Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 184/2023/03356/И |
Дугаар | 210/МА2024/01841 |
Огноо | 2024-09-30 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2024/01841
2024 09 30 210/МА2024/01841
Б.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
************** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/03055 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч А.Н-д холбогдох, гэм хорын хохиролд 12,081,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Лексус Ар Экс-450/Lexus RX 450/ маркийн **** УАА улсын дугаартай автомашинаа Ш.Э-аар бариулан ************** дүүргийн нутаг дэвсгэрт ** дугаар хороо, Баруун турууны тойргийн замд зүүн чиглэлд аюулгүйн тойргийн 1 дүгээр эгнээгээр явж байх үед Тоёота приус-41/Toyota prius41/ маркийн *** УАР улсын дугаартай автомашины жолооч А.Н нь зүүн талаас орж ирж миний автомашины зүүн хэсэгт мөргөсөн.
1.2. А.Н-гийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдсон бөгөөд миний автомашинд В ХХК-ийн үнэлгээгээр 12,071,300 төгрөгийн хохирол учирсан.
1.3. Хариуцагч А.Н нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна гэж хэлсэн боловч өнөөг хүртэл төлөхгүй. Би автомашинаа өөрөөсөө мөнгө гарган засаж худалдсан. Иймд хариуцагчаас автомашинд учруулсан хохирол болох 12,071,300 төгрөг, үнэлгээний төлбөр 10,000 төгрөг, нийт 12,081,300 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Осол болох үед дээрх автомашиныг мөргөөгүй. Харин миний автомашиныг **** УАА улсын дугаартай автомашины жолооч ирж мөргөсөн. Би дээрх өр төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Мөн ослын газарт хэмжилт хийж зураг гаргахдаа Замын цагдаа нь буруу гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Н-гаас 12,081,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид 208,251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 208,251 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн.
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт хариуцагч тал нь гэм буруугүй тул хохирол хариуцахгүй гэх тайлбар гаргадаг хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх татгалзсан тайлбарыг нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн холбогдох баримтуудыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна гэж шийдвэрлэсэн.
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүхээс хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд хэргийг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг оролцогч өөрөө бүрдүүлэх боломжгүй тохиолдолд хүсэлт гарган шүүхээр бүрдүүлүүлэх эрхийг олгосон. Хариуцагчийн татгалзлаа нотлох, нотлох баримтаар хангагдах эрхийг зөрчсөн тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж хэргийг тал бүрээс нь нотлох баримтыг бүрдүүлж ханган үнэн зөв шийдвэрлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйл 167.1.5 дахь хэсэг заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Тухайн үед А.Н нь ...************** дүүргийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчид би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авах шаардлагатай байна гээд 100,000 төгрөг тушаагаад торгуулийн шийтгэврийн хуудас авсан.
5.1. Уг автомашины өмчлөгч нь Н ББСБ ХХК байсан бөгөөд тээврийн хэрэгслийн даатгал, албан журмын даатгалын хугацаа нь дууссан байсан учраас даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд албан журмын даатгагчдын холбооноос танай хохирлын 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө, үлдэгдэл төлбөрийг өөрийн тээврийн хэрэгслийн даатгалаас гаргаж өгнө гэсэн. Гэтэл уг холбоонд очоод өргөдөл маягтаа бөглөөд сууж байхад А.Н гэнэт ирэхээ болиод би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ярьсан. Тиймээс шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа шүүх хуралдаан товлогдсон Эхний шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй, дараагийн шүүх хуралдааныг шалгалт давхацсан гэсэн үндэслэлээр хойшлуулсан. Сүүлийн шүүх хуралдаанд ямар нэгэн албан ёсны хүсэлт, тайлбар ирүүлээгүй. Тийм учраас анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шийдвэр гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А.Н-д холбогдуулан гэм хорын хохиролд 12,081,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, би тухайн автомашиныг мөргөөгүй, Замын цагдаа хэмжилт буруу хийсэн гэсэн үндэслэлээр татгалзан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцсэн байна.
4. Тодруулбал, А.Н нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ************** дүүргийн нутаг дэвсгэр ** дугаар хороо, Баруун турууны тойргийн замд Тоёота приус-41/Toyota prius41/ маркийн *** УАР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Лексус Ар Экс-450/Lexus RX 450/ маркийн **** УАА улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, Б.М-ын эд хөрөнгөд 12,071,300 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан ************** дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаа, Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэг, Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-6, 10-11, 12/
4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
4.2. ************** дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаагаар ...А.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д заалтыг зөрчсөн агуулгыг тусгасан байх ба уг магадлагаатай А.Н нь танилцаж, гарын үсэг зурсан байна./хх-12/
Мөн Вендо хөрөнгийн үнэлгээний газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 41973 дугаартай үнэлгээгээр ...Лексус Ар Экс-450/Lexus RX 450/ маркийн **** УАА улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, гэмтлийн засварлах зардалд нийт 12,071,300 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ./хх6-8/
4.3. Иймд анхан шатны шүүх дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан бодитойгоор үнэлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учрахад хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалан хохирол учирсан нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч, хариуцагч А.Н-гаас хохиролд 12,071,300 төгрөг, авто үнэлгээ хийлгэсний төлбөр 10,000 төгрөг, нийт 12,081,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.
5. Хариуцагч А.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, гэм буруугүй гэсэн боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар өөрөө нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчийн үйлдлээс шалтгаалан хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан болон бусад баримтуудаар тогтоогдсон тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
5.1. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 105 дугаар зүйлийн 105.1 дэх заасан эрхийн хүрээнд хангаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан учраас хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Иймд хариуцагч талын ...нотлох баримтыг шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчиж, хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал ...иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэх тайлбарыг гаргасан байна. Шүүх тус иргэний хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ************** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/03055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН