Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01871

 

 

 

 

 

 

 

 

2024 10 09 210/МА2024/01871

 

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03185 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.У-д холбогдох,

99,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Г ХК нь Хан-Уул дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ************ дугаартай 5406 м.кв мөн 1780800445 дугаартай 2613 м.кв тус тус хэмжээтэй 2 газрын дунд орших **** м.кв талбай бүхий газар дээр газар эзэмших эрх олж авах ажлыг гүйцэтгүүлэхээр иргэн Б.У-тай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр даалгаврын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь газар эзэмших эрх олж авахтай холбоотойгоор хүсэлтийг харьяа газрын албанд гаргах, газар эзэмших эрх олгосон захирамж гарсны дараа газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулах болон компанийг төлөөлөн оролцох, даалгавар гүйцэтгүүлэгч нь гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн.

1.2. Компанийн зүгээс Б.У-гийн эзэмшлийн Хаан банкин дахь ********* тоот дансанд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа 45,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 45,000,000 төгрөг, мөн Б.У-гийн өмнөөс татварт төлсөн 9,000,000 төгрөг, нийт 99,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.3. Б.У нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгт заасан ажлыг хийж гүйцэтгээгүй. Иймээс гэрээ цуцалсныг мэдэгдэж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан 2023 ны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Иймд хариуцагч Б.У-гаас даалгаврын гэрээний дагуу төлсөн 99,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Г ХК -д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би төлөх үүрэггүй буюу Г ХК шаардах эрхгүй. Г ХК-ийн төлбөрийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр бусдад шилжүүлсэн. Г ХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23-83 тоот Албан шаардлагыг би хүлээн аваагүй, надад өгөөгүй албан бичгийг хэрэгт гаргаж өгсөн байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У-гаас 99,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 652,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн. Гар утсанд үзлэг хийж албан шаардлага татгалзлыг вайбер зурвас үзлэг тэмдэглэлээр хүргүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Ийм шаардлагыг хариуцагч хүлээж аваагүй. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчих үүрэггүй. Гэтэл энэ үүргээ зөрчсөн явдлыг ноцтой зөрчил гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл юм. Анхан шатны шүүх эрхийг өөртөө эдлүүлэх эрх шүүхэд байхгүй, шүүх хэргийн оролцогч аль нэг талд үйлчлэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5 дугаар зүйлийн 5.2, 6, 10 дугаар зүйлд заасанд шүүхийн ажиллагаа нийцсэн байх ёстой. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, утсаар мэдэгдээгүй, хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Мөн нэхэмжлэгч Г ХК-ийн татварт төлсөн мөнгө болон ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн мөнгийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр бусдад шилжүүлсэн байхад дан ганц хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэрэгт вайбер зурвас болон шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн баримт авагдсан. Хариуцагч талд баталгаат шуудангаар татгалзал хүргүүлсэн баримт байгаа. Вайбер зурваст үзлэг хийж нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Бид анхан шатны шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргаад шүүх үзлэг хийж бэхжүүлээд хуулийн хүрээнд нотлох баримтын хувьд үнэлдэг учраас үнэлээд шүүхийн шийдвэр гарсан. Тийм учраас татгалзлыг хүргүүлээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мессэж болон утсаар мэдэгдсэн талаарх тэмдэглэл байдаг. Мессэжийг өөрөө авсан эсэхийг мэдэхгүй байна. Хариуцагчийн эрхийг ноцтой зөрчлөө гээд зөвхөн эрх ярихаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд үүргээ биелүүлж, шүүхээс асууж тодруулах үүрэг байгаа. Хэрэв шүүх хуралдаан товлоод мэдэгдсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч тал өөрсдөө шүүх хуралдаан хэзээ, хаана, хэдэн цагт болох талаар лавлах үүрэгтэй. Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад мэдэгдээгүй гэдэг агуулгаар шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой гэх гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Б.У-д холбогдуулан 99,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Г ХК , Б.У нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр даалгаврын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс хавсралт 1-д заасан мэдээлэл бүхий газар эзэмших хүсэлтийг харьяа газрын албанд гаргаж, газар эзэмшүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гаргах, газар эзэмших тухай гэрээ байгуулах болон газар эзэмших гэрчилгээ гаргуулах ажилд төлөөлөн оролцож, холбогдох зөвлөх үйлчилгээ, туслалцаа үзүүлэх, даалгавар өгөгч нь гэрээний 2.2-т заасны дагуу хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх7-9/

3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

4. Хэргийн 10-12 дугаар талд авагдсан Төлбөрийн даалгавар гэх баримтаар Г ХК нь Б.У-гийн Хаан банк ХК дахь харилцах дансанд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 45,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 45,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 9,000,000 төгрөг, нийт 99,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв дүгнэжээ.

5. Хариуцагч нь мөнгөн хөрөнгийг шилжүүлж авсан байх тул нотолгооны хуваарилалтын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

Гэрээ байгуулснаас хойш 4 орчим жилийн хугацаанд Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргах, нэхэмжлэгчийг төлөөлөх, зөвлөх үйлчилгээ, туслалцаа үзүүлсэн аливаа нэгэн үйлдлийг хариуцагч тал хийгээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй юм.

Иймд нэхэмжлэгч Г ХК 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б/23-83 тоот албан шаардлагыг хариуцагчид хүргүүлэх замаар гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэнэ.

7. Харин шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг дүгнэсэн энэ маргаанд дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах зохицуулалт нь хоёр талын гэрээнд нэг тал үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхэд хамааралгүй болно.

8. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйл буцаан шаардах эрхтэй тул хариуцагчаас 99,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

8.1. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 399.1 гэж баримталсан нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6.3-т зүйлийг араб тоогоор, ард нь дүгээр, эсхүл дугаар зүйл гэж бичгээр бичээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

8.2. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой тул гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шүүх шийдвэрлэх тохиолдолд баримтлах заалтад хамаарахгүй байгааг анхаараагүй тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүх 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэргийг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч талд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардуулж, хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан тайлбарласан байна./хх-16, 21, 22, 24/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 16, 30-ны өдөр, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд товлогдон хойшилсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч талд мессэжээр хурлын тов хүргүүлсэнийг давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж дүгнэлээ. Учир нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 9 сар 2 хоногийн хугацаанд явагдсан, шүүхээс хариуцагчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрх ноцтой зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүргийн хүрээнд хууль зөрчөөгүй бөгөөд үзлэг хийх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хийсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03185 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 399.1, 225.1, 205.1-т гэснийг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.У-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН