Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1215

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 24                    Дугаар 1215                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03982 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

"ХХХ" ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0199 дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний 7.1 дэх хэсэгт, "Талууд энэхүү гэрээг байгуулснаас хойш үүссэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал /үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа болон бусад аюул, дайны болон онц байдал зарласан, улсын хилийг хааснаас гадаад материал нийлүүлэлт тасарсан, цахилгаан дулааны холболт саатсан гэх мэт/-ийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадахгүйд хүрвэл хариуцлагаас чөлөөлөгдөнө. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцыг хугацаанд хүлээлгэн өгч чадахгүй тохиолдолд уг нөхцөл байдлыг арилгах хүртэл хугацаанд талууд гэрээнд заасан хугацааг өөрчилж болно" 7.2 дахь хэсэгт "Байгалийн гамшиг болон Улаанбаатар хотын төвийн эрчим хүч, дулаан зам харилцааны хүндрэл, гэмтлийн улмаас барилгын ажил саатсан тохиолдолд гүйцэтгэгч тал нь захиалагч талын өмнө аливаа хариуцлага хүлээхгүй..." гэсэн хуульд үл нийцэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, алданги 17 603 168 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ХХХ" ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 0199 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт ХХХХХХХХХХХ тоот, 2 өрөө, 37.28 м.кв талбай бүхий орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцож, урьдчилгаа 30.05 хувийг төлбөр болох 11 600 000 төгрөгийг мөн өдрөө хариуцагчид төлсөн. Харин төлбөрийн үлдэгдэл 27 003 440 төгрөгийг гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар барилгын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн гэрчилгээ гарсан тохиолдолд 1 сарын дотор банкны зээлд хамрагдан төлөхөөр тохиролцсон. Хариуцагч "ХХХ" ХХК гэрээний 1.5 дахь хэсэгт зааснаар орон сууцыг 2014 оны 1-ээс 2 дугаар улиралд ашиглалтад оруулж, захиалагч талд 100 хувь хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Хариуцагч "ХХХ" ХХК-ийн борлуулалтын менежер ХХХ 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр утсаар холбогдож барилгын гүйцэтгэлийн 80 хувийн гэрчилгээ гарсан талаар мэдэгдсэн. Улмаар Худалдаа хөгжлийн банкны эдийн засагчтай орон сууцны зээлд хамрагдаж болох эсэх талаар асуухад 8 хувийн зээлтэй иргэнд дахин 8 хувийн зээл олгохгүй гэсэн тул сарын дотор төлбөр төлөх үүргээ биелүүлэх зорилгоор гэрээний 2.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулах саналыг хариуцагч талд 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр тавьсан. Хариуцагч "ХХХ" ХХК гэрээний саналыг хүлээн авч 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 0199 дүгээр нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээний 1.3.1, 1.3.2-т заасны дагуу    21 000 000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр, 15.5 хувь буюу 6 003 440 төгрөгийг орон сууцны түлхүүрийг гардаж авахдаа төлөх үүрэг хүлээсэн. Захиалагч нь гэрээний 1.3.1-д хуульд заасан үүргээ хугацаандаа биелүүлсэн болно. Харин талууд гэрээ байгуулахдаа гэрээний 1.1 дэх хэсэг 1.2 дахь хэсэгт заасан орон сууцыг гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлэж өгнө" гэж гол зорилго тодорхойлсон. Гэвч хариуцагч орон сууцыг гэрээний 1.5 дахь хэсэгт заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Иргэний хуульд зааснаар давагдашгүй хүчин зүйлс гэдэгт гэрээний талууд урьдчилан мэдэх боломжгүй, өөрсдийн болон гуравдагч этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс үл шалтгаалсан байгалийн хүчин зүйлсийн нөлөөг хэлдэг. Энэ нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргаж байгаа шаардлагын нэг нь юм. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадахгүй тохиолдолд уг нөхцөл байдлыг арилгах хүртэл хугацаанд талууд гэрээнд заасан хугацаанд өөрчлөлт оруулж болохоор заасан байгаа. Гэрээний 6.4 дэх хэсэгт "хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дунгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг Захиалагч талд төлнө" гэж байгаа ч хариуцагч "ХХХ" ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг график гарган дүгнэхээр талууд тохиролцсон зүйл гэрээнд байхгүй. Хариуцагч "ХХХ" ХХК захиалгаар бариулах орон сууцыг гэрээнд заасан хугацаанд 100 хувь ашиглалтад оруулж, захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж зааснаар хариуцлага хүлээх ёстой. Иймд гэрээний 6.4 дахь хэсэгт заасан үүргийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 38 603 440 төгрөгийн 0.1 хувийн алданги 17 603 168 төгрөгийг хариуцагч "ХХХ" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж байгаа гэрээг байгуулсан үүнд маргах зүйлгүй. Гэрээний гол нөхцөл бол захиалагч тал гэрээний дагуу төлөх төлбөрийг гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар төлнө, гүйцэтгэгч тал гэрээний 1.2 дахь хэсэгт заасан орон сууцыг 1.5 дахь хэсэгт заасан хугацаа болох 2014 оны 2 дугаар улирал буюу 6 дугаар сарын 30-нд гүйцэтгэж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү тохиролцохдоо гэрээ байгуулж байгаа талуудаас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас дээрх гэрээний гол үүрэг гүйцэтгэж чадахгүйд хүрвэл хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон байгаа энэ нь гэрээний 7.1 дэх хэсэгт тусгагдсан байдаг. Талуудаас шалтгаалахгүй нөхцөл байдал гэж хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон талаар тайлбарлахад захиалагч нь хувийн болон албаны ажлаар орон нутагт, гадаадад явж байгаа буюу өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хариуцлага тооцохгүй байхаар гэрээний 7.1 дэх хэсэгт заасан байдаг. Мөн энэ гүйцэтгэгч тал өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гэрээнд заасан нөхцлийг гүйцэтгэж чадаагүй тохиолдолд гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэнд тооцохгүй байхаар талууд тохиролцсон. Гэрээний 7.1 дэх хэсэгт заасан нөхцөл буюу 0199 тоот гэрээний гүйцэтгэгч тал гэрээнд заасан Шинэ Налайх орон сууцыг барилга байгууламж барихад дагаж мөрддөг хууль тогтоомжийн дагуу барьж ашиглалтанд оруулж ажилласан. Гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар "Барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажпын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцлийг биелүүлэх" гэсэн байдаг. Үүний дагуу манай компани Барилгын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар "Барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлтийг энэ хуулийн 22.2 дахь хэсэгт заасан инженер хангамжийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана" гэснээр зөвшөөрлүүдийг авч ажилладаг ба үүний дагуу барилгын цэвэр бохир, дулааны техник нөхцөлийг Налайх дүүргийн "Чандмань Налайх" НӨҮГазраас 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр техникийн нөхцлийг авч ажлыг гүйцэтгэсэн. Техникийн нөхцөлд "Бохирын шингэнийг зайлуулахдаа "Шинэ Налайх" хорооллын газрын хэвгийн дагуу явуулж Улаанбаатар хотын 21 дүгээр коллекторт холбох" гэсэн нөхцлийн дагуу ажлыг хийсэн. Энэ ажил нь 2014 оны 4 сарын 20-ны өдөр дууссан ба "Чандмань Налайх" НӨҮГазраас манай компани бохирыг урсгах хүсэлт өгсөн. Гэтэл Тамгын газартай ярь гэсэн хариу өгсөн ба бидний зүгээс тавигдсан техник нөхцлийн дагуу хийсэн бохироо урсгаж барилгаа ашиглалтанд оруулах хүсэлттэй байна гэхэд хариу өгөөгүй. Манай компаний зүгээс ХХХХ, Ус сувгийн ерөнхий газарт хандсан. Энэ талаар эрх бүхий хүмүүстэй уулзахад "21 дүгээр коллекторт зөвшөөрөлгүй дур мэдэн "Ургах наран хороолол" шугам холбосон бөгөөд Улиастай хүртэлх шугамыг бөглөсөн, шугамын засвартай тул танайхыг холбох боломжгүй" гэсэн. Манай компаний зүгээс техник нөхцлийн дагуу ажлаа хийж гүйцэтгээд 2014 оны 5 сарын 5-ны өдөр "Чандмань Налайх" НӨҮГазарт 205/14 тоот албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу өгөөгүй тул 2014 оны 6 сарын 2-ны өдөр 239/14 тоот албан тоот хүргүүлсэн. Гэтэл "Чандмань Налайх" НӨҮГазарын дарга ХХХ нь дээрх тайлбарыг өгсөн. Бидний зүгээс Нийслэлийн Засаг дарга ХХХ-д 2014 оны 6 сарын 2-нд 240/14 тоот хүргүүлсэн бөгөөд энэ тоотод Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хариу ирсэн. Үүнд: "Налайх дүүргийн бохир усны Налайх коллектор" нь Туул-1 коллектороор дамжуулж холбон, ариутгах татуургын шугам угсрагдсан энэ шугам нь 2014 оны 8 сард ашиглалтанд орно" гэсэн хариу өгсөн. Бид холбогдох байгууллагаас өгсөн зөвшөөрөл, техник нөхцлийн дагуу ажлаа гүйцэтгэсэн. Манай зүгээс дээрх асуудлаар Нийслэлийн болон холбогдох байгууллагуудад хүсэлт, шаардлагаа өгсөн бөгөөд энэ асуудлаас болж "Шинэ Налайх" хорооллын барилгын ажил шууд зогссон ба 2014 оны 5 сарын 5-ны өдрөөс 2015 оны 5 сарын 20-ны өдөр хүртэл нийт 400 хоног хэтрүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс манай гаргаж өгсөн нотлох баримтыг бусад байгууллагад хандсан бичиг гэсэн ба хэрвээ нэхэмжлэгч тал нотлох баримтад эргэлзэж байвал дээрх хандсан албан байгууллагуудаас энэ талаар нотлох баримт гаргуулах боломжтой юм. Хэрэгт нотлох баримтаар өгсөн 2014 оны 6 сарын 2-нд 240/14 тоот албан бичгийг холбогдох бүх байгууллагад явуулсан байдаг. Иймд дээрх дурдсан нөхцөл үүссэн нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй юм. Энэ нөхцөл байдлыг гэрээний 7.1 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Талууд гэрээ байгуулахдаа Иргэний хууль болон Барилгын тухай хуулийг мөрдөхөөр заасан бөгөөд хугацаа хэтрүүлсэнтэй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж заасан. Бидний зүгээс иргэний хуулийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал буюу гэрээний гүйцэтгэгч талыг гэрээнд хугацаа хэтрүүлсэн хэтрүүүлсэн гэж үзэхээргүй байгаа тул нэхэмжлэгчийн “гэрээний хугацаа хэтрүүлсэн төлбөрт 17 603 168 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талууд гэрээг байгуулахдаа гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй талаар нэхэмжлэгч дурдсан. Талууд гэрээндээ илт нийтийн ёс зүйн бол чөлөөтэй бөгөөд гэрээний 7.1 7.2 дахь заалтыг хуульд нйицээгүй гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн хуульд нийцээгүй гэх үндэслэл байхгүй гэдэг нь талууд гэрээ байгуулахдаа үүрэг гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн нь нотлогдсон тохиолдолд хариуцлага хүлээх талаар үүргийн эрх зүйд тусгагдсан ба Иргэний хуулийн тусгай ангид заасан нөхцөлөөс зөрөхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 57 дугаар зүйлийн 57.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХ-ийн "ХХХ" ХХК-тай байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, алданги 17 603 168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч "ХХХ" ХХК-ийн гэрээний гол зорилго болох             38 603 440 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг гэрээний 1.5, 1.9 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 1-ээс 2 дугаар улиралд ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх байсан боловч үүргээ 18 cap 6 хоногоор хэтрүүлсэн. Нэхэмжлэгч эахиалсан орон сууцаа хугацаанд нь хүлээн авахаар удаа дараа шаардаж байсан ба 2015 оны 8 дугуур сард барилгын үйл явцтай танилцахаар очиход үзэх боломжгүй, 10 дугаар байрны шал бүхэлдээ цутгагдаагүй байсан. Иймд зохигчид гэрээндээ гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцсоны дагуу 17 603 168 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжилсэн.

Гэрээний 6.4 дэх хэсэгт зааснаар “гүйцэтгэгч тал орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацааг 45 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагч талд төлнө" гэж байгаа ч гүйцэтгэгч тал ажлын гүйцэтгэлээ график гарган захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон зүйл байхгүй, үүргийн хугацааг сунгах талаар санал тавьж байгаагүй байна. Иймээс хариуцагч "ХХХ" ХХК-ийг 38 603 440 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2014 оны 1-ээс 2 дугаар улиралд нэхэмжлэгч ХХ-д хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан, Харин шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо 115 дугаар зүйлийн 115.2.3, 117, 116 дугаар зүйлийг удирдлага болгосон ба Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй мөртлөө шийдвэрлээгүй бичгээр гардаж авахад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг заасан байна. 3охигчдын байгуулсан гэрээний 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэгтэй холбоотой, гуравдагч этгээдийн үйлдэлтэй хамааралтай нөхцөл байдлыг заасан нь хуульд нийцээгүй, байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас барилгын дулаан, цахилгаан, зам харилцаа саатсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах шаарлдага гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон. Мөн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийг тооцохоор байхад "...Нийгэм, эдийн засаг, бизнесийн орчин, эрх зүйн хэм хэмжээнээс шалтгаалан урган гарч болох тохиолдол..." хамаарна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

"ХХХ" ХХК барилгын бохир урсгах ажил саатсан нь гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал болон улс төрийн шийдвэртэй холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж болохооргүй хүнд нөхцөл байдалд орсон асуудлаас бус харин хариуцагчийн төлөөлөгчөөс "..."Ургах наран" хороолол зөвшөөрөлгүйгээр 21 дүгээр коллекторт бохироо холбосны улмаас шугам бөглөр ч "Чандмань Налайх" НӨҮГ, ХХХХ, Ус сувгийн ерөнхий газар манай бохир урсгах асуудлыг шийдвэрлэж өгөөгүйгээс ажил зогссон" гэсэн тайлбар, шүүх хуралдааны шатанд өгсөн 17 хуудас баримтаар тогтоогдсон.

Мөн "Чандмань Налайх" НӨҮГ, ХХХХ, Ус сувгийн ерөнхий газраас барилгын бохир урсгах асуудлыг байгалийн хүчин зүйлсийн нөлөөнөөс болоод шийдвэрлэх боломжгүй байсан гэх баримт хэрэгт байхгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 0199 дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний 7.1, 7.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, алданги 17 603 168 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдсан, хариуцагч нь ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороонд баригдаж буй ХХХХХХХХХХХХХХХ тоот, 37,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 1-2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь үнийн дүнгийн 30,05% болох 11 600 000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр, үлдэх хэсгийг зохих хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Дээрх гэрээнд талууд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт оруулан, захиалагч нь орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 27 003 440 төгрөгийн 54,3% буюу 21 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 10-ны дотор, үлдэх 15,5% буюу 6 003 440 төгрөгийг орон сууцны түлхүүр хүлээн авахад төлөхөөр тохиролцсон үйл баримтын тухайд зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдлийг төлөх хугацааг гэрээний үр дүнг хариуцагч хүлээлгэн өгөх үе гэж талууд гэрээнд оруулсан нэмэлтээр тохиролцсон нь эхний гэрээгээр тохиролцсон үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх хугацааг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алданги тооцон шаардах үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн үндсэн гэрээний 7.1, 7.2 дахь заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах үндэслэл тодорхойгүйгээс гадна гэрээний эдгээр заалт нь Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцох болон мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэлд хамаарахгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул гэрээний 7.1, 7.2 дахь заалт нь нэхэмжлэгчийн эрх, ашигийг дордуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 245 965 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ЭНХТӨР

 

                        ШҮҮГЧИД                                             Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         М.НАРАНЦЭЦЭГ