.

1.4. Боловсрол, шинжлэх ухааны сайд нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ** дугаар шийдвэрийг биелүүлээгүй нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай **** тоот захирамж, мөн өдрийн ***тоот гүйцэтгэх хуудас, мөн 2023 оны 05 сарын 15-ны өдрийн **тоот мэдэгдэх хуудас зэргээр батлагдана. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Боловсрол, шинжлэх ухааны сайдад 2023 оны 05 сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүйг давхар баталж байна. Иймээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын Сургалтын ажил эрхлэх К зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 2023 оны 04 сарын 17-ны өдрийн */*** тоот тушаал үндэслэлгүй бөгөөд уг тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 09 сарын 05-ны өдрийн **/*-*** тоот тогтоолыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ** дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ** дугаар шийдвэрээр ******- сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нөхцөл байдлыг дахин хянан шалгаж, шийдвэрлэх хүртэл Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 сарын 19-ний өдрийн */*** тоот тушаалын мөн сургуульд холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 сарын 19-ний өдрийн */*** тоот тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2023 оны 04 сарын 17-ны өдрийн */*** тоот тогтоолоор биелүүлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дэх заалтыг үндэслэн 2023 оны 09 сарын 05-ны өдрийн **/*-*** тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******- хариуцагч *****-т холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 09 сарын 05-ны өдрийн **/*-*** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус илт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 05 сарын 17-ны өдрийн ****** дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2023 оны 05 сарын 24-ний өдрийн *** дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Шүүхийн гүйцэтгэх хуудас болон шүүхийн шийдвэрт заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2023 оны 04 сарын 17-ны өдрийн */*** тоот тогтоолоор шүүхийн шийдвэрт заасан шийдвэрийг бүрэн биелүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 09 сарын 05-ны өдрийн **/*-*** тоот тогтоолоор дуусгавар болгосон нь хуульд нийцсэн. Энэ талаарх нотлох баримтыг шүүх авч хэлэлцэлгүй хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь тодорхой байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал давж заалдах гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Боловсрол, шинжлэх ухааны яам болон сайд нь 3 сарын хугацаанд ямар нэгэн зохих шийдвэрийг гаргаж, Захиргааны шүүхэд өгөөгүй гэх үүднээс 2023 оны 05 сарын 11-ний өдөр гүйцэтгэх хуудас бичиж, мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлж, 05 сарын 11-ний өдөр **** дугаар захирамжийг гаргасан. *****- тухайн шийдвэрийг хүлээж аваад Боловсрол, шинжлэх ухааны сайдад мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байдаг. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайд нь тухайн мэдэгдэх хуудсыг хүлээж авснаар дээр дурдсан 04 сарын 17-ны өдрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаалыг хүргүүлэхэд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 3 сарын дараа шийдвэр гүйцэтгэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелсэн гэх хариу өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаалыг гүйцэтгэсэн гэх байдлаар нэхэмжлэгч талд хариу өгсөн ба энэ асуудал шүүхээр жил гаруй хугацаанд явж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан, шийдвэр гүйцэтгэх байгууллага үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль нь хариуцагч *****-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2023 оны 09 сарын 05-ны өдрийн **/*-*** тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль нь түүний сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 сарын 19-ний өдрийн */*** тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/00** дугаар шийдвэр гарчээ.

Уг шийдвэрт ******- сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нөхцөл байдлыг дахин хянан шалгаж, шийдвэрлэх хүртэл Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 сарын 19-ний өдрийн */*** тоот тушаалын тус сургуульд холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 сарын 19-ний өдрийн */*** тоот тушаалын Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд холбогдох хэсэг хүчингүй болох, шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаа нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Дээрх шийдвэрт 2023 оны 05 сарын 11-ний өдөр ****** дугаар гүйцэтгэх хуудас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс бичигдэж, 2023 оны 05 сарын 17-ны өдөр ********* дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн Сургалтын ажил эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай */*** тоот тушаалаар Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд олгосон сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 2023 оны 04 сарын 17-ны өдрөөс эхлэн хүчингүй болгожээ. Тус баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлснийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 сарын 05-ны өдрийн **/*-*** тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хариуцагчийн дээрх тогтоолыг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж марган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ хэргийн харьяалал зөрчсөн, улмаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантайнийцээгүй гэж давж заалдах шүүхээс дүгнэлээ.

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулсан бол мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мөн хуулийн 14 дүгээр бүлэгт болон Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмаар явуулахаар хуульчилжээ.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн ийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүх өөрийн гаргасан шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа зэргийг заахаар хуульчилсан байна.

Ийнхүү захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх арга, журмыг хуульд тухайлан заасан зохицуулалтын агуулгаас үзвэл захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан тодорхой арга хэмжээ, гаргасан шийдвэрийн талаархи гомдол нь иргэний хэргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарахгүй.

5.2. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас тусад нь өөр арга, журмаар явуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд тусгайлан зохицуулсан тул уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмын хүрээнд адилтган ойлгох, иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй юм.

Иргэний хэргийн шүүх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар гаргасан шийдвэрийнхээ заавал биелэгдэх эрх зүйн үр дагавар, шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой процесс ажиллагааны талаархи гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан харьяаллын дагуу хянан шийдвэрлэх журамтай.

Иймээс захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан тодорхой арга хэмжээ, гаргасан шийдвэрийн талаархи гомдол нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэргийн харьяалалд хамаарахгүй, харин тухайн шийдвэрийг гаргасан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх эрх зүйн маргаан гэж үзэхээр байна.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль нь захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлыг иргэний хэргийн шүүхэд гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Шүүх уул нэхэмжлэлийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байна.

Иймээс ******- нэхэмжлэлтэй, *****-т холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2023 оны 09 сарын 05-ны өдрийн **/*-*** тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/02045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******- нэхэмжлэлтэй, *****-т холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2023 оны 09 сарын 05-ны өдрийн **/*-*** тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ