| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2023/05541/И |
| Дугаар | 210/МА2024/01870 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01870
2024 10 07 210/МА2024/01870
Б.О-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/03680 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ын хариуцагч Т ХХК-д холбогдох, 67,910,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Б.О нь Т ХХК -аас 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нийт 87,910,000 төгрөгийн арматур худалдаж авах зорилгоор тус компанийн захирал С.Т-ын Хаан банкны 5134105267 тоот данс руу шилжүүлсэн. Тус компанийн дансаар НӨАТ-гүй худалдан авалт хийж буй тохиолдолд захирал С.Т-ын дансаар төлбөрийг авдаг ба нэхэмжлэгчийн зүгээс НӨАТ-гүй худалдан авалт хийдэг тул төлбөрийг захирал С.Т-ын данс руу хийж худалдан авалт хийдэг байсан.
1.2. Т ХХК нь арматур нийлүүлээгүй бөгөөд төлбөрөөс буцааж 20,000,000 төгрөг өгөөд өөр байдлаар арматур болоод үлдэгдэл төлбөрийг буцаан олгоогүй байна. Үүнээс болж барилгын үйл ажиллагаа зогссон байгаа. Иймд хариуцагч Т ХХК -аас арматурын төмөрт шилжүүлсэн үлдэгдэл төлбөр болох 67,910,000 төгрөгийг гаргуулж Б.О од олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Т ХХК нь нэхэмжлэгч Б.О той ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй бөгөөд улмаар Б.О нь манайд арматурын захиалга өгөөгүй.
2.2. Б.О-ын манай компанид төлсөн төлбөрийн тухайд гэвэл 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд захиалагч н.Н гэх хүний захиалгын төлбөрт төлсөн мөнгө байсан. Өөрөөр хэлбэл, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр С.Н нь манай компанид арматур авах захиалга өгч улмаар Хаан банкны 5863075401 тоот Б.О-ын данснаас 50,000,000 төгрөг, Хаан банкны 5721583939 тоот Д.Д-гийн данснаас 16,726,510 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
2.3. Манай компанийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 66,726,510 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 36,249,510 төгрөгийг тус бүрийг С.Н д хүлээлгэн өгсөн. Бид Б.О од өгөх ямар нэгэн төлбөр болон арматурын тооцоо байхгүй. Иймд Б.О нь тус төлбөрийг биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т ХХК-аас 57,910,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 447,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч Б.О нь арматур авахаар С.Т-ын Хаан банкны 5134105267 тоот данс руу нийт 87,910,000 төгрөг шилжүүлсэн гэх бөгөөд улмаар анх нэхэмжлэл гаргахдаа тус мөнгөнөөс С.Н эс 20,000,000 төгрөг буцааж авсан тухайгаа нэхэмжлэлдээ дурдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс С.Н эс хэдэн төгрөг авсан талаарх баримт гаргуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгч нь С.Н эс 30,000,000 төгрөг бэлнээр авсан гэж мэдүүлдэг бөгөөд улмаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 57,910,000 төгрөг болгосон.
4.2. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлахдаа ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардах эрх гэж тайлбарлаж улмаар нэхэмжлэлийн үндэслэл нь С.Т-ын дансанд төлбөр шилжүүлсэн учраас гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл гэрээний худалдагч тал С.Т , худалдан авагч тал Б.О юм. Гэтэл анхан шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ эрх зүйн этгээдүүдийн хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэждүгнэсэн боловч тус харилцаанд оролцогч этгээдүүдийг буруу тодорхойлсон. Учир нь Б.О , Т ХХК -ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, С.Т нь тус компанийн гүйцэтгэх захирал боловч иргэн, хуулийн этгээд хоорондоо бие даасан этгээд гэдгийг шүүх харгалзан үзээгүй юм.
4.3. Т ХХК болон Б.О нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь тодорхой бус байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хариуцагчийн тайлбараар тогтоогдоно. Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй эрх зүйн харилцааг бид эрх зүйн маргаантай харилцаа гэж үздэг. Аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг. Энэ үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлохоос гадна тухайн харилцааны оролцогчийг, мөн эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг, улмаар тухайн иргэний хэргийн талуудыг зөв тогтоох нь зүйтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд эрх зүйн харилцааны оролцогч, эсхүл түүнээс эрх олгогдсон субъект мөн бол шүүхэд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж тооцохын адил эрх зүйн харилцаанд үүрэг хүлээхээр оролцсон тал л шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээх учиртай. Гэтэл Т ХХК ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч Б.О-ын өмнө үүрэг хүлээхүйц эрх зүйн харилцаа үүсээгүйг шүүх харгалзан үзээгүй шийдвэр гаргаж манай компанаас 57,910,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй. Мөн шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Б.О нь С.Н д захиалга өгч улмаар С.Н эс арматур авч чадаагүй учраас төлбөр шилжүүлсэн танайд захиалга өгч гэрээ байгуулсан гэх байдлаар хариуцагчаар татсан. Гэтэл Б.О нь С.Н тэй ямар нэгэн хамааралгүй байсан бол бэлнээр 30,000,000 төгрөг авах боломжгүй бөгөөд тэрнээс илүү мөнгө авсан байхыг ч нэг талдаа үгүйсгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, шууд манай компанитай эсхүл иргэн С.Т тай гэрээний харилцаа үүсгэсэн бол С.Н эс мөнгө авах шаардлагагүй юм.
4.4. Хариуцагчийн зүгээс С.Н-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Шүүхээс гэрч асуулгахаар мэдэгдэх хуудсыг явуулсан боловч хаягтаа оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн. Хариуцагч дахин 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр гэрчийг дуудаж асуулгах захирамжийн биелэлтийг хангуулахаар хүсэлт гаргахад шүүхээс шүүгчийн 102/Ш32024/12643 дугаартай захирамжаар гэрч асуухгүй байхаар шийдвэрлэсэн нь хэргийг үнэн зөв, бодитой эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхэд гэрчийг зайлшгүй асуух мөн шүүхээс гаргасан захирамжийн биелэлтийг хангах боломжийг олгоогүй нь тус хэргийн зарим үйл баримт эргэлзээтэй ойлгомжгүй хэвээр үлдсэн.
4.5. Анхан шатны шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч З.Буяндавааг биечлэн оролцох боломжоор хангаагүй улмаар хариуцагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Б.О нь цахим хуудсаар дамжуулж, тус компанийн борлуулагчтай холбогдох болон биечлэн очиж худалдан авалт хийдэг байсан. Нэмэгдсэн өртгийн албан татваргүй авья гээд Т ХХК -ийн захирал С.Т-ын банкны дансанд 87,910,000 төгрөг шилжүүлсэн. Т ХХК -ийн фэйсбүүк хуудас борлуулагч гээд С.Н-ийг меншион хийсэн байсан, түүний дагуу бид С.Н-ийг борлуулагч гэж ойлгоод данс авсан. Дансыг шалгахад Т ХХК -ийн захирал С.Т-ын данс мөн байсан тул мөнгөө шилжүүлсэн. Гэрч асуугаагүй гэж байна. Хариуцагч тал гэрчийн мэдээлэл, гэрийн хаяг, утасны дугаарыг үнэн зөв мэдүүлэх, шүүх түүний дагуу дуудан ирүүлэх үүрэгтэй. Түүнээс гэрчийг хайгаад эрэн сурвалжлаад шүүхэд авчрах үүрэг байхгүй. Мөн хариуцагч тал өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй гэж байна. Анхан шатны шүүх хариуцагчийг өмгөөлөгчтэй оролцох эрхээр нь бүрэн хангасан. С.Т хариуцагч биш гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн С.Т-ын данс руу мөнгө орсон байгаа учраас түүнийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс мөнгө орсон байна гээд Б.О од арматур ачуулах тухай бичиг хийж өгсөн байдаг. Бичгээ аваад очиход нь С.Н гэдэг хүн арматур аваад явсан гэдэг. С.Н д арматур өгсөн эсэх нь бидэнд хамаагүй. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаад Б.О хохирогч биш байна, Т ХХК-д захиалга өгөөд худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгөө шаардах эрхтэй, энэ нь иргэний эрх зүйн харилцаа, С.Н Б.О ыг залилаагүй байна гээд хохирогчоор тогтоосон тогтоолоо хүчингүй болгоод эрүүгийн хэргээс хассан прокурорын тогтоол хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 67,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгаж, 57,910,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т ХХК -ийн гүйцэтгэх захирал С.Т-ын дансанд арматур төмөр худалдан авахаар мөнгөө шилжүүлсэн боловч барааг нийлүүлээгүй тул мөнгөө буцааж гаргуулан авна гэж, хариуцагч нь татгалзлаа ...нэхэмжлэгч Б.О той эрх зүйн харилцаанд ороогүй, харин мөнгө шилжүүлсэн С.Н д арматурын төмрийг хүлээлгэн өгсөн, уг нэхэмжлэл нь Т ХХК-д хамааралгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх агуулгаар тус тус тайлбарлажээ./хх-1, 13, 144-146/
5. Талууд дээрх үндэслэлээр маргаж байгаа тохиолдолд шүүх хэн, хэний хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг тодруулах замаар хэргийн үйл баримтыг зөв тогтоож, улмаар тухайн маргаантай эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх учиртай.
6. Хэрэгт Б.О-ын Хаан банкин дахь 5863075401 тоот данснаас нийт 87,910,000 төгрөгийг 5560713 гэсэн гүйлгээний утгатайгаар С.Т-ын Хаан банкин дахь 5134105267 тоот дансанд шилжүүлсэн баримт авагдсан./хх5-6, 73/
Дээрх баримтын гүйлгээний утга хэсэгт 5560713 гэж тусгагдсаныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2024/06386 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн санаачилгаар нотлох баримт шаардсан байна./хх60-62/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 5560713 дугаар нь Буянттэнгис ХХК-ийн регистрын дугаар байх ба уг компанийн захирал С.Т гэж тусгагджээ./хх69-71/
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т ХХК -тай эрх зүйн харилцаанд оролцсон гэж тайлбарласан атлаа маргааны зүйл болох мөнгөн хөрөнгийг С.Т-ын дансанд 5560713 гэх утгаар шилжүүлсэн, энэ нь Буянт тэнгис ХХК-ийн регистрийн дугаар бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь С.Т байна. Иймээс Б.О , Т ХХК -ийн хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн эсэх үйл баримт тодорхой бус байхад шүүх зохигчоос тодруулах ажиллагааг хийгээгүй тул зохигчдыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна.
7. Түүнчлэн, нэхэмжлэгч нь эрх ашиг сонирхлыг зөрчсөн этгээд буюу хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй. Энэ эрхийн хүрээнд С.Т ыг хамтран хариуцагчаар тодорхойлсон боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын маргааны зүйлд холбогдох мөнгөн хөрөнгө ямар учраас С.Т-ын дансанд орсон эсэхийг тодруулахын тулд энэ хэрэгт С.Т ыг оролцуулснаар хамтран хариуцах эсэх, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоход ач холбогдолтой байна.
8. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/03680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЦОГТСАЙХАН