| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00348/и/ |
| Дугаар | 327 |
| Огноо | 2015-09-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Сутай хороо 1 дүгээр гудамж биржийн 11 тоотод оршин суух Морьтон Доржийн Жаранцэцэгийн хүсэлттэй
Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Жаранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дорж овогтой Жаранцэцэг би 2006 онд БНСУ-ын иргэн Юү Бёнсимтой гэрлэлтээ батлуулсан. Ингэхдээ Юү Бёнсимтой гэр бүл болох зорилготой биш, зөвхөн БНСУ-ын виз гаргуулж тэнд ажиллахаар батлуулсан. 2006 онд БНСУ-д виз гаргуулж очсон боловч тэндээ гэр бүлээ батлуулаагүй. 2007 онд БНСУ-д очоод Монгол залуутай гэр бүл болж 2008 онд хүүтэй болсон. Одоо нөхөртэйгээ гэр бүлээ батлуулах болоход Юү Бёнсимтой гэр бүл болсон лавлагаа гарч ирээд байгаа учраас энэ гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Д.Жаранцэцэг нь 2006 онд Солонгос улсруу явах зорилгоор Солонгосын иргэнтэй хуурамчаар гэрлэлтээ батлуулж визээ гаргуулаад явсан. Солонгост очиж 2 жил ажиллаад Монгол хүнтэй танилцаж амьдраад хүүхэдтэй болж хүүхэд нь 9 нас хүрсэн. Одоо нөхөр нь Солонгосоос ирж энэ сарын 18-нд гэр бүлээ батлуулах гэж байгаа тул миний охины энэ хүсэлтийг харгалзан үзэж гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Миний бие Б.Баасан нь охиныхоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Монголд гэр бүлээ батлуулчихаад, Солонгос явахдаа ч тэр хүн нь түрүүлээд явсан. Миний охин Солонгосруу явахдаа ганцаараа яваад очоод ч уулзаагүй Бусан гэх газарт найзтайгаа амьдарч, ажиллаж байгаад одоо гэрлэх гэж байгаа нөхөртэйгээ танилцсан. Солонгост очиж дахин гэр бүлээ батлуулаагүй учир эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Д.Жаранцэцэг гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу гаргасан байна.
Тэрээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 1 дүгээр гудамж биржийн байр 11 тоотод оршин суудаг болох нь иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.10-д “гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох”-ыг хянан шийдвэрлэхээр заажээ.
Д.Жаранцэцэг нь БНСУ-ын иргэн Юү Бёнсимтой 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсноо тухайн өдрөө Улсын Бүртгэл, Статистикийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн 0327 дугаарт бүртгүүлсэн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2862246 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч нь гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлээ гэр бүл болох зорилгогүйгээр Солонгос улсад ажиллаж амьдрах, виз гаргуулах зорилгоор гэрлэлтээ бүртгүүлсэн, хамт амьдарч байгаагүй гэж тайлбарлаж байна.
Гэрлэгч Д.Жаранцэцэг, БНСУ-ын иргэн Юү Бёнсим нар нь гэр бүл болж амьдрах зорилгогүйгээр БНСУ-ын виз гаргуулахад ашиглахаар гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгсэд энэ тухай мэдэж байсан, гэр бүл болж хамтран амьдраагүй өөрөөр хэлбэл гэр болох зорилгогүйгээр гэрлэсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “. . . гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно...” гэж заасныг үндэслэн Д.Жаранцэцэг, Юү Бёнсим нарын 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улсын Бүртгэл, Статистикийн ерөнхий газрын бүртгэлийн 0327 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос гэрлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсон нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн тал өөрт учирсан материалын болон сэтгэл санааны хохирлыг буруутай этгээдээс Иргэний хуульд заасны дагуу гаргуулах эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт зааснаар Морьтон Доржийн Жаранцэцэг /РД: ДЭ81071300/, БНСУ-иргэн Юү Бёнсим /kr69041301/ нарын 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын УБСЕГ-ын 0327-рт бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН