Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 474

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                                         

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурхад овогт А-Ч-т холбогдох эрүүгийн 1909003220307 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр  сарын 26-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, 135 дугаар сургуульд бага ангийн багшаар ажилладаг, ам бүл 4, эхнэр охин, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 10 дүгээр хороо, Морингийн 6 дугаар гудамжны 61 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ФЕ79112615 / Бурхад овогт А-Ч нь:

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны 75 тоотод байрлах Дохиолол хамгаалалт, текник угсралтын компанийн оффист хохирогч Б.Ууганбаярын Самсунг эс-8 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.196.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Ууганбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад өглөө 10 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байрлах Хангай хотхоны 504 дүгээр байрны 75 тоотод их сургуулийн найз Д.Хаш-Эрдэнийн албан газар буюу дохиолол хамгаалалт техник угсралтын компанид очсон. Тэгээд Хангай хотхоны 504 дүгээр байрны 75 тоотын гадна ирээд найз Д.Хаш-Эрдэнэтэй яриад 0.75л Чингис архи, 2л Зеро ундаа аваад орсон. Намайг ороход манай найз Д.Хаш-Эрдэнэ түүний арван жилийн Ц.Түмэндэмбэрэл, их сургуулийн найз Д.Энхбаяр нар байсан. Тэгээд бид хэд архиа уугаад байж байхад 11 цагийн үед А.Ч гэх Хаш-Эрдэнийн 10 жилийн найз ирсэн. Д.Хаш-Эрдэнэ, Ц.Түмэндэмбэрэл бид 3-т А.Ч нь архи уухгүй гээд 0,75л Чингис архи хундагалж, Энхбаяр нь унтаж байсан. Тэгээд би нэлээн согтоод тухайн өдрийн 14:40 минутын үед манай найз Д.Хаш-Эрдэнэ эхнэр Мөнхтуул руу залгаад “танай нөхөр нэлээн согтчихлоо ирээд аваадах” гэж хэлсэн гэсэн. Тэгээд би 15 цагийн үед явах гээд орцонд гараад кармаандах эд зүйлсээ шалгатал миний кармаанд Самсунг эс 8 маркийн гар утас байхгүй байхаар нь буцаад Д.Хаш-Эрдэнийн ажил руу ороод утсаа хайгаад олдоогүй. Тухайн үед бид хэдтэй хамт байсан Д.Энхбаяр болон А.Ч нар намайг буцаад ороход явсан байсан. Тэгээд манай эхнэр 18 цагийн орчимд ирээд намайг аваад гэр рүүгээ явсан гэжээ. / хх 16 /

 

Иргэний нэхэмжлэгч X.Пүрэвдорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар дунд сургуулийн 2 семинарт сууж байхад А.Ч багш ирээд утас авах уу гэсэн. Тэгээд би үзэхэд Самсунг Эс-8 загварын утас байсан. Тэр ах утсаа 350.000 төгрөгөөр зарна гэхээр нь би худалдаж авахаар шийдсэн. А.Ч багш найзаасаа өр авлагад авсан болохоор хямдхан зарж байгаа юм гэсэн гэжээ. / хх 28-29 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 31-32 /

 

Хохирол төлсөн талаарх баталгаа / хх 49,50 /

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 22 /

 

Шүүгдэгч А.Ч-ыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар байцааж мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 3-7 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 51 / зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг өрөө цэвэрлээд өг гэхээр нь цэвэрлэж байгаад гудасны нь доор байсан утсыг авчихсан юм. Би архи уугаагүй эрүүл байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Утсыг нь буцааж өгч, иргэний нэхэмжлэгчид 350.000 төгрөг төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч А.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны 75 тоотод байрлах Дохиолол хамгаалалт, текник угсралтын компанийн оффист хохирогч Б.Ууганбаярын Самсунг эс-8 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.196.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ...Би 15 цагийн үед явах гээд орцонд гараад кармаандах эд зүйлсээ шалгатал миний кармаанд Самсунг эс 8 маркийн гар утас байхгүй байхаар нь буцаад Д.Хаш-Эрдэнийн ажил руу ороод утсаа хайгаад олоогүй. Тухайн үед бид хэдтэй хамт байсан Д.Энхбаяр болон А.Ч нар намайг буцаад ороход явсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Ууганбаярын мэдүүлэг / хх 16 /, ... А.Ч багш ирээд утас авах уу гэсэн. Тэгээд би үзэхэд Самсунг Эс-8 загварын утас байсан. Утсаа 350.000 төгрөгөөр зарна гэхээр нь би худалдаж авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч X.Пүрэвдоржийн мэдүүлэг / хх 28-29 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 31-32 /, ...Хохирол төлсөн талаарх баталгаа / хх 49,50 /, ...Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 22 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ч-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Ч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан хорих ял  оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой ажил үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

                                                                                                                 

1. Шүүгдэгч Бурхад овогт А-Ч-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар А.Ч нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 

5. А.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  А.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ