Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 202/МА2024/00027

 

 

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2024/00329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * холбогдох,

872,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, О.Б/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Түрээслүүлэгч буюу * нь хариуцагч Д.Э2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ТГ/22/370 дугаартай түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулж манай нийгэмлэгийн газарт өөрийн өмчлөлийн дэлгүүр буюу зөөврийн сууцыг байршуулан түрээсээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн.

Дээрх түрээсийн гэрээний 8.4.11 дэх заалтад түрээслүүлэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болсон, эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээсийн хөрөнгийг 5 хоногийн дотор түрээслүүлэгчид актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан. Д.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг хугацаанаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цуцлах хүсэлт ирүүлсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл түрээсийн хөрөнгийг чөлөөлж өгөөгүй дэлгүүрээ байршуулсаар байна.

Бид Д.Э 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байсан тул 2023 оны 09 сарын 22-ны өдөр танай шүүхэд 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 09 сарын 20-ны өдрийн хоорондох түрээсийн төлбөр, алдангид нийт 1,650,200 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргасан ба Д.Э нь нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч, талууд эвлэрснийг шүүгч 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 136/ШШ2023/00529 дугаартай захирамжаар баталж шийдвэрлэсэн. Улмаар Д.Э нь шүүхийн шийдвэрийн дагуу түрээсийн төлбөр, алдангид нийт 1,625,200 төгрөгийг 2023 оны 11 сарын 30-ны өдөр манай нийгэмлэгт бүрэн төлж барагдуулсан боловч 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш дээр дурдсанчлан түрээсийн хөрөнгийг чөлөөлж өгөөгүй. Түрээсийн хөрөнгийг бидний эзэмшилд буцааж өгөхгүй байсан учраас бидний зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.Э 2 шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичигт 1 дүгээрт нь манай түрээсийн хөрөнгийг чөлөөлж, бид нарын эзэмшил ашиглалтад буцаан шилжүүлж өгнө үү. 2 дахь зүйл нь дээрх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших түрээсийн төлбөр гэж гараад байгааг төлнө үү гэдэг шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д.Э хувьд манай хөрөнгийг чөлөөлж өгсөн.

Хэрэв Д.Э нь манай нийгэмлэгийн эзэмшлийн хөрөнгийг түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш 5 хоногийн дотор чөлөөлж өгсөн байсан бол бид тус хөрөнгийг бусдад түрээслэн ашиг орлого олох бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 сарын 10-ны өдрийн хооронд хөрөнгийг нэг сарын 120,000 төгрөгөөр бусдад түрээслэн ашиг орлого олох боломжтой байсан юм. Иймд Д.Э 2024 оны 09 арын 20-ны өдрөөс 2024 оны 04 сарын 10-ны өдрийн хооронд хөрөнгийг бусдад түрээслэн УБТЗ ХНН-ийн олох байсан ашиг орлого болох 872,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Газрын тухайд түрээсийн зүйл болсон 12м2 газар гэдэг нь үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгийг газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу Улаанбаатар төмөр зам ашиглаж байгаа. Энэхүү ашиглах эрхтэй газрыг гуравдагч этгээдэд ямар нэгэн байдлаар ашиглуулах, түрээслэх зэргийг хориглосон заалт байхгүй. Ямар ч хуулиар хориглоогүй. Магадгүй тусгай хэрэгцээний, ойн сан бүхий тохиолдолд хязгаарлагдмал буюу төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр дамжуулан ашиглуулах байдал гарч магадгүй. Энэ 12м2 квадрат газрыг бусдад ашиглуулахад ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Бид нар гэрээний дагуу ашиглах, ашиглуулах бүрэн эрхтэй. Хориглосон зохицуулалт байхгүй.

Ерөнхийдөө нэхэмжлэлийн шаардлагын хууль эрх зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 326.2 дахь хэсэгт түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардана гэж заасан. Тэгэхээр түрээслэгч тал буюу хариуцагч Д.Э зүгээс түрээсийн хөрөнгийг буцааж манайд өгөөгүй учраас Иргэний хуулийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нийгэмлэг шаардах эрхтэй байгаа юм. гэжээ.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т заасныг баримтлан *-ын Д.Э 872,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,478 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манайх түрээсийн хөрөнгийг бид нарт хүлээлгэж өгөөгүйгээс үүссэн зардлыг нэхэмжилж байхад түрээсийн хөрөнгө юу болохыг тогтоохгүйгээр буюу нэхэмжлэгч талаас тодруулахгүйгээр газар гэж ойлгоод газартай холбоотойгоор шүүхийн шийдвэрээ үндэслэж гаргасан байдаг. Энэ шийдвэрийг гаргахын өмнө тухайн түрээсийн маргааны гол зүйл болоод байгаа түрээсийн хөрөнгө нь юу юм бэ? Энэний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй юм уу гэдгийг тодорхойлсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлтэй. Тэгэхлээр тухайн түрээсийн хөрөнгө нь Улаанбаатар төмөр замын хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар дээр байрлаж байгаа 12 м2 талбай байгаа. Үүнийг анхан шатны шүүх тодруулахгүйгээр газрын талаар асуусаар байгаад л шүүх хуралдааныг дуусгасан. Энэхүү талбай нь болохоор зорчигчийн тавцан дээр байрладаг талбай буюу газар ашиглах гэрчилгээний дагуу ашиглаж байгаа манай зурвас газар, тэрний дээр байрлаж байгаа талбай. Тэгэхлээр газар гэж явсаар байгаад энийг шийдчихсэн анхан шатны шүүхийн хууль эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь харагдаад байгаа юм.

Иргэний хуулийн 102.3 дахь хэсгийг үндэслээд газар өмчлөгч нь газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэсэн заалтыг үндэслээд хэргийг шийдвэрлэчихсэн. Манайх энэ газрын өмчлөгч биш өмчлөгч биш буюу ашиглагч гэдэг баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байтал хуулийг буруу тайлбарлаж хэрэглээд хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглээд хэргийг шийдвэрлэчихсэн. 3 дугаарт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмууд гэж байгаа. Энэ зарчмууд дээр шүүгч гагцхүү хуульд захирагдаж шүүхийн шийдвэрээ гаргана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн мэтгэлцэх зарчим дээр үндэслэн явагдана. Хуулийн зорилт дээр иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна гэсэн. Мөн хууль дээр болбол 72.3 дахь хэсэг хэрвээ шүүхэд ирж хариуцагч тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, тооцно гэдэг заалттай байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагч тал манай гаргасан нэхэмжлэлтэй холбоотой маргаагүй. Талуудын хооронд ямар нэгэн мэтгэлцээн өрнөөгүй байхад өөрийн зүгээс дур мэдээд хуулийн үндэслэл гаргаад, буруу дүгнэлт өгөөд шүүхийн шийдвэр гаргасан байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн миний хэлсэн дээрх заалтууд болоод Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т заасан шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэсэн заалтыг зөрчсөн. Үүнээс манай гаргасан 3 үндэслэл дээр би дээр нь нэмээд өнөөдрийн шүүх хуралдаанд нэмж хэлэх 1 үндэслэл Төмөр замын тээврийн тухай хууль гэж байгаа. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27.7 дахь хэсэг төмөр замын байгууллага нь төмөр замын зурвас газарт төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд төмөр замын зурвас газрыг түрээслүүлэн ашиглуулж болно гэдэг заалт байгаа юм. Хэрэв анхан шатны шүүх манай талбай байтал талбай газар гэдгээр ойлгож, асуулт асуусаар байгаад шүүхийн шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрээ үндэслэх ёсгүй хуулийн заалтыг буруу тайлбарлаад шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болоод Үндсэн хуулийг зөрчиж шийдвэрлэчихсэн учраас хууль үндэслэлгүй шүүхийн шийдвэр болсон. Газар гэж талаар тайлбарлах юм бол Төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу Төмөр замын байгууллага буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь өөрийн хууль ёсны дагуу эзэн, ашиглаж байгаа газраа бусдад түрээслүүлэн ашиглуулж болно гэдэг заалт байсаар байтал анхан шатын шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэв.

 4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэмэлт тайлбарын хувьд иргэний эрх зүйн харилцаа гэдэг бол маргааны эрх зүйн харилцаа, талуудын хооронд маргаан байхгүй. Өөрөөр хэлбэл 72.3-д зааснаар 14 хоногийн дотор хариу тайлбар ирээгүй, шүүх хуралдаанд ирээгүй бол шүүхийн шийдвэр, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуулийн заалттай. Тэгэхлээр талуудын хооронд маргаангүй асуудлаар шүүгч хөндлөнгөөс нэмэлт хууль зүйн үндэслэл хийж байгаа нь өөрөө иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг зөрчөөд байгаа юм. Талууд маргаангүй асуудал. Талууд энэ асуудлаар урьд нь шийдвэрлэхдээ эвлэрээд энэ төлбөрийг төлөх ёстой юм гэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд өмнө нь нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүгч өөр дүгнэлт хийж болохгүй. Өмнөх шүүхийн шийдвэрээ үгүйсгэсэн юм шиг өөрөө дур мэдэж шийдвэр хийж байгаа нь өөрөө Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг зөрчиж байгаа юм. Дээр нь нэгэнт шүүхээр нотлогдсон үйл баримтыг үгүйсгэж байгаа нь шүүгч шүүхээ үгүйсгэж байна гэдэг ийм зарчимд үндэслэгдээд байна гэж байгаа юм. Тэгэхлээр яг энэ асуудлыг энэ шүүгч өөрөө урьд нь шийдвэрлэсэн. Өөрөө шийдвэрлэсэн хэрэг дээрээ өөр үндэслэл заагаад ахиад өөрөөр шийдээд явах юм бол хууль ёсны байх, хуульд захирагдах гэдэг шүүгчийн ариун үүрэг зөрчигдөөд, шударга ёсны төлөөлөл байх шударга ёсны зарчмуудыг үгүйсгэх шийдвэр болчихоод байгаа юм. Энэ өөрөө үндэслэлгүй байна гэж. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан эрх зүйн харилцаа гэдэг ойлголтоор нь ойлгож үзнэ гэвэл энэ дээр буруу дүгнэлт өгчээ гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөөч. Яахлаараа төрийн өмчийн байгууллага дээр хохироосон шийдвэрийг санаатай гаргаж байгаа нь Улаанбаатар төмөр замын зүгээс гомдолтой байна гэж байгаа юм. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж, шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон гэж үзэв.

Тухайлбал нэхэмжлэл болон хэрэгт буй нотлох баримтуудыг харьцуулан, эх сурвалжийг магадлан үзэхэд:

1.Нэхэмжлэгч * нь хариуцагч Д.Э холбогдуулан ...эзэмшлийн хөрөнгийг чөлөөлж өгөөгүйгээс УБТЗ ХХН-т орох байсан ашиг орлого 872,000 төгрөгийг гаргуулах буюу 2023.09.20-2024.04.10-ны өдрийн хооронд хөрөнгийг нэг сарын 120,000 төгрөгөөр бусдад түрээслэн ашиг орлого олох байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба шаардлагаа ...Сайншанд өртөөний дарга Д.Б, иргэн Д.Э нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, түрээслэгчийн хөрөнгө, Сайншанд өртөөний зорчигчийн тавцан дахь 12 м 2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө болохыг нотолсон 000342954 гэрчилгээний дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ зэрэг баримтад үндэслэсэн.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

2.Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан худалдаа, үйлчилгээний зориулалттайгаар ашиглах талбайн түрээсийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй, зохигч маргаагүй зүйл болох УБТЗ-ын газар эзэмших, ашиглах эрхэд хамаатуулан хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ба нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч шүүхэд гаргах эрхтэй гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимтай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл талуудын мэтгэлцээгүй үндэслэлийг шүүх өөрийн санаачилгаараа гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.5-д заасан шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой байж болох ашиглах эрхийн зөвшөөрөлтэй тусгай зурвас газарт хамаарах 12м2 талбайг бусдад худалдаа, үйлчилгээ явуулах зориулалтаар түрээслэх эрх хэмжээг, эрх бүхий байгууллагаас олгосонтой холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй зөв тодорхойлж, тогтоох улмаар талуудын хүлээн зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй үйл баримтыг тогтоож, маргааны зүйлийг тодорхойлох учиртай.

Цаашлаад анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлууд ямар нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон эсэх эсхүл тогтоогдоогүй талаар зохигчоос тодруулж, тэдгээр нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангагдана.

4.Хэдийгээр хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэдэг учиртай.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг шийдвэрлэх нь үндэслэл бүхий шийдвэр гаргахад ач холбогдолтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, энэ үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Давж заалдсан гомдлыг хангасан тул ийнхүү гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг 25,478 буцаан олгох нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.2, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2024/00329 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,478 төгрөгийг төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

 

 

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА