| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00299/и/ |
| Дугаар | 325 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 325
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2-22 тоотод оршин суух Олхонууд Хоролын Одгэрэлийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт холбогдох
Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Одгэрэл би 2014 оны 09 сарын 18-нд анх эхлэн ажлаас халагдсанаас хойш 1 жил 8 сар гаруй хугацаанд ажилдаа эргэж орж чадахгүй, өөрийн болон, гэр бүл, үр хүүхэд, аав ээжийнхээ сэтгэл санаанд гүн хохирол амсан, цалин мөнгө болон бусад зүйлсээр асар их хохирсон. Гэтэл Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын дарга Г.Ганбаатар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймгийн хууль хяналтын байгууллагуудын шаардлагаар 2016 оны 05 сарын 25-нд арай хийн ажилд авсан мөртлөө чамтай хамтарч ажиллаж чадахгүй гэж дарамт шахалт үзүүлж байсан, өрөөнд ороод ир гэх мөртлөө шальдар булдар хэрэгцээгүй хов живэндээ хутгаж, хэрэгцээгүй зүйл ярьж, цаг хугацаанд шахагдсан ажил ихтэй байхад их төвөг учруулж байсан хирнээ өөрсдийн зохион байгуулсан бусармаг зүйлээрээ намайг буруутгаж, 2016 оны 07 сарын 19-ны өглөө арга хэмжээ авсан гэх тушаалыг ажилчдад танилцуулсан байх юм. Гэтэл тэр тушаал нь 2016 оны 07 сарын 08-нд гарсан байсан. Би аль нэг намын гишүүн биш, намын гишүүнд огт элсэж ч байгаагүй, цэвэр төрийн албан хаагч хүн. Гэтэл өөрийн хувийн байгууллагад ажиллуулж байгаа мэт авирлаж, зохиомлоор хэрэг тохож, арга хэмжээ авч байгааг эсэргүүцэж байгаа тул тухайн арга хэмжээ авсан тушаалын үндэслэлтэй эсэхийг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Х.Одгэрэлийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт холбогдох Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/26 тоот тушаалд “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай...” гэсэн байгаагаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70.200 төгрөгний тал хувь буюу 35.100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2-22 тоотод оршин суух Олхонууд Хоролын Одгэрэлийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт холбогдох Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70.200 төгрөгний тал хувь буюу 35.100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН