Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01872

 

 

 

 

 

 

 

 

2024 10 09 210/МА2024/01872

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/02844 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К ХХК-ийн хариуцагч Б.А-т холбогдох 5,333,118 төгрөг гаргуулах үндсэн, Б.А-т ай 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот сургалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, үлдэгдэл цалин 951,326 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Б.А нь К ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 14/22 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан мэс заслын эмчээр ажиллаж байсан. Тэрээр К ХХК-д хийгддэг мэс ажилбар болох 1470 Velas laser буюу суганы хэт хөлрөлтийг зогсоох мэс ажилбарыг сурах хүсэлтэй илэрхийлсэн. Иймээс Б.А нь 4 цагийн онолын хичээл, 40 цагийн дадлагаар тус мэс заслын ур чадварыг сургах, тэрээр сургалтын төлбөр 7,070,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд Хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасны дагуу түүнтэй 3 жилийн хугацаатай гэрээ байгуулж, сургалт эхэлсэн.

1.2. Хөдөлмөрийн гэрээний 1.6-д заасны дагуу сарын үндсэн цалин 1,000,000 төгрөг боловч дээрх сургалтын гэрээгээр шинээр суралцсан суганы хөлрөлтийг арилгах мэс заслыг сурч эзэмшсэний дараа Б.А тус мэс заслыг хийж эхэлснээр дараах цалин урамшууллыг олгосон. Үүнд, 2023 оны 03 дугаар сард цалин 363,636 төгрөг, 2023 оны 04 дүгээр сард цалин 1,000,000 төгрөг, урамшуулал 2,530,000 төгрөг, нийт 3,530,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сард цалин 1,000,000 төгрөг, урамшуулал 3,670,000 төгрөг, нийт 4,670,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сард цалин 1,000,000 төгрөг, урамшуулал 2,505,000 төгрөг, нийт 3,505,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сард цалин 1,000,000 төгрөг, урамшуулал 2,765,000 төгрөг, нийт 3,765,000 төгрөгийг тус тус авсан. Нийт тус эмнэлэгт 5 сарын хугацаанд ажиллахдаа үндсэн цалин 4,363,636 төгрөг, сургалтаар сурсан суганы хэт хөлрөлтийг арилгах шинэ мэс заслыг гүйцэтгэсэн ажилбар бүрд ноогдох урамшуулал цалин 11,470,000 төгрөг, нийт 15,883,636 төгрөгийг авсан.

1.3. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасны дагуу нийт сургалтын гэрээний зардал болох 7,070,000 төгрөгөөс Б.А-ын ажилласан 4 сард хувь тэнцүүлэн тооцож, нэхэмжлэлийн дүнг 5,333,118 төгрөгөөр тооцсон. Хариуцагч Б.А нь сургалтыг бүрэн дуусгаж, шинэ ур чадвар буюу шинэ мэс ажилбарт суралцаж, зөвхөн тус мэс ажилбарыг гүйцэтгэсэн урамшуулал цалин болох 11,470,000 төгрөгийг үндсэн цалингийн хамт авсны дараа тус сургалтын гэрээний 2.6-д заасан 3 жил ажиллах нөхцөлийг зөрчиж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлийг бичгээр өгснөөс хойш 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс ажилдаа ирэхгүй, дур мэдэн ажлаа тасалсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 болон сургалтын гэрээнд зааснаар хариуцагч Б.А-аас ажилласан хугацаанд хувь тэнцүүлэн тогтоосон сургалтын төлбөрийн үлдэгдэл 5,333,118 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие 2012-2018 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хүний их эмч мэргэжил эзэмшсэн, 2019-2021 онд үндсэн мэргэшлийн мэс засал судлалыг дүүргэж ерөнхий мэргэжлийн мэс заслын эмч мэргэжлийг эзэмшсэн. Мэс засал судлалын мэргэшлийн хугацаанд буюу сургалтын 2 жилийн хугацаанд ёс зүй, хууль эрх зүй, мэс заслын арга барил, ерөнхий мэс засал, яаралтай мэс засал, элэг цөс, хэвлийн эрхтэн, үе мөчний мэс засал, цээжний мэс засал, эрчимт эмчилгээ, гэмтэл согог судлал, хавдрын мэс засал, хүүхдийн мэс засал, проктологи, урологи, эмэгтэйчүүдийн мэс засал, мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, сүрьеэгийн мэс засал зэрэг хичээлүүдийг үзэж судалж, хичээлтэй холбоотой мэс засал, мэс ажилбарт оролцож, даан мэс засал болон ажилбаруудад суралцаж төгссөн.

2.2. Цээжний мэс заслын тойролтыг хийсэнээр суганы анатоми, физилоги, өвчин эмгэгийн талаар судалж мэс ажилбар болон мэс засал хийж эрхтэй болж төгссөн. К ХХК-аас ямар нэгэн байдлаар сургалт аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. 1470 velas laser анхан шатны зааварчилгаа өгсөн, ямар нэгэн сургалт болоогүй. Миний бие 2012-2018 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хүний их эмч мэргэжил эзэмшсэн, 2019-2021 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг үндсэн мэргэжлийн Мэс засал судлал-ыг дүүргэж ерөнхий мэргэжлийн мэс заслын эмч мэргэжлийг эзэмшсэн. Цээжний мэс засалын тойролтын хугацаанд хүзүүнээс цээж хүртэлх анатоми, физиологи, өвчин эмгэгийн талаар онол болон дадлагыг эзэмшдэг. Суганы хагалгааг янз бүрийн багажаар хийдэг ба 1470 velas laser нь хагалгаа хийх багажийн нэг хэсэг тул үүнийг сургалт гэж үзэхгүй. 2019-2021 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулагддаг үндсэн мэргэшлийн мэс засал судлаар 18 цагийн кредит хичээлээр суралцаж төгссөн. К ХХК-д мэс ажилбарыг сурах хүсэлт гаргаагүй.

3.2. Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар К ХХК-ийн захирал Г.У-гээс надад 2-3 удаа дараа хэлсэн. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өргөдлөө өгсөн. 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа цалингаа авсан боловч мөн оны 07 дугаар сарын 15-27-ны өдрүүдэд хийсэн мэс ажилбарын урамшуулалт цалин олгоогүй. Иймээс К ХХК-тай байгуулсан 2023 оны 03 сарын 23-ны өдрийн сургалтын 02 тоот сургалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг тус тус зөрчсөн тул уг гэрээг хүчингүй болгож, олгоогүй урамшууллын цалинд 951,326 төгрөгийг К ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Б.А 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 д ахь хэсэгт заасныг баримтлан 02 дугаартай сургалтын гэрээг 2023 оны 03 сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаагаар байгуулж, сургалтаа эхэлсэн. Тус ур чадвар сургах сургалтын явцад нийт 40 цаг, тус эмнэлгийн эмч Т.О нь хагалгаа хийх явцад Б.А нь дагалдан ажиглагчаар зогсож суралцсан ба мэс засал хийгээгүй явцын цалинг тухайн сардаа ажилласнаар тооцон бүрэн тооцож олгосон.

4.2. 2019-2021 оны ерөнхий мэс заслын эмч резидент эмчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага Цэргийн төв эмнэлэг нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 193 тоот албан бичигтээ тус 2 жилийн сургалтанд суганы хэт хөлрөлт арилгах мэс засал багтаагүй, тус эмнэлэгт хийгддэггүй талаар албан тодорхойлолт гаргаж өгснийг эх хувиар хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргаж өгсөн Б.А-ын 2 жилийн ерөнхий мэс засал резидент эмчийн 35 хуудас хөтөлбөр гаргаж өгөхдөө тус хөтөлбөрт суганы хэт хөлрөлт арилгах хөтөлбөр байхгүй, хөтөлбөр нь аль 2010 оны хөтөлбөр хэрэгжиж байгаа хэмээн 286 тоот албан бичиг, 35 хуудас хөтөлбөр гаргаж өгснийг хэрэгт нотлох баримтаар эх хувиар хавсаргасан. Түүнчлэн, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулиас тус сургуулийн хүний эмчийн хөтөлбөрт суганы хэт хөлрөлт арилгах талаар хичээл ороогүй, сургалтын хөтөлбөр байдаггүй талаар 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 41 тоот албан бичгээр баталгаажуулж, мөн 47 хуудас хөтөлбөрийг хавсарган өгснийг хэрэгт хавсаргасан. Эдгээр хөтөлбөр боловсруулагч 1 байгууллага, хэрэгжүүлэгч 2 байгууллагаас тус тус ирүүлсэн албан бичигт зааснаар дээрх сургалт хөтөлбөрүүдэд суганы хэт хөлрөлт арилгах мэс заслыг огт заадаггүй гэсэн бөгөөд тус хэрэгт хавсаргасан 2 хөтөлбөрийн алинд ч тус мэс засал онол болон мэс заслын түвшинд заадаггүй нь батлагдаж байна.

4.3. К ХХК-ийн захирал нь Б.А-ыг үргэлжлүүлэн ажиллах талаар уулзалт хийхэд Б.А ажиллахгүй гээд өргөдлөө өөрөө бичиж өгсөн. Тухайн өдрөөс хойш утсаа авахгүй, өргөдөл өгснөөс хойш 30 хоног ажиллах хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлийг бичгээр өгснөөс хойш дур мэдэн ажлаа тасалж, дахин ажилдаа ирээгүй мөн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалаа ирж аваагүй.

4.4. 2023 оны 07 дугаар сарын 15-27-ны өдрийн хоорондын мэс ажилбар хийсэн 5 хувийн урамшуулал 951,326 төгрөгийг нэхэмжилсэн боловч үндсэн цалин хэдэн төгрөг, мэс ажилбар гэдэгт ямар мэс ажилбарын урамшуулал, хэдэн төгрөг нь тодорхойгүй байна. Б.А нь тус эмнэлэгт 5 сарын хугацаанд ажиллахдаа үндсэн цалин 4,363,636 төгрөг, сургалтаар сурсан суганы хэт хөлрөлтийг арилгах шинэ мэс заслыг гүйцэтгэсэн ажилбар бүрд ноогдох урамшуулал цалин 11,470,000 төгрөг, нийт 15,883,636 төгрөгийг цалин болгон авч байсан. Эдгээр цалингийн үлдэгдэл ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар нотлогдоогүй, сөрөг нэхэмжлэл дагалдуулан өгсөн цалин хөлсний хуулга байхгүй, цалинг тооцсон тооцоол байхгүй, ор үндэслэлгүй нэхэмжлэл тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцагч Б.А-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.А-т холбогдох 5,333,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.А-ын К ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 02 тоот сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үлдэгдэл цалин 951,326 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 121,079 төгрөг, хариуцагч Б.А-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 155,452 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б.А нь хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа өөрийн санаачилгаар өргөдлөө бичгээр гаргаж, тус компанийн өмгөөлөгчид бичгээр гардуулаад маргаашаас нь үүрэгт ажлаа хаяж яваад ирээгүй бөгөөд тушаалыг нь гардуулахад ирээгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрийн хаягаар илгээсэн. Хариуцагч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь Б.А-ын ажлаас халагдах бичгээр өгсөн өргөдөл, бусад үйл баримтаар нотлогдсон байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй буюу ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь тогтоогдсонгүй гэж илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тус шийдвэрт хариуцагч Б.А-т ай хийсэн сургалтын гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн, мөн үндсэн цалингаасаа гадна шинээр сурсан мэс ажилбарын урамшуулал цалин болох 11,470,000 төгрөгийн цалинг авсан талаар маргаагүй нь шүүх хурлын явцад тогтоогдсон боловч, тус сургалтын гэрээний сургалтад хамруулсан гэх задаргаа тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр сургалтын гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилж байгааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйл, заалтыг бүхэлд нь зөрчсөн шийдвэр гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.А-аас сургалтын гэрээний үлдэгдэл төлбөр болон 5,333,118 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Б.А нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр К ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 1.1-д зааснаар мэс заслын эмч, 1.6-д зааснаар үндсэн цалин 1,000,000 төгрөг, нэмэгдэл хийсэн ажилбар бүрт 5 хувь гэж заасан. 11,000,000 төгрөгийг сургалтын гэрээний дагуу олгосон гэж байгаа боловч үндсэн хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу мэс ажилбар бүрийн 5 хувийг авсан асуудал байдаг. Сургалтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар ажилтны санаачилгаар цуцалсан. К ХХК-ийн захирал Г.Ууганцэцэг нь Б.А-т дарамт шахалт, шаардлага тавьж ажлаа өг, хамтарч ажиллахгүй гэдэг асуудлыг тавьсан болох нь хэргийн 35, 76-83 дугаар талд авагдсан баримтаас харагддаг. Сургалтын цалин өгсөн, сургалтын гэрээнд ийм ийм материал хэрэглэж тэдэн төгрөгийн зардал гаргасан гэх баримт хэрэгт байхгүй. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А380 дугаар тушаалаар К ХХК-д сургалт явуулах зөвшөөрөл олгогдоогүй байна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сургалт заасан эмнэлэг болон багш нарт эрх олгогдоогүй байдаг. Тухайн тушаалаар баталсан журмын 10.1-д зааснаар багшлах эрхийн гэрчилгээг Эрүүл мэндийн үндэсний төвөөс авдаг бөгөөд багшлах эрхийн гэрчилгээ авсан зүйл байхгүй байдаг. Мөн сургалт зохион байгуулах бол батлуулах ёстой бөгөөд К ХХК-д батлуулсан зүйл байхгүй. Тухайн сургалтыг орсон гэдэг үйл баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.А-т холбогдуулан 5,333,118 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Б.А-т ай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот сургалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, үлдэгдэл цалин 951,326 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Эдгээр нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад шүүх хуралдааныг товлож, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн байна./2хх16/

4. Тус шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэр үйлдсэн боловч бичгээр гаргасан шүүх хуралдааны тэмдэглэл нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, шүүхийн шийдвэр нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэж огноо зөрүүтэй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн огноо зөрүүтэй нь шүүх хуралдааныг нээлттэй, тасралтгүй, ил тод явуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заах агуулгыг тусгах ба шүүхээс шүүх хурал товлосон 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бус 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр шүүхийн шийдвэрийг үйлдсэн байна.

Иймээс шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл хоёр хоорондоо 1 сараар зөрүүтэй байгаагаас хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иймд уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шийдвэрийг зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/02844 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,979 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН