Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 454

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт оршин суух, ВН89122502 регистрийн дугаартай, Цагаан овогт Гантөмөрийн Батчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт оршин суух, ВГ87022510 регистрийн дугаартай, Бэгз овогт Мижидын Нямд холбогдох Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Батчимэг, хариуцагч М.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцлоо.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2006 онд М.Нямтай танилцаж, 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр охин Н.Лхамноржинг төрүүлсэн. М.Нямтай хамт амьдарч байх хугацаанд эхний жилүүдэд эвтэй найртай байсан. 2009 оноос М.Ням архи уун хардаж, сэрдэж толгой руу цохиж зодох болсон. Архи байнга уун элдэв хов жив сонсон ирээд хэрүүл хийж гар хүрэх нь ихэссэн. Энэ байдал 3-4 жил үргэлжилсэн тул тэвчихийн аргагүй болж 2011 оны 05 сард би гэрээсээ явсан. Тухайн үед охин маань 3 настай байсан бөгөөд хадмууд өгч явуулаагүй. Охинтойгоо дахин уулзаж чадаагүй, амьдрахын эрхэнд Дархан явж, одоо Хонгор суманд амьдарч байгаа. Охин Н.Лхамноржин нь одоо эцгийн асрамжинд байгаа бөгөөд М.Ням өөр гэр бүлтэй болсон. Иймд бид дахин хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү? Одоо миний бие Дархан-Уул аймгийн Хонгор суманд аав, ээжийн хамт мал маллан амьдарч байгаа, охин Н.Лхамноржин нь багаасаа эцэг дээрээ өссөн тул эцэг дээр нь үлдээх хүсэлтэй байна.Тусдаа амьдарснаас хойш охинтойгоо Баян-овоо суманд очиж 2 удаа уулзаж байсан. Цаашид үр хүүхдээ харж хандаад явах болно..гэв.

Хариуцагч М.Ням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.Ням нь Г.Батчимэгтэй 2006 онд танилцаад 2007 оны 09 сарын 28-ны өдөр гэр бүл болсон. 2007 оны 10 сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүлийн батлах авсан. 2008 оны 08 сарын 22-ны өдөр охинтой болсон. Г.Батчимэгтэй хамт амьдарч байх хугацаанд би түүнд гар хүрч байгаагүй эвтэй найртай амьдарч байсан. Гэтэл 2009 оны 12 сарын 25-ны өдөр намайг малаа хариулж яваад орой гэртээ иртэл 1 нас 4 сартай охиноо гэрт нь ганцааранг нь уяж орхиод аймагруу явчихсан байсан. Тэгээд 2010 оны 02 сарын 05-ны өдөр гэртээ иргээд ирсэн. Ирэхэд нь би ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй хүлээж авсан. Г.Батчимэг нь охин бид хоёртой гэртээ эргэж ирээд хамт амьдарч байх хугацаандаа байнга уурлаж уцаарладаг болсон. Тэгээд 2010 оны 04 сарын 25-ны өдөр охин бид хоёр гэрээ аваад аймгийн төв орсон. Г.Батчимэг нь 2010 оны 09 сарын 17-нд гэртээ иргээд ирсэн. Охин бид хоёртой цуг байж байгаад 2010 оны 10 сард намайг хөдөө малруугаа явсан хойгуур охиноо аваад явчихсан байсан. Долоо хоногийн дараа хотод байгаа сураг гарсан. Г.Батчимэгийн аав, ээж нь утсаар ярьж байгаад Г.Батчимэг охин Лхамноржин хоёрыг авч ирсэн. Тэгээд гурвуулаа хамт амьдарч байгаад 2010 оны 11 сард М.Ням миний бие өвдөж биеийн байдал сайнгүй болсон. Тэгээд 2011 оны 03 сард Улаанбаатар хотод бөөр, давсагны хагалгаанд орж ирсэн. Гэтэл Г.Батчимэг нь охин бид хоёрыг дахин орхиод явсан. Би иргэж ирэх болов уу гэж хүлээсэн. Түүнээс хойш гэртээ ирээгүй. Гэтэл өөр нөхөртэй болсон сураг гарсан. Г.Батчимэг нь дараагийн нөхрөөсөө хүүхэдтэй болоод бас тэр нөхөр хүүхдээ орхиод Дархан явсан сурагтай байсан. Бид дахин хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ би өөр дээрээ өсгөх хүсэлтэй байна.Хүүхдийн асрамжийн талаар бид харилцан ярилцсан. Г.Батчимэг хүүхдийг над дээр үлдээхэд татгалзах зүйлгүй зөвшөөрч байгаа..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Г.Батчимэг, хариуцагч М.Ням нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн батлахын хуулбар,Н.Лхамноржингийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Эрдэм ахлах сургуулийн тодорхойлдолт, Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 48 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Батчимэг нь хариуцагч М.Нямд холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Батчимэг, хариуцагч М.Ням нар нь 2007 оны 09 сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 10 сарын 17-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлт бүртгэж гэрчилгээ олгосон байна. Улмаар хамтран амьдрах хугацаанд 2008 оны 08 сарын 22 ны өдөр охин Н.Лхамноржинг төрүүлж өсгөсөн байна.

Г.Батчимэгийн төрүүлсэн охин Н.Лхамноржин нь М.Нямын хүүхэд мөн болох, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь №0153803-57 дугаар төрсний гэрчилгээ, Баянхонгор аймгийн Эрдэм ахлах сургуулийн тодорхойлолт, Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 48 дугаар албан бичиг зэргээр тогтоогдсон байна.

Гэрлэгсэд нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс шалтгаалан 2011 оны 05 сараас хойш тусдаа амьдарч байгаа, одоогоор тус тусдаа хамтран амьдрагчтай болж гэр бүл зохиосон зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс гэрлэгсдэд эвлэрлүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай зөвшилцөн охин Н.Лхамноржинг эцэг М.Нямын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй талаар шүүх хуралдаан дээр илэрхийлсэн байна.

Зохигчдын тайлбараар охин Н.Лхамноржин нь 2011 оны 05 сараас хойш эцэг М.Нямын хамт амьдарч, түүний асрамжид эрүүл саруул өсөж хүмүүжиж байгаа нь тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно .. гэсний дагуу охин Н.Лхманоржинг эцэг М.Нямын асрамжид үлдээж тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                    ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Бэгз овогт Мижидын Ням, Цагаан овогт Гантөмөрийн Батчимэг нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 08 сарын 22 ны өдөр төрсөн охин Н.Лхамноржинг эцэг М.Нямын асрамжид үлдээсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин Н.Лхамноржинг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг М.Ням, эх Г.Батчимэг нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Нямаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Батчимэгт олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ