| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0461/Э |
| Дугаар | 464 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.С |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Г.Сундуй,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Олхон партизан овогт Б-н Дд холбогдох эрүүгийн 1909011660361 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Санхүү эдийн засгийн Их сургуулийн Олон улсын нягтлан бодох бүртгэл санхүүгийн мэргэшсэн сургуулийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 72-77 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: МЙ86072111 / Олхон партизан овогт Б-н Д нь:
- 2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Блю Скай” зочид буудлын урд иргэн Б.Дашхүүг бусадтай андууран нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Дашхүүгийн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 03 дугаар сарын 15-ны би өдөр найз Энхцогт, Билгүүн нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Лава” нэртэй лоунжид үйлчлүүлж гараад “Блю Скай” зочид буудлын урд зам зогсож байтал Даваажаргал гэх залуу бид нарын араас ирээд Энхцогтыг цохих гэж дайрч байгаад гэнэт миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Даваажаргал эмчилгээний зардлыг барагдуулсан гэжээ. / хх 5 /
Гэрч Н.Энхцогтын мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн эхнэр Билгүүн, найз Дашхүү нартай 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Блю Скай зочид буудлын зүүн урд талд байрлах “Лава” нэртэй бааранд орж сууцгаагаад шөнийн 02:30 цагийн үед гарч ирцгээсэн. “Лава” баарнаас эхнэр, Дашхүү бид гурав гарч ирээд “Лава” баарны үүдэнд такси барих гээд зогсож байхад Даваажаргал гээд залуу гүйж ирээд намайг хөлөөрөө өшиглөсөн. Би бодохдоо намайг зүгээр согтуу хүн ирээд өшиглөчихлөө гэж бодоод зогсож байтал шууд манай найз Дашхүүгийн нүүрэн хэсэгт цохьсон. Даваажаргал гэх залуу Дашхүүг цохиж хамраас нь цус гаргачихаад тавихгүй зуураад байсан. Бид нарын дунд ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Дашхүү бид хоёр Даваажаргал гэх залууг огт танихгүй гэжээ. / хх 14 /
Яллагдагч Б.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Санхүү эдийн засгийн их сургуулийн багш нарын хамт “Блю Скай” зочид буудлын урд байдаг “Лава” нэртэй бааранд очсон. Шөнийн 01 цагийн үед “Лава” бааран дотор үйлчлүүлж байхдаа би нэг танихгүй залуутай маргалдсан. Тухайн үед яг ямар шалтгаанаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар би танихгүй байхад нэг ахимаг насны залуу би чамайг багаас чинь мэднэ гэж хэлснээс болоод маргалдсан. “Лава” бааран дотор хэрүүл зодоон цохион болсон асуудал байхгүй. Нэг харсан чинь надтай маргалдаж байсан залуу гараад явчих шиг болохоор нь би араас нь дагаж гараад цохиод авлаа гэхэд андуураад Б.Дашхүүг цохьсон байсан. ...Би Дашхүүг өөрөө эмнэлгээр дагуулж явж шаардлагатай шинжилгээ, эмчийн үзлэг, КТГ зураг авахуулж эмчилгээний 400.000 орчим төгрөг өөрөөөсөө гаргаж зарцуулсан. Тэгээд хагалгаа хийлгэж эмчилгээ хийлгэсний дараагаар төлбөр болох 3.000.000 төгрөгийг өгсөн гэжээ. / хх 90-91 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3505 дугаар дүгнэлтэнд:
1. Б.Дашхүүгийн биед хамрын таславч, хянга яс болон зүүн хажуу ханын хугарал, хамрын нурууны зүүн хажуу хэсэг, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын нурууны зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 10 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 510 дугаар дүгнэлтэнд:
1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3505 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Б.Дашхүүгийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 68-69 /
Шүүгдэгч Б.Д-ыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 19-20 /
Шүүгдэгч Б.Д-ын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 89 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчийн эмчилгээний зардалд 3.530.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэн нь цаашдын ирээдүйдээ хар толбо үлдээж байна гэдгийг ойлгож байна гэв.
Шүүгдэгч Б.Д 2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Блю Скай” зочид буудлын урд иргэн Б.Дашхүүг бусадтай андууран нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... “Блю Скай” зочид буудлын урд зам дээр Даваажаргал гэх залуу Энхцогтыг цохих гэж дайрч байгаад гэнэт миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Дашхүүгийн мэдүүлэг / хх 5 /, ... “Лава” баарнаас эхнэр, Дашхүү бид гурав гарч ирээд такси барих гээд зогсож байхад Даваажаргал гэх залуу гүйж ирээд намайг хөлөөрөө өшиглөсөн. Би согтуу хүн ирээд өшиглөчихлөө гэж бодоод зогсож байтал шууд Дашхүүгийн нүүрэн хэсэгт цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Энхцогтын мэдүүлэг / хх 14 /, ... Нэг харсан чинь надтай маргалдаж байсан залуу гараад явчих шиг болохоор нь би араас нь дагаж гараад цохьтол андуураад Б.Дашхүүг цохьсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Дын мэдүүлэг / хх 90-91 /, ...Б.Дашхүүгийн биед хамрын таславч, хянга яс болон зүүн хажуу ханын хугарал, хамрын нурууны зүүн хажуу хэсэг, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын нурууны зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3505 дугаар дүгнэлт / хх 10 /, ....Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3505 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 510 дугаар дүгнэлт / хх 90-91 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олхон партизан овогт Б-н Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 / таван зуун тавь / нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ