Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 235

 

 

2017.4.6                                               № 235                                    МАГАДЛАЛ

 

Н.Ганжигүүрт холбогдох эрүүгийн

хэргийн тухай 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд; 

Прокурор Б.Энэрэл,

Ялтан Н.Ганжигүүр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Ганжигүүрийн гаргасан давж заалдах гомдолтой, түүнд холбогдох 201526012399 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Содномынхон овогт Нармандахын Ганжигүүр, 1989 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн Дэлгэрхааны Царам гудамжны 2-4 тоотод оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 12 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Н.Ганжигүүрийг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 7 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:МО89100717/,

Н.Ганжигүүр нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 11-25 тоот Б.Отгонбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын гудамжинд Х.Эрдэнэбатын эзэмшлийн “Sonota 3” загварын, 29-88 УНИ улсын дугаартай автомашины эд зүйлийг санаатайгаар эвдэж гэмтээснээс 257.000 төгрөгийн хохирол учруулсан, Н.Түмэндэлгэрийн эзэмшлийн “Porter” загварын, 85-82 УНХ улсын дугаартай автомашины эд зүйлийг санаатайгаар эвдэж гэмтээснээс 102.000 төгрөгийн хохирол учруулан догшин авирлаж танхайрсан,

Дээрх хэргийг шүүхээр шийдвэрлэх шатанд шүүхээс түүнийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эх М.Болормаагийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг зөрчин, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийж, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Н.Ганжигүүрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар  Н.Ганжигүүрийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Н.Ганжигүүрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.Ганжигүүрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Н.Ганжигүүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  2 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2  жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Н.Ганжигүүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар  хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Ганжигүүрийн эдлэх 4 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 32 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Ганжигүүрээс 1.859.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Отгонбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Х.Эрдэнэбатад 257.000 төгрөг, хохирогч Н.Түмэндэлгэрт 102.000 төгрөгийг тус тус олгож, Н.Ганжигүүрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Н.Ганжигүүр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хулгайн гэмт хэргийг үйлдээгүй, уг хэргийг Ганболд овогтой Эрхэмбаяр гэх залуу үйлдсэн учир энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Уг хулгайн хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Ж.Батсайхан намайг “чи энэ хэргийг авчих, Г.Эрхэмбаяр бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байгаа, чи хөлд нь чирэгдэж олон жилийн ял авна” гэж хэлэхээр нь би айгаад хүлээсэн. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Г.Эрхэмбаяр намайг дуудахаар нь очиход нэг зурагт хажуудаа тавьчихсан хүлээж байсан ба надаас “бичиг баримт чинь байна уу, үүнийг ломбарданд тавих хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь өөрийнхөө иргэний үнэмлэхээр ломбарданд тавьж өгөхөд надад 50.000 төгрөг өгсөн. Гайхаад ямар учиртай зурагт юм бэ гэхэд хулгайн зүйл, асуудалгүй би өөрөө аргална гэж хэлсэн учир дахин шалгаж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан хурууны хээ, гутлын мөр зэрэг нь минийх биш Г.Эрхэмбаярынх юм. /гутлын размер 38-39 хх-37-38, өндөр 160-165 см/ Миний өндөр 174 см, гутлын размер 41 юм. Мөн хэрэгт Г.Эрхэмбаярын хурууны хээ байгаа. Иймд хийгээгүй хэрэгт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байх тул хэргийг үнэн зөвөөр дахин шалгаж өгнө үү...” гэв. 

Ялтан Н.Ганжигүүрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Н.Ганжигүүрт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй...” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Н.Ганжигүүрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Н.Ганжигүүр Эрхэмбаяртай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж давж заалдах гомдол гаргасан боловч хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй. Тэрээр цагдан хорих ангид 200 гаруй хулгайн үйлдэлтэй, Эрхэмбаяр гэгчтэй танилцсан юм шиг байсан. Н.Ганжигүүр зурагт хулгайлсан үйлдлээ мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны явцад заасан бөгөөд өөрөө ломбарданд тавьсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Н.Ганжигүүр нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 11-25 тоот Б.Отгонбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Отгонбаярын “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр, охины хамт өглөө 06 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад охиноо сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа явсан. Орой 21 цаг 30 минутын орчим гэртээ ороход том өрөөнд байсан зурагт алга болсон байхаар нь өрөөнүүдийнхээ гэрлийг асаагаад цонхнуудаа шалгахад баруун тийш харсан 3 цонх онгорхой байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийгээд явсан. Гэрээс зурагт л авсан байсан...” /хх-28/,

Гэрч Б.Цэрэгмаагийн “...Тэр өдөр хувцасаа угаахаар Б.Отгонбаяраас гэрийнх нь түлхүүрийг аваад 14 цагийн орчим гэрт нь очиж хувцасаа угаачихаад 17 цагийн үед гэрээс нь  гарч харьсан. Намайг ороход том өрөөнд зурагт байсан. Цонхнууд нь бүгд хаалттай байсан...” /хх-29/,

Гэрч О.Эрдэнэбулганы “...Намайг тэр өдөр “Марал” ломбарданд ажиллаж байхад Нармандахын Ганжигүүр гэсэн бичиг баримттай хүн “Samsung” брендийн 42 инчийн LED зурагтыг 10 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Уг зурагтыг 10 хоногийн дараа ямар хүнд зарж борлуулан ломбардыг хохиролгүй болгосныг сайн мэдэхгүй байна. Зээлийн гэрээнд бичигдснээр 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 348.000 төгрөгөөр зарж борлуулсан нь харагдаж байна...” /хх-82-83/,

Н.Ганжигүүрийн сэжигтнээр өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим гэрээсээ гараад найз Галбадрахтай уулзчихаад 18 цаг өнгөрөөгөөд гарсан. Тухайн үед гэгээ тасарсан байсан бөгөөд цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаа онгорхой байхаар нь хаалгыг тогшиход хүн байхгүй болохоор нь цонхыг нь түлхэж ороод том өрөөнийх нь мөлхөө тавиур дээр байсан зурагтыг нь аваад орсон цонхоороо гарсан. Тэр айл машин замтай ойрхон байсан болохоор хашааны буланд зурагтаа тавиад замаас такси барьж, “Хархорин” зах дээр байх “Марал” гэх ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 350.000 төгрөгөөр тавьсан. Тухайн үед мөнгөний асуудал ихтэй, мөнгө олох зорилгоор айлаас зурагт хулгайлсан юм...” /хх-95-96, 101-102, 194/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-79-81/, барьцаат зээлийн гэрээ /хх-128/ зэрэг нотлох баримтуудаар,

Мөн Н.Ганжигүүр нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын гудамжинд Х.Эрдэнэбатын эзэмшлийн “Sonota 3” загварын, 29-88 УНИ улсын дугаартай автомашины эд зүйлийг санаатайгаар эвдэж гэмтээснээс 257.000 төгрөгийн хохирол, Н.Түмэндэлгэрийн эзэмшлийн “Porter” загварын, 85-82 УНХ улсын дугаартай автомашины эд зүйлийг санаатайгаар эвдэж гэмтээснээс 102.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Х.Эрдэнэбатын “...2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим “Sonota 3” загварын, 2988 УНИ улсын дугаартай автомашинтайгаа Тахилтад байх гэр лүүгээ явж байтал Орбитын тойрог руу өгсөх замд машин маань гэнэт унтараад асахгүй байхаар нь дүү Х.Ууганхүүг чирээд өгөөч гэж гуйсан. Х.Ууганхүү удалгүй өөрийнхөө цэнхэр өнгөтэй “Porter” загварын, 85-85 УНХ улсын дугаартай автомашинтай ирээд чирээд явж байтал өсгүүр газар хий эргээд дийлэхгүй байхаар нь хоёр машинаа зам дээр үлдээгээд хажуу айлынхаа залууг гуйж хамжиж чирүүлье гэж бодоод яваад эргээд иртэл зам дээр байсан хоёр машины хоёулангийнх нь гэрэл асчихсан байхаар нь гайхаад очтол чирч явсан “Porter” машины кабинд нэг согтуу залуу суучихсан байхаар нь “юу болж байгаа юм бэ, буу” гэхэд цонхыг нь түгжчихээд “та нар зайл” гээд байсан. Тэгээд цагдаад дуудлага өгч, цагдаа нар ирээд миний машиныг онгойлгоод хартал жолооч талын хаалганы хөмсөгийг нь хуу татсан байдалтай, хөгжим байдаг хэсгийг бүгдийг нь эвдлээд кропны режакыг хажуу тийш нь муруйлгаад доод талын мөрийг нь хугалсан байсан. Мөн “Porter”-ийн хаалгыг хөшиж эвдээд урд талын хайрцагийг нь эвдээд дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. Тэр залууг огт танихгүй. Тухайн үед хоёр машиныг хоёуланг нь түгжээд явсан байсан. Нийт 359.000 төгрөгийн хохирол учруулсан...” /хх-59-60/,

Хохирогч Н.Түмэндэлгэрийн “...2015 оны 12 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим манай нөхөр Х.Ууганхүү, Х.Эрдэнэбат ахын машиныг чирч яваад Тахилтад өгсүүр газар луу явахгүй болохоор нь өөр машин авчирахаар машинаа түгжиж орхиод 5-10 минутын дараа очиход машинд нь танихгүй хүн сууж байсан гэсэн. Түүнийг машинаас гаргах гэтэл гарахгүй болохоор нь цагдаа дуудаж гаргуулахад машины жолооч талын хаалгыг хөшиж онгойлгоод урд хайрцагны тагийг нь хугалаад доторх эд зүйлийг нь цонхоор гаргаж хаясан байсан гэсэн...” /хх-63/,

Гэрч Х.Ууганхүүгийн “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай хамаатан Х.Эрдэнэбатын машин эвдрээд Хүнс трейдийн хажууд байх “Монсуль” шатахуун түгээх станцын хажуугаас чирч Тахилт руу гэр лүү нь хүргэж өгсөн. Тахилт руу явж байтал миний машин дийлэхгүй хий эргээд зогссон. Тэгээд бид хоёр машинаа орхиод өөр машин авчирахаар явсан. Ойролцоогоор 20 минут орчим болоод машин дээрээ иртэл нэг согтуу залуу миний машинд суучихсан машиныг маань асаачихсан байсан. Түүнийг буу гэтэл хаалгаа дотроос нь түжчихээд буухгүй миний машиныг хий эргүүлээд ард байсан машиныг мөргөөд байсан. Тэгээд цагдаа дуудсан. Миний машины урд хайрцаг, жолооч талын хаалга зэргийг эвдсэн байсан. Уг машин манай эхнэр Н.Түмэндэлгэрийн эзэмшилд байдаг...” /хх-62-63/,

Гэрч Д.Батгэрэлийн “...2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 22-23 цагийн орчим Сэлбэ-10 буюу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрээс уг дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын задгай гудамжинд “хүмүүс маргалдаад байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад цэнхэр өнгийн “Porter”, ногоон өнгийн “Sonota” загварын автомашинууд цувраад зогсчихсон гадна нь 3-4 эрэгтэй хүн байсан. Юу болсон талаар асуухад нэг залуу миний машинд согтуу залуу суучихаад хаалгаа тайлж өгөхгүй дотроос нь цоожилчихоод байна гэж хэлсэн юм. Тэгээд нөгөө машин дээр нь очоод гар чийдэн тусгаад “цагдаа байна, хаалгаа тайл” гэхэд хаалгаа тайлсан. Тэгээд түүнийг хэлтэс дээр авч ирээд саатуулсан. “Porter” машины салон болон хаалгыг нь эвдээд толийг нь хагалчихсан, “Sonota” загварын машины дотор салон, хөгжимний хэсэг болон кропны речак зэргийг нь эвдсэн байсан...” /хх-87/,

Н.Ганжигүүрийн сэжигтнээр өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Тахилтад Машаатай Галаагийн машинд нэг шил архи, нэг том пиво уугаад тэднээс салаад гэр лүүгээ харьж явахдаа нэлээн согтсон байсан учир тухайн үеийн үйлдлийн зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Нэг ухаан ороход ачааны портер загварын машин дотор суучихсан, гадаа олон хүмүүс дуугараад байхаар нь айгаад цагдаа ирэхээр бууна гэсэн.  Тэгээд цагдаа нар ирэхээр нь буусан…” /хх-95-96, 101-102, 194/ гэх мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-54-55/,  автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-69-72/ зэрэг нотлох баримтуудаар,

Мөн Н.Ганжигүүр нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийж, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Гэрч М.Болормаагийн “...Тухайн үед Н.Ганжигүүр гэртээ хүүхэд харангаа шүүхэд очиж бүртгүүлээд явсан ба би хохирогчийн хохирлыг барагдуулахаар ажилд орсон байсан. Тэгтэл тэрээр гэрээсээ гараад 2 хоног ирээгүй. Тэгээд би ажлаасаа гараад хүүгээ аваад нөхөртэйгээ Багануур луу сар гаруй ажил хийхээр явсан. Би Н.Ганжигүүрийг хаагуур юу хийж явсныг мэдэхгүй...” /хх-185/,

Гэрч Н.Мэндбаярын “...Манай ах манайд 2016 оны 12 дугаар сарын эхээр ирсэн. Тэрээр ирэхдээ Сүхбаатар аймагт барилгын ажил хийж байгаад ирлээ гэсэн. Өөр зүйл яриагүй. Би түүнийг хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй нэг удаа ярихдаа хүний машин эвдсэн, хэрэг нь шийдэгдсэн гэж ярьж байсан...” /хх-186/,

Гэрч Т.Сэргэлэнгийн “...Эрдэнэтээс галт тэрэг хөдлөөд Хөтөл орох гээд явж байх үед нийтийн вагонд “цонх хагалчихлаа” гэх дуудлага ирсний дагуу 5 дугаар вагонд очиж сэжигтэй этгээдүүдийн баримт бичгүүдийг нэг бүрчлэн шалгаж үзэхэд Нармандахын Ганжигүүр гэгч нь регистрийн дугаараа буруу хэлж, бичиг баримтгүй тасалбар авч суусан байсан. Төмөр замын цагдаагийн газар луу ярьж овог, нэр, бичиг баримтыг нь шалгахад эрэн сурвалжилж байсан нь тогтоогдож, түүнийг хуяглан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Батсайханд хүлээлгэн өгсөн. Тухайн үед Н.Ганжигүүр ганцаараа явж байсан...” /хх-187-188/,

Н.Ганжигүүрийн сэжигтнээр өгсөн: “...Би ямар нэгэн шалтгаангүйгээр өөрөө санаатайгаар шүүхээс оргон зайлсан. Энэ хугацаанд Сүхбаатар аймагт барилгын ажил хийж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод ирээд хоёр хоноод Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу дүү Н.Мэнд-Амарын гэрт очсон...” /хх-95-96, 101-102, 194/ гэх мэдүүлгүүд, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-88-93/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар батлан даагчид торгууль ногдуулах тухай шүүгчийн захирамж /хх-166/, албадан ирүүлэх ажиллагааны тухай тэмдэглэл, бүртгэл /хх-168-170/, батлан даалтын хүмүүсийн бүртгэл /хх-171/, эрэн сурвалжлалтын бүртгэл /хх-177-180/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогджээ. 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж нотолсон шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд цугларсан нотлох баримтуудын хүрэлцээ хангалттай, эдгээр хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар Н.Ганжигүүр нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна.

Түүнчлэн Н.Ганжигүүрийг танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэх гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүхэд ялтан Н.Ганжигүүрийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Н.Ганжигүүр “...Би хулгайн гэмт хэргийг үйлдээгүй, уг хэргийг Ганболд овогтой Эрхэмбаяр гэх залуу үйлдсэн, хэрэгт авагдсан хурууны хээ, гутлын мөр түүнийх тул энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь хохирогч Б.Отгонбаяр “...Орой 21 цаг 30 минутын орчим гэртээ ороход том өрөөнд байсан зурагт алга болсон байсан...”, гэрч Б.Цэрэгмаа “...17 цагийн үед Б.Отгонбаярын гэрээс нь гарсан. Намайг ороход том өрөөнд зурагт байсан...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд Н.Ганжигүүр “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим гэрээсээ гараад найз Галбадрахтай уулзчихаад 18 цаг өнгөрөөгөөд гарсан. Тухайн үед гэгээ тасарсан байсан бөгөөд цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаа онгорхой байхаар нь хаалгыг тогшиход хүн байхгүй болохоор нь цонхыг нь түлхэж ороод том өрөөнийх нь мөлхөө тавиур дээр байсан зурагтыг нь аваад орсон цонхоор гарсан...” гэсэн мэдүүлгээр тухайн үед хохирогч Б.Отгонбаярын гэр эзэнгүй байсан цаг хугацаатай тохирч байгаагаас гадна Н.Ганжигүүрийн сэжигтнээр өгсөн “...Хархорин зах дээр байх “Марал” гэх ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 350.000 төгрөгөөр тавьсан. Тухайн үед мөнгөний асуудал ихтэй, мөнгө олох зорилгоор айлаас зурагт хулгайлсан юм...” гэх гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь гэрч О.Эрдэнэбулганы “...Намайг тэр өдөр “Марал” ломбарданд ажиллаж байхад Нармандахын Ганжигүүр гэсэн бичиг баримттай хүн “Samsung” брендийн 42 инчийн LED зурагтыг 10 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэгтэй нийцэж байх бөгөөд ялтны мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа явсан гэдгээ мэдүүлсэн дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Ганболд овогтой Эрхэмбаяр гэгчийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлгүй байх тул ялтан Н.Ганжигүүрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Ганжигүүрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                           Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                Н.БАТСАЙХАН